Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 00635

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Тэс сумын 3 дугаар багт оршин суух, 1963 онд төрсөн, эрэгтэй, ОА63012514 регистрийн дугаартай, Тайж овогтой Цэвээний Лхайжавын,

         Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч Ц.Лхайжав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Миний бие 1963 онд төрсөн, 53 настай. Би Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 17 настайдаа илгээлтээр малчин болж 1980 оноос эхлэн хонь, үхэр маллаж байсан болно. Одоо нас өндөр болж байгаа болохоор тэтгэвэрийн бичиг баримтаа бүрдүүлэхэд миний хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн учраас Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тодорхойлох шаардлагатай тул шүүхэд хандаж байна. Иймд миний Лениний зам нэгдэлд 1980 оноос 1989 оныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. ... Миний бие хөдөө мал маллан амьдардаг бөгөөд мал харах хүн бүл цөөтэй байгаа тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна. Иймд намайг байлцуулахгүйгээр хэргийг минь шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Ц.Лхайжав нь Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1980-1989 оны хооронд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

      Хэрэгт Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн цалингийн тодорхойлолт авагдсан байх ба уг тодорхойлолтод Ц.Лхайжавын 1980 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.

          Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Г.Нүрзэд, Т.Нансал нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Г.Нүрзэд: “Би Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1959 оноос эхлэн нэгдэл тарах хүртэл буюу 1994 оныг дуустал адуучин, хоньчин, худгийн моторчин гэх ажлуудыг хийдэг байсан. Ц.Лхайжав нь 1980 оноос эхлэн ээж, аавынхаа хамтаар Лениний зам нэгдэлд илгээлтээр малчин болж, мал маллаж эхэлсэн. Ц.Лхайжав нь тусдаа гэр бүлтэй болсон ч мөн нэгдэлдээ үргэлжлүүлэн нэгдэл тарах хүртэл буюу 1990 он хүртэл мал маллаад, хувьцааны малаа аваад гарсан. Одоо ч мал маллан амьдарч байгаа хүн юмаа. Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлийн даргаар н.Гомбосүрэн, н.Норов. Н.Далай гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Т.Нансал: “Би Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1960 оноос эхлэн нэгдэл тарах хүртэл буюу 1994 оныг дуустал саальчин, хоньчоор ажиллаж байсан. Ц.Лхайжав манайхтай айл хошоо амьдарч, ажиллаж байсан учраас би сайн мэдэж байна. Ц.Лхайжав нь 1980 оноос эхлэн Лениний зам нэгдэлд илгээлтээр малчин болж ээж, аавынхаа хамтаар мал маллаж эхэлсэн. Ц.Лхайжав нь Цэвэлмаа гэх эхнэр авч тусдаа гэр бүлтэй болон мөн нэгдэлдээ үргэлжлүүлэн гэр бүлийн хүний хамтаар нэгдэл тарах хүртэл буюу 1990 он хүртэл мал малласан. Одоог хүртэл мал маллан амьдарч байна. Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн даргаар н.Гомбосүрэн, н.Норов. Н.Далай гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагджээ.

         Иймд Увс аймгийн Архивын тасгийн тодорхойлолт, гэрч Г.Нүрзэд, Т.Нансал нарын шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг тус тус үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ц.Лхайжавын 1980 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Ц.Лхайжавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

        Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тайж овогтой Цэвээний Лхайжавын 1980 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар нийт 10 жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Лхайжавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА