Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 570

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр хөтлөн

улсын яллагч С.Эрдэнэбаяр

шүүгдэгч Х.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, ХХХХ оны ХХ дугаар сарын ХХ-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ХХ настай, дээд боловсролтой, Био анагаах судлаач мэргэжилтэй, “Итгэл эрүүл мэнд” ХХК-д технологич ажилтай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны ХХ хэсгийн ХХХХ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:ХХХХХХХ/, Х.Дд холбогдох эрүүгийн ХХХХХХХХХХХХХ дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Х.Д  2019 оны 5 дугаар сарын 31-ний өглөө 5 цагийн орчим Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр байрны орцонд иргэн М.Бын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.Д шүүхийн хэлэлцүүлэгт:  Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн хохиролд 500.000 төгрөг өгсөн гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч М.Б мөрдөн байцаалтанд: 2019 оны 5 дугаар сарын 31-ний өглөө 5 цагийн үед би орцны хойд хаалга онгойлгочихоод буцаад орох гэхэд орцны шил хагалчихаар нь би чи яагаад цонх хагалж байгаа юм бэ хаалга онгорхой байхад зүгээр гараад явчихгүй гэхэд уг залуу над руу дайраад байсан манай эхнэр Батням боль гээд голоор орсон тэгээд эхнэр дийлэхгүй байсан уг залуу буланд шахаад зодсон. Тэгээд уг залуу намайг зодоод байхаар нь би тэр залууг болиоч гээд тэврээд авахад уг залуу намайг унагаагаад миний дээр дараад унасан тэгээд намайг цохисон манай эхнэр цагдаа дуудна гээд явсан. Цагдаагийн газар бид нар очиход цагдаагийн өрөөнд уг залуу намайг мөргөсөн. Тэгээд цагдаа нар тэр залууг гавлаад би эхнэрийн хамт гэмтлийн эмнэлэг явсан. Орцноос зүгээр гараад явчихгүй дээ гэхэд уг залуу намайг зодсон...Х.Д миний хохирол бүрэн барагдуулсан эмчилгээ хийлгэсэн тул бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Надад гомдол санал байхгүй. /хх-ийн 8, 42/ гэх мэдүүлэг,

 

Гэрч С.Б мөрдөн байцаалтанд: 2019 оны 5 дугаар сарын 31-нд 05 цагийн үед нөхөр орцны арын хаалга онгойлгохоор гарсан тэгээд үүдэнд коридорын цонх хагарах чимээ гараад манай нөхөр орилох чимээ гарахаар нь гарахад М.Б руу  нэг согтуу залуу дайраад байсан. Тэгээд  би боль гэхэд та холдож бай гээд ална гээд дайраад байсан.  Тэгээд уг залууг би боль гэхэд танай дүү юм уу нөхөр юм уу гэхээр нь би нөхөр гэхэд би алчих уу гээд байсан тэгээд нөхрийн бөгс рүү нь өшиглөсөн тэгээд нөхөртэй уг залуу барилцаад авсан. Тэгээд нөхрийг буланд шахаад толгой руу нь гараараа цохиод байсан би тэр залууг араас нь татаад дийлэхгүй байсан. Уг залуу намайг тавь гээд байсан...тэгээд гадаа шатан дээр барилцаж аваад манай нөхрийн дээр дараад газар унасан тэгээд цохисон. Манай нөхрийн чихний ардаас цус гарч байсан. Цагдаагийн газар оччиход манай нөхрийн толгой руу нь мөргөсөн. /хх-ийн 9/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6743 дугаартай дүгнэлтэнд: М.Баттулгын биед зүүн чихний ард хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.  /хх-ийн 13/

 

Х.Д мөрдөн байцаалтанд: 2019 оны 5 дугаар сарын 30-ны орой найзтайгаа хүний  гурав, гурван пиво уусан. Тэгээд найзынд очиж 4 литрийн савтай Сөжү задлаад ууж байсан тэгээд ууж байхдаа хамт ууж байсан хүнийг хүргэж өгнө гэж ярилцаж байсан тэгээд нэг сэрэхэд эрүүлжүүлэх байранд сэрсэн...

Би Быг цохисон гэм буруугаа ухаарч байгаа. Хохирол эмчилгээний  зардал бүрэн барагдуулсан бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. 30.000 төгрөгөөр шил авч шиллэж өгсөн. /хх-ийн 10, 21/ гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Х.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 22/, ял шалгах хуудас /хх-ийн 40/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                           

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Д  2019 оны 5 дугаар сарын 31-ний өглөөний 05 цагийн орчим Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр байрны орцонд иргэн М.Баттулгын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч М.Бын“...уг залуу намайг буланд шахаад зодсон...”/хх-ийн 8/, гэрч С.Батнямын“...нөхрийг буланд шахаад толгой руу нь гараараа цохиод байсан...”  /хх-ийн 9/, Х.Дгийн“...би Баттулгыг цохисон гэм буруугаа ухаарч байгаа...”/хх-ийн 21/ гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6743 дугаартай “...М.Баттулгын биед зүүн чихний ард хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо...Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 13/ гэсэн дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас Х.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос Х.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Х.Дг хүний эрүүл мэндөд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Х.Д гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Х.Д гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун  тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Х.Дд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Х.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Х.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун  тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Х.Дд мэдэгдсүгэй.

 

4. Х.Д цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