Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2026/00476

 

    

                                                                           

“*******” ОНӨААТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/10516 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “*******” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,

 

24,630,275.38 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.“*******” ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд (одоо 20 дугаар хороо) “Дэд бүтцийн төв”-ийн инженерийн шугам сүлжээний угсралтын ажлыг хийж гүйцэтгэх явцдаа манай байгууллагатай 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах” 21065400 дугаартай гэрээ байгуулсан.

1.2.Гэрээтэй ажиллаж байх хугацаандаа тус хэрэглэгч нь усны үйлчилгээний төлбөрийг хугацаандаа бүрэн төлөөгүйн улмаас 2020 оны 04 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сарын хооронд 24,630,275.38 төгрөгийн өр төлбөр үүссэн.

1.3.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албан дээр 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хуралдсан “Дэд бүтцийн төв”-ийн ажлыг хүлээж авах комиссын хурлын 02 дугаар шийдвэрээр “*******” ХХК-ийн “Дэд бүтцийн төв”-ийн инженерийн шугам сүлжээний угсралтын ажлыг хийж гүйцэтгэх явцад хэрэглэсэн цэвэр ус, татан зайлуулсан бохир усны дээрх өр төлбөрийг Орон сууцны бодлогын газар хариуцан төлж барагдуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийн дагуу үүссэн өр төлбөрийг төлж барагдуулах талаар удаа дараа албан бичгээр хандсан бололвч усны төлбөрийг улс, нийслэлийн хөрөнгө оруулалтын хүрээнд шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэсэн хариу ирүүлсэн боловч өнөөдрийг хүртэл өр төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагчаас 24,630,275.38 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дахь хэсэг, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас 24,630,275.38 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГ-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас 281,101,37 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ОНӨААТҮГ-т олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.Талуудын хоорондын маргааны гол үндэслэл нь талуудын хоорондын төлбөр тооцоог хариуцагч "*******" ХХК нь төлөх нотлох баримтгүй, хууль зүйн үндэслэлгүй байхад бүхэлд нь төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй. Мөн нэхэмжлэгч болон бусад этгээдийн хооронд үүссэн, тооцоо нийлсэн акт бүхий төлбөрийг хариуцагчаар шууд төлүүлэхээр шийдвэрлэсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, нотлох ажиллагаа дутуу явагдсан нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шийдвэрлэсэн эсэхэд эргэлзээ төрж байна.

4.2.Мөн хариуцагчийн төлөөлөгч, захирал ******* нь хөдөө орон нутагт ажилтай байхад өмнөх өдөр шүүх хурлын товыг утсаар мэдэгдсэн бөгөөд хариуцагчийн төлөөлөгч "хөдөө орон нутагт ажилтай байна, очиж амжихааргүй байна" гэсэн тайлбарыг өгсөөр байтал шүүх хурлын товыг тулгаж мэдэгдэж, түүний дагуу шүүх хурлыг хийсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл шүүх хурлын товыг албан ёсоор мэдэгдээгүй. Хариуцагчийн төлөөлөгч намайг шүүх хуралд биечлэн оролцуулах, мэтгэлцэх, өмгөөлөгч авах зэрэг эрхээ хэрэгжүүлэх мэтгэлцэх эрхийг хангаагүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1.Талуудын хооронд цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах гэрээ байгуулагдсан. Тус гэрээг хариуцагч компанийн захирал болон нэхэмжлэгч байгууллагын дарга нар баталгаажуулсан. Тооцооны үлдэгдлийн баталгаагаар хариуцагч төлбөрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрсөн. Дээрх төлбөр нь гэрээний зүйл заалт зөрчигдсөний улмаас үүссэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            1.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

            2.Нэхэмжлэгч “*******” ОНӨААТҮГ нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан 24,630,275.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

            3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д “Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ...”, 77.2-т “Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна” гэж заасны дагуу хариуцагч талд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй байна.

            Тодруулбал, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагч байгууллагын хаягийг Сонгинохайрхан дүүрэг, 34 дүгээр хороо, *******, ******* гэж тодорхойлсон байх ба шүүхээс уг хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд “*******” ХК-аас “уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй” гэсэн үндэслэлээр буцаагдсан ч утсаар дуудан ирүүлэх ажиллагааг хийснээр хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийг гардаж авчээ.

            Нэхэмжлэл гардуулсан тухай баримтад хариуцагчийн төлөөлөгч өөрийн оршин суугаа хаягийг Сонгинохайрхан дүүрэг, 34 дүгээр хороо, 10-******* гэж тусгасан ба анхан шатны шүүхээс тус хаягаар шүүх хуралдаанд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг явуулсан байх боловч “*******” ХК-аас “дээрх хаяг тус хороонд байдаггүй” гэсэн үндэслэлээр буцаагдсан байна.

            Түүнчлэн, хариуцагчийн төлөөлөгчид 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр дугаарын утсанд залгахад “Утсаа аваагүй” гэх тэмдэглэгээг шүүгчийн туслах үйлдсэн.

            Эдгээр баримтуудаас үзэхэд хариуцагч талд шүүх хуралдааны тов хүрээгүй байна.

             

4.Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул “шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхээр хангаагүй” гэх хариуцагчийн гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

5.Ийнхүү хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж буй тул хариуцагч талын гаргасан материаллаг эрх зүйн талаарх гомдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/10516 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “*******” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,102 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.ЗОЛЗАЯА

 

 

                                  ШҮҮГЧИД                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

                                                                                          Б.АЗБАЯР