Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 1703

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХХ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/05350 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХ-д холбогдох,

 

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 15 324 051 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч ХХХХ, ХХХХ нар нь 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулан 23 000 000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, хашаа байшин худалдах худалдан авах зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХ тоот, 192 м.кв сууц, 388.07 м.кв газрын хамт барьцаалуулсан. Зээлдэгч үндсэн зээлд 10 960 407,63 төгрөг, зээлийн хүүнд 12 470 995.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 0 төгрөг, нийт 23 431 699.97 төгрөгийг төлсөн байдаг.

Зээл хэвийн төлөгдөж байгаад зээлдэгчийн барьцаа хөрөнгө галд шатсан, цаашид зээлийг хэвийн төлөх боломжгүй болсон тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар банкинд хүсэлт гаргасан бөгөөд банк зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг хүлээн зөвшөөрч байгаа болно. Иймд банк шүүхэд 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах

Үндсэн зээлийн үлдэгдэл 12 039 295.37 төгрөг, хүү 3 163 947.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120 808 төгрөг, нийт 15 324 051.49 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжийн 234 570 төгрөгийг гаргуулах.

Мөн зээлийн барьцаа хөрөнгө болох байшин галд шатсан тул барьцаа хөрөнгө болох газрыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байна.

Зээлдэгч ХХХХ нь ХХХХгийн өгсөн мэдээллээр Швед улсад байгаа гэсэн. ХХХХ нь хамтран зээлдэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасны дагуу ХХХХгаас үүргийн гүйцэтгэлийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

...2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэр хороололд цахилгааны гэрлийн шонгийн холболтоос үүсэлтэй гал түймэр гарч манай хашаа байшин, гэрийн эд хогшил, хувцас хунар бүгд шатсан. Гал гарсантай холбогдуулан галын байцаагчийн акт гарч хэрэглэгчийн буруу биш нөхцөл байдлаас гарсан гэдэг нь тогтоогдсон. Ийнхүү үүргийн гүйцэтгэлийг хангахад давагдашгүй хүчин зүйлд хамаарагдах ноцтой үйл явдал үүссэнийг Хаан банкинд мэдэгдэж, болсон үйл явдлыг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан тохиролцохоор удаа дараа хүсэлт тавьсан боловч хэн ч хүлээж аваагүй. ...

Зээлийн барьцааны зүйлийг эрсдлээс хамгаалж даатгуулах ажиллагаа бол зээл олгогчийн хийх ёстой зүйл гэдэг нь барьцааны гэрээнд тодорхой заасан ба тухайн үед бидэнд ч энэ талаар тайлбарлаж өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Орон сууцны зориулалтаар 23 000 000 төгрөгийг ХХХХ нь Солонгост ажиллаад хэвийн төлөлт хийж байсан. ...Монгол банкны Ерөнхийлөгч, сангийн сайдын хамтарсан 2008 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн тушаалын 3.5.4-д, хавсралтын 1а, 1в-д заасны дагуу уг зээл муу ангилалд хамаарах найдваргүй зээл юм. 2.3 в дэх хэсэгт заасны дагуу активын эрсдлийн сан байгуулаад үүнийг өгүүлэх боломж байхад банк санаачлага гаргаагүй, төлүүлэх сонирхолтой байсан гэжээ.

 

Шүүх:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХХгаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 15 324 051.49 төгрөгийг гаргуулан Хаан банкинд олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ХХХХ нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан зээлийн барьцаа хөрөнгө ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, Х тоотод байршилтай, ХХХХХХХХХХ нэгж талбарын дугаартай 388.07 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан борлуулж зээлийн үүргийг хангуулахыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ХХ-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234 570 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХХгаас 234 570 төгрөг гаргуулан Хаан банкинд олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ХХХХ давж заалдах гомдолдоо:

