Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 356

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Баярмаа хөтлөн,

улсын яллагч Ж.Энхжаргал,

хохирогч Э.Б, түүний өмгөөлөгч Т.Даваа,

шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч: 

 

        Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-нд Өвөрхангай аймагт төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Билэгт дөлгөөн” ХХК-д мэдээллийн ажилтнаар ажилладаг, ам бүл 00, Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 00 дүгээр баг, Хүйс толгой, 0000 дугаар гудамж 00 тоотод оршин суух хаягтай, одоо Баянгол дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, Сод төвийн 0000 тоотод түр оршин суудаг, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй /Рд:0000000000?/,.Ад холбогдох эрүүгийн 0000000 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Самбуу-Ёндон овогтой С.А нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг, Хөсөг автомашины оношлогооны төвийн урд замд 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 12 цаг 20 минутын үед Тоёота Приус маркийн 72-45 ӨВР улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан ‘Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Б.Мөнхдалайгийн эзэмшлийн зогсож байсан Тоёота Кроун маркийн 53-53 УБГ улсын дугаартай автомашиныг мөргөсний улмаас уг машины цаана явж байсан явган зорчигч Э.Бгийн зүүн хөлийг замын хашлагатай хавчиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт: Би яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

         Хохирогч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Энэ ослын улмаас миний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан. Эмчилгээнд нийт гарсан бодит зардал 13.957.413 төгрөг, цаашид гарах зардал буюу тавхайнд тавигдсан ялтас авахад  7.263.648 төгрөг шаардлагатай,  би энэ осолд орсоноос хойш ажилдаа явж чадахгүй 4 сар болсон. Энэ хугацааны цалингийн зөвхөн урамшуулал, нэмэгдэлд нийт 1.080.000 төгрөг, гэмтлийн эмнэлэгт 93785 төгрөг, Эм Би Жи Мед ХХК эмнэлэгт 11.245.600 төгрөг, манай дүү С намайг ажлаасаа чөлөө авч сахисан түүний цалинд 218.178 төгрөг, бусад буюу хөдөөнөөс ах дүү, манай хүүхэд намайг эргэж ирсэн унааны зардал, бензины зардал, хоол ундны зардалд нийт 1.319.850 төгрөг нэхэмжилж байгаа. Эдгээр нь нийлээд 21.221.61 төгрөг болно. Үүнээс 2.000.000 төгрөг С.А төлсөн. Одоо үлдэх 19.221.61 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

        Хавтаст хэргээс:

