| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашар Азбаяр |
| Хэргийн индекс | 181/2021/00717/И |
| Дугаар | 210/МА2026/00429 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2026/00429
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/10012 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
*******, ******* болон ******* нарын хооронд 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай үндсэн,
Зээлийн гэрээний үүрэгт 24,000,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:
1.1.*******тэй 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, өөрийн эзэмшлийн, ******* дугаартай Хан-Уул дүүрэгт орших 4,383 м.кв хэмжээтэй амины орон сууц барих зориулалттай газар, ******* дугаартай Сонгинохайрхан дүүрэгт орших 700 м.кв газруудыг тус тус барьцаалсан талаар гарын үсэг зурсан боловч, бодит байдал дээр зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй.
1.2.Зээлийн гэрээний үндсэн шаардлага буюу зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад зүйл шилжүүлээгүй, нэгэнт мөнгийг нь шилжүүлж аваагүй учраас үүрэг гүйцэтгэх шаардлага үүсээгүй, үүргийг хэрэгжүүлээгүй.
1.3.Зээлийн гэрээний мөнгөн дүн 30,000,000 төгрөг гэж байгаа боловч ******* нь өмнө нь зээлсэн гэх 7,727,000 төгрөг, мөн иргэн *******д зээлсэн 15,000,000 төгрөг, тухайн зээлийн гэрээ байгуулсан өдөр *******д 7,273,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэж задаргаа бичээд, гэрээ байгуулсныхаа дараа гараар үйлдээд гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл юм.
1.4.*******ийн авсан 15,000,000 төгрөг, өмнөх зээлийн 7,000,000 төгрөгийн асуудлыг нэмж нийлүүлээд хийсэн гэрээний дагуу мөнгө өгөгдөөгүй байгаа учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчилж хийсэн.
Иймд талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлж өгнө үү.
1.5.Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ******* нь өмнө нь зээлсэн 7,727,000 төгрөг, *******д зээлсэн 15,000,000 төгрөг, үлдэх мөнгийг “*******д өгөв” гэсэн тэмдэглэл үйлдээд зээлийн гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл, өмнөх зээлийн гэрээний 7,727,000 төгрөг өмнө нь зээлчихсэн байсан мөнгөнүүд хуримтлагдаж явж байгаад ******* надаас аваад ******* гэрээ хийж явж байсан.
Энэ гэрээнүүд нь тус тусдаа зээлийн гэрээ 2011 оны 5, 6, 3 сард байсан. 3-4 удаагийн зээлийн гэрээ байгаа. Эхний 15,000,000 төгрөгийг хоёуланд нь хувааж өгсөн. ...7,200,000 төгрөг нь өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл, 7,100,000 төгрөгийг ******* авсан, 15,000,000 төгрөгийг ******* авсан гэж хэлээд өөрөө өгөөгүй гэдгээ нотлоод байна, иймд зөвшөөрөхгүй гэжээ.
2.Хариуцагч тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:
2.1.*******, ******* нартай 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, үүгээр 30,000,000 төгрөгийг 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулсан бөгөөд бодитоор 22,273,000 төгрөгийг *******, ******* нарын эзэмшилд шилжүүлж, ******* нь өмнөх зээлийн төлбөртөө 7,727,000 төгрөгийг буцаан өгсөн юм.
Зээлийн гэрээний үүрэгт барьцаа болгож, 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр барьцааны гэрээ байгуулсан бөгөөд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах нэгж талбарын ******* дугаартай, ******* эрхийн дугаартай 4,384 м.кв бүхий газар, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах нэгж талбарын ******* дугаартай, ******* дугаартай 700 м.кв бүхий газрыг тус тус барьцаалсан болно.
2.2.Зээлийн гэрээгээр шилжүүлсэн 22,273,000 төгрөгөөс зээлдэгч нар нийтдээ 15,100,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн тул зээлийн гэрээний үлдэгдэл 7,173,000 төгрөг, хүүнд 6,681,000 төгрөг, алдангид 3,565,000 төгрөг, нийт 17,419,000 төгрөгийг зээлдэгч нар төлөх үүрэгтэй байна. Иймд зээлийн үндсэн үүрэгт 7,173,000 төгрөг, хүүд 6,681,000 төгрөг алдангид 1,146,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг *******, ******* нараас гаргуулж, барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах нэгж талбарын ******* дугаартай, Г-******* эрхийн дугаартай 4,384 м.кв талбай бүхий газар, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах нэгж талбарын ******* дугаартай, Г-******* дугаартай 700 м.кв талбай бүхий газраар зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
2.3.Зээлийн гэрээг нэг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай байгуулсан ба зээлдэгч нар хүүнд нийтдээ 9,000,000 төгрөг төлөх үүрэгтэй. *******, ******* нь нар нь 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний дагуу нийтдээ 39,000,000 төгрөгийг надад төлөх үүрэгтэйгээс 15,100,000 төгрөгийг төлсөн. Иймд 15,000,000 төгрөг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 9,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 24,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
3.1.******* нь хүүхэд нь эрүүгийн хэрэгт холбогдсон, *******ээс мөнгө гуйгаад өгөөч гэсээр 2,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 5,000,000 төгрөгийг авсан. Би *******ээс 5,000,000 төгрөгийг авч өгөхдөө энэ хоёрын дунд орж гэрээ хийж байгаад *******д өгсөн. 30,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөг ч аваагүй. Зээлийн гэрээний хувьд яахын аргагүй л би хамтран зээлдэгч болсон.
3.2.Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж тайлбарласан. Цаана нь халхавчлаад байгаа гэрээ нь юу вэ гэдэг нь тодорхойгүй байна. Ямар нэгэн байдлаар би мөнгө аваагүй гэдгээ өөрөө нотолсон баримтаа хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй. Зээлийн гэрээнд *******, ******* нарын гарын үсэг зурагдсан байгаа. Үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө 50 хувийг нь авсан мөнгөө төлөөд өгчихсөн. ******* өөртөө үлдэх 50 хувь буюу 15,000,000 төгрөгийг өгөөгүй байна. Тэр 15,000,000 төгрөгийг би *******гаас нэхэж байна гэж үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө үүрэг гүйцэтгэгчээс нэхэж өөрөө тодорхойлж байгаа нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1-д заасан шаардлагад нийцнэ гэж үзэж байгаа.
Иймд нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч *******гаас 21,581,900 төгрөг гаргуулж хариуцагч *******д олгож, үлдэх алданги 2,418,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд *******гийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо хаягт байрлах нэгж талбарын ******* дугаартай, Г-******* эрхийн дугаартай 4384 м.кв талбай бүхий газар, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо тахилт 5 дугаар гудамж, 46 тоот хаягт байрлах нэгж талбарын ******* дугаартай, Г-******* дугаартай 700(699) м.кв талбай бүхий газрыг тус тус худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч *******г улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 489,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гаас 335,240 төгрөгийг гаргуулж *******д олгож шийдвэрлэжээ.
5.Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1.Талууд зээлийн гэрээ байгуулсан талаар маргаагүй. Гэрээ байгуулсан өдрөө 15,000,000 төгрөгөөс 7,727,000 төгрөгийг өмнөх зээлийн гэрээгээр зээлж авсан мөнгөний үлдэгдэлд суутган авч 7,273,000 төгрөгийг *******д өгсөн гэж хариуцагч тайлбарладаг ба энэ үед *******г байсан ч *******д огт мөнгө өгөөгүй, өөрөөр хэлбэл ******* гэрээ байгуулж гарын үсэг зурсан ч гар дээрээ эсхүл дансандаа нэг ч төгрөг аваагүй.
Харин дараа нь 15,000,000 төгрөгийг *******д өгсөн гэх баримт, ******* нь 15,000,000 төгрөгийг хариуцагчийн аавд буцаан төлсөн, аав нас барсан гэж мэдүүлдэг ч мөн яаж төлсөн талаар баримт байхгүй.
Зээлийн гэрээний дагуу ямар нэгэн мөнгө, төрлийн шинжээр тодорхойлогдох зүйлийг ******* шилжүүлж өгөөгүй, ******* аваагүй болохыг нотлох баримтууд харуулдаг ба мөнгө өгсөн гэх гэрээнээс өөр нотлох баримтгүй харин барьцааг бол бүртгүүлсэн.
