Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 640

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

улсын яллагч А.Намдаг

шүүгдэгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-нд Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо,  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:000000/,  С.Тт холбогдох эрүүгийн 00000000000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

С.Т нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны  нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 1 тоотод оршин суух иргэн М.Шын гэрт байх үедээ Асер маркийн зөөврийн компьютер, модем зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 426.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Т шүүхийн хэлэлцүүлэгт: Би үйлдсэн хулгайн хэргээ зөвшөөрч байна. Авсан эд зүйлээ ломбарданд тавьсан. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Xавтаст хэргээс:

Хохирогч М.Ш мөрдөн байцаалтанд: 2017 оны 10 дугаар сарын дундуур Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 01 тоотод гэртээ байж байхад 19 цагийн үед хаалга тогшоод онгойлготол надтай өмнө танилцсан банди найзаа гэртээ нэг хонуулчихаач гэж хэлээд гуйгаад байхаар нь би тэг гэж хэлээд гэртээ хонуулсан. Маргааш өглөө  нь хичээлдээ явахад миний асер маркийн компьютер гэрийн цонхны тавцан дээр байж байсан юм. Би хичээлээ тараад орой гэртээ иртэл С.Т гэрт байхгүй гэрийн хаалга онгорхой цонхны тавцан дээр байсан компьютер алга болсон байсан. Би анх 1400.000 т өгрөгөөр авч байсан. Одоо 1300.000 төгрөгөөр үнэлж байна. /хх-ийн 14/ гэх мэдүүлэг,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар Aser 13 маркийн зөөврийн компьютер 390000 төгрөг, G модем 36000 төгрөг нийт 426000 төгрөгөөр үнэлэгдсэн. /хх-ийн 24/

 

С.Т мөрдөн байцаалтанд”2018 оны 10 дугаар сарын дундуур Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд амьдардаг найзаараа дамжуулаад нэг охиныд хоноод өглөө гарахдаа гэрт нь байсан нөүтбүүкийг авч гараад Тэнгис  кинотеатрын хажуу талын ломбарданд 180.000 төгрөгөөр тавьсан...”/хх-ийн 16/ гэх мэдүүлэг болон С.Тын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч С.Т  2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны  нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 1 тоотод оршин суух иргэн М.Шын гэрт хонохдоо Асер маркийн зөөврийн компьютер, модем зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 426.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч М.Шын“...хичээлээ тараад орой гэртээ иртэл С.Т гэрт байхгүй гэрийн хаалга онгорхой цонхны тавцан дээр байсан компьютер алга болсон байсан...” гэх мэдүүлэг болон  С.Тын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”... нэг охинынд хоноод өглөө гарахдаа гэрт нь байсан нөүтбүүкийг авч гараад Тэнгис  кинотеатрын хажуу талын ломбарданд 180.000 төгрөгөөр тавьсан...” гэсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

С.Тын  дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан гэм буруутай гэмт хэрэгт тооцогдох үйлдэл” байх бөгөөд уг үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн санаатай гэмт хэрэгт” тооцогдоно. 

        

Шүүгдэгч С.Т гэм буруугийн санаатай хэлбэрээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 426000 төгрөгийн хохирол учруулсан нь эд зүйлийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч С.Тыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Улсын яллагчаас С.Тыг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээний тайланг үндэслэн Асер маркийн зөөврийн компьютерийн үнэ 426.000 төгрөгийг  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Таас гаргуулж хохирогч   М.Шт  олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч С.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

С.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хохиролын хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг нь харгалзан шүүхээс хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

 

Мөрдөн байцаалтын явцад С.Т нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан үндэслэлээр 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 129 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.

 

Түүний нийт цагдан хоригдсон 38 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцоход  шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг бүрэн эдэлж дууссанд тооцогдохоор байна.  

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорихоос өөр төрлийн ял оногдуулсан С.Тт урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7,  36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг тус тус  удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

  1. С.Тыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч С.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Тт хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг баримтлан түүний цагдан хоригдсон 38 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож С.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дууссанд тооцсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Таас 426.000  төгрөг гаргуулж хохирогч М.Шт олгосугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

     

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Тт урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

     

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