Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 620

 

  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн,

улсын яллагч Н.Уранбайгаль

хохирогч Г.Э

шүүгдэгч Ц.Ж түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч: 

 

Монгол улсын иргэн, ХХХХ оны ХХ дүгээр сарын ХХ-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрсөн, ХХ настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, худгийн техникч мэргэжилтэй, “Авзага Мээрэн” ХХК-д орлогч дарга ажилтай, ам бүл ХХ, Хан-Уул дүүргийн ХХ дугаар хороо, ХХ-р байрны ХХ тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:ХХХХХХХХХ/,  Ц.Жт холбогдох эрүүгийн ХХХХХХХХХХ дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Ц.Ж нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Хувьсгалчдын гудамж, Зурагтын хуучин эцсийн замд Тоёота Приус-20 маркийн 70-36 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ....согтууруулах ундаа ...хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", 12.3-д заасан ‘Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Эгийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ц.Ж шүүхийн хэлэлцүүлэгт: Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчид нийт 5.499.100 төгрөг хохирогчид өгсөн.  Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна гэв.

 

Хохирогч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Ц.Ж надад өнөөдөр 4 сая төгрөг бэлнээр өгсөн. 1.499.100 төгрөгийг өмнө нь миний эмчилгээний зардалд Ц.Ж төлсөн. Ц.Ж намайг дараа нь сувилалд явуулах 1 сая төгрөг өгнө гэсэн. Миний хувьд Ц.Ж гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 7/

Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 8/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...хохирогч Г.Э нь замын зорчих хэсгийн зүүн талд байрлах шилмэл комисс дэлгүүрээс гарч ирэн ертөнцийн зүгээр баруун тийш алхаж байх бөгөөд 16 цаг 01 минут 08 секундэнд замын зорчих хэсэг рүү алхаж ороход урдаасаа хойшоо чиглэлтэй 1 дүгээр эгнээгээр зорчиж байсан цагаан өнгийн суудлын автомашин зам тавьж өгөөд зогсож байлаа. Хохирогч Г.Э баруун гартаа барьсан цагаан өнгийн таягаараа урдах замаа заагаад явж байх ба хойноосоо урагшаа чиглэлтэй 2 дугаар эгнээгээр зорчиж байсан суудлын автомашин зам тавьж өгөөд зогсоход 16 цаг 01 минут 19 секундэд 2 дугаар эгнээ болон 1 дүгээр эгнээг голлож явсан цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн авто машинтай жолооч араас нь буюу буруу талын хойд булан хэсэг рүү хүчтэй мөргөхөд Тоёота Приус-30 маркийн авто машин байрнаасаа урагшаа хөдлөж зам хөндлөн гарч явсан явган зорчигч Г.Эг араас нь буюу нуруу, бүсэлхийн хэсэг рүү нь баруун талын урд крыло, буферийн хэсгээрээ шүргэж газар унагааж байгаа нь бичигдсэн байлаа. Мөн тухайн цагт осол гаргасан цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн авто машинтай жолооч ослын газраас хөдлөн эсрэг урсгалд орж буруу тал руугаа дарсаар байгаад замын зорчих хэсгийн баруун боржурыг дайрч замын хашлага давж хөдлөн зогсов...осол гаргасан цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн авто машины буруу талын урд хаалга руу ирж байгаа нь бичигдсэн байлаа. Осол гаргасан цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн авто машины  жолооч нь 16 цаг 02 минут 10 секундэнд машинаасаа бууж хохирогч дээр очих үед замын зорчих хэсгийн баруун талаас цагдаа хувцастай цагдаагийн алба хаагч очиж байгаа нь бичигдсэн байх бөгөөд хэрэгт өөр ач холбогдолтой зүйл илрээгүй “ гэжээ.    /хх-ийн 17-18/

 

Хохирогч Г.Э мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн орчим Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын Үндэсний телевизийн баруун талын автобусны буудал дээрээс Баянхошуу-ТЭЦ чиглэлийн автобусанд суухаар замын зүүн талын комиссын дэлгүүр орчихоод дэлгүүрийн урд талын хашаан дээр явган хүний гарцын тэмдэглэгээ байхаар нь замын баруун тал руу гарахаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш явган хүний гарцаар зам хөндлөн гарахдаа хараагүй хүний таягаар дохио өгөөд явж байтал замын зорчих хэсгийн голоос баруун тийш гарчихсан алхаж явтал миний баруун талын машин буюу ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа ирж явсан авто машин зам тавьж өгөөд зогсохоор нь би урдуур нь гараад алхаж явтал тас няс хийх чимээ гарсан ба зогсож байсан автомашиныг араас нь мөргөж, мөргүүлсэн авто машин нь намайг ирж миний баруун хөлийн өвдөг орчим руу мөргөөд би хойшоо гэдэргээ саваад газар унасан. /хх-ийн 21/ гэх мэдүүлэг,

