Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 651

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн

улсын яллагч Б.Батнасан

шүүгдэгч У.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, ХХХХ оны ХХ дүгээр сарын ХХ-нд Увс аймгийн Баруунтуруун суманд  төрсөн, ХХ настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын талбайн даамал мэргэжилтэй, Лакс бааранд хамгаалагч ажилтай, Увс аймгийн Улаангом сумын ХХ дүгээр баг, ХХХХ тоот хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ХХ дугаар хороо ХХ дугаар байрны ХХХ тоотод түрээсээр түр оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй,          урьд нь 2008 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жил 1 сарын хугацаагаар хянан харгалзсан,

2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 63 дугаартай шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн  хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн, /РД:ХХХХХХХХХХ/, Цогт У.Жд холбогдох эрүүгийн ХХХХХХХХХХ дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

У.Ж 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн ХХ дугаар хороо ХХ дугаар байрны ХХХ тоотод байх гэртээ “манай гэрт шээлээ” гэх шалтгаанаар иргэн Г.Шын биед заазуур, пивоны шилээр болон гараар халдан зодож, онц харгис  хэрцгийгээр түүний баруун сарвуунд шарх, баруун шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч У.Ж шүүхийн хэлэлцүүлэгт: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Г.Ш би толгойн дээр шээхээр нь цаанаа очоод нойлын өрөөнд очиж шээ гэж хэлэхэд Г.Ш цаашаа эргээд ширдэгэн дээр шээчихээр нь уур хүрээд зодсон. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Г.Ш мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 5 дугаар сарын 18-ны өглөө 10 цагийн үед ажлаа тараад ажлынхаа Мөөжиг, Заяа, Лхагваа нарын хамт Модны хоёрын Ланд нэртэй буудал ороод 2 шил 0,75 литрийн архи, 2,5 литрийн 1 том савтай пиво уугаад сууж байсан. Тэгээд миний гар утсанд хуучин талбайн урд талын Митинг бааранд ажилладаг байсан зүс таньдаг Жакаас чатаар “андаа хоолны мөнгө байна уу гэсэн мэссэж ирсэн тэгэхээр нь  10.000 төгрөг байна ирээд авчих” гэхэд удалгүй ирчихлээ гээд буудлын үүдэнд гарч уулзаад 10.000 төгрөг өгсөн. Тэгээд буулын өрөөнд хамт ууж байгаад манайд хүн байхгүй байгаа манайх руу явъя гэхээр нь 12 цагийн үед буудлаас гараад Хүдэрээ, Лхагваа Жак бид 4 гаднаас 1 шил архи аваад Ахуй үйлчилгээний ард талын 9 давхар байрны 1 давхарт гэрт нь очсон. Тэгээд бид нар архинаасаа ууж байхад Хүдэрээ тасраад унтсан удалгүй би тасраад унтаад өгсөн. Тэгээд нэг сэртэл миний баруун гарын сарвуу цус болчихсон. Жак баруун хөлийн шилбэ рүү пивоны шилээр цохиод байсан. Тэгэхээр нь би гарч гүйгээд 102-т дуудлага өгөөд зогсож байхад араас Лхагваа гарч ирээд чиний гарыг Жак заазуураар зүссэн гэж хэлсэн. ...тухайн үед намайг сэрэхэд сүүлд нь Жак намайг гэрт нь шээсэн гэх шалтгаанаас миний гарыг зүсэж хөл рүү пивоны шилээр цохисон гэсэн. /хх-ийн 20/,

дахин байцаалтаар Г.Ш “надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би У.Жтэй сайн дурын үндсэн дээр эвлэрч эмчилгээний зардалд 30.000 төгрөг хүлээн авсан” /хх-ийн 23/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6133 дугаартай дүгнэлтэнд: Г.Шын биед баруун сарвуунд шарх, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун сарвууны шарх гэмтэл нь иртэй зүйлийн хоёр удаагийн, баруун шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Баруун сарвууны шарх гэмтэл нь  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 28/ гэжээ.

 

У.Ж мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 5 дугаар сарын 18-ны өглөө 9 цагийн үед найз Г.Ш рүү фэйсбүүк чатаар хаана байна хоолны мөнгө зээлээч гэхэд Ланд зочид буудалд байна ирээд авчих гээд Ланд зочид буудлын 3 давхрын өрөөнд ороход Г.Ш ажлынхаа гурван залуугийн хамт ууж байсан. Тэгээд би уг архинаас хамт ууж байгаад Г.Ш хоёр найзынхаа хамт манайх руу дагуулж явсан. Гаднаас 1 шил 0,75 литрийн архи, 1 том 2.5 литрийн пиво авч хоол унд хийж архи уусан. Тэгээд удалгүй Г.Ш тасраад унтаад өгсөн. Тэгээд Лхагваа бид хоёр 1 шил архи уугаад би тасраад унтсан. Тэгээд нэг сэртэл толгой дээр хүн шээгээд байхаар нь хартал Г.Ш шээж байсан. Тэгээд 00 цаана чинь байгаа гэхэд цаашаа яваад ширдэг дээр шээгээд байсан. Тэгээд би уурлаад очоод Г.Шгийн толгой руу 1 удаа цохиод, нүүр рүү нь 2 удаа алгадахад газар унаад өгсөн. Тэгээд пивоны шил аваад хөл рүү нь 2-3 удаа цохиод босоод цэвэрлэ гэхэд босохгүй байхаар нь заазуур аваад айлгах гээд баруун гарынх нь алганы ар хэсэгт 1 удаа зүссэн. /хх-ийн 31/ гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор У.Жгийн иргэний үнэмлийн лавлагаа /хх-ийн 41/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 42/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69/, шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос У.Жг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн баримтуудаар У.Ж “толгой дээр болон гэрийн ширдэгэн дээр шээлээ” гэх шалтгаанаар Г.Шын баруун сарвуунд шарх, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтлийг заазуур, пивоны шилээр учруулсан хэргийн үйл баримт тогтоогджээ.  

 

Шинжээч эмч 6133 дугаартай дүгнэлтэнд хохирогч Г.Шын эрүүл мэндэд баруун сарвуунд шарх, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Баруун сарвууны шарх гэмтэл нь  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж анагаахын тусгай мэдлэгийн хүрээнд ямар нэгэн эргэлзээгүйгээр ялгаж салгаж дүгнэсэн байна.

 

Хэргийн үйл баримт болон хохирогч Г.Шын эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг, шинж байдлаас үзэхэд У.Ж “онц харгис хэрцгий аргад хамааруулан ойлгох...хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон...” үйлдэл хийсэн гэж дүгнэх хууль зүйн боломжгүй юм.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан байх ба мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэсэн заалтыг тус тус баримтлан   хяналтын прокуророос У.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж зүйлчлэв.

 

Шүүгдэгч У.Ж 2019 оны 5 дугаар сарын 18-нд Баянгол дүүргийн 15 дугаар хороо 23 дугаар байрны 110 тоот гэртээ “толгой руу болон гэрт ширдэгэн дээр шээлээ” гэх шалтгаанаар Г.Шын баруун сарвуунд шарх бүхий  хөнгөн хохиролыг заазуураар учруулсан болох нь:

хохирогч Г.Шын“...Жак намайг гэрт нь шээсэн гэх шалтгаанаас миний гарыг зүсэж хөл рүү пивоны шилээр цохисон...” У.Жгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн” би уурлаад ...пивоны шил аваад хөл рүү нь 2-3 удаа цохиод босоод цэвэрлэ гэхэд босохгүй байхаар нь заазуур аваад айлгах гээд баруун гарынх нь  алганы ар хэсэгт 1 удаа зүссэн...” гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон  шинжээчийн  6133 дугаартай дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

У.Ж нь Г.Шын бие махбодид халдсан үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан...гэмт хэрэгт тооцогдох үйлдэл” байх бөгөөд уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн санаатай гэмт хэрэгт” тооцогдоно.

 

У.Жгийн дээрхи үйлдлийн улмаас Г.Шын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйлдэл нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж үзнэ. 

 

Иймд шүүгдэгч У.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Хэрэгт авагдсан хохирогч Г.Шын “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч У.Жг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч У.Жг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

Шүүгдэгч У.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх байдал тогтоогдоогүй болно.

 

У.Жгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон удаа дараа ял шийтгэгдсэн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэрэг байдлуудыг харгалзаж ял оногдуулах нь Эрүүгийн хариуцлагын зорилго болон Шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

У.Ж 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж уг ялаас 278 цагийн ялыг эдэлж 222 цагийн ялын үлдэгдэлтэй байгааг тодорхойлсон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 3/15855 дугаартай албан бичиг хэрэгт авагдсан байна.

 

Шүүхээс У.Жд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө Г.Шр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зааснаар түүний Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 146 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 222 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 498 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.

 

Хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                                         

 ТОГТООХ нь:

 

  1. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос У.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

  1. У.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч У.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун ерэн найман цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Жд өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн 222 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 498 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг У.Жд мэдэгдсүгэй.

 

  1. У.Ж цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                  

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ДАЙРИЙЖАВ