        Хохирогч Э.Б мөрдөн байцаалтанд: 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 12 цагийн орчим ажил дээрээсээ буюу Баянгол дүүргийн 20 дугаар хорор Хөсөг Трейд авто оношлогооны төвөөс гарч явтал ертөнцийн зүгээр зүүн талаас буюу төв замаас саарал өнгийн Тоёота Приус 20 маркийн машин баруун эргээд хурдтай орж ирж байгаа харагдахаар нь зогсоолд зогсож байсан Тоёота кроун маркийн машины зөв талаар нь Тоёота Приус 20 машины урдуур гарах гэснээ хурдтай ирж байсан учраас дайрчихаж магадгүй гэж бодоод зогсоолд зогсож байсан Тоёота Кроун маркийн машины баруун талаар буюу ертөнцийн зүгээр хойд талаар алхаж явтал Приус 20 машин нүд ирмэхийн зуур хурдаараа орж ирээд Тоёота Кроун машиныг мөргөөд кроун машины баруун талын хойд дугуй замын хашлага 2-ын дунд зүүн хөлөө хавчуулаад хойшоо савж унаад хөлөө хартал зүүн хөлийн яс нь гутал нэвтлээд машиныг жолоодож явсан эмэгтэйгээс яагаад осол хийсэн талаар асуухад сандраад тоормос гишгэх гэж байгаад хазаа гишгэсэн гэж хэлсэн. Миний зүүн хөлийн тавхайн яс болон шивнүүр яснууд хугарч бяцарсан, хөлийн 2 хурууны шөрмөс тасарч зөөлөн эдийн няцралтай. Миний хөлөнд хагалгаа хийсэн эмч нар хугарч бяцарсан яснуудыг түүж, буцааж  эвлүүлсэн хагалгаа 5 цагийн хугацаанд үргэлжилсэн, бяцарсан яснууд бороолж эдгэхдээ удаан цаашид хийгдэж байгаа эмчилгээний үр дүнгээс шалтгаалж хэдэн сарын дараа хөл дээрээ босохыг хэлнэ гэсэн...миний ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болтлоо хохирол төлбөрөө нэхэмжилнэ. Би 10 настай хүүгийн хамт ээжтэйгээ амьдардаг. Би ажил хийж ар гэрээ тэжээн тэтгэдэг. Одоо цаашид эдийн засгийн хувьд хэцүү байна. Хуулийн дагуу шалган хохирол төлбөрийг түргэн шуурхай барагдуулж өгөхийг хүсэж байна. Хагалгааны зардал нийт 4.800.000 төгрөг, тархины томографийн шинжилгээ 160.000 төгрөг гарсан. Хагалгаанд орж 10 хоног эмнэлэгт хэвтсэн боловч хөл маань сайн эдгэхгүй хэвээрээ байгаа учраас хэвтэх хоногоо сунгана. Миний зүгээс осол гаргасан жолоочоос илүү дутуу мөнгө төгрөг нэхээгүй. Эмчилгээ болон хагалгааны зардлаа түргэн шуурхай гаргуулж өгөхийг хүсэж байна.   /хх-ийн 31-34/ гэх мэдүүлэг,

 

         Иргэний нэхэмжлэгч Б.М мөрдөн байцаалтанд: Би өөрийн эзэмшлийн 53-53 УБГ улсын дугаартай Тоёота Кроун маркийн автомашинтайгаа 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 10 цаг 55 минутын орчим Баянгол дүүргийн 20 дугаар хороо Хөсөг трейд ХХК руу орж хүнтэй уулзахаар очоод машинаа Хөсөг трейд ХХК-ний төв хаалганы баруун талд буюу барилгын урд ертөнцийн зүгээр баруун зүгт урагшаа харуулан байрлуулсан. Тухайн үед БНСУ-ын иргэн Ан Ёон Сунтай уулзаж кофе уучихаад Нягт Хөөс ХХК-руу хамт очиж уулзчихаад буцаад машин руугаа очиж явтал миний 0000000 дугаар руу 000000000 гэсэн дугаараас залгаад машиныг чинь мөрөгчихлөө хүрээд ирэх үү гэж ярихаар нь яваад очтол миний эзэмшлийн Тоёота Кроун маркийн 53-53 УБГ улсын дугаартай автомашины зөв талын хойд гуперийн хэсэг Тоёота Пирус-20 маркийн 72-45 ӨВР улсын дугаартай автомашин мөргөөд миний машины хойд гуперийн зөв талын булангийн хэсэг нь хагараад уначихсан байдалтай байсан. Осол болоход миний автомашины буруу талаар гарч явсан эмэгтэй хүн миний машины буруу талын хойд дугуй, замын хашлага хоёрын дунд хөлөө хавчуулж гэмтээсэн талаар хүмүүс ярьж байсан ба хөлөө гэмтээсэн гэх эмэгтэйг Гэмтлийн эмнэлэг рүү аваад явчихсан байсан. Би осол болох үед хажууд нь байгаагүй учраас болсон асуудлыг тодорхой мэдэхгүй байна. Автомашинд үнэлгээ хийсэн үнэлгээний тайлантай танилцсан. Холбогдуулж гаргах санал хүсэлт байхгүй. Үнэлгээний үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа. Би өөрийн эзэмшлийн Тоёота Кроун маркийн 53-53 УБГ улсын дугаартай автомашины Буянт Оюу ХХК-д оношлогоонд ороход 50.000 төгрөг, Ашид Билгүүн ХХК-д автомашины үнэлгээний төлбөр 68.000 төгрөг, осол болсны дараа миний автомашиныг ачигч машинаар ачиж тээврийн хэрэгслийн саатуулах хашаанд аваачсан төлбөр, 4 хоногийн төлбөр гээд нийт 80.000 төгрөг болсон. Надад нийтдээ 1.563.000 төгрөгийн хохирол учирсан. Уг асуудлаас болж нааш, цааш олон удаа явж маш их чирэгдэл учруулж байгаа учраас хохиролын мөнгийг түргэн шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. /хх-ийн 38-39/ гэх мэдүүлэг,

 

         Иргэний хариуцагч С.Т мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Тоёота Приус 20 маркийн 72-45 ӨВР улсын дугаартай авто машиныг 11.8 сая төгрөгөөр худалдан авч өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн. Уг автомашин өмнө нь 10-62 УБ улсын дугаартай байсан. Би өөрийнхөө нэр дээр шилжүүлэх гэсэн боловч хөдөө орон нутгийн бичиг баримттай гээд хотын дугаараа хураалгаж хөдөө орон нутгийн дугаар авсан. Осол гарсан өдөр би өөрийн төрсөн эгч С.Аг автомашин жолоодох эрхийн үнэмлэхгүй гэдгийг мэдсэн мөртлөө автомашиныг унаж үзье гээд байхаар нь автомашинаа 10 дугаар хороололоос Хөсөг трейд ортол жолоодуулсан боловч Хөсөг трейд ХХК-ний урд талын зогсоолд зогсож байсан автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. Би тухайн үед хамт явж байсан. Автомашины баруун талын урд гуферийн дотор төмөр, хөөс хугарсан урд гуферийн зөв талын хэсэг, копут хонхойж голын сетек хугарсан. Би өөрийн эзэмшлийн автомашинд учирсан хохиролыг эгчээсээ нэхэмжлэхгүй. Бусдад учруулсан хохиролыг өөрийн чадахаараа төлж барагдуулах болно. /хх-ийн 42/ гэх мэдүүлэг,

 

