Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2026/00364

 

             

                                                                           

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/08836 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******өд холбогдох,

 

******* болон ******* нарын хооронд байгуулагдсан 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, *******ыг Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, *******, *******, ******* хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн,

Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, *******, *******, ******* хаягт байрлах, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

1.1.Миний хүү ******* нь “*******” ХХК-д ажиллаж байхдаа өр төлбөрт орсон талаар мэдсэн бөгөөд тухайн компанийн хуулийн зөвлөх ******* нь “танай хүүхэд чинь компанид учруулсан өр, төлбөрөөс болж шоронд явах гээд байна, та өөрийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгөө манай компанийн захирал *******ийн нэр дээр түр хугацаагаар шилжүүлчих, тэгээд асуудал намжихаар та буцаагаад шилжүүлээд ав” гэж хэлсэн.

1.2.Би өөрөө хууль мэдэхгүй, хүүхдийг минь шоронд явуулах гэсэн сэтгэл санааны дарамт, шахалтанд оруулж хүч хэрэглэн аргагүйн эрхэнд 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, *******, *******, *******од байрлах орон сууцыг 160,000,000 төгрөгөөр худалдсан гэсэн гэрээнд гарын үсэг зурж, “*******” ХХК-ийн захирал *******ийн нэр дээр шилжүүлж өгсөн.

1.3.Гэтэл одоо компанийн орон сууц тул орон сууцыг суллаж өг гэх мэтээр байнга дарамт шахалт үзүүлж байна. Бодитоор энэхүү гэрээ хийгдээгүй, намайг төөрөгдөлд оруулж, хүч хэрэглэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээг байгуулсан.

1.4.Иймд ******* болон ******* нарын хооронд 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож,  Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, *******, ******* *******од байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

1.5.Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

1.6.“*******” ХХК-ийн захирал ******* 2024 онд манай хүү *******т холбогдуулан компанид хохирол учруулсан гэж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж, одоог хүртэл мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Миний орон сууц тэдний хоорондын эрүүгийн хэргийн маргаанд хамааралгүй бөгөөд ******* нь эрүү болон иргэний хэргээр шүүхэд хандаж, давхар хөрөнгөжиж байна. Иймд сөрөг нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1.*******ын хүү манай компанид 10 гаруй жил ажилласан. Гэтэл нь уг хугацаанд мөрийтэй тоглоом тоглодог, улмаар манай компанийн хөрөнгө болох гар утас, нөүтбүүкийг ломбардад тавиад 400,000,000 төгрөгийн хохирол учруулсан.

2.2.Бид 10-аад жилийн хамтын ажиллагаатай, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан хүнээ бодож, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, 400,000,000 төгрөгөөс нилээн олон компьютер, нөүтбүүк, гар утсыг актлаад 262,000,000 төгрөг болгосон.

2.3.Компанид хохирол учруулсан талаар эцэг, эхэд нь хэлэхэд түүний ээж “хохирлыг чинь барагдуулах мөнгө байхгүй, байгаа нь орон сууц байна, 160,000,000 төгрөгт орон сууцаа өгье” гэснийг бид зөвшөөрсөн.

2.4.Гэрээгээр 6 сарын хугацаанд өрөө барагдуулаагүй тохиолдолд орон сууцыг бид үл маргах журмаар авахаар тохиролцсон. *******ыг бид ямар ч хуурсан, хохироосон, залилсан, дарамталсан зүйл байхгүй. Түүнийгээ нотлохоор төлбөр төлөх гэрээ, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, түүний 3.2-т “төлбөр төлөх нөхцөл хугацаа 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүү *******ын өр төлбөрийг барагдуулж, төлбөр тооцоо дуусав” гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл манай компанид хүү *******ын өр төлбөрийг барагдуулж орон сууц өгч байгааг маш сайн ухамсарлаж ойлгосон байсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

2.5.Өр төлбөр барагдуулах тухай гэрээний 1.2-т “Төлбөр төлөгч ******* нь хохирлоо төлж барагдуулахын тулд өөрийн ээж *******ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, *******, *******, ******* хаягт орших дугаартай 40 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууцыг 160,000,000 төгрөгөөр тооцож “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******ийн өмчлөлд шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч байна.” гэж, 1.3-т “******* нь 2024 оны 03 дугаар сарын 15-аас 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 6 сарын хугацаанд гэрээний 1.1-д заасан 262,993,318.18 төгрөгийг бүрэн төлж барагдуулбал 1.2-т заасан орон сууцыг ********ын нэр дээр буцаан шилжүүлэн өгөх болно.” гэж, 1.4-т “Гэрээний 1.3-т заасан хугацаанд төлбөрөө төлж барагдуулаагүй бол үл маргах журмаар Хан-Уул, 2 дугаар хороо, *******, *******, ******* хаягт орших дугаартай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг эзэмшилдээ бодитоор шилжүүлэн авч захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхийг талууд харилцан хүлээн зөвшөөрөв.” гэж тус тус заасан.

