| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабал Батчимэг |
| Хэргийн индекс | 191/2025/02404/И |
| Дугаар | 210/МА2026/00925 |
| Огноо | 2026-04-27 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2026/00925
*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/11800 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ы нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* нь 2012 онд ******* ХХК-д уурхайн талбай дээр гэнэтийн ослын үед хариу өгөх багийн ажилтнаар ажилд орж, 2017 оноос сургалтын ажилтнаар, 2024 оны 05 дугаар сараас эхлэн сургалтын багийн ахлагчийн түр орлон гүйцэтгэгчээр тус тус ажилласан туршлагатай бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй, ажлын байранд хариуцлагатайгаар хөдөлмөрлөж ирсэн.
1.2. 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн гүйцэтгэх захирлын ******* дугаартай ажлаас чөлөөлөх тушаал нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан, мөн холбогдох дүрэм, журмыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайлбал, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ******* нь ******* нисэх буудлын агаарын хөлгийн гал унтраах сургалтад оролцсоны дараа оройн 22 цагийн орчимд ажилчдын амрах байранд байхдаа эхнэртэйгээ утсаар ярьж байхад ******* хаалгыг хүчтэй тогшсон. Үүний хариуд эхнэр, хүүхэдтэйгээ утсаар ярьж байна, амралтын цагт саад болохгүй байхыг хүссэн. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалд дурдсанчлан хөдөлмөрийн гэрээ, кемпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн холбогдох заалтыг зөрчиж бусдын биед халдсан, дарамталсан, зодолдсон зүйл байхгүй. ******* нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж, хохирол, гэмтэл учруулаагүй бөгөөд ажил олгогч энэ асуудалд бодитой дүгнэлт хийгээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.4-т заасан ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах үүргийг хэрэгжүүлээгүйд гомдолтой байна. Иймд хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэж байна.
1.3. Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан тушаалтай холбогдуулан өөрийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.5-д заасны дагуу ******* дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах 3 талт хороонд гомдол гаргасан. Гэвч ******* ХХК-ийн төлөөлөл хуралд оролцоогүй тул эвлэрэх боломжгүй гэж үзэн шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гарч, 11-ний өдөр гардан авсан.
1.4. ******* нь тус байгууллагад 12 жилийн хугацаанд ажиллахдаа хариуцлагатай, хичээл зүтгэлтэй ажиллаж ирсэн бөгөөд өмнө нь сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Гэтэл нэхэмжлэгчийг ажлаас халсан шийдвэрийг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх үүргийг ажил олгогч зөрчсөн байна. Маргаан бүхий асуудал болсноос 6 хоногийн дараа нэхэмжлэгчийг ажлаас нь шууд буулгаж, уурхайн талбайгаас чөлөөлж, ажилд нь явуулахгүй, онгоцны тийз захиалаад Улаанбаатар хот руу буцаасан. Энэ нь ажилтны тайлбар өгөх, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгөх, мэтгэлцэж шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрх үүргийг зөрчсөн. Уурхайн талбайгаас Улаанбаатар хот руу явснаас хойш 28 хоногийн дараа 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шийдвэр гарсан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож цуцлахтай холбоотой нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зөрчил гаргасан.
