Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 659

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Т.Сарантуяа хөтлөн

улсын яллагч Н.Анхбаяр

хохирогч А.С

шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, ХХХХ оны ХХ дугаар сарын ХХ-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн, ХХ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Туул гарден ресторанд ахлах тогооч ажилтай, Баянгол дүүргийн ХХ дугаар хороо, Нарны хороолол ХХ дүгээр байрны ХХ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:ХХХХХХХХХХ/, Т.Аад  холбогдох эрүүгийн ХХХХХХХХХХХХХХ дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Т.А нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны орой Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 9 дүгээр байранд байрлах “Инжэр март” дэлгүүрийн гадна талд иргэн А.Сыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт: Би өөрийн буруутай үйлдлээ зөвшөөрч байгаа. Хохирогчоос уучлал хүссэн. Хохирогчтой цаашид найзууд явна гэж бодож байгаа гэв.

Хохирогч А.С шүүхийн хэлэлцүүлэгт: Т.А надаас уучлалт хүссэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна гэв.

 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч  А.С мөрдөн байцаалтанд: 2019 оны 5 дугаар сарын 17-ны орой 23 цагийн орчимд би ажлаасаа гараад гэртээ орохын өмнө байрны Инжэр март хүнсний дэлгүүрээс хүүхэддээ сок авах гэж орсон. Дэлгүүр дотор манай хажуу байрны хүн зөрөхдөө намайг мөрлөөд өнгөрсөн. Тэгээд би яагаад байнаа гээд өнгөрсөн. Би сок авчихаад касан дээр юмаа бичүүлэх гэж байхад нөгөө залуу гараад ир гэхээр нь би юм бодолгүй гараад очтол шууд намайг заамдаж аваад миний ам руу мөргөсөн. Тэгээд би чи яаж байгаа юм гээд хэсэг ноцолдож байгаад түүнийг өөрөөсөө холдуулсан нөгөө залуу надтай хэсэг маргалдаж байгаад гараад явсан. Ингээд араас гараад явахад 9-р байрны 2-р орц руу орсон.  Би гэрийг нь мэдэж авах гэхэд над руу дайраад зодох гээд байхаар нь би гараад явсан. Гадаа дуудлага өгчихөөд байж байтал нөгөө залуу буцаад хувцсаа солиод гараад ирсэн ба дэлгүүр орж 2 пиво аваад нэгийг нь надад задалж өгөөд хоёулаа тохироод учраа ололцъё гэсэн. Тухайн үед нь би тийм юм байхгүй гээд хүлээж аваагүй . Тэгсэн нөгөө залуу буцаад гэр рүүгээ орсон. Ингээд цагдаа ирсэн. /хх-ийн 5/ гэх мэдүүлэг,

 

Гэрч С.П мөрдөн байцаалтанд: 2019 оны 5 дугаар сарын 17-ны орой Инжэр март дэлгүүр дээрээ сууж байхад 22 цагийн үед гаднаас хохирогч гэх А.С орж ирээд дэлгүүрээс хүүхдийн сок хайж гар утсаараа яриад явж байсан. Тэр үед гаднаас гэрийн халаадтай Т.А гэх хүн орж ирсэн. Тэгээд хэрчсэн гурил авах гээд хөргөгч онгойлсон. Тэр үед нөгөө 2 залуу хоорондоо маргах шиг болсон тэгээд халаадтай Т.А авсан зүйлээ бичүүлээд мөнгөө төлөөд эхлээд гарсан. Тэрний дараа хохирогч гэх А.С авсан бараагаа бичүүлээд хойноос нь гарсан. Тэгээд ажлаа хийгээд сууж байтал гадаа чанга чанга дуугараад байсан. Тэгэхээр нь би гараад хартал нөгөө 2 залуу бие биенийгээ харилцан заамдчихсан зогсож байхаар нь салгахад хохирогч гэх А.С шүд эвгүй болчихлоо гээд надад үзүүлээд байсан тэр үед ил гэмтэл байхгүй дээд уруул нь жоохон хавдчихсан байсан. Тэгээд тэр 2 залуу гадаа үлдсэн би дэлгүүр рүү орж ажлаа хийсэн. Тэгээд дэлгүүртээ ажлаа хийгээд сууж байхад хохирогч гэх А.С шүд      эвгүй болчихлоо     гээд                      дэлгүүрт          орж ирээд зогсоод цагдаа дуудаад гарсан. Хэсэг хугацааны дараа гаднаас халаадтай залуу хувцасаа солиод орж ирээд 2 лааз пиво аваад гараад нөгөө залуутай уулзаад байсан. /хх-ийн 45/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6122 дугаартай дүгнэлтэнд: А.Сүхтулгын биед баруун дээд үүдэн 1 дүгээр шүд, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулын дотор хэсэгт шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 12/ гэжээ.

 

Сэжигтнээр Т.А мөрдөн байцаалтанд: 2019 оны 5 дугаар сарын 17-ны  орой 23 цагийн орчим би Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хороолол 9 дүгээр байранд байрлах Инжер март дэлгүүрээс бэлэн гурил авах гээд орсон бөгөөд дэлгүүр дотор коридороор явж байсан чинь нэг танихгүй залуутай /хохирогч А.С/ мөрөөрөө шүргэлцсэн. Тэгсэн чинь нөгөө залуу намайг ...замаа харж яваач пизда минь... гэхлээр нь би.... юу гэнээ яаж байгаа юм ....гэсэн чинь амандаа юм яриад байхаар нь би юм ярилгүй цаашаа яваад юмаа бичүүлээд дэлгүүрээс гарсан чинь араас нөгөө залуу гарч ирэхээр нь би ...юу гээд намайг пиздагаар дуудаад байгаа юм... гэсэн чинь амандаа юм хэлсэнээ намайг заамдаад авахаар нь би зөрүүлж заамдаад нүүр рүү нь нэг удаа духаараа мөргөсөн. Тэгээд зууралдаад байж байсан чинь Инжер март дэлгүүрийн худалдагч ах гарч ирж салгасан. Тэгээд би гэрийнхээ орц руу орох гэсэн чинь араас орцны үүдэн дээр дагаж орж ирэхээр нь би чи цаашаагаа яв би буцаад гараад ирье чи байж бай гээд би гэртээ орчихоод юмаа тавьчихаад шорт подволкоо өмсөөд гарсан чинь нөгөө залуу найз нар руугаа утсаар яриад ална шулна гээд байсан. Тэгэхээр нь би чи архи уучихсан байна чи ингэх хэрэггүй гээд би дэлгүүрээс пиво авч өгөөд уу гэж өгөөд чи намайг мэднэ дараа уулзаарай гэж хэлээд гэр рүүгээ орсон. /хх-ийн 16/ гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Т.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 18/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 20/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Т.А 2019 оны 5 дугаар сарын 17-ны орой Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарны хорооллын 9 дүгээр байранд байрлах “Инжэр март” дэлгүүрийн гадна талд иргэн А.Сүхтулгыг зодож  “баруун дээд үүдэн 1 дүгээр шүд, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулын дотор хэсэгт шарх, цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч  А.Сын“...би юм бодолгүй гараад очтол шууд намайг заамдаж аваад миний ам руу мөргөсөн...”

гэрч С.Пийн “...хохирогч гэх А.С шүд эвгүй болчихлоо           гээд дэлгүүрт орж ирээд зогсоод цагдаа дуудаад гарсан...” гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон  шинжээчийн 6122 дугаартай дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Энэ хэрэгт хамаарал бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан эдгээр бичгийн баримтуудаар мөрдөн байцаалтанд Т.Аын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...намайг заамдаад авахаар нь би зөрүүлж заамдаад нүүр рүү нь нэг удаа духаараа мөргөсөн...” гэх мэдүүлэг нь давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно.    

 

Шүүгдэгч Т.А нь А.Сын бие махбодид халдаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдох ба уг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд хяналтын прокуророос Т.Аад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Т.Аыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Т.Аыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд хохирогч А.С шүүхэд “...үүдэн шүд гэмтэж 890.000 төгрөгийн зардал гарсан. Уг гэмтлийн зардал 890.000 төгрөгийг Т.Ааас авсан тул гомдол саналгүй болно” гэсэн бичгийн хүсэлт шүүхэд гаргаж мөн шүүхийн хэлэлцүүлэгт тэрээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлснийг  үндэслэн шүүгдэгч Т.Аыг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Т.Аыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Т.Аад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцно.

 

Шүүх, Т.Аын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдлыг нь харгалзан түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

  1. Т.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Т.Аад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.  

 

 

  1. Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Т.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд зүйлгүйг  тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Аад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                  

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