Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 440

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал хөтлөн,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ

шүүгдэгч Х.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч: 

 

Монгол Улсын иргэн, ХХХХ оны ХХ дугаар сарын ХХ-нд Увс аймгийн Хяргас суманд төрсөн, эрэгтэй, ХХ настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Увс аймгийн Хяргас сум Дэлгэр багийн сургуулийн хороо ХХХ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:ХХХХХХ/, Х.Ад холбогдох эрүүгий дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Х.А нь 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цаг 35 минутын үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ..үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэн  0,20 хувийн согтолттой үедээ Баянгол дүүргийн 15 дугаар хороо Энэбишийн өргөн Чөлөө Солонгос плаза дэлгүүрийн урд замд Тоёота Приус маркийн 13-90 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 16.1-т заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч О.Бийг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Х.А шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа зөвшөөрч байгаа. Хохирогчийн хохиролд 1.500.000 төгрөг төлсөн. Гэмшиж байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч О.Бь мөрдөн байцаалтанд: 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр би хорооллын 1000 нэрийн барааны дэлгүүрийн баруун талын Солонгос Плаза дэлгүүрийн урд талын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй алхаад гарч явтал ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй явж байсан усан цэнхэр өнгийн суудлын машин гуравдугаар эгнээгээр орж ирээд миний биеийн зүүн талын хөлийг машиныхаа урд буферээр мөргөсөн. Тухайн үед цас орж байсан халтиргаатай байсан учраас би мөргүүлээд унахдаа баруун гараараа газар тулж унасан. Тэгээд л машинаас жолооч нь гарч ирээд намайг гэмтлийн эмнэлэг авч явсан. Ослоос болж миний баруун гарын бугуй хэсгээр хугарч гэмтсэн. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...хохиролд 1500.000 төгрөг авсан. Одоо гомдол саналгүй. /хх-ийн 16-17/ гэх мэдүүлэг,

 

Иргэний хариуцагч Х.Д мөрдөн байцаалтанд: 13-90 УББ улсын дугаартай Т.Приус 20 маркийн машин нь миний эзэмшлийнх юм. Би машинаа 2019 оны 2 дугаар сарын дундуур худалдаж авсан бөгөөд хөдөө ажлаар явахаар болоод өөрийн төрсөн ах Х.Ад 2019 оны 3 дугаар сарын эхээр унаж бай гээд өгсөн юм. Би машинаа үнэлүүлэхгүй, гомдолгүй. /хх-ийн 21/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Х мөрдөн байцаалтанд: 2019 оны 4 дүгээр сарын 5-нд найз Х.А болон Сэр-Од бид гурав ойрд уулзаагүй болохоор уулзаж Чикаго бааранд орж 1 шил 0.75 граммын архи хувааж уугаад 2019 оны 4 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө 01 цагийн орчим баарнаас гараад гэр гэр рүүгээ харьцгаасан. Х.А тухайн үед цуг бааранд архи уусан байсан. Харин маргааш нь огт уулзаагүй. Ослын талаар бол мэдээгүй. Х.Аээс сүүлд осол гаргасан талаар сонслоо. /хх-ийн 25/ гэх мэдүүлэг, 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4424 дугаартай дүгнэлтэнд: О.Бийн биед баруун шуу, богтос ясны далд хугарал, хамар зүүн өвдөгт зулгаралт, зүүн шуу, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 31/ гэжээ.

 

Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн №023458 дүгнэлтэнд: Т.Приус 20 загварын 13-90 УББ улсын дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Уг автомашины ойрын гэрлийн тусгалын хүч нь стандартын шаардлага хангахгүй байна.  Уг автомашины ойрын гэрлийн тусгалын хүч нь стандартын шаардлага хангахгүй байгаа нь ашиглалтын явцад үүссэн гэмтэл болно. Уг автомашины  эвдрэл, гэмтэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй болно. Уг автомашин нь шингэн ба цахилгаан АВS системтэй. Тоормос стандартын шаардлага хангаж байна. Уг автомашин нь шингэн ба цахилгаан АВS системтэй, тоормос гишгэх үед зам дээр тоормосны мөр тасалдах байдлаар үүснэ. /хх-ийн 39/ гэжээ.

