Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2018/00231

 

  Ж.А, Ж.Енарын

    нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 469 дүгээр шийдвэр,

      Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 212/МА2017/00107 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Ж.А

          Нэхэмжлэгч: Ж.Е

          Хариуцагч: Н.З

          Хариуцагч: И.С нарт холбогдох

          24.199.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Н.Зы гомдлоор шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал  нар оролцов.

          Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Н.З, И.С нар Өлгий сумын 5 дугаар багт байрлах орон сууцыг тухайн үеийн зах зээлийн ханшаар 2.100.000 төгрөгөөр худалдан авсан. Уг орон сууцыг худалдах үед бидний эзэмшилд өгч, орон сууцыг ойрын хугацаанд танай өмчлөлд шилжүүлнэ гэж итгүүлж ,орон сууцны үнийг бүрэн авсан. Бид орон сууцыг 10 жил эзэмшин, их засвар болон урсгал засвар хийж, ашиглалтын зардлыг төлж амьдарч байгаа. Орон сууцыг өмчлөлд шилжүүлж өгөлгүй  хойшлуулсаар байгаа тул “орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох”-р нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх бидний хооронд байгуулагдсан 2006-04- 11-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах хэлцлийг Иргэний хуулийн 56.1.1-р  хүчин төгөлдөр бус гэж шийдвэрлэсэн. Иймд мөн зүйлийн 56.5, 56.6-г үндэслэн уг хэлцлийг байгуулахдаа авахаар тохиролцсон орон сууцны үнийг зах зээлийн ханшаар буцаан авч, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Тухайн үед нэг  өрөө орон сууц худалдаж авах хүсэл зорилготой байсан  хүчин төгөлдөр хэлцэл хийсэн бол  тухайн үед өөр орон сууц авч, уг орон сууцыг захиран зарцуулах эрх олж авах нь тодорхой. Иймд буруутай үйлдлээс  учирсан бодит хохирол  нь нэг  өрөө орон сууц болно.  Хариуцагч нар нь хамтран өмчлөгч болох хүүхдүүдээсээ зохих зөвшөөрлийг авалгүйгээр хэлцэл хийсэн тухай шүүхэд мэдүүлж, хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан буруутай этгээд болохоо хүлээн зөвшөөрсөн тул  учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Тэдний үйлдэл болон учирсан хохирол хооронд шалтгаант холбоо  байгаа.  Нэг өрөө орон сууцны ханш өнөөдрийн байдлаар 25-30 сая төгрөг байгаа, бид зохих журмын дагуу  зах зээлийн үнэлгээ 24.199.000 төгрөг байгаа тайлан гарсан. Иймд учирсан хохирлыг энэ хэмжээгээр тогтоосон. Баян-Өлгий аймгийн Өлгий хотын төвд байршилтай инженерийн шугам сүлжээнд холбогдсон нэг өрөө орон сууц 24 сая төгрөг болохыг эрх бүхий этгээд тогтоосон тул Н.З, И.С нараас 24.199.000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

