Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2026/00430

 

      

                                                                           

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 197/ШШ2025/15046 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,

 

5,707,911 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

            1.Давж заалдах шатны Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан тасалбарын зөрүү 3,054,441 төгрөг, зочид буудалд хугацаа хэтэрч байрласнаас гарсан зардал 1,809,410 төгрөг, дамжин нислэг дундуур буудалд байрлахад гарсан зардал 849,000 төгрөг, нийт 5,707,911 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “...гэрээний харилцаа үүсээгүй, өөр нислэг захиалахыг санал болгосон боловч зөвшөөрөөгүй, нислэгийн тасалбарын төлбөрийг нэн даруй буцаан шилжүүлсэн тул үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс гарсан зардлыг төлөх үндэслэлгүй. ...” гэж маргажээ.

 

            3.Хариуцагч “*******” ХХК нь аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд нэхэмжлэгч *******тай 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр аман хэлцэл хийж, хэлцлээр “*******” ХХК нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр БНХАУ-ын Хаянан хот руу шууд нислэгээр нисэх 4 хүний тасалбарыг захиалж өгөх, ******* нь тасалбарын үнэ 7,960,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Ийнхүү тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид тасалбарын үнэ 7,960,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй.

            3.1.Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1-д зааснаар аялал жуулчлалын гэрээгээр тур оператор, аяллын агент нь жуулчинд хэлэлцэн тохиролцсон үйлчилгээ үзүүлэх, жуулчин нь ийнхүү үйлчилгээ үзүүлсний төлөө хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Энэ гэрээг заавал бичгээр байгуулсан байхыг шаардахгүй.

Хуульд заасан “хэлэлцэн тохиролцсон үйлчилгээ” гэдэгт багц аялал буюу нислэг, буудал, хоол, үзвэр зэрэг бүгд орсон байхыг шаардахгүй. Тур оператортой тодорхой нэг үйлчилгээ үзүүлэхээр тохирсон бол тухайн хэсэгт аялал жуулчлалын гэрээний зохицуулалт үйлчилнэ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1-д заасан аялал жуулчлалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

            3.2.Харин хариуцагч байгууллага гэрээ болон дээрх хуульд зааснаар 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр БНХАУ-ын Хаянан хот руу шууд нислэгээр нисэх нислэгийн тасалбарыг захиалж өгөх үүргээ биелүүлээгүйгээс мөн өдөр ******* нь өөр дамжин нислэгийн тасалбар захиалж аялалд явснаар тасалбарын төлбөрт 11,014,441 төгрөгийн зардал гаргасан нь түүний эзэмшлийн, “*******” ХК-ийн ******* тоот дахь дансны хуулгаар, зочид буудалд байрлах хоногийн хугацаа алдсанаас 1,809,410 төгрөг төлсөн нь зочид буудлын төлбөр төлсөн баримтуудаар тус тус тогтоогдсон.

            Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид тасалбарын зөрүүд 3,054,441 төгрөг, зочид буудалд байрласан төлбөрт 1,809,410 төгрөг, нийт 4,863,851 төгрөгийн хэмжээний хохирол учирсан байх тул тэрээр уг мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.

 

            4.Анхан шатны шүүх хохирлоор тодорхойлогдох үүргийн зөрчилтэй холбоотой хуулийн дээрх зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой. Иймд хариуцагч нь тасалбарын төлбөрийг буцаан шилжүүлснээр хохирлыг бүрэн барагдуулсан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

           

            5.Хариуцагчийн “...гуравдагч этгээдийн буруутай үйлдлээс шалтгаалан шууд нислэгийн тасалбар захиалж өгөх боломжгүй болсон, нэхэмжлэгчийн хүсэлтээр төлбөрийг нь нэн даруй буцааж шилжүүлэн өгснөөр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т заасны дагуу үүрэг дуусгавар болсон. ...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь, үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан бол үүрэг дуусгавар болно. Үүнд өөр үүрэг хүлээн авахыг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд хэргийн баримтаар нэхэмжлэгч нь өөр үүргийг хүлээн авсан гэх байдал тогтоогдохгүй байна.

           

            6.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нислэг хоорондох буудлын зардал 849,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн. Үүнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гараагүй тул талуудын зарчимд үндэслэн уг шийдлийг хэвээр үлдээнэ.

 

7.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 197/ШШ2025/15046 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...370 дугаар зүйлийн 370.1 гэсний дараа 219 дүгээр зүйлийн 219.1...” гэж нэмж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92,772 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар энэ магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.БАЯСГАЛАН

 

                                ШҮҮГЧИД                                        Д.ЗОЛЗАЯА

 

                                                                                         Б.АЗБАЯР