Дахин байцаалтаар С.Т мөрдөн байцаалтанд: 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 11 цаг өнгөрч байхад худалдан авсан өөрийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн 72-45 ӨВР улсын дугаартай авто машинаа жолоодон машиныхаа даатгал болон жолооны үнэмлэхээ авахаар 10 дугаар хороолол орж өөрийн төрсөн эгч С.Агийн хамт явахаар утсаар яриад ажпаасаа гарч яваад 10 дугаар хороололын хойд талын автобусны буудал дээр зогсож байгаад эгч С.Аг авч Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол техник үзлэгийн төв буюу Хөсөг трейд ХХК руу явсан. Би өөрийнхөө авто машиныг өөрөө жолоодож явсан эгч С.А нь зөв талын урд суудалд сууж явсан. Эгч С.А анх машинд орж ирээд суухдаа машиныг унаж үзье гэхээр нь жолооны үнэмлэхгүй юм чинь цагдаа зогсоочихвол дэмий байхаа, би өөрөө машинаа барьж яваад цагдаа зогсоовол үнэмлэхээ аваагүй гэж хэлээд шалгуулахад жолооны үнэмлэхтэй гэдэг нь харагдана тийм болохоор би өөрөө машинаа жолоодоё гэж хэлээд явсан. Би Хөсөг трейд ХХК-ний авто зогсоол руу орж зогсолгүй замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд машиныхаа аваарыг татаад зогсоод машиндаа эгч С.Аг үлдээгээд жолоочийн хариуцлагын даатгалаа хийлгэхээр дотогшоо орохдоо авто машинаа асаалттай нь үлдээсэн. Тэгээд дотогшоо ороод жолооны хариуцлагын даатгал хийдэг хүмүүс дээр очиж асуухад тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэрэгтэй гэж хэлэхээр нь эгч С.А руу утсаар яриад тээврийн хэрэгслийн гэрчилгээ аваад ороод ир гэж коридорт гарч ярьчихаад буцаад ортол даатгалын хүмүүс дээр ойролцоогоор 10 орчим хүн оочирлож байхаар нь би оочирлоод зогсож байтал эгч С.А орж ирэхгүй ойролцоогоор 10-15 орчим минут болсон. Эгч С.А над руу залгаад машин мөргөчихлөө гэж хэлэхээр нь гүйгээд гарсан чинь миний эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 72-45 ӨВР улсын дугаартай авто машин нь ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо зүгт харчихсан зогсоол дээр зогсож байсан. Тоёота Кроун  маркийн машины зөв талын хойд дугуй болон буферийн хэсэг рүү мөргөөд зогссон байдалтай байхаар нь би машиныхаа хаалгыг онгойлгоод эгчийг загнаж байтал мөргүүлсэн Тоёота Кроун маркийн авто машины буруу талд нь эмэгтэй хүн орилоод байхаар нь гүйгээд очтол уг автомашины буруу талаар явж байсан явган зорчигч эмэгтэй авто машины буруу талын хойд дугуй болон замын хашлаганд зүүн хөлөө хавчуулсан байдалтай өмсөж явсан зүүн хөлийнх нь гутал ханзарч цоорсон байхыг харсан. Тэгээд гудамжинд явж байсан танихгүй залуугийн хамт Тоёота Кроун маркийн авто машины ертөнцийн зүгээр урагш нь түлхэж хөлөө хавчуулсан гэх эмэгтэйгийн зүүн хөлийг гарган эмэгтэйг хоёр талаас нь сугадан автомашины буруу талын хойд суудалд суулгаж байтал удалгүй түргэн тусламжийн авто машин ирээд гэмтсэн явган зорчигчийг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Гэмтсэн эмэгтэйгийн ажлынх нь хүн цагдаад дуудлага өгч эгч С.А эмнэлэгт дуудлага өгч байсан санагдаж байна. Удалгүй замын цагдаа нар ирж үзлэг, хэмжилт хийгээд авто машиныг ачигчаар ачиж явсан. Осол гарахад Тоёота Кроун маркийн авто машинд ямар нэгэн хүн байгаагүй. Осол болсны дараа Тоёота Кроун маркийн авто машины жолооч нь ирсэн. Би эгч С.Аг машин бариад осол хийчихнэ гэж огт бодоогуй. Надаас машин жолоодох ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. /хх-ийн 54/ гэх мэдүүлэг,

 

         Гэрч Г.Э мөрдөн байцаалтанд: 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 11 цаг 20 минутын орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол техникийн хяналтын төв дээр буюу Хөсөг трейдийн гадаа очиж машины татвар төлчихөөд явах гэж байгаад Э.Бтай тааралдсан. Тэгээд машинд орж ойр зуурын юм ярьж суухад Э.Б ажилтай байна орлоо гээд миний машинд нэг их удаан суугаагүй ба машинаас буугаад ажил руугаа орохоор явсан. Би зогсоол дээрээс машинтайгаа хөдлөхөөр ухрахад төв замаас авто зогсоол руу буюу ертөцийн зүгээр баруун хойшоо чиглэлтэй саарал өнгийн Тоёота Приус 20 маркийн авто машин хурдтай орж ирж байгаа харагдсан. Зогсоол дээр зогсож байсан Тоёота Кроун маркийн 53-53 серийг нь санахгүй байна авто машины зөв талын хойд хэсэг рүү мөргөсөн. Тэр үед Э.Б Тоёота Кроун маркийн авто машины буруу талаар гарч явж байсан ба буруу талын хойд дугуйны орчим унаж байгаа харагдсан. