Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 45

 

Б.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул                                               

Шүүгчид                                          Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал             

Прокурор                                         М.Очбадрах

Ялтны өмгөөлөгч                            Ч.Эрдэнэгэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж шийдвэрлэн шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтны өмгөөлөгч Ч.Эрдэнэгэрэлийн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ийн Н-д холбогдох эрүүгийн 2016090006777 дугаартай 171/2017/0120/Э индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Дэнжийн 2-1 тоотод оршин суух, урьд нь 1 удаа ял шийтгүүлж байсан Б овогт Б-ийн Н- /**********/.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Н- нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 4/6-11 тоотод оршин суух иргэн Д.Мөнгөнчимэгтэй өөрийн эзэмшлийн 80405582 дугаар утаснаас “Гантуул байна, Испани улсаас сая ирлээ, яаралтай Монгол мөнгө хэрэг болоод байна” гэж хуурч мэхлэх аргаар 1,200,000 төгрөгийг залилан мэхлэж бага бус хэмжээний хохирол учруулсан,

-давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 14-03 тоотод оршин суух иргэн О.Баяртогтохтой өөрийн эзэмшлийн “80405582” дугаарын утаснаас “Найз Мори чинь байна, надад яаралтай мөнгө хэрэгтэй байна” гэж хуурч мэхлэх аргаар 200,000 төгрөгийг залилан мэхлэж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 119 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-Билгүүн овогт Б-ийн Нандин-Эрдэнийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэн авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар Билгүүн овогт Б-ийн Н-д эд хөрөнгө хураахгүйгээр, 5 сарын /таван сар/ хугацаагаар баривчлах ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар Б.Н-д оногдуулсан 5 сарын /таван сарын/ хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар Б.Нандин-Эрдэнийн цагдан хоригдсон 1 хоногийг баривчлах ялын 1 хоногтой тэнцүүлж 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх нийт 69 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч Б.Н- бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр... тус тус заажээ.

Ялтны өмгөөлөгч Ч.Эрдэнэгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Шүүгдэгч Б.Нандин-Эрдэнийн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь түүнийг бага наснаас нь эцэг эхийн хайр халамж, хараа хяналтаас гадуур байлгасантай холбоотой бөгөөд тэрээр өсвөр насандаа үеийнхнийхээ нэгэн адил эдэлж хэрэглэх, өмсөж зүүх гэсэн хэрэгцээгээ хангах зорилгоор хүүхэд насны гэнэн томоогүй бодлоор гэмт хэрэг үйлдсэн гэж өмгөөлөгчийн зүгээс ойлгож дүгнэсэн.

Тэрээр энэ удаад үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, өөртөө дүгнэлт хийж байгаагаа илэрхийлж байгаа бөгөөд энэ нь түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нэг нөхцөл болох учраас анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 5 сарын баривчлах ялын хугацааг багасгаж өгнө үү” гэжээ.

Ялтны өмгөөлөгч Ч.Эрдэнэгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Б.Н- нь 4 сарын баривчлах ялыг биечлэн эдэлж байна, иймд ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Прокурор М.Очбадрах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Анхан шатны шүүх ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн. Ялтны ар гэрийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдэхэд хамаарахгүй учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Нандин-Эрдэнийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 4/6-11 тоотод оршин суух иргэн Д.Мөнгөнчимэгтэй өөрийн эзэмшлийн 80405582 дугаар утаснаас “Гантуул байна, Испани улсаас сая ирлээ, яаралтай Монгол мөнгө хэрэг болоод байна” гэж хуурч мэхлэх аргаар 1,200,000 төгрөгийг залилан мэхлэж бага бус хэмжээний хохирол учруулсан,

-давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 14-03 тоотод оршин суух иргэн О.Баяртогтохтой өөрийн эзэмшлийн “80405582” дугаарын утаснаас “Найз Мори чинь байна, надад яаралтай мөнгө хэрэгтэй байна” гэж хуурч мэхлэх аргаар 200,000 төгрөгийг залилан мэхлэж бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд Б.Нандин-Эрдэнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан ...хууль ёсны ба үндэслэлтэй байх... шаардлагыг хангасан байна.

Ялтны өмгөөлөгч Ч.Эрдэнэгэрэлийн “...анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 5 сарын баривчлах ялын хугацааг багасгаж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлавал Б.Н- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Мөнгөнчимэгийн мэдүүлэг /хх-ийн 51-52 хуудас/, хохирогч О.Баяртогтохын мэдүүлэг /хх-ийн 97 хуудас/, гэрч Ч.Дашнямын мэдүүлэг /хх-ийн 57 хуудас/, гэрч Б.Мөнхтуулын мэдүүлэг /хх-ийн 61 хуудас/, гэрч Б.Сансарболдын мэдүүлэг /хх-ийн 60 хуудас/, хохирогч Д.Мөнгөнчимэгийн Хаан банкны дансны хуулга / хх-ийн 6 хуудас/, 80405582 дугаарын утасны орсон гарсан дуудлагын лавлагаа /хх-ийн 15-18 хуудас/, Б.Нандин-Эрдэнийн “ХААН” банкны депозит дансны хуулга /хх-ийн 111-114 хуудас/, Б.Нандин-Эрдэнийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон урьд ял шийтгэгдэж байсан шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 76-85, 135 хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, анхан шатны шүүхээс хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан баривчлах ял шийтгэл нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн арга, сэдэлт, гэм бурууд тохирсон байх тул ялтны өмгөөлөгч Ч.Эрдэнэгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Ч.Эрдэнэгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                         Я.ТУУЛ

                                    ШҮҮГЧИД                                             Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                  Ц.АМАРЖАРГАЛ