Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2026/00477

 

 

                                                               

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 197/ШШ2025/18301 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд  2,944,046 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

            1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

            2.Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд  2,944,046 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...Тус хотхоны оршин суугч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаан дахь ашиглалт, үйлчилгээний төлбөр 2,156,511 төгрөг, цахилгааны хэрэглээний төлбөр 787,535 төгрөг, нийт 2,944,046 төгрөгийг гаргуулна. ...” гэж,

            Хариуцагч нь тайлбар, татгалзлаа “...Тус компани нь нэг айл өрхөд ногдох төлбөрийн задаргааг гаргаж өгдөггүй, ямар үндэслэлээр тус төлбөр бодогдсон нь тодорхойгүй, ...илүү төлбөр тооцож байгааг үгүйсгэхгүй, задаргааг гаргуулж байж төлөх боломжтой. ...” гэж тус тус тайлбарлажээ.

           

            4.Хариуцагч Э.Жамрсанчой нь татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой тарифыг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг гаргасан байх боловч анхан шатны шүүх дээрх хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасантай нийцээгүй байна. Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй боловч хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн үзлэг, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд тухайн нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх учиртай. Шүүх нотлох баримт дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

            Түүнчлэн зохигч дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой тариф дээр маргаж байгаа тохиолдолд уг тарифыг тогтоосонтой холбоотой баримтгүйгээс хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй  байна.

           

            5.Шүүх хуульд заасан журмын дагуу ажиллагааг хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцэхгүй, улмаар хэргийн оролцогчийн эдлэх эрх, үүрэг хангагдсан гэж үзэх боломжгүй.

 

            6.Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоон хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 197/ШШ2025/18301 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******гоос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,055 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар энэ магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

                                  ШҮҮГЧИД                                       М.БАЯСГАЛАН

 

 

                                                                                          Б.АЗБАЯР