1.5. Ажил олгогч нь кемпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Тухайлбал, ёс зүйн дүрмийн 9.1.2-т заасан бусдын биед халдсан, 9.1.12-т заасан бусдыг дарамталсан, ялгаварлан гадуурхсан гэх зөрчилд хамааруулан нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь маргалдсан үйл баримтыг үгүйсгээгүй боловч уг үйлдэл нь кемпийн дотоод журмын 9.1.16-д заасан хэрүүл маргаан үүсгэх зөрчилд хамаарах бөгөөд энэ төрлийн зөрчилд ажлаас халах бус, өөр төрлийн сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалттай. Гэтэл хоёр ажилтан маргалдсан нөхцөлд зөвхөн нэхэмжлэгчид хариуцлага ногдуулж, нөгөө этгээдэд хариуцлага тооцоогүй нь шударга ёсны зарчимд нийцэхгүй, ялгаварлан гадуурхсан шинжтэй гэж үзэж байна. Мөн бусдын биед халдсан гэх дүгнэлт нь бодит байдалд нийцэхгүй. Нэхэмжлэгч нь хаалга хүчтэй тогшсоны улмаас хаалгаа онгойлгож түлхсэн бөгөөд энэ нь зодох, бусдын биед халдах үйлдэлд хамаарахгүй. Харин харилцан түлхэлцсэн нөхцөл байдал үүссэн байхад түүнийг зодсон, цохисон гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Хэрэв бодитойгоор зодсон үйлдэл гарсан бол гэмт хэргийн шинжтэй тул холбогдох байгууллагаар шалгуулах ёстой байсан боловч ийм шалгалт хийгдээгүй, гомдол гаргаагүй байна.
1.6. Гэмтэл, хохирлын талаарх нотлох баримт нь эргэлзээтэй бөгөөд маргаан болсон даруйд илэрсэн шинж тэмдэг байгаагүй, тухайн этгээд өөрөө дараа нь өөр шалтгаанаар гэмтэл авсан талаар тайлбарласан нөхцөл байдал тогтоогдож байна. Ажил олгогч нь маргааны нөхцөл байдлыг бүрэн, бодитой тогтоолгүй, талуудын зөрүүтэй тайлбарыг нягтлаагүй, зөвхөн нэг талын мэдээлэлд үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус байна. Мөн сахилгын шийтгэл ногдуулах журмын холбогдох заалтуудыг буруу хэрэглэсэн. Иймд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар тушаал нь үндэслэлгүй бөгөөд уг тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тушаал нь холбогдох хяналт шалгалтаар тогтоогдсон үйл баримтад үндэслэн гарсан. ******* нь 2012 оноос ******* ХХК-д ажиллаж, гэнэтийн ослын үед хариу өгөх баг болон сургалтын ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж ирсэн. 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээгээр ажилтан нь компанид мөрдөгдөж буй дүрэм, журмыг сахин биелүүлэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох үүргийг тус тус хүлээсэн. Нэхэмжлэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр компанид мөрдөгдөж буй Сахилгын шийтгэл ногдуулах журам, Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрмийг зөрчсөн тул уг зөрчилд үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тушаал гарсан. Уг тушаал үндэслэл, журмын дагуу гарсан эсэх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоно.
2.2. Мөн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хяналт шалгалтын тайлан гарсан бөгөөд Сахилгын шийтгэл ногдуулах журмын 11 дүгээр зүйлд заасны дагуу зөрчлийг шалгах багийг байгуулсан. Уг багийн бүрэлдэхүүнд зөрчилд холбогдогчийн шууд удирдах ажилтан болох хэлтсийн дарга /менежер/ оролцсон нь хянан шалгах ажиллагаанд хөндлөнгийн нөлөөлөл орохоос сэргийлэх зорилготой байсан. Хянан шалгах ажиллагааны явцад тухайн үйл баримттай холбогдох этгээдүүдээс тайлбар авч, ярилцлагын тэмдэглэл үйлдэн, холбогдох баримтуудыг цуглуулсны үндсэнд нэхэмжлэгч нь ******* ХХК-д мөрдөгдөж буй холбогдох журам, дүрмийг зөрчсөн болох нь тогтоогдсон. Хяналт шалгалтын тайланг үндэслэж тушаал гарсан. Хөдөлмөрийн хуулийн 7.1.1-д заасныг нэхэмжлэгч зөрчсөн.
2.3. ******* 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр уурхайн талбар дээр хамт ажиллагсадтайгаа ******* гэдэг уушийн газар буюу ******* орж холбогдох багийнхаа ажилчидтай архи согтууруулах ундаа хэрэглэсний дараа өөрийнхөө гоймонг халаалгахаар *******д хэлсэн нь *******гын ярилцлагын тэмдэглэл, хяналт шалгалтын тайлан, гэрч *******рын мэдүүлгээр тогтоогдоно. Ус дууссаны улмаас гоймонг нь шууд халааж амжаагүй, нэхэмжлэгч нь амрах байранд очиж, тухайн үед гэр бүлийн асуудлаас үүдэн уурласан байдлаа *******д гаргасан, хаалга тогшсоны дараа нэхэмжлэгч гарч ирээд *******гын зүүн шанаа руу цохисон гэх үйл баримт тогтоогдож, улмаар шанаанд нь хөхрөлт, няцралт үүссэн нь хяналт шалгалтын тайлангийн хавсралт, эмчийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон. Мөн уг үйл явцын үеэр нэхэмжлэгч нь айлган сүрдүүлсэн шинжтэй үг хэллэг хэрэглэсэн талаар ******* мэдүүлсэн бөгөөд тэрээр нэхэмжлэгч өөрөөс нь албан тушаалын хувьд дээгүүр, ажлын туршлагатай тул айдас төрж, уг асуудлыг тухайн үед шууд мэдээлээгүй гэж тайлбарласан.
2.4. Хэлтсийн менежер энэ талаар мэдэж, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр холбогдох аюулгүй байдал болон зөрчлийг шалгадаг хөдөлмөрийн харилцааны алба, газарт энэ мэдээллүүд ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, менежерийнх нь хүсэлтийн дагуу үйл хэрэг болсон гэдгийг дараа нь мэдсэн. Гомдлын дагуу холбогдох шалгалтын ажиллагаа явагдсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй. ******* ХХК-ийн Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах журмын дагуу нэхэмжлэгчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тушаал гарах хүртэлх хугацааны цалин хөлсийг олгосон.
2.5. Нэхэмжлэгчийн гаргасан цохих, дарамтлах шинжтэй үйлдлийг ******* ХХК-ийн Кемпийн дотоод журам болон Сахилгын шийтгэл ногдуулах журмаар ноцтой зөрчилд хамааруулан зохицуулсан байна. Мөн 2023 оны хөдөлмөрийн гэрээний 8б, 8в заалтаар ажилтан нь компанийн дүрэм, журмыг сахин биелүүлэх, тэдгээртэй танилцах үүрэг хүлээсэн бөгөөд гэрээний 9.2.1.и-д ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг тусгасан. Хяналт шалгалтын дүгнэлтээр ******* нь хамт ажиллагсдаа цохисон, заамдсан, зохисгүй үг хэлж дарамталсан үйл баримт тогтоогдсон тул уг үйлдлийг ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-д холбогдох ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгчийн зүгээс флаш дискэнд үзлэг хийлгэж, бусдын биед гэмтэл учруулаагүйг нотлох зургийг хэрэгт хавсаргасан боловч уг баримтыг анхан шатны шүүх үнэлээгүйд гомдолтой байна. Хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий үйл явдал 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 22 цагийн орчимд болсон бөгөөд маргааш өдөр нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч *******, ******* нарын хамт авхуулсан зураг хэрэгт авагдсан. Уг зургаас харахад *******гын нүд, шанаанд хавдар, хөхрөлт, шарх зэрэг гэмтлийн шинж тэмдэг ажиглагдахгүй байгаа нь тогтоогдоно. Мөн маргаанаас хойш 1-2 хоногийн дараа ******* өөрийн толгойг каскаараа цохиж гэмтээсэн талаар бусад ажилчид болон шууд удирдлагад мэдэгдсэн гэх үйл баримтыг нотлох баримттай харьцуулан үнэлээгүй орхигдуулсан. Нотлох баримтыг тал бүрээс нь үнэлнэ гэдэг нь хэрэгт цугларсан баримтыг бүрэн судалж, тус бүрд нь үнэлэлт, дүгнэлт өгөхийг ойлгох бөгөөд аль нэг баримтыг үнэлэлгүй орхих ёсгүй. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг үнэлээгүй. Шүүх хуралдааны явцад хийсэн үзлэгийн тэмдэглэлд огнооны талаарх нөхцөл байдал дэлгэрэнгүй тусгагдсан болно.
4.2. Анхан шатны шүүх сахилгын шийтгэл ногдуулах журамд заасан маргаанд хамаарах зарим зохицуулалтыг хэрэглээгүй. Тухайлбал, Сахилгын шийтгэл ногдуулах журмын 9.3-т сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж байдалд тохирсон, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг тогтоосон байхад анхан шатны шүүх уг шаардлагыг хангаж буй эсэхэд дүгнэлт өгөөгүй.
4.3. Мөн журмын 9.4-т ажил олгогч зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Хэрэгт авагдсан Шалгалтын репорт, эмнэлэгт үзүүлсэн тэмдэглэл-д зөрчлийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр илрүүлсэн нь тодорхой байхад 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тушаал гаргасан нь уг хугацааг хэтрүүлсэн байна. Иргэний хуульд заасан хугацаа тоолох журмаар тооцоход 32 хоног буюу нэг сарын хугацааг 2 хоногоор хэтрүүлсэн тул сахилгын шийтгэл ногдуулах хугацааг зөрчсөн гэж үзнэ. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй. Сахилгын зөрчлийг илрүүлсэн хугацаа, түүнийг хууль, журамд заасан хугацаанд шалгасан эсэх, ногдуулсан шийтгэл нь зөрчлийн шинжид тохирсон эсэхийг тогтоохын тулд хэрэгт авагдсан бүх нотлох баримтыг бүрэн үнэлэх шаардлагатай боловч зарим баримтыг үнэлээгүй орхигдуулсан.
4.4. Түүнчлэн, Кемпийн дотоод журмын 19.5-д зааснаар 9.1.169.1.25, 18.7-д хамаарах зөрчилд ажлаас халахаас бусад хэлбэрийн сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалттай байхад уг заалтыг хэрэглээгүй. Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 17.3-т ноцтой зөрчилд ажлаас халах шийтгэл ногдуулахаар заасан боловч нэхэмжлэгчийн үйлдэл нь 17.4.4-т заасан ёс зүйн зөрчилд хамаарах тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах нь тохиромжгүй гэж үзэж байна. Иймд ажил олгогч нь холбогдох журам, зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байхад анхан шатны шүүх маргаан бүхий тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
4.5. Нотолбол зохих байдлын бүрэн нотлоогүй тухайд. Гүйцэтгэх захирлын тушаалд Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан менежер ******* гэсэн үсэг зурсан бөгөөд түүнийг тус албан тушаалд томилсон тушаал байхгүй бөгөөд энэ нь ажлаас халах тушаалд эрх бүхий этгээд гарын үсэг зурсан эсэхийг тогтооход эргэлзээ төрүүлж байна. Тодруулбал ******* гэх хүн нь Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан менежер мөн эсэх, түүнийг тус албан тушаалд томилсон эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд тус тушаал үндэслэл бүхий эсэхийг нягтлахын тулд эрх бүхий этгээд гарын үсэг зурсан эсэхийг нягтлах нь зүйтэй. Анхан шатны шүүхээс энэхүү эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгч нь *******гыг зодсон үйл баримт анхан шатны шүүх хуралдааны явцад тогтоогдоогүй гэх агуулгаар тайлбарлаж байна. Тухайн зөрчил нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гарсан бөгөөд нэхэмжлэгч *******ы баг хамт олон ******* ХХК-ийн уурхайн талбайд байрлах уушийн газарт согтууруулах ундаа хэрэглэсэн. Энэ үеэр нэхэмжлэгч хамт ажиллаж байсан ажилчдад миний гоймонг дэвтээгээрэй гэж хэлсэн бөгөөд улмаар гоймонг нь дэвтээгээгүй талаар *******д уурласан байна. ******* нь нэхэмжлэгчийн гоймонд ус хийж, өрөөнд нь аваачиж өгөхөөр очиход нэхэмжлэгч хаалгаа нээхгүй байсан тул тогшсон гэж тайлбарладаг. Энэ үйл баримт нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, хяналт шалгалтын тайлан болон бусад баримтаар тогтоогдсон. Улмаар нэхэмжлэгч нь *******гыг өрөөндөө татан оруулж, зүүн шанаанд нь цохиж, чамайг бүх насаар чинь дарамтална, ална гэх утгатай заналхийлсэн талаар гэрчүүд мэдүүлсэн. Тухайлбал, ******* болон ******* нарын мэдүүлэгт дээрх үйл баримт тусгагдсан. Мөн хэрэгт хяналт шалгалтын ахлах ажилтан *******ийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн тайлан авагдсан бөгөөд уг тайланг гаргахдаа холбогдох этгээдүүдээс тайлбар авч, хэргийн үйл баримтыг тогтоосон.
