| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2016/0358/И/ |
| Дугаар | 375 |
| Огноо | 2016-11-03 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 375
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 5-7 тоотод оршин суух Жаншин овгийн Дашдоржийн Бүжинлхамын /РД: ДЮ90102264/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг, Нарлаг хорооллын 8 дугаар байрны 7 тоотод оршин суух Цагаан адуут овгийн Тогтохын Галсанд /РД: ДЗ86011311/ холбогдох
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Бүжинлхам нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Т.Галсантай 2014 онд танилцаж дотно үерхэж байгаад 2015 онд хүү Өсөхбаярыг төрүүлсэн. Үүнээс хойш ирэх нь багасаж, одоо бүр уулзахаа больсон. Хүү Өсөхбаяр нь Т.Галсангийн хүүхэд юм. Иймд эцэг тогтоолгож, Т.Галсангаас хүү Өсөхбаярт тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.Бүжинлхам нь хариуцагч Т.Галсанд холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Бүжинлхам нь хариуцагч Т.Галсантай 2014 оноос танилцаж, дотно харьцаатай болсон байх бөгөөд нэхэмжлэгчээс 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүү Бүжинлхамын Өсөхбаяр төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 8201000430 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч Т.Галсан нь 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “...хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй... гэж заасны дагуу 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дотор тайлбарыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зарлагдсан шүүх хуралдаанд хариуцагч Т.Галсан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул шүүх хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувийг хариуцагчид гардуулсан байна.
Хариуцагч Т.Галсанд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байх боловч хариуцагч хуралдаанд ирээгүй, ирээгүй явдалд нь хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүхийн мэдэгдэх хуудсанд дурдсан хугацаанд шүүхэд хүрэлцэн ирээгүй, мөн тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Цагаан адуут овгийн Тогтохын Галсанг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Бүжинлхамын Өсөхбаярын эцэг мөн болохыг тогтоож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар эцэг Т.Галсан, хүү Б.Өсөхбаяр нарын хооронд эрх үүрэг үүссэн байх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна. Иймд 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Бүжинлхамын Өсөхбаярыг эх Д.Бүжинлхамын асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр хүү Б.Өсөхбаярт тэтгэлэг тогтоож эцэг Т.Галсангаар тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Галсангаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бүжинлхамд олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Галсангаас 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэг 988.800 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 28.281 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн, хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Бүжинлхамын Өсөхбаярын эцэг нь Цагаан адуут овгийн Тогтохын Галсан болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Бүжинлхамын Өсөхбаярыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нар /хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Т.Галсангаар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.Бүжинлхамд даалгасугай.
4. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Т.Галсан нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Галсангаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бүжинлхамд олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Галсангаас 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэг 988.800 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 28.281 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