 

Мөрдөгчийн 179 дугаартай магадлалд: Т.Приус 20 маркын 77-54 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Х.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох. 16.1-т явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч О.Бь нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов. /хх-ийн 40/ гэжээ.

 

Яллагдагчаар Х.А мөрдөн байцаалтанд: 2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 11 цаг 30 минутын үед би өөрийн дүү Доржсамбуугийн эзэмшлийн 13-90 УББ улсын дугаартай Т.Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод хорооллын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй 1000 нэрийн барааны дэлгүүрийн урд талаар зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр явж байгаад явган хүний гарцаар хойноос урагш чиглэлтэй гарч байсан 50 орчим насны эмэгтэй хүнийг машины зүүн урд буфер хэсгээр шүргэж унагаасан. Явган зорчигч газар гараараа тулж унахдаа гараа хугалсан байсан. Би тэндээсээ гэмтлийн эмнэлэг рүү явган зорчигчийг авч явж үзүүлсэн. Би жолоодох эрхийн үнэмлэхтэй. Би өмнөх шөнө нь найз Сэр-Одтой цуг жаахан архи уусан байсан. Тухайн осол болох үед архи гүйцэд гараагүй байсан. /хх-ийн 50/ гэх мэдүүлэг,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 11б тал/

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5/

Зам тээврийн осол хэргий үзлэгээр тогтоосон байдал, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7-8/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Х.Аийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 52/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

 

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Х.А 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цаг 35 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэж 0.20 хувийн согтолттойгоор   өөрийн төрсөн дүү Х.Дгийн өмчлөлийн Тоёота Приус-20 маркийн 13-90 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Солонгос плаза дэлгүүрийн урд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч О.Бийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч О.Бийн“...ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй алхаад гарч явтал ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй явж байсан усан цэнхэр өнгийн суудлын машины гуравдугаар эгнээгээр орж ирээд миний биеийн зүүн талын хөлийг машиныхаа урд буферээр мөргөсөн...” /хх-ийн 16/, гэрч Ц.Хишигбаярын”...Х.А тухайн үед цуг бааранд архи уусан байсан...Ослын талаар бол мэдээгүй. Х.Аээс сүүлд осол гаргасан талаар сонслоо...” /хх-ийн 25/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4/, зам тээврийн осол хэргий үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7-8/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9/, жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 11/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4424 дугаартай дүгнэлт /хх-ийн 31/, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн №023458 дүгнэлт /хх-ийн 39/, мөрдөгчийн 179 дугаартай магадлал /хх-ийн 40/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар мөрдөн байцаалтанд
Х.Аийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн” би...50 орчим насны эмэгтэй хүнийг машины зүүн урд буфер хэсгээр шүргэж унагаасан. Явган зорчигч газар гараараа тулж унахдаа гараа хугалсан байсан...Тухайн осол болох үед архи гүйцэд гараагүй байсан. /хх-ийн 50/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар шүүх үнэлэх үндэслэл болно. 

 

Х.Аийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэгт тооцогдох үйлдэл” байх бөгөөд энэ хуулийн тусгай ангид заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Гэм буруугийн шүүх хуралдаан дээр улсын яллагчаас шүүгдэгч Х.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.

 

Улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул  шүүх хүлээн авч,

шүүгдэгч Х.Аийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол төлбөрийн тухайд хавтаст хэрэгт авагдсан хохирогч О.Бийн”... эрүүл мэнд эмчилгээтэй холбогдуулан 1500.000 төгрөг төлөгдсөн учир гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Х.Аийг бусдад төлөх төлбөргүйд тооцож шүүх шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс, шүүгдэгч Х.Аийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Х.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

 

Шүүгдэгч Х.Аийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг  жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Шүүх, Х.Ад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

        

Х.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын  хугацаагаар хассан тул түүний В,С ангиллын №793262 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                                                                            ТОГТООХ нь:

 

  1. Х.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан согтуурсан үедээ Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан шүүгдэгч Х.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр  1 /нэг/  жилийн  хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.

 

  1. Х.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Х.Ад  анхааруулж мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Х.Ад хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолсугай.

 

  1. Хэрэгт хураагдан ирсэн Х.Аийн В,С ангилалын №793262 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай. 

 

  1. Х.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг  дурьдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ДАЙРИЙЖАВ