Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 515

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

улсын яллагч Б.Батсайхан

шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч А.Дулмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-нд Баянхонгор аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 00 Баянгол дүүргийн 0 дүгээр хороо Алтай хотхоны 00 дүгээр байрны 000 тоотод оршин суух хаягтай, /РД:000000000/ С.Сд холбогдох эрүүгийн 00000000000000 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

С.С нь 2019 оны 4 дүгээр сарын 20 болон 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдрүүдэд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтай” хотхоны 14 дүгээр байрны 218 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.С шүүхийн хэлэлцүүлэгт: Би нөхрийгөө бусадтай хардаж уурлаад  ийм асуудал боллоо.  Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтанд: 2019 оны 4 дүгээр сарын 20-ны оройн 22 цагийн орчим би гэртээ эхнэр С.С 4 сартай хүү, эцэг нарын хамт байсан чинь эхнэр миний гар утсыг үзэж байснаа миний фэйсбүүк хаяг руу орж юм үзэж байснаа идэвхитэй байсан эмэгтэй хүмүүс рүү захиа бичин явуулж байснаа устгаад байсан. Би юу бичээд байгаа талаар эхнэр С.Сгаас асуусан чинь чиний харьцаатай байдаг янханууд руу чинь бичлээ гэж хэлээд загнаад байсан. Үүнээс болон маргаан гараад гар утсаа авах гэсэн чинь өгөхгүй миний баруун гарын шуу хэсэг рүү гар утас атгасан гараараа хэд хэдэн удаа цохисон. С.С нь миний баруун гарын шуу, тохой , баруун өвдөг, хүзүү хэсэг рүү намайг орон дээр хүүхдээ тэвэрчихсэн зогсож байхад өөрөө орон дээр суучихаад гараараа цохиод байсан. Энэ үед миний уур хүрэн С.Сгийн зүүн хацар хэсэг рүү нэг удаа алгадсан. Би шууд унтахаар хэвтсэн боловч миний баруун гар С.Сд цохиулснаас болон янгинаад байсан. Харин маргааш өглөө нь буюу 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өглөө 07-08 цагийн орчим би босоод хоол цайгаа хийж байсан чинь миний фэйсбүүк хаяганд хэнээс ирснийг санахгүй байна нэг эмэгтэйгээс “эгчээ та хүн андуураад байгаа юм биш үү би танай нөхрийг танихгүй ш дээ” гэсэн захиа ирсэн. Үүнээс болон би уурлаад эхнэр С.Стай хэрүүл хийсэн. С.С энэ үед хардсаны улмаас миний хацар нуруу хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Би юм хэлээгүй бөгөөд намайг дахин дахин цохиод байхаар нь дахин нэг удаа зүүн хацар хэсэг рүү нь алгадсан. Тэгтэл С.С над руу дайран миний толгой хэсэг рүү пивор жижиг сандлаар цохисон чинь сандал хугарсан. Үүнээс болон маргаан даамжирч би С.Сг гэрээсээ хөөсөн. Тэгтэл С.С цагдаагийн байгууллага дуудсан...эхнэр С.С намайг ямар нэгэн шалтгаангүй хардсаны улмаас маргалдан баруун гарын шуу тохой, баруун өвдөг хэсэг рүү гартаа миний гар утсыг барьж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 20-ны оройн 22 цаг болон 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өглөөний 08-09 цагийн үед цохиж учруулсан. /хх-ийн 14/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4966 дугаартай дүгнэлтэнд: Б.Бийн биед шуу, чих, бугалга, гуяны цус хуралт, хүзүү хоолойн арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 25/

 

Аюулын зэргийн үнэлгээгээр “ хүчирхийлүүлдэг гэх үндэслэл байхгүй” /хх-ийн 37-40/ гэсэн дүгнэлт,

 

