Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2026/01001

 

******* газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 сарын 19-ний өдрийн 197/ШШ2026/06490 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 6,408,032 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* газар нь хариуцагч *******д холбогдуулан ******* нь ******* ТБАГУТҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа *******г хууль бусаар ажлаас түр чөлөөлснөөс төрд 6,408,032 төгрөгийн хохирол учирсан тул Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3, 20 дугаар зүйлийн 20.1, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд заасны дагуу буруутай этгээдээс хохирлыг нөхөн төлүүлэхээр прокурор өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргасан гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...төрд учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардах эрх үүсэхийн тулд тухайн этгээдийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд хариуцагчийн хувьд *******г ажилд эгүүлэн тогтоосон маргаанд оролцох, тушаал шийдвэр гаргах эрхгүй байсан тул үйлдэл болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо байхгүй, гэм буруугүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэж тайлбарлан маргасан.

 

3. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчийн тайлбарыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд,

 

3.1. ******* нь ******* ТБАГУТҮГ-ын ерөнхий захирлаар ажиллаж байхдаа 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар тушаалаар 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс хяналт шалгалтын дүнг гарч дуусах хүртэл хугацаагаар *******г үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсоосон;

3.2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 101/ШШ2021/01810 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1304 дугаар магадлалаар *******г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 6,408,032 төгрөгийг ******* ТБАГУТҮГ-аас гаргуулж шийдвэрлэсэн; /хх-ийн 9-16/

 

3.3. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 6,408,032 төгрөгийг ******* олгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. /хх-ийн 20/

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй, нэхэмжлэгчийн шаардах эрхийг зөв тодорхойлоогүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

5. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл эс үйлдлийн улмаас бусдад учруулсан гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд хариуцан арилгах бөгөөд мөн хуулийн 498.5 дахь хэсэгт зааснаар уг гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй тул хохирлыг төлсөн буюу гэм хорыг арилгасан байгууллага гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо эхний ээлжид шаардах эрхтэй.

 

6. Энэ тохиолдолд эхний ээлжид гэм хорын хохирол шаардах эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргаагүй байхад прокурор ямар үндэслэлээр нэхэмжлэл гаргасан болох нь тодорхой бус байна.

 

6.1. Учир нь Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно гэж заасан.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас прокурорыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах талаар төрийн байгууллагын гаргасан хүсэлт байх шаардлагатай ба уг хүсэлтийг прокурор хүлээн авч, төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эсэхийг шийдвэрлэнэ гэж ойлгоно.

 

6.2. Төрийн байгууллагаас энэхүү маргаанд прокурорыг нэхэмжлэгчээр оролцуулах агуулга бүхий хүсэлт гаргасан талаар баримтгүйгээс гадна нэхэмжлэл гаргах эрх бүхий байгууллага нь татан буугдсан, төрийн байгууллага албан тушаалтан нэхэмжлэл гаргах эрхгүй, эсхүл гаргахаас татгалзсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нийтийн эрх зүйн этгээд болох Прокурорын байгууллагын субьектив шаардах эрх нь зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд уг нэхэмжлэлийг гаргах эрх бүхий этгээд гэм хорыг шаардахаас зайлсхийсэн, сануулсаар байхад шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, ашиг сонирхлын зөрчил байгаа нь тогтоогдсон, тухайн байгууллага татан буугдсан зэрэг нэхэмжлэл гаргаагүй хүндэтгэн үзэх нөхцөл байгаа тохиолдолд төрийн ашиг сонирхлын үүднээс прокурор нэхэмжлэл гаргаж болохыг үгүйсгэхгүй боловч дээрх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

7. Иймд төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл эс үйлдлийн улмаас бусдад учруулсан гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах боломжгүй байгаа үндэслэл дээрх байдлаар тодорхой бус тохиолдолд нэхэмжлэгч ******* газар нь Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3, 20.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байх тул хариуцагч *******аас төрд учруулсан хохирол гаргуулах нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болоогүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 197/ШШ2026/06490 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 6,408,032 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* газрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,478 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН

 

Ч.БАТЧИМЭГ