2.6.Гэтэл гэрээ байгуулснаас хойш нэг ч төгрөг төлөөгүй учир *******ийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, *******, *******, ******* хаягт орших дугаартай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан, *******, ******* нарын хооронд байгуулагдсан, 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 0767 бүртгэлийн дугаартай, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 хороолол, 30 байр, *******, 40 м.кв, 3 өрөө орон сууцны зориулалттай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ********-ыг тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 хороолол, 30 байр, *******, 40 м.кв, 3 өрөө орон сууцыг *******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,028,150 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 958,000 төгрөгийн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******өөс 1,028,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 887,800 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж хариуцагч *******өд олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүх талуудын байгуулсан 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0767 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах тухай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзээд хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэж, хариуцагчийн эрхийг зөрчсөн.

Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 тоот Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 5 дугаар зүйлийн 5.3-т “Мөн зүйлийн 5.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хэлцэл хийгдсэнээр” гэж тайлбарласан байна.

Гэтэл шүүх ******* болон “*******” ХХК-ийн хооронд хийгдэх хэлцлийн дагуу үүсэх үр дагавар буюу холбогдох татвар, тайлан тооцоолол, зардлаас зайлсхийж гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг өмчилж авах зорилгогүй “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* гэрээ байгуулсан нь өөр хэлцлийг хавхавчлах зорилготой байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй.

4.2.Талууд 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Өр төлбөр барагдуулах гэрээ" байгуулж түүний үндсэн дээр 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсаныг шүүх анхаарч үзээгүй.

Өр төлбөр барагдуулах гэрээний 1.3-т “*******ын хүү ******* нь “*******” ХХК-д учруулсан хохирол болох 262,993,318.18 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 15-аас 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 6 сарын хооронд төлж барагдуулбал дээрх үл хөдлөх эд хөрөнгийг *******ын нэр дээр буцаан шилжүүлж өгөх”, 1.4-т “Хэрэв 1.3-д заасан хугацаанд төлж барагдуулаагүй бол дугаартай орон сууцыг эзэмшилдээ бодитоор шилжүүлэн авч захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхийг талууд харилцан хүлээн зөвшөөрнө” гэсэн агуулга бүхий гэрээ юм. Энэ талаар өр төлбөр барагдуулах гэрээний 2.1-т “Гэрээний 1.3-т заасан үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагч талд шилжүүлэхтэй холбоотой талуудын байгуулсан гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн гэрчилгээ нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна.” гэж заасан.

Дээр дурьдсан асуудал бодитоор болсон үйл явдал бөгөөд шүүхэд талуудын хооронд байгуулагдсан өр төлбөр барагдуулах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг гаргаж өгсөн бөгөөд өөр ямар нэг байдлаар хоорондоо огт гэрээ, хэлцэл байгуулаагүй болно.

4.3.Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдэг нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл юм. Талуудын байгуулсан 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн өр төлбөр барагдуулах гэрээ, 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь уг хэлцлийг хийх хүсэл эрмэлзэлтэйгээр талуудын хэн аль хүлээн зөвшөөрсөн, тодорхой үр дүнд хүрэх зорилгоор буюу өр төлбөрөө барагдуулахгүй бол гэрээнд заасан орон сууцыг бодитоор шилжүүлэхээр, бодит бусаар ямар нэг гадаад илэрхийллийг бий болгох зорилгогүй гэрээг бодитой хэрэгжүүлэхээр байгуулсан, дээрх гэрээнээс өөрөөр буюу халхавчлуулах ямар ч гэрээг хийгээгүй болно.

Иймд шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэж гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон нь үндэслэлгүй юм.

4.4.Мөн шүүхийн үндэслэх хэсгийн 7-д “талуудын хооронд байгуулсан гэрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцсэн байх учиртай. Гэвч компанид учирсан хохирлыг арилгах зорилготой өр төлбөр барагдуулах хэлцлийн агуулгаас хазайсан, уг хэлцлийн зорилгыг халхавчилж, хохирол төлбөр төлөгдөөгүй атал гэрээний зүйлийн үнийг 160,000,000 төгрөгөөр үнэлж *******ын өр төлбөр барагдуулах гэрээний өр төлбөрт бодож өгч, төлбөр тооцоо дууссан, төлбөрийг бүрэн төлж дууссан хэмээн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3.1, 3.2, 3.3-т тус тус заасан байна" гэжээ.

Өр төлбөр барагдуулах хэлцлийн агуулгаас хазайсан, уг хэлцлийн зорилгыг халхавчилж, хохирол төлбөр барагдаагүй атал төлбөр тооцоо дууссан, төлбөрийг бүрэн төлж дууссан гэсний тухайд өр төлбөр барагдуулах гэрээний дагуу ******* өр төлбөрөө барагдуулахаа илэрхийлж түүний ээж *******, хүү ******* нь 6 сарын хугацаанд төлбөрөө барагдуулахгүй бол орон сууцаа бүрэн чөлөөлж өгч *******ын учруулсан хохирол 262,993,318.18 төгрөгөөс 160,000,000 төгрөгт тооцон өгөхөөр тохиролцсон ба учруулсан хохиролын төлбөр болгож 160,000,000 төгрөгт орон сууцаа тооцож өгч байгаа нь төлбөр төлсөн гэдгийг илэрхийлж байгаа юм. Өр төлбөр барагдуулах гэрээг бодитоор хэрэгжүүлэхийн тулд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсаныг хуульд заасан үндэслэлгүйгээр хэлцллийн зорилгоос хазайсан, уг хэлцлийг халхавчиж хийсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

“*******” ХХК нь өр төлбөрийг компанидаа авах, эсвэл бусдын нэр дээр авах эсэх нь тухайн этгээдийн эрхийн асуудал бөгөөд хуулиар хориглоогүй байхад шүүхээс “*******” ХХК-д шилжүүлээгүй татвар зардлаас зайлсхийсэн, гэрээний зүйл үл хөдлөх эд хөрөнгийг өмчилж авах зорилгогүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гэрээний зүйл үл хөдлөх эд хөрөнгийг ******* өр төлбөрөө барагдуулаагүй бол бодитоор өмчилж, захиран зарцуулна гэж өр төлбөр барагдуулах гэрээнд тодорхой тусгаж, үл хөдлөх худалдах-худалдан авах гэрээг 6 сарын дараа төлбөр тооцоо барагдуулаагүй бол хэрэгжүүлэхээр байгуулсан нь үл хөдлөх эд хөрөнгийг өмчилж авах зорилготой бодит гэрээ гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Гэтэл хариуцагч тал талуудын хооронд байгуулсан гэрээний тохиролцоог анхан шатны шүүх буруу дүгнэж, шийдвэрлэсэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн төрсөн хүүхэд нь “*******” ХХК-д ажиллаж байх хугацаандаа өр төлбөрт орсон асуудал дээр талууд маргадаггүй бөгөөд нийт 262,000,000 төгрөгийн өр, авлагын асуудал гараад, улмаар маргаан бүхий орон сууцыг 160,000,000 төгрөгт тооцон авахаар гэрээ байгуулсан нь хуульд нийцээгүй. Учир нь “*******” ХХК бодитой хохирол амссан эсэх, эсхүл иргэн ******* уг асуудалд хэрхэн холбогдож байгаа нь тодорхой бус, ойлгомжгүй нөхцөл байдалтай байсан тул гэрээний хүчин төгөлдөр байдал эргэлзээтэй гэж дүгнэгдсэн.

Мөн “*******” ХХК нь *******ын хүүд холбогдуулан Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст 262,000,000 төгрөгтэй холбоотой асуудлаар гомдол гаргасан бөгөөд тус газраас эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгаж байгаа. Өөрөөр хэлбэл, хүүхдэд нь холбогдуулан эрүүгийн журмаар шалгуулж, эхийнх нь нэр дээр бүртгэлтэй орон сууцыг өр төлбөрт тооцон шилжүүлж авсан нэрийдлээр шүүхийн журмаар чөлөөлүүлэн авах гэсэн оролдлого нь шударга ёс, эрх зүйн зарчимд нийцэхгүй. Анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг хүлээн авч, талуудын гаргасан тайлбар, бичгийн нотлох баримтад үндэслэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

            2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******өд холбогдуулан ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, *******ыг Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, *******, *******, ******* хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, *******, *******, ******* хаягт байрлах, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

            3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...”танай хүүхэд чинь компанид учруулсан өр, төлбөрөөс болж шоронд явах гээд байна, та өөрийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгөө манай компанийн захирал *******ийн нэр дээр түр хугацаагаар шилжүүлчих, тэгээд асуудал намжихаар та буцаагаад шилжүүлээд ав” гэсэн...” гэж,

            хариуцагч нь татгалзлаа “...нэхэмжлэгчийн хүү компанид ажиллаж байхдаа мөрийтэй тоглоом тоглох замаар компанийн худалдах гэж байсан нөүтбүүк, компьютерүүдийг хулгайлан авч, ломбардад тавьд 262,993,318.18 төгрөгийн эд хөрөнгө завшиж, хохирол учруулсан, ...уг төлбөрийг компанийн зүгээс яаралтай төлөхийг шаардахад одоогоор төлөх боломжгүй байна, хүүг минь цагдаад битгий өгөөч, байгаа нь л энэ байр байна, одоо амьдарч байгаа учраас хугацаа өгөөч” гэж гуйсан. ...гэрээ байгуулах үед нэхэмжлэгч нь учир холбогдлыг бүрэн ойлгосон, ноцтой төөрөгдөлд ороогүй, түүнд хүч хэрэглэсэн зүйл байхгүй...” гэж тус тус тайлбарласан.