5.2.Хариуцагч ******* өмнө нь нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн талаар тооцоо нийлээгүй, дараагийн гэрээгийн оролцуулан тооцож, нэг мөнгө дээр 2 гэрээ байгуулж, өгөөгүй мөнгөө өгсөн гэж баримт үйлдэж байгааг шүүх тогтоохгүйгээр үүргийн хувьд төлөх ёстой гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Мөн анхан шатны шүүх *******д ашигтай байдлаар хэргийн 24 дүгээр талд авагдсан гар бичмэлийг үнэлж, зээлдэгч нарт бодитоор 22,273,000 төгрөг бэлнээр шилжүүлэн өгч зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзсэн нь үндэслэлгүй ба уг баримтад ******* бодитоор нэг төгрөг аваагүй, мөн авсан гэх мөнгө байхгүй байгааг *******гийн талаас үнэлж үзээгүй.
5.3.Анхан шатны шүүх 30,000,000 төгрөгөөс бодитоор 22,273,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу өгсөн гэж дүгнэсэн атлаа *******гийн өмнө авсан 7,727,000 төгрөгийг буцаан төлөх нь гэрээний үүргээ шударгаар биелүүлэх зарчимд нийцнэ гэж тухайн гэрээний дагуу олгогдоогүй, мөнгийг хариуцагчын талд санаачлагаараа шийдвэрлээд байгаа нь үндэслэлгүй.
Харин эсрэгээрээ зээлдэгч тэрэнд тэдэн төгрөг өгсөн гэж 1хх-24 талд байх нотлох баримтад тэмдэглэсэн нь хэн нь хэдэн төгрөг зээлдэгчид буюу *******д өгөх тухай хуваарь гэж ойлгож болохоор байхад шүүх бүхнийг *******д даалгаж байгаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний тухай заасан хуулийн заалтад нийцэхгүй, гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, зээлийг хүүг хүртэл *******д дангаар нь даалгаж байгаа нь шүүх нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байгаа бөгөөд хэн хэдэн төгрөг авсан, тэр тэдэн төгрөгийг өгнө гэж шийдвэрлэх нь шудрага ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна.
5.4.Анх хариуцагч ******* нь тус шүүхэд зээлийн гэрээний үүрэг шаардаж 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан ба энэ өдрөөс өмнө энэхүү гэрээний үүрэг шаардаж нэг ч удаа холбогдож байгаагүй хариуцагчийн хувьд хуульд заасан шаардах эрх нь 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр үүсч, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан.
Зээлийн гэрээ байгуулснаас хойш 10 жилийн хугацаанд ******* зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр нэг ч удаа нэхэмжлээгүй ба хэрэг үүссэнээс хойш *******ийн 100,000 төгрөг л нэг удаа шилжсэнээс бусад зээлтэй холбоотой мөнгөний нэг ч баримт байхгүй ба ******* нь хөөн хэлэлцэх хугацааг зориудаар будилаантуулах зорилгоор шилжүүлсэн нь тодорхой байдаг.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.14-т "хамтран үүрэг гүйцэтгэгч нэг этгээдийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу түр зогссон нь бусад бусад үүрэг гүйцэтгэгч нарт хамаарахгүй" гэж заасан, хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гаас гэрээний үүрэг шаардаж байгаагүй, энэ тухай баримтгүй ба шүүх хурал дээр өөрөө мөн мэдүүлдэг.
5.5.Харин ******* нь 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан талаар 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 4250 шүүгчийн захирамж нотлох баримтаар хавтаст хэрэгт авагдсан байдаг ба энэ баримтад ******* сөрөг нэхэмжлэл гаргасан талаар баримт байхгүй зэргээс дүгнэвэл хөөн хэлэлцэх хугацаа *******гийн хувьд иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон гэх үндэслэлгүй юм.
