Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 491

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн,

улсын яллагч Н.Энхболд,

хохирогч У.Т,

шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-нд Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн, 000 настай, эрэгтэй, дээд боловсролтой, баяжуулалтын инженер мэргэжилтэй, “MNO” ХХК-д баяжуулалтын мастер ажилтай,   Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 00 дугаар багт оршин суудаг, урьд улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:00000000/, С.Ст холбогдох эрүүгийн 0000000000000000 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

С.С нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вокс караоке”-ны гадаа У.Тг цохиж биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.С шүүхийн хэлэлцүүлэгт: Би шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй.  Өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохиролд 1.200.000 төгрөг өгсөн гэв.

Хохирогч У.Т шүүхийн хэлэлцүүлэгт: Энэ хэрэг болсноос хойш надад их өөрчлөлт гарсан. Ой санамж муу болсон. Бармены ажлаа хийхдээ байгууллагын сайн ажилтнаар шалгарч байсан бол одоо тооцоо алдаад муу ажилтан болоод байна. Ажлын ачаалал авахад хүндрэлтэй байгаа. Би гомдолтой байгаа. Шүүгдэгчээс 1.200.000 төгрөг авсан. Би цаашид гарах эмчилгээний зардлаа болон сэтгэл санааны хохиролд 15.000.000 төгрөг  нэхэмжилж байна гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч У.Т мөрдөн байцаалтанд: 2019 оны  3 дугаар сарын 19-ний орой манай ажил болох “Вокс” караокед үйлчлүүлж байсан хүмүүс өрөөнөөсөө орж гараад байсан тэгээд 18 цагийн үед хоёр залуу нэмж ирсэн тэгээд нэмэгдэж ирсэн нэг махлагдуу залуу нь текэн дээр агсам тавиад байсан. Би өрөө рүү нь ороод хамт явж байгаа хүн чинь агсам тавиад байна гэж хэлээд  өрөөнөөс нь хүн гарч ирж уг залууг авсан. Тэгээд уг хүмүүс хоорондоо маргалдаад намхан туранхай залуу хамт явж байсан махлагдуу залуугаа ална шүү гээд алгадаад уг махлагдуу залуу манай караокены ханыг тохойдсон тэгээд би өрөө рүү нь ороод танай хүмүүс гадаа согтуу танхайраад юм эвдээд байна яах юм бэ? гэхэд наад хүмүүсийг чинь танихгүй бид нар авсан юмныхаа тооцоог өгөөд гарна гээд тооцоогоо хийгээд гарсан. Тэгтэл уг махлаг залуу хана эвдсэн байхаар нь би тооцоо хий гэхэд уг махлагдуу залуу согтуу байсан гараад явчихсан тэгээд намхандуу туранхай залуу нь үлдэхээр нь би цагдаа дуудсан байсан найз чинь согтуу байна чи тооцоогоо хий дуудаад өөрөөр нь тооцоог нь төлүүл гэхэд уг залуу араас нь гарсан. Манай зөөгч Э гараад нэлээн удаад орж ирэхгүй байхаар нь би араас нь гарахад  хана эвдэлсэн залуу байхгүй байсан манай зөөгчтэй уг намхан туранхай залуу маргалдаад зогсож байсан тэгэхээр нь би цагдаа дуудсан байгаа цагдааг ирэхээр нь уулзаад найзыгаа дуудаад тооцоо хийлгээд явж болно гэсэн тэгэхэд уг залуу явах гээд байхаар нь би гарнаас нь бариад цагдаа иртэл нь байж бай гэхэд гараа угзарч татаад цаашаа явах гээд байсан. Би тооцоогоо хий гээд гарнаас нь барихад уг намхан туранхай залуу эргэж хараад миний хамар руу нэг удаа гараараа цохисон. Тэгээд миний нүд харанхуйлаад харахад уг залуу дахиад цохих гээд пизда минь гэхээр нь би уг залуугийн нүүр рүү нь хоёр удаа гараараа цохисон тэгээд Э салгаад хажуунаас  нь махлаг залуу хүрээд ирсэн. Тэгээд уг хоёр залуу хоорондоо юм яриад зогсож байсан чинь миний хамарнаас цус гараад байсан тэгэхэд махлагдуу залуу нь уг туранхай намайг цохидог залуу зугатсан. Э, Нэмэхжаргал хоёр махлаг залууг барьж үлдээд би цусаа тогтоох гээд караоке руу орсон араас манай ажилтан уг залууг дагуулаад орж ирсэн тэгээд цагдаа нар ирсэн. /хх-ийн 11/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч У.Т дахин байцаалтаар: С.С эмчилгээний зардал такси унааны мөнгө хоол унд ойр зуурын эмнэлэгт хэвтэх бэлтгэлд зарцуулсан нийт 1200.000 төгрөгийн хохирол барагдуулсан. Одоо гомдол санал байхгүй харин ажил алдсан 30 хоногийн хохирол мөнгө гаргуулан авмаар байна. /хх-ийн 53/ гэх мэдүүлэг,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн33/ 

 

Гэрч Х.Н мөрдөн байцаалтанд: 2019 оны 3 дугаар сарын 19-ний орой Баянгол дүүргийн “Вокс” караокед би зохион байгуулагч хийж байхад хоёр залуу хоорондоо маргалдаад хар куртиктэй залуу хамт явж байсан улаан куртиктэй залууг цохиод байсан. Тэгээд хар куртиктэй залуу тохойгоороо хана цохиод байсан. Тэгээд тооцооноос болоод бармен залуу уг залууг тооцоогоо төл гэхэд гараад явчихсан. Тэгэхээр нь би хэсэг байж байгаад араас нь гарахад зөөгч Баясаа, У.Т нар улаан куртиктэй залууг барьчихсан тооцоогоо гээд хэрэлдэж маргалдаж муудалцаад намайг тавь гээд мөргөж байсан. Би буцаж караоке руу ороод буцаж гарч ирэхэд улаан куртиктэй залуу зугатаж байсан тэгээд манай бармен У.Тгийн хамараас цус гарсан надтай зөрөөд караоке руу орсон тэгээд хамт явж байсан хар куртиктэй залуу нь зугатааж байхаар нь барьж аваад караоке руу оруулсан тэгээд цагдаа нар ирээд хар куртиктэй залууг аваад явсан. У.Т уг залуутай гадаа муудалцаад дээр доороо ороод зууралдаад байсан. Зодолдсон эсэхийг мэдэхгүй байна. /хх-ийн 13/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Э мөрдөн байцаалтанд: 2019 оны 3 дугаар сарын 19-ний орой Баянгол дүүргийн “Вокс” караокед зөөгчийн ажлаа хийж байхад манай караокед үйлчлүүлж байсан хоёр залуу хоорондоо маргаад нэг залуу нь нөгөө залуугаа алгадаад байсан тэгээд цохиулсан залуу хана тохойдоход хана цөмөрсөн. Тэгэхээр нь  хана эвдчихлээ тооцоогоо хий гэхэд хэдэн төгрөг байдаг юм гэхээр нь 100000 төгрөг байдаг гэхэд би ийм банзан дээр 100000 төгрөг өгөхгүй гээд гараад явахаар нь араас нь гарахад намайг дээрэлхэх маягтай зайл гээд байсан. Араас тогооч эгч Нэмэхжаргал гарч ирсэн. Зөөгч гарч ирчихээд буцаад орчихсон. Би уг залууг ороод тооцоогоо хийчих гэхэд зугатах гээд байсан. Тэгснээ миний баруун гарыг мушгихаар нь гарыг нь тавиулах гэхэд намайг цохисон. Тэгэхээр нь би тэврэхэд миний гарыг дахиад мушгисан.  Тэгтэл  миний цаг тасраад газар унахад уг хүн зугатах гээд байхаар нь зууралдаад байж байхад тогооч эгч дахиад гарч ирээд уг залууг явуулахгүй тооцоогоо хий гээд байж байхад У.Т гарч ирээд уг залуу зам руу явахаар нь явуулахгүй гээд араас нь татсан.  У.Т тэр залууг явуулахгүй тооцоогоо төл гэхэд муудалцаад уг залуу У.Тгийн нүүр рүү нь нэг удаа цохисон тэгээд зөрүүлээд У.Т хоёр удаа цохисон тэгээд дараад зууралдаад тэгээд У.Т дарж бай гэхээр нь дараад байж байхад У.Тгийн хамарнаас нь цус гарсан. Тэгээд хамар яасан байна гээд харуулахад хамар нь далийгаад хугарсан байсан. Уг залууг хүний хамар хугарчихлаа гэхэд хамт явж байсан хана тохойгоороо цохисон залуу У.Тг цохисон залууг зугт гэсэн тэгээд уг залуу зугтахад хамт явж байсан бондгор хана тохойлдсон залууг бариад караоке руу буцаад орсон. Тэгээд цагдаа нар ирээд аваад явсан. /хх-ийн 15/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Т мөрдөн байцаалтанд: 2019 оны 3 дугаар сарын 19-ний орой С.С, Түүцээ ах хоёртой хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вокс” караокед ороод 1 шил 0,75 литрийн архи хувааж уугаад би гараад явсан.  Араас С.С, Түүцээ ах хоёр гарч ирэхгүй байхаар нь би эргээд уг караоке дээр очиход С.С зөөгчийг нь зодсон гээд намайг бариад авсан. Тэгэхээр нь би юу болсон юм гэхэд хана цөмөлсөн гэсэн. Тэгээд зөөгчийг С.С цохисон гэсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд намайг цагдаагийн газар авч ирсэн. /хх-ийн 16/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3662 дугаартай дүгнэлтэнд: У.Тгийн биед хоншоор ясны баруун урд хана, баруун нүдний ухархайн дотор хана, хамрын хянга болон баруун хажуу хананы цөмөрсөн нийлмэл хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны дунд, ядам хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Мохоо зүйлийн хоёроос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. /хх-ийн 20/

 

Сэжигтнээр С.С мөрдөн байцаалтанд: 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр найз Төрболд болон түүний найз гэх 2 охинтой хороололын “Вокс” гэсэн караокед 20 цагийн үед орсон. Тэнд ороод нэг цаг дуулаад ганц хоёр пиво уугаад тэндээс 21 цагийн орчим гарсан. Тэгтэл найз Т маань уг караокеноос гарах гэж байгаад уг караокены ханыг тохойлдтол тэр хана нь цуурсан. Тэгээд Т уг хоёр охинтой түрүүлээд гарч би араас нь алхаж байтал караокены зөөгч залуу миний куртикнээс татаад зуурсан. Тэгэхээр нь би түүнээс яасан бэ гэтэл тэр “хана цөмөлчихлөө, үүнийхээ тооцоог хий 200000 төгрөг өг” гэсэн. Тэгэхээр нь би түүнд “би яахаараа 200000 төгрөг өгдөг юм бэ, цөмөлсөн хүнээс нь ав” гэсэн. Энэ үед Т надаас түрүүлээд уг караокеноос гарсан байсан. Тэгтэл тэр зөөгч миний куртикнээс зуурсаар байгаад куртик урчихаар нь би куртик урчихлаа гэтэл бас тэр караокены ажилтан гэмээр өндөр залуу гарч ирээд миний нөгөө талаас зуурч татаад бас ураад хаячихсан. Тэгэхээр нь би куртик ураад байна ш дээ гэтэл тэр хоёр хоёулаа миний хоёр талаас цохисон, өндөр залуу нь зүүн талаас шанаа руу цохисон. Тэгтэл би тэр өндөр залууг зөрүүлээд нүүр рүү нэг удаа цохисон. Тэгтэл нөгөө арай намхан залуу нь хавирч унагаад унасан хойно хоёулаа дээрээс дараад өндөр залуу дахиад зүүн шанаа руу цохисон, арай жижиг залуу нь гар дээр дэвсээд нийлж зодоод байхаар нь арай хийж нөгөө хоёроос мултарч тэндээс зугатсан. Зугатаад гэртээ харьсан. Харин Т намайг байхгүй болчихоор эргээд уг бааранд очсон байсан. Уг караокены ажилтан бололтой өндөр залуугийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Өөр хүний биед халдан цохиж зодоогүй. /хх-ийн 27/ гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор С.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 42/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 43/, дипломын хуулбар /хх-ийн 44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч С.С нь 2019 оны 3 дугаар сарын 19-нд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вокс” караокены гадаа хохирогч У.Тг цохиж биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч У.Тгийн“...Би тооцоогоо хий гээд гарнаас нь барихад уг намхан туранхай залуу эргэж хараад миний хамар руу нэг удаа гараараа цохисон...” /хх-ийн 11/,

гэрч Х.Нэмэхжаргалын“...У.Т уг залуутай гадаа муудалцаад дээр доороо ороод зууралдаад байсан...” /хх-ийн 13/

гэрч Ц.Эгийн“...уг залуу У.Тгийн нүүр рүү нь нэг удаа цохисон...” /хх-ийн 15/

гэрч Б.Тын“...би эргээд уг караоке дээр очиход С.С зөөгчийг нь зодсон гээд намайг бариад авсан тэгэхээр нь би юу болсон юм гэхэд хана цөмөлсөн гэсэн...” /хх-ийн 16/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3662 дугаартай дүгнэлт /хх-ийн 20/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн33/  зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан энэ хэрэгт хамаарал бүхий хэргийн үйл баримтыг нотолсон бичгийн  баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч С.С нь У.Тгийн бие махбодид халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдох ба уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд хяналтын прокуророос С.Ст холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч С.Сыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас С.Сыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд шүүгдэгч С.С хохирогч У.Тгийн эмчилгээтэй холбогдох зардалд 1200.000 төгрөг төлсөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.Т “...цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай, сэтгэл санааны хохиролд 15.000.000 төгрөг нэхэмжилнэ...” гэж мэдүүлж байна.  

 

Хохирогч У.Т сэтгэл санааны хохиролд 15.000.000 төгрөг нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй тул шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Харин цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч С.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч С.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

С.Ст үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдлыг харгалзаж түүнд найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял  оногдуулж шүүх шийдвэрлэлээ.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

  1. С.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч С.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. С.С цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Хэрэгт хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэг бүхий сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  1. Хохирогч У.Т цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ДАЙРИЙЖАВ