Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2026/00492

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/07998 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “*******” ХХК, ******* нарт тус тус холбогдох

 

******* болон “*******” ХХК-ийн хооронд 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 199,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч *******, хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч “*******” ХХК-ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3402 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 988 дугаар магадлалаар “*******” ХХК-иас 96,878,954 төгрөг гаргуулан “*******” ХХК-д олгож, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, ******* хотхон *******, ******* байрлах 2,551 м.кв талбай бүхий сургууль, 7,116 м.кв талбай бүхий сургалтын зориулалттай эзэмших газраар тус тус үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн.

1.2.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэх ажиллагаа хийж, барьцаа хөрөнгө албадан дуудлага худалдаанд оруулан, худалдан борлогдоогүй тул санал болгох ажиллагаа хийж, улмаар 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1/22610 дугаар албан бичгээр эрх шилжүүлэн, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10/1158 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

1.3.Төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа хийж, өмчлөх эрх шилжүүлэх ажиллагаа хийснээр тухай үед зах зээлийн ханш 3,790,700,000 төгрөгийн үнэтэй манай компанийн  өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, ******* хотхон *******, ******* байрлах 2,551 м.кв талбай бүхий сургууль, 7,116 м.кв талбай бүхий сургалтын зориулалттай эзэмших газрыг “*******” ХХК-д шилжүүлэн, өмчлөх эрхийг бүртгүүлсэн.

1.4.Бид “*******” ХХК-д төлбөрийг шийдвэрт заасан  96,878,954 төгрөгийг төлөх талаар удаа дараа гуйсан боловч тухай бүр хүү, нэмэгдүүлсэн хүү нэмэгдсэн гэж тооцоолол өгч, төлбөрөө төлж чадахгүй байж байгаад тус компанийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 18/1152 дугаар 300,000,000 төгрөг төлөх мэдэгдлийн дагуу бусдаас 300,000,000 төгрөгийн  зээл авч, төлж,  барьцааны зүйлийг 2020 оны 08 дугаар сард буцаан авсан болно.

1.5.Шүүхийн шийдвэрээр 96,878,954 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 4,121,046 төгрөг, нийт 101,000,000 төгрөг төлөхөөр байхад хариуцагч нь шүүхийн шийдвэр гарснаас хойших хүү тооцон 300,000,000 төгрөг болгон 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ******* болон хариуцагч компани  нарын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т ....дүр үзүүлэн хийсэн хэлцэл..., 56.1.3-т ...өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл..., 56.1.4-т ...үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр хандаж... хийсэн хэлцэл... тул  энэхүү үл хөдлөх хөрөнгө худалдан худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

1.6.Иймд, дээр дурдсан үндэслэлээр 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг xүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 199,000,000 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч “*******” ХХК-ийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

2.1.Иргэний хуулийн 492 дугаар зүйл буюу бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүрэг үүсдэг.  “*******” ХХК нь  манай компанид 300,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцээгүй гэсэн. Мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.5-д зааснаар нэхэмжлэгч нь 300,000,000 төгрөгийг өөрийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэсэн буюу заналхийлсэн хариуцагчийн үйлдлийн улмаас хөрөнгийг шилжүүлсэн бодит үйлдэл хийсэн байхыг шаардана.

Гэвч бодит байдал дээр манай компани  барьцааны зүйлийн өмчлөгч болсон бөгөөд  нэхэмжлэгчийн зүгээс худалдан авах санал гаргасан тул  энэхүү саналыг хүлээн зөвшөөрч сайн дурын үндсэн дээр 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулан, нотариатаар гэрчлүүлж, нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийн үнэ болох 300,000,000 төгрөгийг төлснөөр гэрээ хүчин төгөлдөр болсон.

2.2.Талуудын байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахын тулд худалдах, худалдан авах гэрээ нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн, тус хэлцлээс гадна дахин өөр эрх зүйн харилцаа бий болсон байхыг шаардана. Гэтэл бодит байдал дээр худалдан авагч ******* нь сургууль, сургалтын зориулалттай эзэмших газрыг авах хүсэл эрмэлзэлтэй, харин худалдагч “*******” ХХК нь 300,000,000 төгрөгөөр худалдаж өнгөрсөн хугацаанд учирсан хохирлоо арилгуулах талуудын хүсэл зориг нэгдсэнээр гэрээ байгуулагдаж хүчин төгөлдөр болсон.

2.3.Зээлийн барьцаанд тавигдсан Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, ******* хотхон Д.Доржийн гудамж, ******* байрлах 2,551 м.кв талбай бүхий сургууль, 7,116 м.кв талбай бүхий зориулалттай эзэмших газрыг өмчлөлдөө шилжүүлэн авсан нь хууль зөрчөөгүй болохыг 3 шатны шүүх шийдвэрлэсэн. Барьцаа хөрөнгө нэгэнт манай компанийн өмчлөлд ирсэн тул өөрсдийн үл хөдлөх хөрөнгийг хэдэн төгрөгөөр үнэлж хэнд худалдан борлуулах нь өмчлөгчийн хүсэл зориг, 3 жилийн хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж, биднийг цаг хугацаа болоод санхүүгийн алдагдалд оруулсан тал бидэнтэй холбогдож үл хөдлөх хөрөнгөө буцаан авах хүсэлт гаргасныг  ийнхүү хүлээн аваад 3 жилийн алдагдал буюу  зээлийн гэрээний хүү  тооцож 300,000,000 төгрөгийг төлсөн тохиолдолд гэрээ байгуулах саналаа илэрхийлсэн. Гэтэл одоо *******, “*******” ХХК нар 2015 онд буюу 10 жилийн өмнө гарсан шүүхийн шийдвэрийн дагуу 101,000,000 төгрөгийн төлбөрийг төлөх ёстой байсан гэж маргаж буй нь хууль болоод шударга ёсонд нийцэхгүй гэжээ.

 

3.Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1.Би, “*******” ХХК-иас 96,878,954 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэх үед компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал байсан. Тус компани хариуцагчид 101,000,000 төгрөг төлөхөөр бэлэн аваад очиход анх 216,000,000 төгрөг төлөхийг шаардсан бөгөөд 2 дахь удаагаа 220,000,000 төгрөг төлөхөөр аваад очиход 264,000,000 төгрөг болсон гэсэн учир төлөх мөнгө нь хүрэхгүй буцаж байсан.

Хариуцагч компанийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 300,000,000 төгрөг төлөх мэдэгдлийн дагуу бусдаас 300,000,000 төгрөгийг зээлэн төлж,  маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 08 дугаар сард буцаан авсан.

3.2.Миний бие “*******” ХХК-ийн хөрөнгийг алдахгүй тулд үндсэн гэрээний хүсэл зорилгоос гадуур өөр гэрээ байгуулсан нь үнэн ба 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ нь хууль зөрчиж, өөр гэрээг халхавчлан хийсэн тул хүчин төгөлдөр бус түүний үр дагаварт илүү төлсөн 199,000,000 төгрөгийг хариуцагч нь  буцаан өгөх ёстой гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.4, 492 дугаар зүйлийн 492.3, 492 дугаар зүйлийн 492.5-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “*******” ХХК-д холбогдох, ******* “*******” ХХК нарын хооронд 2018.06.19-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 199,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /1,160,000+1,651,000/ 2,811,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1.Шүүхийн шийдвэрээр “*******” ХХ нь 96,878,954 төгрөгийг “*******” ХХК-д төлөхөөр байхад шийдвэр гарсны дараа хариуцагч нь хүү, нэмэгдүүлсэн хүүг бодож шүүхийн шийдвэрийн төлбөр, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 4,121,046 төгрөг, нийт 101,000,000 төгрөг төлөхөөр очиход 216,000,000 төгрөг төлөхийг шаардсан, 2 дахь удаа 220,000,000 төгрөг төлөхөөр очиход 264,000,000 төгрөг болсон гэсэн учир мөнгө хүрэхгүй буцаж байсан.

5.2.“” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 300,000,000 төгрөг төлөх мэдэгдлийн дагуу бусдаас 300,000,000 төгрөгийг зээлж, тус компанид  төлж,  барьцаа хөрөнгийг 2020 оны 08 дугаар сард буцаан авсан.

5.3.Шүүхийн шийдвэрээр гарсан мөнгөн хөрөнгөөс илүү буюу 199,000,000 төгрөг авсан тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3, 492.5-т тус тус зааснаар буцаан шаардах эрхтэй.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч “*******” ХХК-иас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 199,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

6.Хариуцагч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

6.1.“*******” ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манай компанис 80,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд зээлээ хугацаанд төлөөгүйгээс бид шүүхэд хандсанаар 2015 онд шүүхийн шийдвэр гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “*******” ХХК-ийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэгт байршилтай сургуулийн зориулалттай барилгыг газрын хамт зээлийн төлбөр болох 96,878,954 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулах ажиллагаа явагдсан.

Гэтэл 2015 оноос хойш нэхэмжлэгч нь 3 удаа шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 3 жилийн хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тасалдсан. Тухайн 3 жилийн хугацаанд дуудлага худалдаа явуулах боломжоор хангаагүй, ажиллагаа тасалдсан учраас  2015 онд гарсан шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй болсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасны дагуу барьцаа хөрөнгийг төлбөр авагчийн хүсэлтээр өмчлөлд нь шилжүүлж 2 удаагийн дуудлага худалдаанд оруулсан ч худалдан борлогдоогүй.  Иймд,  2018 онд 3 жил шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэний эцэст уг компанийн өмч  болох сургуулийн барилгыг өөрсдийн өмчлөлд хуулийн дагуу шилжүүлж авсан.

Гэтэл барьцаа хөрөнгө бидний өмчлөлд шилжсэний дагаагаар “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* зээлийн гэрээний барьцаа болох сургуулийн зориулалттай барилга болон газар эзэмших эрхийн гэрчилгээг та нарын хэлсэн үнийн дүнгээр буцаан авъя гэсэн саналын хариуд манай захирал “танайх энэ хугацаанд 3 удаа шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2015 онд гарсан шүүхийн шийдвэр хэрэгжээгүй буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширсан” учир энэ хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцсон үнийн дүнтэй дүйцэхүйц хэмжээгээр барьцаа хөрөнгийг үнэлж өөрсдийгөө хохиролгүй болгоё гээд зах зээлд 3,000,000,000 төгрөгийн үнэлгээтэй барилгыг 300,000,000 төгрөгөөр үнэлж нэхэмжлэгчид шилжүүлснээр талууд эд хөрөнгийн маргаангүй болсноор гэрээ дуусгавар болсон. 

Талуудын хооронд ийм харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгчээс 199,000,000 төгрөгийн хүчээр авсан, дүр үзүүлсэн хэлцэл хийсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл байхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

            2.Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан ******* болон “*******” ХХК-ийн хооронд 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 199,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч компани  эс зөвшөөрч маргажээ.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...шүүхийн шийдвэрээр 96,878,954 төгрөгийг “” ХХК-д төлөхөөр шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлж чадахгүй байснаас барьцаа хөрөнгө түүний өмчлөлд шилжсэн, ... “” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 18/1152 дугаар 300,000,000 төгрөг төлөх мэдэгдлийн дагуу бусдаас 300,000,000 төгрөг зээлж, барьцаа хөрөнгийг буцаан шилжүүлж авсан. ...шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 4,121,046 төгрөг, нийт 101,000,000 төгрөг төлөхөөр байхад “” ХХК нь шүүхийн шийдвэр гарснаас хойших хүү тооцон 300,000,000 төгрөгийн үнийн дүнтэй үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т ....дүр үзүүлэн хийсэн хэлцэл..., 56.1.3-т ...өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл..., 56.1.4-т ...үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр хандаж... хийсэн хэлцэл... тул ******* болон “*******” ХХК-д тус тус холбогдуулан тэдгээрийн хооронд 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдан худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож,

үндэслэлгүйгээр 300,000,000 төгрөг төлүүлэн илүү 199,000,000 төгрөг илүү авсан тул уг мөнгөн хөрөнгийг “*******” ХХК-иас гаргуулна. ...” гэж,

 

хариуцагч “” ХХК нь тайлбар, татгалзлаа “...бодит байдал дээр манай байгууллагыг цаг хугацааны болоод санхүүгийн алдагдалд оруулсан ******* бидэнтэй холбогдож үл хөдлөх хөрөнгөө буцаан авах хүсэлт гаргасныг бид хүлээн аваад биднийг 3 жил алдагдалд оруулсан хөлбөрийг зээлийн гэрээний хүү тооцох аргачлалын дагуу тооцож 300,000,000 төгрөгт худалдах саналыг хүлээн авснаар талуудын хүсэл зориг нэгдэж, хүчин төгөлдөр гэрээ байгуулсан. ...Гэтэл одоо 2015 онд буюу 10 жилийн өмнө гарсан шүүхийн шийдвэрийн дагуу 101,000,000 төгрөгийн төлбөрийг төлөх ёстой байсан гэж маргаж буй нь үндэслэлгүй. ...” гэж,

 

хариуцагч ******* тайлбар, татгалзлаа “...шүүхийн шийдвэр гарах үед компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал байсан. ...“*******” ХХК-ийн хөрөнгийг алдахгүй тулд үндсэн гэрээний хүсэл зорилгоос гадуур өөр гэрээ байгуулсан нь үнэн, 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ******* болон “*******” ХХК-ийн хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ нь хууль зөрчиж, өөр гэрээг халхавчлан хийсэн тул хүчин төгөлдөр бус түүний үр дагаварт илүү төлсөн 199,000,000 төгрөгийг “*******” ХХК буцаан өгөх ёстой. ...” гэж тус тус тайлбарлажээ.

 

            4.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

4.1Талууд 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “” ХХК нь 80,000,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлдүүлж, “*******” ХХК нь зээл, зээлийн хүүг зээлийн гэрээнд заасан хугацааны дагуу төлөхөөр тус тус тохиролцсон.

4.2. Дээрх зээлийн гэрээний үүргийг хангуулахаар мөн өдөр “*******” ХХК-ийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, ******* хотхон *******, ******* байрлах, 2551 м.кв талбай бүхий сургууль, 7,116 м.кв талбай бүхий сургалтын зориулалттай эзэмших газрыг тус тус барьцаалсан, барьцааны гэрээ байгуулсан.

4.3.Зээлдэгч “*******” ХХК нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор зээлдүүлэгч “” ХХК нь зээлийн гэрээний үүргийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4.4. Улмаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3403 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 988 дугаар магадлалаар “*******” ХХК-иас 96,878,954 төгрөгийг гаргуулж “” ХХК-д олгож, барьцааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, ******* хотхон *******, ******* байрлах, 2,551 м.кв талбай бүхий сургууль, 7,116 м.кв талбай бүхий сургалтын зориулалттай эзэмших газраар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн.

4.5.Дээрх шүүхийн шийдвэрийг “*******” ХХК нь сайн дураар биелүүлээгүйгээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны 28114 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 3331 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

4.6.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоохоор шинжээч “” ХХК-ийг томилж, шинжээч нь зах зээлийн үнэлгээг 3,790,700,000 төгрөгөөр тогтоосон.

4.7.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг, 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдааг тус тус зохион байгуулсан боловч үнийн санал ирээгүйгээс хөрөнгө худалдан борлогдоогүй байна.

4.8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын комиссын хурлаар төлбөр төлөгч нарт хөрөнгүүдийг худалдан борлуулах 21 хоногийн хугацаа өгсөн боловч худалдан борлуулж чадаагүйгээс барьцаа хөрөнгүүдийг төлбөр авагч “” ХХК-ийн өмчлөлд зохих журмын дагуу шилжүүлэх ажиллагаа явуулсан.

4.9.Төлбөр төлөгч “*******” ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдаагүй гэсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2016/00830 шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2017/00188 тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

4.10.Улмаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10/1158 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол”-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгожээ.

 

5.Барьцаа хөрөнгө шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу “*******” ХХК-ийн өмчлөлд шилжсэний дараа талууд 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр “*******” ХХК-ийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороолол, ******* хотхон /13361/ *******, 32/1 тоот хаягт байрлах, 2,551 м.кв талбайтай сургуулийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 300,000,000 төгрөгийг худалдахаар, ******* нь үнийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

            5.1.Талуудын хооронд байгуулагдсан дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” буюу тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн гэж,

            мөн хуулийн 56.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” буюу хэлцэл хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, ямар нэг үр дагавар гаргах зорилгогүй,  буюу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэж,

            мөн хуулийн 56.1.4-т заасан “үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл” буюу хэлцэл хийгчид уг хэлцлийг байгуулах хүсэл зориг угаас байгаагүй буюу сэтгэлийн хөдлөлд тулгуурлан хүсэл зоригоо илэрхийлсэн байдлаар хийсэн гэж үзэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

            Тодруулбал, хэргийн баримтаар зохигч тухайн гэрээний эрх зүйн үр дагаврыг хүсэж, эрх болон үүргийн хувьд харилцан холбогдохоор харилцан тохиролцсон байх тул хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэх боломжгүй байна.

            5.2.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.” гэж заасан.

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар талууд дээрх гэрээг өмнөх зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор шүүхийн шийдвэр гарснаас хойш шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 3 жил гаруй хугацаанд үргэлжилсэн хугацаанд тооцогдсон зээлийн хүүг нэмж, хөрөнгийн үнийг 300,000,000 төгрөг байхаар тохирсон байна.

            Өөрөөр хэлбэл, хэдийгээр “*******” ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу “*******” ХХК-иас 96,878,954 төгрөгийн авлагатай байсан боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсны дараагаар төлөгдөөгүй өнгөрсөн хугацаанд /алдагдсан боломж/ ногдох хүү тооцож барьцааны зүйлийг худалдах, худалдан авах гэрээгээр буцаан шилжүүлсэн байх тул хариуцагчийг авах ёсгүй зүйл /мөнгө/-ийг нэхэмжлэгчээс авсан гэж үзэхгүй.

            Талууд шүүхийн шийдвэр биелэгдээгүй өнгөрсөн 3 жилийн хугацааны хүүг 199,000,000 төгрөг буюу гэрээний зүйлийн үнийг нийт 300,000,000 төгрөг байхаар тохирсон байдлыг “*******” ХХК-ийг 199,000,000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

            Тодруулбал, “*******” ХХК нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу “*******” ХХК-д шилжүүлж, улмаар талууд хөрөнгийн үнийг харилцан тохиролцож, тохиролцооны дагуу үүргээ хэн аль нь биелүүлсэн.

 

            6.Иймд, ******* болон “*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгчийн уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн 199,000,000 төгрөгийг “*******” ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээв.

 

            7.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг  хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/07998 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “*******” ХК-аас  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,160,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.МАНДАЛБАЯР

 

 

                                  ШҮҮГЧИД                                       М.БАЯСГАЛАН

 

 

                                                                                          Б.АЗБАЯР