Гэтэл шүүх *******ээс *******д “30 сая төгрөгийн зээлээс төлөв” гэсэн утгатай 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 100,000 төгрөг шилжүүлсэн баримтыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тасалдсан гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
6.Хариуцагч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
6.1.Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд оролцох болгондоо өөр өөр агуулгаар тайлбар гаргаж мэтгэлцдэг учир тухайн тайлбарууд нь хоорондоо зөрчилддөг. Түүнчлэн нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо мөн л аваагүй гэх мөнгөө 7,727,000 төгрөгийн хэмжээнд төлөх ёстой байсан гэх агуулгаар тайлбарлаж байна. Нэхэмжлэгч маргаан бүхий мөнгийг авсан бол авсан, аваагүй бол аваагүй гэх тогтсон үнэн зөв тайлбар огт гаргадаггүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж ярьдаг. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаарх асуудлыг шаардах эрх бий болсон нөхцөлд ярина. Гэтэл нэхэмжлэгч тал анхан шатны шүүх хуралдааны үед Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.9 гэх мэт олон хуулийн зүйл заалтуудыг үндэслэж тайлбарладаг атлаа энэ болгоны үр дагавруудыг сайн тооцоолж, өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг үнэн зөв, бодитоор гаргаж мэтгэлцэж чаддаггүй.
6.2.Нэг үүрэг гүйцэтгэгчийн үүрэг дуусгавар болсон тохиолдолд нөгөө үүрэг гүйцэтгэгчийн барьцааны үүрэг дуусгавар болохгүй. Зээлийн гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэдий ч нөгөө зээлдэгчийн мөнгөн хөрөнгө төлөх үүрэг дуусгавар болоогүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон учир барьцааны үүрэг дуусгавар болохгүй. Нэхэмжлэгч тал маргаан бүхий мөнгийг аваагүй гэж тайлбарладаг атлаа яагаад зээл болон барьцааны гэрээг бичгээр байгуулж баталгаажуулсан талаараа өнөөдрийг хүртэлх хугацаанд огт тайлбар гаргаж байгаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо барьцааны гэрээ байгуулсан байсан гэж дурддаг. Хэрэв нэхэмжлэгч тухайн мөнгийг аваагүй бол барьцаа болон зээлийн гэрээг хариуцагчтай байгуулах ямар ч шаардлага байхгүй. Нэхэмжлэгчид мөнгө өгсөн үйл баримтын талаар гуравдагч этгээд болон гэрч нар давхар нотолдог.
Иймд нэхэмжлэгч талын гаргаж буй давж заалдах гомдол үндэслэлгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлын агуулга болон гомдолд гаргасан тайлбарын агуулга:
7.1.*******гаас 15,200,000 төгрөг гаргуулахаар бие даасан шаардлага гаргасныг шүүх хүлээн аваагүй, шүүхийн санхүүгийн дансанд мөнгө ороод одоо болтол аваагүй.
7.2.Мөн Нийслэлийн Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанаас барьцааны хөрөнгүүд барьцаалсан бүртгэлгүй гэх ирүүлсэн материал ирүүлсэн байтал шүүх шийдвэртээ барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэж байгааг нь илт үндэслэл муутай шийдвэр байна. Мөн Хан-Уул дүүргийн газар бусдад худалдагдаж дээр нь байшин баригдсан байгааг шүүх шалгахгүйгээр шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүх үзлэг хийх боломжтой байсан.
7.3.Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүйг хүлээн зөвшөөрч шийдвэрлүүлэхээр удаа дараа шүүх хурлууд явагдаж, миний ажил амьдрал болон нэр төр хортойгоор хандаж *******г залилсан мэтээр хуулийн байгууллага үзэж байгаад гомдолтой байна.
Иргэний хуулийн зээлийн гэрээний хамааралгүй заалт болгонд хамааруулах гэж мэдүүлэг болгоныг дурьдаж байж гарсан шийдвэр нь 30,000,000 төгрөгийн зарцуулалтыг удаа дараа нэхэмжлэл гаргах, тайлбар гаргахад зарцуулсан тооцоог гаргаж өгсөн боловч заримыг устгаж, заримыг конандож хэн ч танихгүй болгож ямар ч нэхэмжлэл гаргахад, шүүхээс захирамж гаргаж хүлээн авах боломжгүйгээр болгож байгаад гомдолтой байна.
Тухайн зээлийн төлбөр болох 30,000,000 төгрөгийн 21,000,000 төгрөгийг ******* төлөх тухай гарын үсэг бүхий нотариатоор орсон баримт хэрэгт өгсөн байтал шүүхэд *******, ******* 2 нийлж намайг зээлж авсан гэх мэтээр нэр төрд минь халдаж байгаад гомдолтой байна.