        Хариуцагч Н.З, түүний өмгөөлөгч хариу тайлбартаа: Ж.А, Ж.Енарын хүсэлтээр 2006-04-11-ний өдөр 6 хүний хамтран өмчлөх  Өлгий сумын 5 дугаар багийн 17 кв.м талбай бүхий орон сууцыг 2.100.000 төгрөгөөр үнэлж худалдсан. Тухайн үед би хамтран өмчлөгчдийн хэн нэгэнд хэлэлгүй худалдсан бөгөөд энэ нь Иргэний хуулийн 128.2-т заасныг зөрчсөн хэлцэл болохыг хожим мэдсэн. Иймд шийдвэр гаргаснаар  хэлцлээр шилжүүлсэн орон сууцыг  буцааж авах,мөнгийг  буцааж өгөх болсон.  Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа болон ерөнхий хугацаа өнгөрсөн. Иргэний хуулийн  56.6-р хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд  учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан ч  56.1.1, 56.1.8, 128.2-н шаардлагыг биелүүлэхгүйгээр  2006-04- 11-ний өдөр элцэл хийхэд хоёр тал адилхан гэм буруутай.Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 56.6-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд учраас энэ хэлцлийн үндсэн дээр эрх нь зөрчигдсөн хамтран өмчлөгч учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 56.6-г буруу ойлгож, буруу тайлбарлаж нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нар  ямар ч эдийн хохирол үзээгүй.  2006 оноос одоо хүртэл  байрыг үнэ төлбөргүй, хөлсгүйгээр ашиглаж байна. Тухайн хэлцлээс болж нэхэмжлэгч нарт бодит хохирол учирсан бол нотлох баримт байх ёстой. Иймд  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Хариуцагч И.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хүчин төгөлдөр бус хэлцлийг би хийгээгүй. И.С гэсэн гарын үсгийг эхнэр Н.З зурсан тул  миний хүсэл зориг байгаагүй. Түүнчлэн, гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа  өнгөрсөн тул  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болговол зохино. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56.1.8, 110.1-д заасныг зөрчсөн  хүчин төгөлдөр бус хэлцэл тул 56.6-р  учруулсан хохирлыг нөхөн төлнө. Хүчин төгөлдөр бус хэлцэл” хийсэн буруутай этгээдүүд нь нэхэмжлэгч нар өөрсдөө юм. Энэ  нь Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 143 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2016 оны  82 тоот магадлал,  хяналтын шатны  шүүхийн 62 дугаар тогтоолоор батлагдсан . 2006 оны 4 дүгээр сараас одоо хүртэл 11 жил бидний  байрыг хууль бус эзэмшиж, ашиглаж ирсэн тул  өмчлөгч бид учирсан хохирлоо нэхэмжлэх болно. Нэхэмжлэгч нарт нэг өрөө байр олж өгөх үүргийг Н.З, И.С бид хоёр хүлээгээгүй. Байр, байшин худалдан авах эрхийг нь хязгаарлаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.            

          Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 469 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6, 261 дүгээр зүйлийн 261.1-д тус тус заасныг баримтлан Н.З, И.С нараас  24.199.000 төгрөг гаргуулж Ж.А, Ж.Енарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нараас төлсөн 278.945 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Н.З, И.С нараас 278.945 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн байна.

        Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 212/МА2017/00107 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 469 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.Зы давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ. 

        Хариуцагч Н.З хяналтын гомдолдоо: 1/.Өлгий сумын 5-р багт байрлалтай 3-36 айлын 02 тоот 17м2 талбайтай орон сууцыг нэхэмжлэгч нарт “худалдах, худалдан авах” тухай “хүчин төгөлдөр бус хэлцэл” -ийг 2006-04- 11-ний өдөр нэхэмжлэгч хариуцагч  бид гурав хийсэн. “Хүчин төгөлдөр бус” хэлцэл хийсэн 2006 -04- 11-ний өдөр  орон сууцны  гэрчилгээг нэхэмжлэгч  нарт орон сууцны хамт хүлээлгэж өгсөн. Гэрээ хийж,  гэрчилгээг  өгсөн учраас Иргэний хуулийн 76.1-д  “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж заасан учир хөөн хэлэлцэх хугацааг энэ хэргийн хувьд 2006-04-11 өдрөөс эхэлж  тоолох ёстой. Иргэний хуулийн 75.2.2-т “Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” гэж заасан. Ж.Е, Ж.А нарын хувьд үл хөдлөх эд хөрөнгийн гэрээтэй холбоотой маргаан тул Иргэний хуулийн 73.1-р хөөн хэлэлцэх хугацааг 2006-04-11-с тоолж 2012-04- 11-ний өдөр  дуусвар болсон. Гэтэл нэхэмжлэгч нар нь  2015 оны 4-р сард нэхэмжлэл гаргасан буюу хугацаа  өнгөрсөн байхад  хөөн хэлэлцэх хугацаа  “тасалдсан” гэж  Иргэний хуулийн 75.2.2-г буруу тайлбарлаж хэрэглэсэн. 2/. 2006-04-11-ний өдрийн гэрээнд  Ж.Е, Ж.А, Н.З гурав гарын үсэг зурсан бөгөөд энэ нь батлагдсан байхад Н.З, И.С нараас хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн нь  “хариуцагчийг” буруу тодорхойлсон явдал юм. Учир нь 2006-04-11-ний хэлцэлд И.С оролцоогүй.  3/. Хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон  хэлцэл (гэрээ) нь “хоёр талын” хэлцэл бөгөөд Ж.Е, Ж.А, Н.З  тэгш эрхтэй оролцож, байгуулж, гарын үсэг зурсан байдаг. Иргэний хуулийн 56.6-р хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө. Нэгэнт хоёр талын “хүчин төгөлдөр бус хэлцэл”-ийг Ж.Е, Ж.А, Н.З хамтран хийсэн учир хохирлыг Н.Заар хариуцуулан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56.6-г шүүх буруу хэрэглэснийг илтгэж байна. Өөрөөр хэлбэл, гурвуулаа буруутай болж хэлцлийг хүчингүйд тооцсон 3 шатны шүүхийн шийдвэр байгааг шүүхээс анхаараагүй байна. 4/. Иргэний хуулийн 56.6-р буруутай этгээд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө. Ж.Е, Ж.А нарт  хүчин төгөлдөр бус хэлцэлийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй. Маргааны зүйл болж байгаа Өлгий сумын 5-р багт байршилтай, 3-36 айлийн орон сууцны 02 тоот  байр бидний 6 хүний өмчлөлд байгаа ба 2006 оноос одоо хүртэл 11 жил Ж.А эзэмшиж, ашиглаж, сүүлийн 4 жил өөр айл хөлслөн суулгаж байрны хөлсийг өөрөө авч ашиг олж байгаа. Н.З, И.С нарын буруугаас нэхэмжлэгч  нарт  хохирол учраагүй тул Иргэний хуулийн  56.6 -д зааснаар эд хөрөнгийн хохирол төлөх үндэслэлгүй. Ж.Е, Ж.А нарт хохирол учруулсан нь тогтоогдохгүй, нэг өрөө байрны худалдаалах үнийн тодорхойлолтоор  учирсан хохирол хэмээн үзэж  төлбөр хариуцуулсан  нь бодит байдалд нийцэхгүй байна. Хэрэв  хохирлыг тооцож байгаа бол  2006-04- 11-ний өдрийн буюу 2006 оны орон нутгийн ханшаар тооцох ёстой байсан.  5/. Ж.Е, Ж.А нараас 2.100.000 төгрөг авсныг 24.199.000 төгрөг болгож төлүүлж байгаа нь  банкны зээл, хүүгээс хэт дахин их өсгөсөн нь шүүх “хууль журмыг” ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Н.З миний бие  хууль зөрчиж  худалдсан болохоос бус Ж. Ермек, Ж. Аршагүл нарт заавал нэг өрөө орон сууц худалдан авч өгөхөөр тохирсон, үүрэг хүлээсэн зүйл  байхгүй.  Орон сууцыг шилжүүлэн өгсөн тул хохирлыг тухайн үеийн ханшаар тооцох ёстой байтал, 2017 оны үеийн ханшыг баримталж хохирол тооцсон нь холбогдох хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. 6/. Иргэний хуулийн 56.5-д зааснаар  56.1-д заасан хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлнө. 56.6-р буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө. Энэхүү хуулийн заалтаар Н.З би нэхэмжлэгч нарт 2.100.000 төгрөг буцаан өгч, хуульд заасан хохирол гэвэл “хадгаламжийн хүүгийн хамт төлүүлбэл” бодит үнэнд нийцэх байсан. Энэ талаар Иргэний хуулийн 56.5-д тодорхой заасан байхад шүүх хуулийн дээрх заалтыг буруу хэрэглэсэн байна.  Ж.А нь 2011 оноос одоо хүртэл уг байрыг “хууль бус” ашиглаж, эзэмшиж байгаа тул түүнд ямар нэгэн хохирол учраагүй. 7/. 24.199.000 төгрөг нь хариуцагч Н.З, И.С бидний буруутай үйл ажиллагаанаас учирсан бодит хохирол биш юм. Энэ талаар шүүх буруу дүгнэлт хийж, Иргэний хуулийн  56.5, 56.6- г буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд  шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.   