Яллагдагчаар С.С мөрдөн байцаалтанд: 2019 оны 4 дүгээр сарын 20-ны оройн 22 цаг өнгөрч байсан. Гэрт нөхөр Б.Б, 4 сартай хүү Билгүүн нөгөө өрөөнд хэвтэрт байдаг хадам аав Буяннэмэх нар байсан. Нөхөр Б.Б компьютер тоглож байсан. Би хүү Билгүүнийг хөхүүлж байхдаа нөхрийнхөө гар утсыг үзэж байсан чинь миний таньдаг сувилагч охин манай нөхөртэй фэйсбүүкийн найзууд байсан бөгөөд чат бичсэн байсан. Энэ хүнтэй яагаад чат бичсэн талаар нөхөр Б.Бээс асууснаас болон маргаан гарсан. Нөхөр Б.Б компьютерийн урдаас босож ирээд надаас гар утсаа нэхэхээр нь би өгөхгүй гэж хэлсэн бөгөөд баруун гартаа Б.Бийн айфон 6 маркийн гар утсыг атгаж байгаад Б.Бийн баруун гар руу нь хэд хэдэн удаа цохисон чинь Б.Б уурлан миний хацар хэсэг рүү нэг удаа алгадсан. Би rap утсыг нь өгсөн. Үүнээс хойш хэрүүл маргаан гараагүй амарсан. Харин маргааш нь буюу 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өглөө би 08 цагийн орчим сэрсэн нөхөр Б.Б босчихсон гал тогооны өрөөнд хоол ундаа хийж байсан. Тэгтэл нөхөр Б.Б гар утсаа барьчихсан хамаагүй хүн рүү чат бичлээ гэж уурлан над руу дайрч байснаа дахин нэг удаа алгадсан. Үүнээс болон би уурлаад Б.Б рүү дайраад газар байсан пивор сандал авч Б.Бийг цохисон. Яг биеийнх нь хаашаа цохисон эсэхийг мэдэхгүй сандал хугарч унасан. Би намайг алгадсан болохоор цагдаагийн байгууллага дуудсан...Би нөхөр Б.Бийг хардсаны улмаас хэрүүл маргаан гарч Б.Бийн гар утсыг барьсан гараараа хэд хэдэн удаа цохисон. Мөн пивор сандлаар хэд хэдэн удаа цохисон. Дээрхи гэмтэлийг би учруулсан” /хх-ийн 48/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Бээс гаргасан: “...бид сайн дурын үндсэн дээр эвлэрсэн  гомдол саналгүй гэх хүсэлт”. /хх-ийн 62/ болон шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор С.Сгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 29/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 30/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/  зэргийг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос, С.Сг  гэр бүлийн хамаарал бүхий өөрийн нөхөр Б.Бийн эсрэг хүч хэрэглэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх шинжид хамааруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар С.С, Б.Б нар нь гэр бүлийн харилцаатай эхнэр нөхөр байх бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтай” хотхоны 14 дүгээр байрны 218 тоот гэртээ эхнэр С.С нөхөр Б.Бийн гар утаснаас түүний фэйсбүүк хаягт идэвхитэй байсан эмэгтэйчүүд рүү мессеж илгээжээ.

 

Энэ талаар мөрдөн байцаалтанд С.С “...нөхрийнхөө гар утсыг үзэж байсан чинь миний таньдаг сувилагч охин манай нөхөртэй фэйсбүүкийн найзууд байсан бөгөөд чат бичсэн байсан. Энэ хүнтэй яагаад чат бичсэн талаар нөхөр Б.Бээс асууснаас болон маргаан гарсан...” гэж,

Б.Б “...би юу бичээд байгаа талаар эхнэр С.Сгаас асуусан чинь чиний харьцаатай байдаг янханууд руу чинь бичлээ гэж хэлээд загнаад байсан. Үүнээс болон маргаан гараад гар утсаа авах гэсэн чинь өгөхгүй миний баруун гарын шуу хэсэг рүү гар утас атгасан гараараа хэд хэдэн удаа цохисон. С.С нь миний баруун гарын шуу, тохой , баруун өвдөг, хүзүү хэсэг рүү намайг орон дээр хүүхдээ тэвэрчихсэн зогсож байхад өөрөө орон дээр суучихаад гараараа цохиод байсан. Энэ үед миний уур хүрэн С.Сгийн зүүн хацар хэсэг рүү нэг удаа алгадсан...” гэж тус тус мэдүүлсэн байна.

