Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 00636

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай Хас банкны,

         Т.Түвшинтөгсийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Төгсжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Т.Түвшинтөгс нь тус банкнаас 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 14.000.000 төгрөгийн зээлийг 30 хоногт 2,1 хувийн хүүтэйгээр, лангуу ажиллуулах зориулалтаар буюу 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр 1660006173 тоот зээлийн гэрээ байгуулан авсан. Энэ харилцагч нь зээлийн төлбөрийг төлөхгүй байгаа бөгөөд гэр бүлээрээ Улаанбаатар хот руу шилжин явсан, барилгын ажил хийж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Зээлдэгч зээл авах үедээ Улаангом сумын 6 дугаар багийн 12-42 тоотод оршин суудаг байсан. Зээлдэгчтэй 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш огт холбоо барьж чадахгүй байна. Зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байгаа нь банктай байгуулсан зээлийн гэрээний 3.2.1-т “Зээлийг гэрээнд зааасан зориулалтаар ашиглаж, зээл хүүгийн төлбөрийг энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй” гэсэн заалтаар гэрээний үүргээ зөрчиж олдохгүй байгаа тул банкны зүгээс дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгч Т.Түвшинтөгс нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрөө хийхгүй байгаа, хаана оршин сууж байгаа хаяг нь тодорхойгүй болсон, олдохгүй байгаа тул зээлдэгчийг эрэн сурвалжилж өгнө үү. Зээлдэгч Т.Түвшинтөгс нь 99851604 дугаартай, эхнэр Баяраа нь 95194839 гэсэн утасны дугаартай. Утсаа авдаггүй. Одоо Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 12-42 тоот хаягтаа байдаггүй. Хамгийн сүүлд түүний эхнэртэй холбоо барихад “Улаанбаатар хотод Барс зах дээр хүнсний ногоо зарж байгаа гэсэн. Зээлийн барьцаа хөрөнгө болох Тоёота Пробокс автомашиныг зарж, Турк улс руу ажил хийхээр явсан ба тэндээ ажил хийхгүйгээр буцаж ирсэн. Улаангом байгаа барьцаа хөрөнгүүдийг зарах гэхээр үнэ ханш дээрээ тохирохгүй, Улаанбаатар хотоос итгэмжлэл явуулж өгөхгүй байгаа. Улаангомд байх хугацаанд нь зээл төлүүлэх талаар удаа дараа уулзаж, шаардах хуудас хүргүүлж байсан” гэжээ. 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Хас банкнаас Т.Түвшинтөгсийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

      Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Т.Түвшинтөгс нь 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Хас банктай 1660006173 тоот “Зээлийн гэрээ” байгуулан, 14.000.000 төгрөгийг 30 хоногт 2,1 хувийн хүүтэйгээр, лангуу ажиллуулах зориулалтаар, 36 сарын хугацаатайгаар буюу 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан байх ба тэрээр зээлийн эргэн төлөлтийг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй байгаа нь зээлийн гэрээ болон дансны хуулга, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар нотлогдож байна.

        Т.Түвшинтөгсийн иргэний үнэмлэхэд түүнийг Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 12-42 тоотод оршин суудаг хэмээн тэмдэглэгдсэн байх боловч уг хаягтаа оршин суудаггүй, 2019 оны 9 дүгээр сараас хойш хаана оршин суугаа нь тогтоогдохгүй байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. 

         Өөрөөр хэлбэл, Т.Түвшинтөгсийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа бөгөөд тэрээр шилжилт хөдөлгөөн хийлгээгүй, аль нэг газарт оршин суугчаар бүртгүүлээгүй, одоо хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

         Иймд 1981 оны 2 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ЕП81021513, Шаргалзуут овогтой Тулгын Түвшинтөгсийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэлээ.

          Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Хас банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсгүүдэд зааснаар 1981 оны 2 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ЕП81021513, Шаргалзуут овогтой Тулгын Түвшинтөгсийг эрэн сурвалжилсугай.

               2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Т.Түвшинтөгсийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Хас банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            4. Шийдвэрийн нэг хувийг Увс аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас  хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.ГЭРЭЛТУЯА