******* нь тухайн мөнгийг өөрийн болон “” ХХК-ийн үйл ажиллагаанд буюу 4 суурь цутгалтанд хэрэглэсэн, шүүх уг асуудалд хандуулахгүйгээр миний нэр төрийг гутаан доромжилж цаашид амьдрах үр хүүхэд үр удамд буруу мэдээлэл буруу хүргэх буюу хөгшин настай миний цаашид богино амьдрах насанд минь хар толбо үлдээж надад *******гаас өөрийн хохирсон өр төлбөрийг нэхэх боломж олгохгүйгээр шийдвэр гаргаж байгаад туйлын гомдолтой байх тул хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.
8.Нэхэмжлэгч талаас гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
8.1.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо би нэхэмжлэл гаргасан боловч шүүх хүлээж аваагүй гэж дурдсан байдаг. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь хэдэн жилийн өмнө шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг гаргаж өгсөн боловч шүүх тухайн нэхэмжлэлийг нь хүлээн авах боломжгүй гэх үндэслэлээр буцааж шийдвэрлэсэн. Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлын бусад үндэслэлийг ойлгохгүй байгаа учир “” гэх компанийн өөр харилцааг энэ хэрэгт хамааруулан гомдолтой байна гэж дурдсан хэсэгт тайлбар өгөх боломжгүй байна гэжээ.
9.Хариуцагч талаас гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
9.1.Зээлийн гэрээний дагуу авсан мөнгөө ******* болон ******* нар хэрхэн зарцуулсан талаар маргаан үүссэн бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг энэ талаарх гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан болов уу гэж ойлгосон. Тухайн хүмүүсийн хооронд ямар үйл баримт болсон талаар мэдэхгүй учир тайлбар хэлэх боломжгүй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д зааснаар гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан *******, ******* болон ******* нарын хооронд 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний үүрэгт 24,000,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр ******* оролцож, хариуцагчийн байр суурийг дэмжсэн тайлбар гаргасан.
3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй.
3.1.******* болон *******, ******* нарын хооронд 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* 30,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлж, *******, ******* нар заасан хугацаанд зээл, зээлийн хүүг төлөхөөр харилцан тохиролцсон.
3.2.Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******гийн эзэмшлийн, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах нэгж талбарын ******* дугаартай, Г-******* эрхийн дугаартай 4,384 м.кв талбай бүхий газар, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах нэгж талбарын ******* дугаартай, Г-******* дугаартай 700(699) м.кв талбай бүхий газрыг тус тус барьцаалсан.
4.Нэхэмжлэгч ******* нь зээл авах хүсэл зориг байсан эсэх, зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх асуудлаар маргажээ.
4.1.Нэхэмжлэгч нь “...зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч зээлийг бодитоор аваагүй, өмнөх зээлийн үлдэгдэл төлбөрийг нэмж зээлийн гэрээг байгуулсан” гэж тайлбарлаж, өөр гэрээг халхавчлах зорилготой уг гэрээг байгуулсан гэх боловч зээл авах хүсэл зориг илэрхийлсэн баримтад гарын үсэг зурсан. Иймд зээл хүсэгч нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал болох зээлдүүлэгч хүлээн авч, бичгээр гэрээ байгуулсныг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэл болно.
Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар уг гэрээний нэг тал болж, хууль зүйн хувьд эрх, үүрэг үүссэн гэж үзнэ.
4.2.Мөн 1 дүгээр хавтас хэргийн 24 дүгээр талд авагдсан 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэл гэх баримтын нүүрэнд гар бичмэлээр 15 сая төгрөгөөс 7,727,000 төгрөг хасав, нийт 7,727,000 авсан гэх бичвэр, түүний доор гарын үсэг, огноо бичигдсэн, ...үлдсэн мөнгийг *******д өгөв. ********, авсан...(гарын үсэг) гэсэн тэмдэглэгээнд нэхэмжлэгч ******* 2011 он 8/4нд гээд гарын үсэг зуржээ.