 

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар /хх—ийн 96/,

Өвчний түүхийн хуулбар /хх-ийн 134-145/

 

Иргэний хариуцагч П.М мөрдөн байцаалтанд: Энэ ослын талаар мэдэхгүй. 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн орчим манай найз Ц.Ж миний эзэмшлийн Тоёота Пирус-20 маркийн 70-36 УБС улсын дугаартай авто машиныг гуйгаад хүн тосчихоод ирье гэхээр нь би машинаа өгч явуулсан. 16 цаг өнгөрч байхад Ц.Ж над руу залгаад миний машинтай осол хийсэн замын цагдаа миний машиныг журмын хашаа руу ачаад явсан гэдгээ хэлсэн. Дээрхи авто машиныг 2018 оны 9 дүгээр сард 5 сая төгрөгний урьдчилгаа өгч үлдэгдэл 10 сая төгрөгийг Хан Агьт банк бус санхүүгийн байгууллагаас авч зээлийн гэрээ байгуулсан ба Хан Агьт ХХК-ний нэр дээр бүртгэлтэй машин байгаа юм. Сард 630 орчим мянган төгрөг төлдөг...Авто машины зөв талын крыло, урд буфер, урд салхины шил, зөв талын урд дугуй хагарсан. Энэ бүх эвдрэлийг Ц.Ж засаж янзлуулж өгнө гэсэн болохоор миний зүгээс үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгүүлэх шаардлагагүй гэж бодож байна. Энэ машин нь Хан Агьт банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй боловч би өөрөө гэр бүлийн хэрэгцээнд унаж ашигладаг. Иймд бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулах боломж байхгүй. /хх-ийн 30/ гэх мэдүүлэг,

 

Ц.Жаас П.Мт 200.000 төгрөг төлсөн тухай баримт /хх-ийн 155/

 

Иргэний хариуцагч К.Ч мөрдөн байцаалтанд: Би өөрийн найз М 2018 оны сүүлээр яг хэдэн сард гэдгийг санахгүй байна. Хан агьт ББСБ-аас 10 сая төгрөгийн зээл авч өгсөн. М Тоёота Приус-20 маркийн машины урьдчилгаа өгч үлдэгдэл зээлийг гаргуулж байсан санагдаж байна. Сард 630 орчим мянган төгрөг төлөөд явахаар график гаргасан байсан. Уг мөнгийг П.М хугацаандаа төлөөд явж байсан. Хохирлыг П.М хариуцах ёстой. /хх-ийн 34/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Энх-Эрдэнэ мөрдөн байцаалтанд: 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн орчим Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын үндэсний телевизийн зүүн талын замаар өөрийн найз Тэмүүжингийн хамт Тоёота Пирус -30 маркийн авто машины зөв талын урд суудал дээр суучихсан хамгаалах бүс зүүчихсэн ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд 2 дугаар эгнээгээр явж байсан. Тухайн үед Тэмүүжин Тоёота Пруис-30 маркийн 64-06 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодож явсан ба хамгаалах бүс зүүчихсэн байсан. Тэгтэл зүүнээс баруун зүгт 60 орчим насны эмэгтэй хараагүй хүний таягаа өргөөд зам хөндлөн гарч явахад Тэмүүжин машинаа зогсоогоод зам тавьж өгтөл араас Тэмүүжингийн авто машины буруу талын хойд гуфер, шанаа хэсэг рүү хүчтэй мөргөхөөр нь машинаасаа буугаад ирэхэд зам хөндлөн гарч явсан 60 орчим насны эмэгтэй замын зорчих хэсгийн баруун талд гараад явган хүний зам дээр зогсчихсон байсан. Миний хувьд Тэмүүжин бид хоёрын урдуур зам хөндлөн гарч явсан 60 орчим насны эмэгтэйг Тэмүүжингийн авто машинд мөргүүлсэн эсэхийг хараагүй...Нэг харахад осол гаргасан цагаан өнгийн Тоёота Пирус-20 маркийн авто машин нь эсрэг урсгалд орж машины урдуур гарч замын боржур дайрч явган хүний зам дээр хөндлөн зогссон. Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа ирээд осол гаргасан цагаан өнгийн Тоёота Пирус-20 маркийн жолоочийн хаалгыг онгойлгон шалгахад жолооч нь согтуу явж байсан. Явган зорчигч 60 орчим насны эмэгтэйгээс Тэмүүжин болон хөдөлгөөн эргүүлийн цагдаа нар та гайгүй юу, зүгээр үү, түргэн дуудах уу гэж асуухад тэр эмэгтэй би ийшээгээ явж хүүхэд авах ажилтай яараад байна. Зүгээрээ, та хоёр хурдан цагдаа дуудаж асуудлаа шийд гэж хэлээд яваад өгсөн. Тухайн үед манай найз Т 102 руу дуудлага өгөхөд удалгүй замын цагдаа ирж хэмжилт хийсэн.  /хх-ийн 38/ гэх мэдүүлэг,