5.2. Холбогдох гурван этгээдийн зөрчлийг шалгасан 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хяналт шалгалтын тайлангаар нэхэмжлэгчийг ******* ХХК-ийн Сахилгын шийтгэл ногдуулах журам, Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч нь *******д гэмтэл учруулсан нь тогтоогдоогүй гэж маргаж байгаа боловч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд ******* ХХК-ийн эмнэлэгт үзүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Хяналт шалгалтын тайлан болон эмчийн үзлэгийн тэмдэглэлд *******гын зүүн шанаанд цохиулсны улмаас хөхрөлт, няцралт, судасны гэмтэл үүссэн талаар тодорхой дурдсан бөгөөд уг баримтаар гэмтлийн шинж байдал тогтоогдож байна. Анхан шатны шүүх хуралдааны явцад эмчээс гэрчийн мэдүүлэг авсан байна. Иймд нэхэмжлэгчийн зөвхөн маргаан болсон, цохиогүй гэх тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар няцаагдаж байгаа тул үндэслэлгүй.
5.3. Нэхэмжлэгчийн зүгээс Сахилгын шийтгэл ногдуулах журмын дагуу зөрчил гарснаас хойш 30 хоногийн дотор хариуцлага ногдуулах ёстой байсан гэж маргаж байна. Гэвч ******* ХХК-д олон ажилтан ажилладаг тул ирсэн гомдлыг хүлээн авч, урьдчилсан хяналт хийж зөрчил байгаа эсэхийг тогтоосны дараа хугацааг тоолж эхэлдэг бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан зөрчлийг илрүүлснээс хойш тооцох зарчимд нийцнэ. Хэрэгт авагдсан 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хяналт шалгалтын тайлангаар нэхэмжлэгч ******* нь хөдөлмөрийн дотоод журам, сахилгын журам зөрчсөн болох нь тогтоогдсон бөгөөд үүнээс хойш хугацааг тооцож 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй.
5.4. Нэхэмжлэгч нь маргаан бүхий тушаалд гарын үсэг зурсан этгээдийн эрхийн асуудлыг дурдсан боловч 1 дүгээр хавтаст хэргийн 82 дугаар талд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ******* тоот тушаалаар хөдөлмөрийн харилцаатай холбоотой шийдвэр гаргах эрхийг холбогдох албан тушаалтанд 3 жилийн хугацаатай олгосон нь нотлогдож байна.
5.5. Нэхэмжлэгч нь зөрчил гаргасан үйлдлээ тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрдөг боловч тухайн үйлдлийг өөр ангиллын зөрчилд хамааруулах ёстой гэж маргаж байна. Гэвч Сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.2-т заасан зөрчил нь ноцтой зөрчилд хамаарах бөгөөд нэхэмжлэгчийн үйлдэл нь ноцтой зөрчилд хамаарах бөгөөд өөр төрлийн сахилгын шийтгэлд шилжүүлэх боломжгүй. Хариуцагч байгууллага нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлсийг олгосон бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, тайлбар авах ажиллагаа хуульд нийцүүлэн явагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Талууд 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь гэнэтийн ослын багийн болон сургалтын ажилтан албан тушаалд ажиллах, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэх, ******* ХХК нь цалин хөлс олгох, ажлын аятай таатай нөхцөлөөр хангах үүргийг тус тус хүлээж, талуудын хооронд хөдөлмөрийн эрхийн харилцаа үүссэн байна. /1хх26-32/
4. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар тушаалаар ******* газрын гэнэтийн ослын багийн болон сургалтын ажилтан ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр бусдын биед халдсан, хүнийг дарамталсан ноцтой зөрчил гаргасан болох нь хяналт шалгалтаар тогтоогдсон үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэжээ. /1хх-106/
Дээрх тушаалд *******ы үйлдлүүдийг Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн б, в, г, 9.2, 9.2.1, 9.1.1и, Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9.1.2, 9.1.12, Сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.2.8.2, 17.2.9, 17.2.9.1, 17.2.9.4-т заасан ноцтой зөрчил гэж дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.3, 83.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журмын 2.8 /2/, Хөдөлмөрийн гэрээний 9.2, 9.2.1, 9.4, Сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.1, 17.3 болон Гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дугаар тушаалыг тус тус үндэслэсэн байна.
5. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд цуцлахаар заасан ноцтой зөрчлийг гаргасан нь тогтоогдсон гэж дүгнэж, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.
5.1. Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ажилтан *******гыг өөрсдийн оршин суух ******* блокт очиж амрах үедээ бэлэн гоймонд ус халааж хийсэнгүй, утсаар ярьж байх үед хаалга цохилоо гэх шалтгаанаар зүүн шанаа тус газар цохиж, зохисгүй үгээр заналхийлсэн болох нь эмчийн үзлэгийн баримт, эмчийн үзлэгт хавсаргасан фото зургийн хуулбар, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шалгалтын тайлан, ******* ХХК-аас 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хянан шалгах ажиллагааны тайлан, гэрч *******, *******, *******, ******* нарын гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон, энэ үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
5.2. Хөдөлмөрийн гэрээний 9.2.1, 9.2.1.(и)-д ажилтан ...Компанийн дотоод журам, Кэмпийн дотоод журам, Ёс зүйн дүрэм, ...-д ноцтой зөрчил гэж тооцсон зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар талууд харилцан тохиролцсон ба ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар батлагдсан Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9.1.2-т бусдын биед хүч хэрэглэх, бие махбодод халдах, 9.1.12-т бусдын дарамталсан үйлдлийг ёс зүйн зохисгүй хэм хэмжээ гэж үзэхээр, 19.3-т журмын 9.1.1-9.1.15-д заасан зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцохоор, 19.4-т журмын 9.1.1-9.1.5-д заасан ноцтой зөрчил гаргасан ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар тус тус журамлажээ.
5.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан тул ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар тушаалаар ажилтан *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дээрх үндэслэлээр цуцалж шийдвэрлэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасантай нийцсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
6. Мөн гэрч *******гын өгсөн каскаараа цохиогүй, тухайн үед шанаанаасаа нүүгээд нүд рүү хөхрөлт орж ирсэн. Хүмүүс нүд чинь яасан юм бэ гэхээр нь каскаараа цохичихсон гэж хэлсэн гэж мэдүүлгээр тэрээр өөрөө нүдээ цохиж гэмтээсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул ******* нь малгайгаараа нүдээ цохиж гэмтээсэн талаар бусдад хэлсэн талаарх нотлох баримтыг шүүх үнэлээгүй гэх гомдлыг хангахгүй.
Түүнчлэн, нэхэмжлэгч *******ы гаргасан сахилгын зөрчлийг ажил олгогч шалгаж 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шалгалтын тайлан /1хх-112/ үйлдсэнээр илрүүлсэн гэж үзэх бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь түүнээс хойш нэг сарын дотор байх тул сахилгын шийтгэл ногдуулах хугацааг зөрчөөгүйгээс гадна уг сахилгын шийтгэл ногдуулах тушаал гаргасан ******* ХХК-ийн боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежерт тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай тушаалаар хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар шийдвэр гаргах эрх олгосон байна. /1хх82/ Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/11800 дугаар шийдвэртэй шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ч.БАТЧИМЭГ