Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 369

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 12-18 тоотод оршин суух Шарнууд овгийн Халтархүүгийн Түмэнжаргалын /РД: ДМ63060809/ хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 09 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Түмэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч Х.Түмэнжаргал нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Шарнууд овогтой Халтархүүгийн Түмэнжаргал нь 1963 оны 06 сарын 08-нд Цогт сумд төрсөн. 1981 оны 07 сарын 03-наас 1983 оны 06 сарын 28-ныг дуустал Говь-Алтай аймгийн Барилга угсралтын конторт нормчин, 1986 оны 08 сарын 26-наас Цогт сумын 08 жилийн сургуульд цэвэрлэгч, 1986 оны 11 сарын 10-наас Цогт сумын 8 жилийн сургуульд тогоочоор 2000 оныг дуустал ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрийн он сар зөрчилтэй, бичиг, тамга тэмдэг зөрүүтэй байгаа учир шүүхээр ажилласан жилээ тогтоох шаардлагатай байна. Иймд миний бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн 1981 оны 06 сарын 08-наас 1983 оны 06 сарын 28-ныг дуустал Барилга угсралтын конторт нормчин, 1986 оны 08 сарын 26-наас 1994 оныг дуустал Цогт сумын сургуульд цэвэрлэгч, тогоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Х.Түмэнжаргал нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 1981 оны 07 сарын 03-ны өдрөөс 1983 оны 05 сарын 30-ны өдөр хүртэл Барилга угсралтын конторт нормчноор ажиллаж байгаад 1986 оны 08 сарын 26-ны өдөр Цогт сумын 8 жилийн сургуульд цэвэрлэгчээр орж, 1994 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл Цогт сумын 8 жилийн сургуульд тогоочоор ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтрийг засвартай байна гээд Ниймгийн даатгалын газар үнэлээгүй. Миний дээрх ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.Түмэнжаргалын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Учир нь Х.Түмэнжаргал нь 1981 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Барилга угсралтын конторт өрлөгчнөөр, 1986 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Цогт сумын 8 жилийн дунд сургуульд тогоочоор ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 435 дугаартай лавлагаа, Говь-Алтай аймгийн Барилга угсралтын конторын даргын 1981 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн "ТМ“ төгсөгчдийг ажилд авах тухай” 97 дугаар тушаал, уг тушаалын 1 дүгээр хавсралт, мөн конторын даргын 1982 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Уран сайханчдад цаг, зэргийн цалинг нөхөн олгох тухай” 17 дугаар тушаал, уг тушаалын 1 дүгээр хавсралт, мөн конторын даргын 1983 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Цалинтай чөлөө олгох тухай” 72 дугаар тушаал, уг тушаалын 1 дүгээр хавсралт, Говь-Алтай аймгийн Цогт сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын “Х.Түмэнжаргал, Ц.Алтангэрэл нарыг ажилд томилох тухай” 48 дугаар тушаал, мөн сургуулийн захирлын 1990 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Сургуулийн цайны газар ажиллуулах тухай” 39 дүгээр тушаал, мөн сургуулийн захирлын 1993 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” 19 дүгээр тушаал, мөн сургуулийн захирлын 1994 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Цалин тогтоох тухай” 03 дугаар тушаал, уг тушаалын хавсралт, тус сургуулийн 1986 оны 10 дугаар сар, 1987 оны 06, 11 дүгээр сарууд, 1988 оны 02 дугаар сар, 1989 оны 12 дугаар саруудын цалингийн цэсээр тус тус тогтоогдож байна. 
Иймд Х.Түмэнжаргалыг 1981 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Барилга угсралтын конторт нормчноор, 1986 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Цогт сумын 8 жилийн дунд сургуульд тогоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Харин 1981 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 02-ны өдрийг дуустал, 1983 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс мөн 06 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд тус тус Говь-Алтай аймгийн Барилга угсралтын конторт нормчноор, 1986 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс мөн 11 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал, 1994 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус Говь-Алтай аймгийн Цогт сумын 8 жилийн дунд сургуульд цэвэрлэгч, тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Шарнууд овгийн Халтархүүгийн Түмэнжаргалыг 1981 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Барилга угсралтын конторт нормчноор, 1986 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Цогт сумын 8 жилийн дунд сургуульд тогоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1981 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 02-ны өдрийг дуустал, 1983 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс мөн 06 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд тус тус Говь-Алтай аймгийн Барилга угсралтын конторт нормчноор, 1986 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс мөн 11 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал, 1994 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус Говь-Алтай аймгийн Цогт сумын 8 жилийн дунд сургуульд цэвэрлэгч, тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Х.Түмэнжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.ОЮУНБИЛЭГ