2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ХХ-наас 23 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн. 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 10 093 283 төгрөг, хүүнд 10 896 566 төгрөг төлсөн. Хашаа байшин гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гал түймэрт өртсөн тул зээлээ төлж чадахгүйд хүрч, гэрээг цуцлах талаар 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр банкинд хүсэлт гаргасан. Аргагүй байдалд орсон байхад хүсэлтийг банк 1-2 сарын дотор шийдвэрлэхгүй удааж, улмаар бүтэн 1 жилийн буюу 12 сарын хүү 3 163 947 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120 808 төгрөг хэтрүүлэн нэхэмжилсэн. Үүнийг хэрхэн яаж тооцоолсон нь ойлгомжгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Харин төлбөр төлсөн банкны хуулгыг үндэслэн хариуцагч өөрөө тооцоо хийсэн бөгөөд хуульд зааснаар хүсэлтийг шийдвэрлэх хугацааг санаатайгаар хэтрүүлж, илүү тооцож авсан 10 сарын хүү 2 636 622 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120 808 төгрөг, нийт 2 757 430 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд манай гомдлын үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэлэлт өгч шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ХХ ХХК нь хариуцагч ХХХ-д холбогдуулан 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ОСЗГ/1345 дугаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 12 039 295 төгрөг, зээлийн хүү 3 163 947 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 120 808 төгрөг, нийт 15 324 051 төгрөгийг гаргуулах, энэхүү үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох газрыг худалдан борлуулсан үнээс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ХХ ХХК нь хариуцагч ХХХХ болон түүний нөхөр ХХХХ нартай 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ОСЗГ/1345 дугаартай зээлийн болон БГ/1345 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, 23 000 000 төгрөгийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 26 дугаар гудамжны 293 тоот Ү-2204016380 дугаартай, 192 м.кв талбайтай хувийн сууц, Г-2204002474 дугаартай, 388.07 м.кв талбай бүхий газрын хамт барьцаалан зээл олгосон, зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу хэвийн үргэлжилж байсан, 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр барьцааны зүйл галд шатсан үйл баримтууд тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

/хх-ийн 6-13, 22-23 дугаар тал/

 

Хариуцагч ХХХХ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ зээлийн барьцааны зүйл болох хашаа байшин гал түймэрт шатсан нөхцөл байдалтай холбогдуулан зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй болсон талаар нэхэмжлэгчид удаа дараа хүсэлт гаргасан боловч шийдвэрлэхгүй санаатайгаар хугацаа хэтрүүлж энэ хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож илүү төлбөр нэхэмжилсэн гэх үндэслэл заан маргажээ.

/хх-ийн 22-23 дугаар тал/

 

Шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцүүлэн зөв тайлбарласан байна.

 

Харин хариуцагч ХХХХ нь барьцааны зүйл галд шатсан үйл баримттай холбогдуулан зээлийн үлдэгдэл төлбөр төлөх санхүүгийн боломжгүй болсон тухай хүсэлтийг 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч байгууллагад гаргасныг тухайн хуулийн этгээд хүлээн авсан атлаа хэрхэн шийдвэрлэсэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас гаргасан дээрх хүсэлт нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт зааснаар нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон гэж үзэх үндэслэл болох бөгөөд нэхэмжлэгч хуулийн дээрх заалтад нийцүүлэн шаардах эрхээ хэрэгжүүлэх байсныг шүүх анхаараагүй байна.

 

Хариуцагч гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал өөрчлөгдөж, барьцааны зүйл галд өртсөн талаар зээлдүүлэгч талд мэдэгдэж хүсэлт, өргөдөл гаргасан байхад тухайн гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах талаар зохицуулсан Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3 дах хэсэгт заасан үүргээ нэхэмжлэгч Хаан банк биелүүлээгүй гэж үзнэ.

 

Иймээс эрх ашиг нь хөндөгдөж буй тал гэрээнээс татгалзах нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3, 220.4 дэх хэсэгт заасантай нийцэх боловч хариуцагч нэгэнт үндсэн зээл, түүний хүүг төлж байсныг буцаан үгүйсгэх боломжгүй тул гэрээг өөрчлөх талаар хүсэлт гаргасан үеэс гэрээг цуцлах эрх үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Нөгөө талаар гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон дээрх нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэгчийн гэм буруу нөлөөлж хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй, харин хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй нэхэмжлэгч талын буруутай үйлдэл тогтоогдож байгаа учраас Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсний үр дагаврыг нэхэмжлэгч шаардах эрхгүй юм.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл, хүүгийн төлбөрт 13 635 604 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 1 688 447 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/05350 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХХгаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 13 635 604 төгрөгийг гаргуулан ХХ ХХК-д олгож, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 1 688 447 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 заалтын “хариуцагч ХХХХгаас 234 570 төгрөг” гэснийг “хариуцагч ХХХХгаас 226 128 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                Т.ТУЯА