| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00529/и |
| Дугаар | 00633 |
| Огноо | 2016-10-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 00633
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 1-р 64 айлын орон сууцны 7 тоотод оршин суух, 1952 онд төрсөн, эрэгтэй, ОЮ52070117 регистрийн дугаартай, Ургаа овогтой Санжийн Даваажавын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, Улиасны хэвд оршин суух, 1978 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ78050718, Онгоохон овогтой Цэвээний Гантөмөрт холбогдох,
9.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Даваажав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2012 оны 5 дугаар сард иргэн Ц.Гантөмөр манай гэрт ирж “Архангай аймагт очиж адуу худалдан авч ирж зарахаар явж байна. Та мөнгөтэй бол надтай хамт адууны наймаа хийгээч” гэж санал тавьсан. Би мөнгөтэй, завтай байсан болохоор Ц.Гантөмөрийг дагаж явсан. Архангай аймгийн Их тамир суманд очсон. Намайг “Та гал тогоон дээр тогооч хийгээд байж бай” гэсэн. “Адуугаа цуглуулъя, та адуу авах мөнгөө өг” гэхэд нь би Увс аймаг руу эхнэр Н.Басантай ярьж Ц.Гантөмөрийн данс руу 9.000.000 төгрөг шилжүүлсэн. Ц.Гантөмөр удалгүй надад “Таны мөнгөнөөс 3.000.000 төгрөгөөр авсан адуу” гэж 7 адуу авч ирж өгөөд “6.000.000 төгрөгийг адуу авахаар хүнд өгсөн байгаа” гэж хэлсэн. Тэгээд адуугаа Увсад тууж ирсний дараа “Өөрийн мөнгөөр авсан адуугаа авъя” гэхэд 7 адууг нь “Минийх” гээд “Арвижих-Увс” ХХК-ийн захирал Х.Сүхбаатар булааж авсан. Ингээд би адуу ч үгүй, мөнгө ч үгүй өдийн хүртэл Ц.Гантөмөрөөс нэхдэг ч өгөхгүй явсаар байгаа тул 2016 оны өвөл эвлэрүүлэн зуучлагчид өгсөн боловч шийдвэрлэж чадаагүй тул танай байгууллагад хандаж байна. Иймд Ц.Гантөмөрөөс миний 9.000.000 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж зэргийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: “Нэхэмжлэгч С.Даваажав миний бие хариуцагч Ц.Гантөмөрт холбогдуулан 9.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг үнийн дүнгээс 3.000.000 төгрөгийг хасч, үлдэх 6.000.000 төгрөгийг Цэвээний Гантөмөрөөс гаргуулж авахаар тохиролцов. Хариуцагч Ц.Гантөмөр миний бие 2012 оны 7 дугаар сард Архангай аймгаас Увс аймаг руу авч ирсэн 3.000.000 төрөгийн үнэ бүхий 7 адуу /хар морь нэг, цавьдар морь нэг, хүрэн морь нэг, хоёр хээр мрь буюу 5 морь, хоср хээгч гүү/-г авч ирсэнийг “Арвижих Увс” ХХК-ийн захирал Х.Сүхбаатар авсан болохыг баталж байна. Мөн нэхэмжлэгч С.Даваажаваас авсан 9.000.000 төгрөгөөс 6.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Даваажав нь хариуцагч Ц.Гантөмөрт холбогдуулан 9.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, хариуцагч Ц.Гантөмөр нь 6.000.000 төгрөгийг нэхэмжлэгч С.Даваажавд төлөхөөр, мөн нэхэмжлэгч С.Даваажав нь нэхэмжлэлийн шаардлагаас 3.000.000 төгрөгийг хасахаар зохигчид эвлэрсэн болох нь тэдний шүүхэд бичгээр өгсөн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.950 төгрөгөөс 103.475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн хэмжээ болох 6.000.000 төгрөгт ногдох 110.950 төгрөгийн тал хувь буюу 55.475 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас, мөн хариуцагч Ц.Гантөмөрөөс 55.475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Даваажавт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Даваажав нь 9.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 3.000.000 /гурван сая/ төгрөгийг хасч, хариуцагч Ц.Гантөмөр нь 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг нэхэмжлэгч С.Даваажавд төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.950 /нэг зуун тавин найман мянга есөн зуун тавь/ төгрөгөөс 103.475 /нэг зуун гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн хэмжээ болох 6.000.000 төгрөгт ногдох 110.950 төгрөгийн тал хувь буюу 55.475 /тавин таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас, мөн хариуцагч Ц.Гантөмөрөөс 55.475 /тавин таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Даваажавт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА