| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашар Азбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/05300/И |
| Дугаар | 210/МА2026/00475 |
| Огноо | 2026-03-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2026/00475
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,
34,320,728 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.“*******” ХХК нь *******тэй 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг амаар, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******гийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, *******, *******од байрлах 33 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.
1.2.******* нь амаар байгуулсан гэрээгээр хиам, мах, махан бүтээгдэхүүнийг борлуулаад төлбөрийг буцааж төлөхөөр тохиролцсон бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулсан.
1.3.Гэвч *******ийн ажиллуулсан салбар дэлгүүр 2021 оны 06 дугаар 30-ны өдрөөс эхлэн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл авсан бүтээгдэхүүнийхээ төлбөр тооцоог бүрэн барагдуулахгүй, ашиггүй ажиллаад байсан тул татан буулгах шийдвэрт хүрч талууд тооцоо нийлсэн акт үйлдсэн.
1.4.*******тэй 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал хугацаагаар тооцоо нийлсэн бөгөөд тооцооны үлдэгдлийн баталгаагаар дээрх хугацаанд 109,287,990 төгрөгийн мах авсан, үүнээс борлуулалтын хөнгөлөлтийг хасаад 75,480,311.89 төгрөгийн тооцоо хийж, үлдэгдэл 36,307,681.11 төгрөг, 346,778,591.80 төгрөгийн хиам болон мах, махан бүтээгдэхүүн авснаас 334,098,771.79 төгрөгийн тооцоо хийж, үлдэгдэл 16,572,321.89 төгрөг, нийт 52,880,000 төгрөгийн өртэй талаар тооцоо нийлсэн.
1.5.Тооцоо нийлснээс хойш махны тооцоо 36,307,681.11 төгрөгөөс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 500,000 төгрөг тус тус төлснийг хасахад 33,807,678.11 төгрөг, хиамны тооцооны 16,572,321.89 төгрөгөөс 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 392,501.88 төгрөг тус тус төлснийг хасахад 12,679,820.01 төгрөг, нийт 46,487,498.12 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.
1.6.Тэрээр үлдэгдэл төлбөр тооцоогоо төлнө, барьцаанд бүртгүүлсэн үл хөдлөх хөрөнгийг минь хураалгүй төлбөрөө төлөх боломж олгооч, орлогогүй тул өр төлбөрөө төлөх боломжгүй байна, ажил олгооч гэх хүсэлтийг удаа дараа гаргасан тул хүсэлтийг нь хүлээн авч 2023 оны 01 дүгээр сараас мах савлагчаар, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс худалдааны төлөөлөгчөөр дагалдуулан, 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс худалдааны төлөөлөгчөөр жинхлэн ажиллуулсан.
1.7.Түүний тус компанид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх хугацаандаа 65,016,513.33 төгрөгийн авлага үүсгэсэн байснаас үлдэх 15,377,880.63 төгрөгийг нэхэмжилсэн боловч үүнээс татгалзсан.
1.8.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, 13.4-т “Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна” гэж заасны дагуу хэрэгт авлагын дэлгэрэнгүй цахим тайлангаа хавсаргасан.
Худалдааны төлөөлөгчөөр ажиллахдаа ******* нь сар бүрийн цалин хөлснөөс тодорхой дүнгээр авлага барагдуулсан, нягтлан бодох бүртгэлд *******ийг харилцагч гэж бүртгэсэн, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хиамны 12,679,820.01 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр махны 33,807,678.11 төгрөгийн авлагыг тус тус бүртгэсэн, тэрээр ажиллаж байх үедээ 17,221,918.68 төгрөгийг суутгуулан үлдэгдэл нь 34,320,728.48 төгрөг болсон.
Иймд *******ээс үлдэгдэл төлбөр 34,320,728.48 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг *******гийн орон сууцаар хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч нарын гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
2.1.Нэхэмжлэгчийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
2.2.******* нь “*******” ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хамтран ажиллах гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан. ******* аймагт нэрийн барааны дэлгүүр ажиллуулж эхэлсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.5-д нийлүүлэгч тал нь борлуулагч талд бараа бүтээгдэхүүн борлуулсны урамшуулалд хиамны борлуулалтанд 10 хувь, мах, хагас боловсруулсан бүтээгдэхүүний борлуулалтанд 10 хувь тооцож олгоно гэж тохиролцсон байдаг. Гэвч урамшуулал тооцож байгаагүй.
2.3.Худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан зүйл байхгүй, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр *******н нэрийн барааны дэлгүүрт нэрийн барааг борлуулж, борлуулалтын орлогыг буцааж тушаадаг байсан, дэлгүүрийг татан буулгаад талууд 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, үлдэгдэл 52,880,000 төгрөг болсон.
Уг төлбөрийг талууд тооцоо нийлж төлж явсаар нэхэмжлэгчээс ирүүлсэн хэргийн 115 талд авагдсан авлагын дэлгэрэнгүй тайланд 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 12,679,820 төгрөгийн үлдэгдэлтэй гэж бүртгэсэн байсан, үүнийг тэрээр тус компанид ажиллаж байхдаа цалингаасаа төлж дуусгасан.
******* нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс тус компанид мах савлагчаар, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дадлагажигчаар, 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд худалдааны төлөөлөгчөөр тус тус ажиллаж байсан бөгөөд энэ хугацааны тооцоо 65,061,513 төгрөг болохыг нийлсэн акт, харилцагч нартай байгуулсан гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, энэ хугацааны тооцоо дууссан.
2.4.Гэтэл 2023 оны 08 дугаар сарын сарын 01-ний өдрийн тооцоо гээд 33,807,678 төгрөгийг *******н салбарынх гээд нэмж авлагад бүртгээд нэхэмжилж байх боловч энэ үед “*******” ХХК-ийн ажилтан байсан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо зөвхөн ******* аймагт байсан зүйлийг нэхэмжилж байгаа гэх боловч энэ нь *******ийн “*******” ХХК-д ажиллаж байх үеийн төлбөр байгаа учир хариуцах үндэслэлгүй. Тодруулбал энэ тооцоо нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх тооцоо нийлсэн актад орсон дүн, өөрөөр хэлбэл давхар авлага үүсгэсэн бичилт хийсэн, санхүүгийн алдаа гэж үзэж байна.
Иймд *******, ******* нараас 34,320,728 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 28,667,543 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,653,185 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч ******* нь 28,667,543 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцагч *******гийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн *******, , 201 дүгээр байр, хаягт байршилтай, 33 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******, ******* нараас 371,488 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 638,289 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1.Нэхэмжлэгч нь 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 09-ний хооронд хугацааны ******* нэрийн барааны дэлгүүрийг ажиллуулах үеийн борлуулалтын орлогын дутагдал 34,320,728 төгрөгийг нэхэмжилсэн ба бусад нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзсан.
Талууд 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тооцоо нийлэхэд 52,880,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гарсан бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр бүх тооцоо дээр сууж нягтлахад төлбөрийн үлдэгдэлгүй болсон ба 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр худалдааны төлөөлөгчөөр ажиллах хугацааны үеийн тооцоо нийлэхэд 65,061,513 төгрөгийн өглөгтэй байсан. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал төлбөрийг төлж явсаар мөн өдөр тооцоо нийлэхэд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэлгүй “0” талаарх баримтыг шүүх шийдвэртээ дурдаагүй.
Түүнчлэн, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгосон.
4.2.Хариуцагч ******* нь нэхэмжлэгч компанитай бичгээр тооцоо нийлж акт үйлдэн, гарын үсэг зурж ирсэн ба цахимаар тооцоо нийлсэн зүйл огт байхгүй, энэ талаар баримт хэрэгт байхгүй. 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн баримтад “2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр авлага нэгтгэв мах-с 33,807,678.11” гэсэн бичилтийг хариуцагч *******тэй тооцоо нийлснээс хойш шинээр хийсэн болох нь нотлогддог ба шүүх энэ нөхцөлийг харгалзан үзээгүй.
Мөн дээрх төлбөр нь ******* аймагт нэрийн барааны дэлгүүр ажиллуулах үеийн төлбөр биш бөгөөд хөдөлмөрийн харилцаа үүссэн үед гарсан төлбөр бөгөөд энэ бүх нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсан байхад шүүх дүгнэлт өгөөгүй.
Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй баримт, тайлбарыг үндэслэн 2023 онд талуудын тооцоо нийлээгүй дүнг нэмж бичсэн 28,667,543 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь үндэслэлгүй.
4.3.Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж буруу тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, талууд хамтран ажиллах гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 480 дүгээр зүйлийн 480.1.2-т зааснаар гэрээний хугацаа 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.
5.2.Талуудын өглөг, авлагын 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны авлагын дэлгэрэнгүй тайланд ******* нь хиамны 16,572,389 төгрөгөөс 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 392,581,080 төгрөгийг тус тус төлсөн. Үлдэгдэл 12,679,620 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр махны 36,307,681 төгрөгөөс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус төлсөн. Үлдэгдэл 33,807,678 төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр авлага нэгтгэв мах 33,807,671 төгрөг гэж цахим бүртгэлийг хөтөлж цахим бүртгэлийн дагуу хамтран ажиллах гэрээг цуцалж талууд тооцоо нийлсэн актыг үйлдэж, хариуцагч *******ийн гарын үсгээр баталгаажуулсан. Нэхэмжлэгч компанийн дансанд шилжүүлсэн үнийн дүнг тооцооноос хасаж тооцсон.
5.3.Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний төлбөр тооцоо хэсгийн 4.1-т борлуулагч тал нь өдөр тутмын борлуулалтын орлогыг нийлүүлэгч талын доорх дансанд өдөр бүр шилжүүлнэ гэж заасны дагуу өдөр тутмын орлогыг ******* нь байгууллагын дансанд тушаадаггүй байсан.
Махны тооцоо нь хавтаст хэргийн дэлгэрэнгүй тооцоонд хавсаргагдсан тайлан болон гар бичмэл нотлох баримттай тохирдог. 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж худалдааны төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн байхад 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 33,807,678 төгрөгийн төлбөр нь ******* аймагт ажиллуулах нэрийн барааны дэлгүүрийн төлбөр биш бөгөөд хөдөлмөрийн харилцаа үүсэхэд гарсан төлбөр гэж тайлбарласан нь үндэслэлгүй болох нь цахим бүртгэл болон гарын үсэгтэй тооцоо нийлсэн баримтаар баталгаажуулсан.
5.4.Нэхэмжлэгч компани нь нийт 65,016,513 төгрөгийн нийт үнийн дүнгээс татгалзсан байхад энэ талаар шүүхийн шийдвэрт огт дурдаагүй гэж хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо дурдсан. ******* нь нэхэмжлэгч компанийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх үедээ төлбөр тооцооны үлдэгдэл ихтэй байсан учраас өөрт нь сануулсан.
Нэхэмжлэгч компанийн нэхэмжилж буй 34,320,728 төгрөгийн нэхэмжлэл нь 65,016,510 төгрөгийн үнийн дүнтэй огт хамааралгүй, компанийн ажилтан болохоосоо өмнө ******* аймгийн нэрийн барааны дэлгүүрт ажиллаж байхад үүссэн төлбөр тооцоо болно гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 34,320,728 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн боловч талуудын маргаанд хамааралтай Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой байна.
3.1.“*******” ХХК болон ******* нарын хооронд 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр нийлүүлэгч “*******” ХХК нь өөрийн хүнсний бүтээгдэхүүнийг захиалгын дагуу цаг тухайд нь тасралтгүй нийлүүлэх, бүтээгдэхүүний талаар нарийвчилсан мэдээллээр хангах, сургалт явуулах, зарлагын падаан дээр бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, үнийг бичиж хүлээлгэн өгөх, борлуулагч талд бараа бүтээгдэхүүн борлуулсны урамшуулалд хиамны борлуулалтанд 10 хувь, мах, хагас боловсруулсан бүтээгдэхүүний борлуулалтанд 10 хувь тооцож олгохоор, борлуулагч ******* нь хиаман бүтээгдэхүүний захиалгыг 5 хоногийн өмнө, махан бүтээгдэхүүний захиалгыг 7 хоногийн өмнө өгөх, захиалгын дагуу нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрөл, бүрэн бүтэн байдал, он сар, шошго зэргийг нарийвчлан шалгаж хүлээн авч, зориулалтын хөргүүртэй хөргөгч, агуулахад хадгалах, борлуулах, өдөр тутмын борлуулалтын орлогыг нийлүүлэгч талын дансанд өдөр бүр шилжүүлэхээр, тохиролцжээ.
Мөн өдөр дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж, *******гийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, *******, , , хаягт байршилтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.
4.Талууд гэрээгээ хамтран ажиллах гэрээ гэж нэрлэсэн, хамтран ажиллах гэрээний ерөнхий нөхцөлөөр нийлүүлэгч нь өөрийн бүтээгдэхүүнийг борлуулагч талд түүний захиалгын дагуу нийлүүлэх, борлуулагч нь орон нутаг сүлжээ дэлгүүр, байгууллагын хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэгчийн нэрийн өмнөөс худалдан борлуулснаар урамшуулал авахаар тодорхой хугацаанд үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон нь худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулаагүй байна.
Харин талуудын байгуулсан гэрээний зүйл, шинж, нөхцөл, хүлээсэн үүрэг зэргээс үзэхэд хариуцагч ******* нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэрийн өмнөөс бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулах эрхийг авсан байх ба бараа бүтээгдэхүүнийг борлуулсан үнийн дүнгээс тодорхой урамшууллыг авахаар тохиролцсон нь худалдааны төлөөлөгчийн гэрээний шинжийг агуулж байна.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 415.1-д “Үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар гэрээ байгуулах буюу бараа, эрх, үйлчилгээг борлуулахад зуучилж байгаа этгээдийг худалдааны төлөөлөгч гэнэ.” гэж зааснаар худалдааны төлөөлөгчийн гэрээний харилцаа үүссэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ талаарх дүгнэлт, шийдвэрийн тогтоох хэсгийн холбогдох хэсгийн заалтад өөрчлөлт оруулна.
5.Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин хариуцагч нь өр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан эсэх нь маргааны зүйл болсон.
5.1.“*******” ХХК болон ******* нар нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдэж, уг актаар 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг дуусталх хугацаанд ******* нь 52,880,000 төгрөгийн өртэй болохыг баталгаажуулсан. Энэ талаар талууд маргаагүй.
5.2.Дээрх 52,880,000 төгрөгийн өр болон үүнээс хасалт хийсэн талаар байгууллага хоорондын авлага-Махны үйлдвэр-харилцагч ******* нб гэх 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны авлагын дэлгэрэнгүй тайланд ******* нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 36,307,678.11 төгрөгийн өглөгтэй байснаас 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөгийг “” утгаар, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 500,000 төгрөгийг “” утгаар тус тус шилжүүлж, 33,807,678.11 төгрөгийн,
байгууллага хоорондын авлага-Хиамны үйлдвэр, харилцагч ******* нб гэх 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны авлагын дэлгэрэнгүй тайланд ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар 16,572,321.89 төгрөгийн өглөгтэй байснаас 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөгийг “*******” утгаар, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөгийг “” утгаар, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөгийг “” утгаар, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 392,501.88 төгрөгийг “данс хаав” утгаар тус тус шилжүүлж, 12,679,820.01 төгрөгийн үлдэгдэлтэй буюу талууд тооцоо нийлсэн хугацаанаас хойш ******* нь 6,392,501.88 төгрөгийг төлж, нийт 46,487,498.12 төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байна.
5.3.Улмаар талуудын тайлбараар хариуцагч ******* нь “*******” ХХК-д ажилд орох хүсэлт гаргаж, “*******” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “дагалдуулан ажиллуулах тухай” 2023/01-01/15 дугаартай тушаалаар тус компанийн үйлдвэрийн албанд 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн *******ийг “мах савлагч” ажлын байранд туршилтаар,
тус компанийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “албан тушаал өөрчлөх тухай” 2023/01-01/66 дугаартай тушаалаар *******ийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Худалдааны төлөөлөгч албан тушаалд туршилтаар,
тус компанийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “жинхлэн ажиллуулах тухай” 2023/01-01/99 дугаартай тушаалаар 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс жинхлэн ажиллуулж, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” 2024/01-01/377 дугаартай тушаалаар *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
5.4.Дээрх хөдөлмөрийн гэрээний харилцааны хугацаанд *******ийн цалин хөлснөөс 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд нийт 17,221,918.68 төгрөгийг суутгасан байх ба ******* нь өр төлбөрөөс нийт 24,212,456.88 /6,392,501.88+17,819,955/ төгрөгийг төлсөн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Энэ шийдэлд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй.
6.Хариуцагч талын “...авлагын дэлгэрэнгүй тайлангаар 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар ******* нь төлбөрийн үлдэгдэлгүй “0” байсан, ...33,807,678 төгрөгийн авлагын асуудал нь хөдөлмөрийн гэрээний хугацаанд хамаарна...” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь:
6.1.Зохигчийн маргаагүй нотлох баримт болох 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаанд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг дуусталх хугацаанд ******* 52,880,000 төгрөгийн өртэй болохыг баталгаажуулсан.
Энэ үнийн дүнд махны болон хиамны өр багтсан эсэхийг дор дурдсанаар тулгаж үзэхэд, байгууллага хоорондын авлага-Махны үйлдвэр-харилцагч ******* нб гэх авлагын дэлгэрэнгүй тайланд 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар 36,307,678.11 төгрөгийн өр, харин байгууллага хоорондын авлага-Хиамны үйлдвэр, харилцагч ******* нб гэх авлагын дэлгэрэнгүй тайланд мөн хугацааны байдлаар 16,572,321.89 төгрөгийн, нийт 52,880,000 төгрөгийн өр тусгагдсан байна.
Өөрөөр хэлбэл, тооцооны үлдэгдлийн баталгаанд махны өр 36,307,678.11 төгрөг, хиамны өр 16,572,321.89 төгрөг тус тус багтсан байх тул анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн нийт өр төлбөрийн тооцоог гаргахдаа тооцооны үлдэгдлийн баталгаанаас гадна дээрх 2 авлагын дэлгэрэнгүй тайланд үндэслэсэн нь зөв байна.
Хариуцагч нь “...авлагын дэлгэрэнгүй тайлангаар 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар ******* нь төлбөрийн үлдэгдэлгүй “0” байсан” гэж тайлбарлахдаа хэргийн 93-100 дахь талд авагдсан авлагын дэлгэрэнгүй тайланг үндэслэсэн. Уг баримт нь байгууллага хоорондын авлага-Хиамны үйлдвэр, харилцагч: ******* нб Болорцэцэг гэх тооцоо байх бөгөөд нэхэмжлэгч талын гаргасан байгууллага хоорондын авлага-Хиамны үйлдвэр, харилцагч ******* нб гэх авлагын дэлгэрэнгүй тайланд тусгагдсан хиамны тооцоотой адил буюу огноо, баримтын дугаар, гүйлгээний утга, орлого, зарлага, үлдэгдэл нь зөрүүгүй байна.
Иймээс хариуцагч нь зөвхөн хиамны тооцоотой холбоотой баримт гаргаж маргасан нь үндэслэлгүй.
6.2.Талууд тооцоо нийлснээс хойшхи хугацаанд хариуцагчаас махны өрөнд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хугацаанд нийт 2,500,000 төгрөг, хиамны өрөнд 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хугацаанд нийт 3,500,000 төгрөг тус тус төлсөн, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хиамны авлага 392,501.88 төгрөгийн үлдэгдлийг хаасан бичилт хийгдсэн болох нь дээрх авлагын дэлгэрэнгүй тайлангуудад тусгагдсан ба уг үйл баримтыг хариуцагч маргаагүй.
6.3.Хариуцагч 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээгээр ажил үүрэг гүйцэтгэх болсонтой холбоотойгоор нэхэмжлэгч нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилчдаас авах авлага-Хиамны үйлдвэр гэсэн авлагын дэлгэрэнгүй тайланг хөтөлж, дээр дурдсан хиамны өр 12,679,820.01 төгрөгийг эхэлж бүртгэжээ. Мөн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр махны өр 33,807,678.11 төгрөгийг нэмж бүртгэсэн байна.
2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд хариуцагчийн цалин хөлсөөс нийт 17,221,918.68 төгрөгийг суутгасан талаар дээрх тайланд тусгагдсаныг анхан шатны шүүх дүгнэсэн.
Хариуцагчийн зүгээс уг баримтыг баталгаажуулаагүй үндэслэлээр нотлох баримтын шаардлага хангахгүй гэж маргаж байх ч тэрээр байгууллага хоорондын авлага-Хиамны үйлдвэр, харилцагч: ******* нб Болорцэцэг гэх авлагын дэлгэрэнгүй тайланг мөн шүүхэд гаргасныг дээр дурдсанаар үнэлж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алины баримтууд нь нөгөө тал заавал баталгаажуулах шаардлагатай баримт биш бөгөөд тэдгээрийг хооронд нь болон бусад баримттай харьцуулах замаар хэрэгт үнэлэх боломжтой.
Үүний зэрэгцээ хариуцагчийн цалин хөлсөөс өр төлбөр хэрхэн төлөгдсөн талаарх тайлбар, баримтыг хариуцагч шүүхэд гаргаагүй байна.
6.4.Дээрхээс дүгнэхэд, байгууллага хоорондын авлага-Махны үйлдвэр-харилцагч ******* нб гэх авлагын дэлгэрэнгүй тайлан, байгууллага хоорондын авлага-Хиамны үйлдвэр, харилцагч ******* нб гэх авлагын дэлгэрэнгүй тайланг хааж, өрийн үлдэгдлийг ажилчдаас авах авлагын дэлгэрэнгүй тайланд шилжүүлж бүртгэсэн байх бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэлгүй “0” байсан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
Нөгөө талаар, хариуцагч нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгааны дагуу 52,880,000 төгрөгийн өрийг нэхэмжлэгчид хэрхэн төлж барагдуулсан болохоо нотлох үүрэгтэй болно.
6.5.Түүнчлэн хариуцагчийн гаргасан “33,807,678 төгрөгийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан” гэх гомдол дор дурдсанаар үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ хариуцагчийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх хугацаандаа 65,016,513.33 төгрөгийн авлага үүсгэсэн байснаас үлдэх 15,377,880.63 төгрөгийг гаргуулна гэжээ.
Хэрэгт талуудын үйлдсэн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, авлагын товчоо тайлан баримт авагдсан ба уг тооцоо нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд буюу хариуцагчийн хөдөлмөрийн гэрээний хугацаанд хамааралтай байна.
Дээр дүгнэсэнчлэн 33,807,678 төгрөгийн өр нь хөдөлмөрийн гэрээтэй холбоогүйн зэрэгцээ нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад ороогүй байна.
7.“*******” ХХК болон *******, ******* нарын хооронд 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан барьцааны гэрээг анхан шатны шүүх Иргэний хуулийн 156 дугаар сарын 156.1, 156.2-т заасан шаардлага болох гэрээг бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв болжээ.
Иймд хариуцагч ******* нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч “*******” ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцаа хөрөнгө болох *******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, *******, 15 дугаар хороолол, 201 байр, хаягт байршилтай, 33 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.
8.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/09962 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...243 дугаар зүйлийн 243.1...” гэснийг “...415 дугаар зүйлийн 415.1...” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Б.АЗБАЯР