Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 368

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багт оршин суух Дархчууд овгийн Цэндхүүгийн Лхагвасүрэнгийн /РД: ДЭ57020613/ хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 10 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч Ц.Лхагвасүрэн нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Дархчууд овогт Цэндхүүгийн Лхагвасүрэн миний бие нь 1957 онд Говь-Алтай аймгийн төвд төрсөн. Би 1975 оны 07 сарын 05-ны өдрөөс 1976 оны 07 сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Усны аж ахуйг удирдах газарт цахилгаан хайгуулын ажилчнаар ажилласан юм. 1976 онд цэргийн албанд татагдаж 3 жил цэргийн алба хаагаад 1979 оны 06 сард цэргээс халагдаж ирсэн. 1979 оны 08 сараас аймгийн тээврийг удирдах газарт ачаа тээврийн хэсгийн жолоочоор ажиллаж байгаад 1980 оны 04 сарын 05-наас 1983 оны 05 сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Тосонгийн модны хэсэгт ачигчаар ажилласан юм. Улмаар 1983 оны 07 сарын 20-ны өдрөөс 1985 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэл аймгийн Тээврийг удирдах газарт сэлбэгийн нярав, 1985 оны 01 сарын 20-ны өдрөөс жолоочоор томилогдон ажилласан. 1992 оны үед манай бааз хувьчлагдаж 2 компани болсон. Би машинтайгаа Тээвэрчин компанид харьяалагдаж, компанидаа жолоочоор ажиллаж байгаад 1994 онд өмч хувьчлалаар машинаа хувьдаа авч гарсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр алга болсон тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн 1975 оны 07 сарын 05-ны өдрөөс 1976 оны 07 сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Усны аж ахуйг удирдах газарт цахилгаан хайгуулын ажилчнаар, 1979 оны 08 сарын 01-ний өдрөөс 1980 оны 04 сарын 04-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газарт жолоочоор, 1980 оны 04 сарын 05-наас 1983 оны 05 сарын 01-ний өдрийг дуустал Тосонгийн модны хэсэгт ачигч, 1983 оны 07 сарын 20-ны өдрөөс 1985 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэл аймгийн Тээврийг удирдах газарт сэлбэгийн нярав, 1985 оны 01 сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд  аймгийн тээврийг удирдах газарт жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэснийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Учир нь Ц.Лхагвасүрэн нь 1975 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Усны аж ахуйг удирдах газарт цахилгаан хайгуулын ажилчин, 1980 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газрын Тосонцэнгэл дэх модны хэсэгт ачигчаар, 1983 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газарт сэлбэгийн нярваар, 1985 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газарт жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь 
Говь-Алтай аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1975 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Ажилд томилох тухай” 67 дугаар тушаал, мөн газрын даргын 1976 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 28 дугаар тушаал, Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1980 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Ажилчин авах тухай” 28 дугаар тушаал, мөн газрын даргын 1983 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 63 дугаар тушаал, мөн газрын даргын 1983 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” 97 дугаар тушаал, мөн газрын даргын 1987 оны 01 дүгээр  сарын 17-ны өдрийн “Ажилд томилогдсон тушаалыг нөхөн гаргах тухай” 05 дугаар тушаал, 
Гэрч Х.Погнойгийн “...Ц.Лхагвасүрэн цэргээс халагдаж ирээд манайд цагийн тэрэг, шуудангийн тэрэг эхлээд барьж байсан. 53 барьдаг байсныг сайн санаж байна. Тээврийг удирдах газар тасралтгүй ажиллаж байгаад өмч хувьчлалаар машинаа хувьдаа аваад гарсан. Байгууллагын жижүүрийн жолооч бас хийдэг байсан. Тэр нь ажилчдыг ийш тийш хүргэдэг жолооч гэсэн үг. Зүгээр байдаггүй, тасралтгүй л ажилладаг хүн байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Оросоогийн “...Ц.Лхагвасүрэн 1978 юм уу 1979 оноос баазад ажилласан. Анх модны грушикаар ажиллаж байсан. Дараа нь нярваар, цагийн тэрэгний жолооч, шуудангийн жолоочоор ажилласан. Хамгийн сүүлд тээврийн жолоочоор ажиллаж байсан. 1990-ээд онд баазад ажиллаж байсан. Яг хэдэн онд ажлаасаа гарсныг мэдэхгүй байна. Баазаас өөр газар бол ажиллаагүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Н.Нармандахын “...Ц.Лхагвасүрэн 1979 онд баазад ажилласан. Намайг ажилд ороод 2 жил болсны дараа цэргээс халагдаад баазад орж байсан. Анх бол баазын Тосонгийн модны салбарт грушикаар ажиллаж байсан. Бааз шинээр ажилд орсон жолооч нараа бүгдийг нь модны салбар руу явуулдаг байсан. Ажилд ороод жилийн дараа машин аваад жолоочоор ажилласан. Тэгээд дараа нь нярваар ажиллаж байсан. Сүүлд нь богины тээвэрт 53-тай явж байсан. Бас цагийн тэрэг, шуудангийн тэргийг ч барьж байсан. Баазыг хувьчлах үед жолооч нар машинаа хувьдаа аваад гарах үед Ц.Лхагвасүрэн ажлаасаа гарсан байх. Бааз тартал ажилласан. Өөр газар ажиллаагүй, намайг баазад орсны дараа ажилд орсон. Намайг ажлаас гарах үед ажиллаж л байсан...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. 
Иймд Ц.Лхагвасүрэнг 1975 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Усны аж ахуйг удирдах газарт цахилгаан хайгуулын ажилчин, 1980 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газрын Тосонцэнгэл дэх модны хэсэгт ачигчаар, 1983 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газарт сэлбэгийн нярваар, 1985 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газарт жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Харин 1979 оны 08 сарын 01-ний өдрөөс 1980 оны 04 сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газарт жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Дархчууд овгийн Цэндхүүгийн Лхагвасүрэнг 1975 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Усны аж ахуйг удирдах газарт цахилгаан хайгуулын ажилчин, 1980 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газрын Тосонцэнгэл дэх модны хэсэгт ачигчаар, 1983 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газарт сэлбэгийн нярваар, 1985 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газарт жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1979 оны 08 сарын 01-ний өдрөөс 1980 оны 04 сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тээврийг удирдах газарт жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.Лхагвасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.ОЮУНБИЛЭГ