 

 

Маргааш өдөр нь буюу 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Б.Бийн  фэйсбүүк хаягаар “...эгчээ та хүн андуураад байгаа юм биш үү би танай нөхрийг танихгүй ш дээ” гэсэн мессеж ирэхэд  нөхөр Б.Б  эхнэр С.Сд “хамаагүй хүмүүс рүү мессеж бичлээ” гэснээс маргалдан Б.Б, С.Сгийн нүүрэн тус газарт алгадаж,  С.С пивор сандлаар Б.Бийг цохисон хэргийн үйл баримт авагджээ.

 

Энэ байдал нь мөрдөн байцаалтанд Б.Бийн “...миний фэйсбүүк хаяганд хэнээс ирснийг санахгүй байна нэг эмэгтэйгээс “эгчээ та хүн андуураад байгаа юм биш үү би танай нөхрийг танихгүй ш дээ” гэсэн захиа ирсэн. Үүнээс болон би уурлаад эхнэр С.Стай хэрүүл хийсэн. С.С энэ үед хардсаны улмаас миний хацар нуруу хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Би юм хэлээгүй бөгөөд намайг дахин дахин цохиод байхаар нь дахин нэг удаа зүүн хацар хэсэг рүү нь алгадсан. Тэгтэл С.С над руу дайран...”гэж,

яллагдагчаар С.Сгийн “...Би нөхөр Б.Бийг хардсаны улмаас хэрүүл маргаан гарч Б.Бийн гар утсыг барьсан гараараа хэд хэдэн удаа цохисон. Мөн пивор сандлаар хэд хэдэн удаа цохисон. Дээрхи гэмтлийг би учруулсан” гэж мэдүүлсэн байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд эхнэр С.С нөхөр Б.Бийг хардсаны улмаас харилцан маргалдаж С.С нь гар утас атгасан гараараа Б.Бийг  баруун гарын шуу, тохой, баруун өвдөг, хүзүү хэсэг рүү, толгой хэсэг рүү пивор жижиг сандлаар цохиж эрүүл мэндэд нь “биед шуу, чих, бугалга, гуяны цус хуралт, хүзүү хоолойн арьсны зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

Хавтаст хэргийн 37-40 дүгээр талд Хууль зүй дотоод хэргийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/37 дугаар тушаалын 2 дугаар хавсралт:  Аюулын зэргийн үнэлгээний маягтаар “Б.Б хүчирхийлүүлдэг гэх үндэслэл байхгүй” аюулын зэргийн үнэлгээ хийсэн Цагдаагийн хошууч О.Эрдэнэчулуун гэжээ. /хх-ийн 37-40/

 

Энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн дээрх нотлох баримтуудаар С.Сг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нөхөр Б.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэл гэсэн хэлбэртэй байх ба С.Сгийн дээрх үйлдэл нь хүчирхийллийн шинжийг агуулаагүй байна.

 

Тодруулбал нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаар С.С нөхрийгөө бусадтай хардсаны улмаас Б.Бтэй харилцан маргалдсанаас үүдэлтэй Б.Б нь С.Сг алгадсан, С.С нь гараараа болон пивор сандлаар Б.Бийг цохиж  биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид нийцнэ гэж шүүх дүгнэлээ.  

      

Хэдийгээр С.С болон түүний өмгөөлөгч нар С.Сгийн холбогдсон хэргийн зүйлчлэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасныг зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй  боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох учиртай.  

 

Иймд хяналтын прокуророос С.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шүүхээс хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэв.

 

С.С хардалтын улмаас нөхөр Б.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хэргийн үйл баримтыг нотолсон хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгч С.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцлоо.

 

Шүүхээс С.Сгийн холбогдсон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй бөгөөд шүүгдэгч С.С “хохирогч Б.Бтэй эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон болно.    

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

  1. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос С.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2.

С.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч С.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх  хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4.  Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Сд мэдэгдсүгэй.

 

5. С.С цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