Гэрч Д.Т мөрдөн байцаалтанд: 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн орчим Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын үндэсний телевизийн зүүн талын замаар ертөнцийн зүгээр хойшоо урагшаа чиглэлтэй Их ирээдүй капитал ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй миний эзэмшлийн Тоёота Пирус-30 маркийн 64-06 УНУ улсын дугаартай авто машинаа жолоодон 2 дугаар эгнээгээр явж байтал зүүнээс баруун чиглэлд хараагүй хүний таягтай 60-70 орчим насны эмэгтэй зам хөндлөн гарч явахаар нь зогсоод тэр хүнийг өнгөрүүлэх гэсэн боловч араас авто машины буруу талын хойд буфер, хойд шанаа хэсэг рүү цагаан өнгийн Тоёота Пирус-20 маркийн авто машин ирж мөргөхөд миний авто машин урагшаа хөдлөөд машины урдуур гарч явсан 60-70 орчим насны хөгшин эмэгтэйг мөргөөд газар унасан. Тухайн үед явган зорчигч эмэгтэй миний авто машины буруу талын хамар дээр гараараа дарж байгаа харагдсан. Тэгтэл миний машиныг араас мөргөсөн цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн авто машин зогсолгүй эсрэг урсгалд ороод явж байгаад баруун дарж замын боржур давж хөндлөн байрлалтай зогссон...Тэгээд би машинаас гарахад тэр хөгшин настай эмэгтэй газраас босчихсон байхаар нь гайгүй юу түргэн дуудъя гэхэд би хүүхэд авах ажилтай, би зүгээр гэж хэлсэн ба хажууд хөдөлгөөнт эргүүлийн цагдаа байсан ба цагдаа түргэн дуудъя гэсэн боловч мөргүүлсэн гэх эмэгтэй би зүгээрээ харин энэ ослын талаар гэрч болоод зогсож байя гэж хэлж байсан. Удалгүй замын цагдаа ирж хэмжилт, үзлэг хийхэд осол гаргасан цагаан өнгийн Тоёота Пирус-20 маркийн авто машины жолооч нь согтуу байсан ба драгейр багаж үлээлгэж байсан. Миний машины хойд бупер хагарч, буруу талын хойд шана хонхойсон, буруу талын хойд обуд цөмөрсөн, хойд тэнхлэг, амартизатор гулзайсан. Энэ бүх хохирлыг осол гаргасан жолооч барагдуулсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 40/ гэх мэдүүлэг,

 

Гэрч БГД дэх Цагдаагийн 1-р хэлтсийн эрүүлжүүлэх байрны эмч Б.Эрдэнэбилэг мөрдөн байцаалтанд: Ц.Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 2.08 хувийн согтолттой байсан. /хх-ийн 42/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3843 дугаартай дүгнэлтэнд: Г.Эгийн биед бүсэлхийн 2 дугаар нугаламын шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. /хх-ийн 51/ гэжээ. 

 

Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 60 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Уг машиныг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд тэнхлэгний хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, дугуйн тоормосны хүчнүүдийн зөрүү, дугуйн хээний гүний хэмжээ, гэрлийн тусгалын чадлууд стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Автомашины ерөнхий байдал ирж бүрдлийн хувьд, урд салхины шил арыг харах толь суурилах хэсэг болон дунд хэсэгтээ цацарч цуурсан, урд буферын зүүн гар талын буланг тогтоогч сэнжнүүд тасарсан, зүүн гар талын крыло дотогш чихэгдэж будаг нь халцарсан ба зүүн гар талын урд хаалгатай нийлж урд хаалгыг онгойхгүй болгосон, зүүн гар талын урд байрлаж байсан дугуйн хайлшин обуд дотор талдаа хагарсан, урд оврын хоёр гэрлийн болон зүүн гар талын тоормосны гэрлийн чийдэнгүүд асахгүй эвдрэл гэмтэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Урд салхины шил арыг харах толь суурилах хэсэг болон дунд хэсэгтээ цацарч цуурсан, урд буферын зүүн гар талын буланг тогтоогч сэнжнүүд тасарсан, зүүн гар талын крыло дотогш чихэгдэж будаг нь халцарсан ба зүүн гар талын урд хаалгатай нийлж урд хаалгыг онгойхгүй болгосон, зүүн гар талын урд байрлаж байсан дугуйн хайлшин обуд дотор талдаа хагарсан, урд оврын хоёр гэрлийн болон зүүн гар талын тоормосны гэрлийн чийдэнгүүд асахгүй байна. Урд салхины шил арыг харах толь суурилах хэсэг болон дунд хэсэгтээ цацарч цуурсан, урд буферын зүүн гар талын буланг тогтоогч сэнжнүүд тасарсан, зүүн гар талын крыло дотогш чихэгдэж будаг нь халцарсан ба зүүн гар талын урд хаалгатай нийлж урд хаалгыг онгойхгүй болгосон, зүүн гар талын урд байрлаж байсан дугуйн хайлшин обуд дотор талдаа хагарсан нь зам тээврийн ослын улмаас үүссэн гэх тул осолд нөлөөлөхгүй. Урд оврын хоёр гэрлийн болон зүүн гар талын тоормосны гэрлийн чийдэнгүүд асахгүй нь ашиглалтын явцад үүссэн байх боломжтой. Урд оврын хоёр гэрлийн болон зүүн гар талын тоормосны гэрлийн чийдэнгүүд асахгүй нь уг зам тээврийн осол өдөр болсон гэх тул осолд нөлөөлөхгүй. Тоёота маркийн Приус-20 загварын автомашин шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй. Тоног төхөөрөмж дээр болон жолоодлого хийн шалгаж үзэхэд уг тээврийн хэрэгслийн дугуйн тоормос бүрэн ажиллагаатай байна. Баруун гар талын хойд дугуй запас боловч тоормосны ажиллагаанд нөлөөлөхгүй. /хх-ийн 57-60/ гэжээ.

 

Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 64/

Хохирогчийн  эмчилгээний зардалтай холбогдох баримтууд /хх-ийн 86-93, 147-150/

Ц.Жаас хохирогчид барагдуулсан  баримтууд /хх-ийн 102-103/

 

Яллагдагчаар Ц.Ж мөрдөн байцаалтанд: 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн орчим би өөрийн найз П.Мийн эзэмшлийн Тоёота Пирус-20 маркийн 70-36 УБС улсын дугаартай авто машинаар хүүхдээ авахаар Баянгол дүүргийн 11 дүгээр хороо телевизийн замаар ертөнцийн зүгээр хойноосоо, урагшаа чиглэлд 1 дүгээр эгнээгээр явж байтал зурагтын хуучин эцсийн автобусны буудлын ойролцоо явж байхад 2 дугаар эгнээнд явж байсан Тоёота Пирус-30 маркийн авто машин зогссон ба уг авто машины урдуур явган зорчигч гарч байгаа нь харагдахаар нь миний унаж яваа машины урдуур гарч ирнэ гэж бодоод өөрийн жолоодож явсан авто машинаа 2 дугаар эгнээ рүү дараад тоормосоо гишгэсэн боловч зогсож байсан Тоёота Пирус-30 маркийн авто машины баруун хойд гуфер, хойд шанаа хэсэг рүү мөргөөд нэг харсан эсрэг урсгалд орчихсон байхаар нь буруу тийш нь дарж замын боржур давж хөндлөн байрлалтай зогссон. Осол гарахад би Тоёота Пирус-30 маркийн авто машиныг мөргөөд тэр хэсэг зуур сандраад тоормосон дээрээс хөлөө авсан байх гэж бодож байна. Тэгтэл мөргүүлсэн гэх Тоёота приус 30 маркийн авто машины жолооч цагдаад дуудлага өгсөн. Тоёота приус 30 машин миний унаж явсан Тоёота приус 20 маркийн авто машинд мөргүүлээд урдуур нь  гарч явсан явган зорчигчийг мөргөсөн  эсэхийг хараагүй. Би замын хажуу талд хөндлөн зогсоод машинаас буухад явган зорчигч замын хажууд гараад зогсчихсон байсан. Удалгүй замын цагдаа ирж үзлэг, хэмжилт хийгээд миний унаж явсан авто машиныг ачигч машинаар ачиж журмын хашаанд хийсэн. Тухайн үед намайг драгейр багажаар үлээлгэж шалгахад 2.08 хувийн согтолттой байсан болохоор Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд саатуулсан. Осол гарахад би авто машинд ганцаараа явж байсан ба хамгаалах бүсээ зүүсэн байсан...хохирогч Г.Эд эмчилгээ болон эм тарианы төлбөрт нийтдээ 1.499.100 төгрөг гаргаж өгсөн. /хх-ийн 75/ гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Ц.Жын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 104/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 106/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 154/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ц. Ц.Ж нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Хувьсгалчдын гудамж, Зурагтын хуучин эцсийн замд Тоёота Приус-20 маркийн 70-36 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.08 хувийн согтолттой үедээ жолоодож Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ....согтууруулах ундаа ...хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", 12.3-д заасан ‘Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Эгийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл,