4.3.******* болон ******* нарын хооронд 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 3 зээлийн гэрээ байгуулагдаж, ******* нь нийт 7,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцжээ. /1хх 98-103/
Дээрх баримтууд болон талуудын тайлбараар 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр *******гийн *******д өмнө төлөгдөөгүй байсан зээлийн үлдэгдэл төлбөр 7,727,000 төгрөгийг тооцон нэмж, 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээг шинээр байгуулсан байх ба үлдэх 22,273,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг бодитоор зээлдэгч *******д шилжүүлэн өгснөөс үзвэл зээлийн гэрээний талуудыг тухайн гэрээг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүй, ямар нэг үр дагавар гаргах зорилгогүй буюу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэж дүгнэх үндэслэл болохгүй.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр дээр нэмж зээлийн гэрээ байгуулснаас үзвэл нэхэмжлэгчийн зээлийн гэрээг өөр гэрээг халхавчлах зорилготой байгуулсан тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна гэсэн тайлбар үндэслэлгүй болно.
5.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
5.1.Зээлийн гэрээгээр зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлдүүлэгчид зээлийг буцаан шаардах эрх үүссэн, энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасантай нийцжээ.
Мөн зээлийн гэрээг талууд бичгээр байгуулж, хүү тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т тус тус зааснаар хүү тохирсон зээлийн гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангасан байх тул хүү шаардах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон.
5.2.Зээлийн гэрээний нэг тал болон *******, ******* нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-дзаасан хамтран үүрэг гүйцэтгэгч нар болно. Зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч нарын үүргийг тус бүрт хариуцуулахаар тохиролцоогүй тохиолдолд тэдгээрийн үүргийг тус бүрт нь тодорхойлохгүй.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч тус бүрт хуваарилсан талаар тохиролцоогүй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар нэхэмжлэгч ******* нь зээлдэгч *******г хариуцагчаар тодорхойлж, зээлийн гэрээний үлдэх төлбөрийг шаардах эрхтэй.
Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ хэрэгжих явцад зээлдэгч ******* нь үндсэн зээлээс 15,100,000 төгрөгийг төлсөн болох нь хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдсон.
Иймд нэхэмжлэгч талын “зээл, зээлийн хүүг *******д дангаар нь даалгаж, хэн хэдэн төгрөг авсан, хэдийг өгөх талаар дүгнээгүй” гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
6.Талуудын хооронд байгуулсан 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн гэрээнд 30,000,000 төгрөг зээлдүүлсэн гэсэн боловч бодитоор шилжүүлэн өгсөн 22,273,000 төгрөг, түүний 3 сарын хүү 6,681,900 төгрөг байх ба үүн дээр *******гийн өмнө зээлсэн зээлийн төлбөр 7,727,000 төгрөг, нийт 36,681,900 төгрөгөөс зээлдэгч *******ийн төлсөн 15,100,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл төлбөр болох 21,581,900 төгрөгийг *******гаас гаргуулж *******д олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
6.1.Талуудын алдангийн тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-д заасантай нийцсэн байх боловч хариуцагч тал алдангид 2,418,100 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ тайлбарлаагүйгээс шүүх хэрэгсэхгүй болгосныг буруутгахгүй. Энэ шийдэлд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн хэвээр үлдээнэ.
7.Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж, 79.7-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно.” гэж тус тус заасан.
7.1.*******ийн эзэмшлийн, “” ХК-ийн тоот данснаас 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 100,000 төгрөгийг “30 сая төгрөгийн зээлээс төлөв *******” гэх утгаар хэлцд шилжүүлснээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, хугацааг шинээр тоолоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.
Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн нэхэмжлэгч талын гомдол үндэслэлгүй.
8.Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШЗ2025/49304 дугаартай захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь нэхэмжлэгч *******гаас 15,100,000 төгрөгийг гаргуулахаар бие даасан шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйгээс хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасантай нийцжээ.
9.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн “барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулсан нь буруу” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь:
9.1.*******, ******* болон ******* нар 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр *******гийн эзэмшлийн, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах нэгж талбарын ******* дугаартай, Г-******* эрхийн дугаартай 4,384 м.кв талбай бүхий газар, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах нэгж талбарын ******* дугаартай, Г-******* дугаартай 700(699) м.кв талбай бүхий газрыг тус тус барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.
9.2.******* нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд хариуцагч ******* нь Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.
10.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/10012 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Б.АЗБАЯР