 

            4.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон. Энэ талаар зохигч маргаагүй.

            4.1.*******, ******* болон “” ХХК-ийн хооронд 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр өр, төлбөр барагдуулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр төлбөр төлөгч ******* нь ажил олгогч буюу “” ХХК-аас 262,993,318.18 төгрөгийн барааг албан тушаалаа урвуулан завшиж, хохирол учруулсан, уг хохирлоо төлж барагдуулахын тулд өөрийн ээж *******ын өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, *******, *******, ******* хаягт байрлах, дугаартай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 160,000,000 төгрөгөөр тооцож, “” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******ийн өмчлөлд шилжүүлэхээр,

            2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 6 сарын хугацаанд 262,993,318.18 төгрөгийг бүрэн төлж барагдуулбал төлбөр авагч нь орон сууцны өмчлөх эрхийг *******т шилжүүлэх, төлбөр төлөөгүй тохиолдолд үл маргах журмаар уг орон сууцыг өмчлөгч ******* эзэмшилдээ бодитоор авахаар харилцан тохиролцжээ.

            4.2.Мөн өдөр талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, *******, *******, ******* хаягт байрлах, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг өр, төлбөр барагдуулах гэрээний дагуу өр төлбөрт бодож өгч, төлбөр тооцоо дууссан гээд үнийг 160,000,000 төгрөг байхаар тохиролцжээ.

            4.3.Улмаар 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр орон сууцны өмчлөгчөөр *******ийг бүртгэж, түүнд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ олгогдсон.

 

            5.Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосон нь зөв боловч хэргийн үйл баримт, талуудын тайлбарыг харьцуулан үнэлээгүйгээс хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

            Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Гэвч талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдахад гэрээний чөлөөт байдлын зарчим зөрчигдсөн гэж үзэхээр байна.

            Тодруулбал, Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Хэлцэл хийгч этгээдэд өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүд, садан төрөл, ойр дотны бусад этгээдэд, эсхүл тэдний эд хөрөнгөд нь аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснийг хүч хэрэглэсэн гэж үзнэ.” гэж заасан.

            Нэхэмжлэгч *******ын хүү ******* нь “” ХХК-д ажиллаж байхдаа байгууллагын эд хөрөнгийг ломбардад тавьж, компанид 262,993,318.18 төгрөгийн хохирол учруулснаас хохирлыг яаралтай төлж барагдуулах шаардлагыг тавьж, улмаар төлж барагдуулахгүй байх тохиолдолд эрүүгийн журмаар шалгуулах буюу албан тушаалаа урвуулан ашиглаж, байгууллагын эд хөрөнгийг завших гэмт хэрэгт холбогдоно гэсэн итгэл үнэмшил төрүүлсэн болох нь өр, төлбөр барагдуулах гэрээний 1.1-д “төлбөр төлөгч ******* нь ажил олгогч буюу “” ХХК-аас 262,993,318.18 төгрөгийн барааг албан тушаалаа урвуулан завшиж, хохирол учруулсан болно.” гэж тусгагдсан байдал болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

            Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээг чөлөөтэй байгуулах түүний хүсэл зоригийн дагуу бус, харин “” ХХК-ийн түүний хүү *******т холбогдуулан цагдаагийн байгууллагад хандан өргөдөл, гомдол гаргах, улмаар албан тушаалаа урвуулан завших гэмт хэрэгт холбогдох гэсэн нөлөөлөлд автаж дээрх худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзнэ.

            Хэдийгээр гэрээг талууд бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх боловч худалдах-худалдан авах гэрээг байгуулах болсон нөхцөл байдлын хувьд сайн дурын үндсэн дээр хийгдэх нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл болж чадаагүй байх тул Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар хүч хэрэглэж хэлцэл гэж дүгнэнэ.

            Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцэл хийсэн талууд нь хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүргийн хүрээнд анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж шийдвэрлэсэн нь зөв болжээ. Ингэснээр нэхэмжлэгч *******ын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй болно.

            Харин хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж хийсэн гэж дүгнэсэн нь буруу байна. Энэ талаарх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй.

           

6.Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/08836 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...56.1.3...” гэснийг хасаж, “...56.5, 60 дугаар зүйлийн 60.2...” гэснийг нэмж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 958,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.ГЭРЭЛТУЯА

 

 

                                  ШҮҮГЧИД                                       Б.МАНДАЛБАЯР

 

 

                                                                                          Б.АЗБАЯР