хохирогч Г.Эгийн“...би урдуур нь гараад алхаж явтал тас няс хийх чимээ гарсан ба зогсож байсан автомашиныг араас нь мөргөж, мөргүүлсэн авто машин нь намайг ирж миний баруун хөлийн өвдөг орчим руу мөргөөд би хойшоо гэдэргээ саваад газар унасан...”

гэрч Э.Эийн“...зүүнээс баруун зүгт 60 орчим насны эмэгтэй хараагүй хүний таягаа өргөөд зам хөндлөн гарч явахад Т машинаа зогсоогоод зам тавьж өгтөл араас Т-гийн авто машины буруу талын хойд гуфер, шанаа хэсэг рүү хүчтэй мөргөхөөр нь машинаасаа буугаад ирэхэд зам хөндлөн гарч явсан 60 орчим насны эмэгтэй замын зорчих хэсгийн баруун талд гараад явган хүний зам дээр зогсчихсон байсан...” гэрч Д.Т-ийн “...зүүнээс баруун чиглэлд хараагүй хүний таягтай 60-70 орчим насны эмэгтэй зам хөндлөн гарч явахаар нь зогсоод тэр хүнийг өнгөрүүлэх гэсэн боловч араас авто машины буруу талын хойд гуфер, хойд шанаа хэсэг рүү цагаан өнгийн Тоёота Пирус-20 маркийн авто машин ирж мөргөхөд миний авто машин урагшаа хөдлөөд машины урдуур гарч явсан 60-70 орчим насны хөгшин эмэгтэйг мөргөөд газар унасан...” Ц.Жын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон эрүүлжүүлэх байрны эмч Б.Эрдэнэбилэгийн“...Ц.Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 2.08 хувийн согтолттой байсан...” шинжээчийн 3843 дугаартай дүгнэлт, 60 дугаартай шинжээчийн дүгнэлт, автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас, өвчний түүхийн хуулбар, хохирол төлсөн баримтууд, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл  зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

Ц.Жын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэгт тооцогдох үйлдэл” байх бөгөөд энэ хуулийн тусгай ангид заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

 

Гэм буруугийн шүүх хуралдаан дээр улсын яллагчаас шүүгдэгч Ц.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.

 

Улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул  шүүх хүлээн авч,

шүүгдэгч Ц.Жыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирогч Г.Эгийн хохиролд шүүгдэгч Ц.Жаас нийт 5.499.100 төгрөг төлөгдсөн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт Г.Э “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, Ц.Ж надад сувилалд явах 1 сая төгрөг өгнө гэсэн” гэж мэдүүлсэн нь  Ц.Жыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болох бөгөөд хохирогч нь цаашид гарах сувилгаатай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс, шүүгдэгч Ц.Жыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Ц..Ц.Жт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

 

Шүүгдэгч Ц.Ж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэв.

 

Шүүхээс Ц.Жт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

        

Ц.Жын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан тул түүний В,С,D,E ангиллын №019304 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар бичлэг бүхий сиди 1 ширхгийг  хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

  1. Ц.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан согтуурсан үедээ Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан шүүгдэгч Ц.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/   жилийн  хугацаагаар тэнссүгэй. 

 

  1. Ц.Жт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Ц.Жт  анхааруулж мэдэгдсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Ц.Жт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Жын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолсугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэвт хавсаргаж, Ц.Жын В,С,D,E ангиллын №019304 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

  1. Ц.Ж энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Э цаашид гарах сувилгаатай холбогдох зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                  

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ДАЙРИЙЖАВ