          Нэхэмжлэгч тал хариу тайлбартаа: Иргэний хуулийн 76.1,76.2-т  хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсэх тухай  тодорхой заасан. Ж.Е, Ж.А нар нь хариуцагч нараас худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгөө өөрийн нэр дээр болгуулж авахаар нэхэмжлэл гаргасан үед өөрсдийнхөө байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг  мэдсэн. Үүний дараа шүүхэд хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу өөрт учирсан хохирлоо шаардаж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаагаа өнгөрөөгөөгүй. Иргэний хуулийн 56.6-р хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацааг тухайн хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцсоны дараа тоолж эхлэх ёстой. Шүүхээс хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон учраас тухайн гэрээний дагуу шилжүүлсэн эд зүйлсийг харилцан буцаахаар болсон юм. Гэрээ байгуулсан үеийн байрны үнийг л буцаахаар болсон нь нэхэмжлэгч нарт бодит хохирол бий болгосон юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар орон байргүй болж үлдсэн ба 10 аад жилийн өмнөх байр худалдан авсан мөнгөөр одоогийн үед орон байр худалдан авах боломгүй учраас байр худалдан авахад бий болсон зөрүүг хохирол гэж үзэж нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй юм.  Хүчин төгөлдөр бус хэлцлийг байгуулах үед И.Сийн бичгээр өгсөн зөвшөөрөл байсан. Н.Зы нэхэмжлэгч нарт худалдсан үл хөдлөх эд хөрөнгө нь гэр бүлийн дундын эд хөрөнгө байсан тул Н.З нь бусад гэр бүлийн гишүүдээс зөвшөөрөл авсны дараа тухайн хүчин төгөлдөр бус хэлцлийг хийсэн болох нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдож байгаа. Нэг өрөө байрыг 2.100.000 төгрөгөөр худалдан авч, тухайн үед хүүхдүүд нь оюутан байсан учраас тэд нартай хамт улсын бүртгэлд бүртгүүлж өгнө гэсээр өдийг хүрлээ. Худалдан авагч тал үүргээ биелүүлээд, худалдагч тал нь ерөөсөө үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн. Улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөлийг тогтоох асуудлаар хуулийн байгууллагад хандаж ,шүүхийн бүх шатны хурлаар орж гурван жилийн нүүр үзлээ. Арга буюу нэг өрөө байрны үнэлгээ хийлгэж, ханшны хэлбэлзлээр 24 сая төгрөг нэхэж байна. Тухайн үед би өөр байр авсан бол ингэж чирэгдэл гарахгүй байсан нь үнэн юм. Иймд  шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгөхийг хүсье  гэжээ.

ХЯНАВАЛ:

        Ж.А, Ж.Енар И.С, Н.З нарт холбогдуулан 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учруулсан хохиролд 24.199.000 төгрөг гаргуулахыг шаардсан байна.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

       Н.З хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа “...хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад шүүх “тасалдсан” гэж үзсэн нь буруу ...нэхэмжлэгч нь “хариуцагчийг” буруу тодорхойлсон ... “хүчин төгөлдөр бус хэлцэл”-д Ж.Е, Ж.А, Н.З нар гурвуулаа буруутай байгааг шүүх анхаарч үзсэнгүй... хохирол учирсан нь тогтоогдоогүй... нэг өрөө байр худалдаалах үнийн тодорхойлолтоор учирсан хохирлыг тодорхойлсон нь бодит байдалд нийцэхгүй байна... хохирлыг 2006-04-11-ний өдрийн  орон нутгийн ханшаар тооцох ёстой байсан... 2.100.000 төгрөгийг нэхэмжлэгч нар буцааж төлөхдөө “хадгаламжийн хүүгийн хамт төлүүлбэл” бодит үнэнд нийцэх байсан...” гэжээ. 

        Хариуцагч Н.Зы гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Хөөн хэлэлцэх хугацааны талаар гаргасан гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна. 

        Ж.А, Ж.Енар Баян-Өлгий аймгийн 5-р баг, 3-36 айлын 02 тоот орон сууцыг худалдан авах талаар И.С, Н.З нартай 2006 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тохиролцон, 2.100.000 төгрөг төлж орон сууцыг хүлээн авч амьдарч ирсэн, өмчлөх эрхийг нэхэмжлэгч нарын нэр дээр шилжүүлэхтэй холбоотой маргаан үүсэж шүүхэд хандсанаар орон сууц худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болох нь Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2016/00143 дугаар шийдвэрээр /хх 10-16/ тогтоогджээ.        

         Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 онд 153/ШШ2016/00143 дугаар шийдвэр гаргахдаа Ж.А, Ж.Енар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзээгүй байна. Иймд “...нэхэмжлэгч нар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн...” гэх хариуцагчийн гомдлын талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56, 74-79 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзлээ.  

       Түүнчлэн, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрөх боломжтой бөгөөд хуульд заасан хэлбэрээр дахин хэлцэл хийх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3., 189 дүгээр зүйлийн 189.1., 109 дүгээр зүйлийн агуулгыг зөрчихгүй. Хариуцагч нар 2006 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээний дагуу эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээс татгалзсан үеэс худалдан авагч нарын эрх зөрчигдсөн гэж үзэх боломжтой байна. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ.

           2. “... нэхэмжлэгч нь хариуцагчийг буруу тодорхойлсон ... хэлцэл хийхэд нэхэмжлэгч нар ч адил буруутай ...” гэх Н.Зы гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох    үндэслэл болохгүй гэж үзлээ.     

         Шүүх Н.З, И.Саманбек нарт холбогдуулан гаргасан Ж.Аршагул, Ж.Енарын нэхэмжлэлийг хүлээн авахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65, 117 дугаар зүйлийг зөрчөөгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт тодорхойлсноор “хариуцагч” гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хэнд холбогдуулан, ямар шаардлага гаргах нь нэхэмжлэгчийн эрх  хэмжээний асуудал юм.   

        Баян-Өлгий аймгийн 5-р баг, 3-36 айлын 02 тоот орон сууцыг  Ж.А, Ж.Енарт худалдахад Н.З, И.С нар оролцсон нь хэрэгт буй баримтаар тогтоогдсон байна. Мөн эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч нар зөвшөөрч байсан тухай нэхэмжлэгч нарын тайлбарыг /хх 12/ үгүйсгэх баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэгч нарыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасан этгээдэд хамааруулах тухай гомдлыг хүлээн авах боломжгүй  байна. 

        3. Баян-Өлгий аймгийн 5-р баг, 3-36 айлын 02 тоот орон сууцыг Ж.А, Ж.Енар 2006 онд 2.100.000 төгрөгөөр худалдан авсан боловч өөрийн өмчлөлд шилжүүлж авч чадаагүй нь тогтоогдсон бөгөөд 2016 оны байдлаар нэг өрөө орон сууцны үнэ 2006 оноос өссөн тухай нэхэмжлэгч нарын тайлбарыг хариуцагч үгүйсгэж чадаагүй учир  “...нэхэмжлэгч нар хохироогүй...” гэх гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ. 

         2006 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээгээр худалдан авагч нь нэг өрөө орон сууцны үнэд 2.100.000 төгрөг төлж, орон сууцанд орж амьдарсан бөгөөд орон сууцыг  буцааж өгөх тохиолдолд нэг өрөө орон сууцны үнийг худалдагчид төлөх үүрэг хүлээнэ.    

         Шүүх Баян-Өлгий аймгийн 5-р баг, 3-36 айлын 02 тоот орон сууцны үнийг 2016 оны байдлаар үнэлж мөнгийг хариуцагч нараас гаргуулахаар шидвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-г зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв. 

        Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч   Н.Зы гомдлыг хангахгүй хангахгүй орхино. 

        Харин хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийг баримталсан нь буруу тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна. Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгах бөгөөд Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн зохицуулалт нь хүчин төгөлдөр гэрээнд хамаарна. Нэхэмжлэгч нар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шаардсан байхад шүүх Иргэний хуулийн хүчин төгөлдөр гэрээнд хамаарах зохицуулалтыг нэхэмжлэлийг хангах үндэслэл болгосон нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 212/МА2017/00107 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 469 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтаас “...261 дүгээр зүйлийн 261.1...” гэснийг хасаж, шийдвэр болон магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагч Н.Зы гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 278.945 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