Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 516

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн

улсын яллагч Г.Хатанцэцэг

шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, ХХХХ оны ХХ дугаар сарын ХХ-нд Улаанбаатар хотод төрсөн, ХХ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Грейс төвд фитнесийн багш ажилтай, , Баянгол дүүргийн ХХ дугаар хороо ХХ дүгээр хорооллын  ХХ дугаар байрны ХХ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд нь 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр  Баянгол дүүргийн шүүхийн 249 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, /РД:ХХХХХХ/, Т.Тод холбогдох эрүүгийн 1805042010595 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Т.Т 2018 оны 8 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Melody” караокед иргэн Б.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй.  Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Э мөрдөн байцаалтанд: 2018 оны 8 дугаар сарын 09 өдөр 03 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  “Melody” караокед дөрвөн найзтай хамт орж үйлчлүүлж байгаад манай гурван найз явсан би үлдээд нэг найзтайгаа гарах гээд манай найз текэн дээр бармен гэх эмэгтэй хүнтэй маргалдаад байсан. Би очоод найзтайгаа гарах гэтэл бид хоёрыг гаргахгүй та хоёр харъя гээ биз дээ би хүн дуудсан байгаа гэж хэлсэн. Бид хоёр хүлээж чадахгүй гармаар байна гэж чинь одоо орж ирж байна гэж хэлээд гар утсаараа залгаад хаана явж байна гэж ярьсан гар утсаа таслаад зөөгч залуудаа хаалга онгойлго гэж хэлсэн зөөгч залуу хаалга онгорхой байгаа гэж хэлсэн чинь гаднаас нэг халзан залуу орж ирээд манай найзыг зодоод эхэлсэн. Би юу болж байнаа гэж бодоод зогсож байтал намайг цохиход би унаад босоод найзыгаа аваад үүдээр гараад цагдаад дуудлага өгсөн чинь зодсон залуу зугатаад яваад өгсөн. Бармен гэх эмэгтэйг зугатах гэхэд нь барьж аваад үлдээсэн. Миний дээд доод уруул язарч хавдсан байна. Би гомдолтой. /хх-ийн 10/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Г мөрдөн байцаалтанд: Би 2018 оны 8 дугаар сарын 09-ний орой ажил дээрээ 16 цагийн үед очоод ажлаа хийж байсан чинь 02 цагийн үед гаднаас үл таних халамцуу хоёр ах манай караокед хоёр эмэгтэйтэй цуг орж ирсэн. Манай 1-р өрөөнд ороод яг юу захиалсныг нь мэдэхгүй байна. Махлагдуу ах нь надаас тамхи нэхээд томроод байсан. Тэгээд сүүлдээ дахиж намайг дуудаад тамхинд явчаад ир гээд намайг цохих гээд дайраад байхаар нь би зохион байгуулагч эгчид хэлсэн чинь нөгөө махлагдуу ах эгчтэй чинь уулзана гээд уурлаад байсан тэгээд эгчтэй уулзаад эгчийг шууд загнаж эхлээд эгчийг чи хэн юм бэ энэ хүүхдийг чинь би тамхинд явуулна гэхээр нь манай эгч болохгүй энэ хүүхэд ажлаа хийж байгаа гэхэд чи хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу? гээд томроод байсан. Удалгүй нөгөө ахтай цуг явж байсан хоёр эмэгтэй орж ирээд нөгөө ахыг 1-р өрөө рүү авч орсон. Удалгүй өрөөнөөсөө гарч ирээд хамт явсан хүмүүсээ гаргачихаад ганцаараа текэн дээр ирээд хэрүүл хийгээд байсан. Манай зохион байгуулагч эгчийг элдвээр хараагаад байсан. Тэгээд эгч сүүлдээ уурлаад утсаа гаргаж ирээд явахгүй бол хүн дуудлаа шүү гээд утсаараа хүн рүү залгачихаад ярилгүй текэн дээр утсаа тавьчихсан байсан. Тэгсэн чинь удалгүй эгчийн найз ах орж ирэнгүүтээ нөгөө махлагдуу ахтай маргалдаж байгаад гараараа нүүрэн тус газар нь 2-3 удаа цохингуут нь би айсандаа болоод гараад явчихсан. Гадаа байж байсан чинь эгчийн найз нь түрүүлж гарч ирээд дараа нөгөө махлагдуу ах хойноос нь гачж ирээд эгч намайг караокегоо хаачих гээд түлхүүр надад өгсөн. Би түлхүүрээрээ хаалгаа цоожлоод байж байсан чинь цагдаа ирсэн./хх-ийн 17/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Т.С мөрдөн байцаалтанд: Би “Melody”  караокед ажлаа хийгээд байж байхад 2 цагийн үед үл таних халамцуу хоёр хүн манай караокед орж ирээд 1 номерын өрөөнд орсон. Тэгээд 0.75-н хэмжээтэй ямар архи уусныг нь сайн мэдэхгүй байна. Тэр хоёр эрэгтэй манай караокед 2 цаг орчим суусан. Би тэр үед өөр өрөөнд дүүтэйгээ юм яриад сууж байтал манай зөөгч орж ирээд 1 номерийн өрөөнд орсон хүн намайг тамхинд явуулах гээд байна гэж надад хэлэхэд нь би явуулахгүй гэхэд миний сууж байсан өрөөнд нөгөө хоёр залуу орж ирээд энэ караокег урьд нь ажилуулдаг байсан хүнийг би таньдаг байсан юм. Би танай зөөгчийг тамхинд явуулмаар байна гэхээр би явуулахгүй гэж хэлэхэд намайг элдвээр харааж ширээ цохиж аваад байсан. Би сууж байсан өрөөнөөсөө гараад текэн дээр ирэхэд намайг чи яагаад  томроод байгаа юм бэ чам шиг хүүхэн яах юм бэ гээд намайг цохих гээд далайгаад элдвээр хараагаад байхаар нь би 99005510 гэх дугаар руу залгаад Т.Т гэх найзыгаа энд баахан хүн орж ирээд агсраад байна гээд утсаа таслалгүй орхисноо мэдэхгүй байж байсан чинь манай найз удалгүй ороод ирсэн. Манай найз орж ирээд та нар яагаад эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм бэ гээд нөгөө хоёр залуутай муудалцаж эхэлсэн. Тэгээд маргалдаж байгаад манай найз түрүүлээд шар царайтай бүдүүн нөхрийг нь 2-3 удаа толгойн тус газар нь цохисон нөгөө бор царайтай туранхай хүнийг цохисон үгүйг нь харж чадаагүй. Тэгээд манай найз гараад явчихсан. /хх-ийн 21/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9743 дугаартай дүгнэлтэнд: Б.Эын биед дээд, доод уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 25/

 

Хохирогч Б.Эын “...Т.Ттой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн бичгийн хүсэлт /хх-ийн 58/

 

Сэжигтнээр Т.Т мөрдөн байцаалтанд: Гэртээ унтаж байхад 6 цагийн үед манай найз Солонго над руу залгаад орж ирсэн хоёр согтуу залуучууд хүн айлгаж сүрдүүлээд зодох гээд байна хүрээд ирээч гээд уйлаад яриад байхаар нь би гэрээсээ гараад такси бариад шууд очсон. Намайг очиход хоёр согтуу залуу байхаар нь би юу болсон талаар асуухад  нэг согтуу залуу нь намайг чи хэн юм бэ гээд шууд түлхэхэд би зөрүүлээд хоёр удаа цохисон. Тэгээд нөгөө залуу доошоо суусан. Тэгээд би тэндээс гараад шууд гэртээ харьчихсан. Би махлагдуу биетэй дунд зэргийн нуруутай халимаг жижиг үстэй эрээн өнгийн срочкин цамцтай цайвар өнгийн өмдтэй залууг нүүрэн тус газар нь 2-3 удаа гараараа цохисон. /хх-ийн 28/ гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Т.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 34/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 68/ зэргийг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Т 2018 оны 8 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Melody” караокед Б.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Эын“...нэг халзан залуу орж ирээд манай найзыг зодоод эхэлсэн би юу болж байнаа гэж бодоод зогсож байтал намайг цохисон...” /хх-ийн 10/,

гэрч Г.Ган-Эрдэнийн “...эгчийн найз ах орж ирэнгүүтээ нөгөө махлагдуу ахтай маргалдаж байгаад гараараа нүүрэн тус газар нь 2-3 удаа цохингуут нь би айсандаа болоод гараад явчихсан...”/хх-ийн 17/,

гэрч Т.Солонгын“...Манай найз орж ирээд та нар яагаад эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм бэ гээд нөгөө хоёр залуутай муудалцаж эхэлсэн. Тэгээд маргалдаж байгаад манай найз түрүүлээд шар царайтай бүдүүн нөхрийг нь 2-3 удаа толгой тус газар нь цохисон...” /хх-ийн 21/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9743 дугаартай дүгнэлт /хх-ийн 25/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хуулиар хүлээгээгүй Т.Т “...би юу болсон талаар асуухад  нэг согтуу залуу нь намайг чи хэн юм бэ гээд шууд түлхэхэд би зөрүүлээд 2 удаа цохисон...” /хх-ийн 28 гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдож байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Улсын яллагчаас Т.Тыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос Т.Тод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Т.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Т.Т гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.Т гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Т.Тод танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Т.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Т.Тод мэдэгдсүгэй.

 

4. Т.Т цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Тод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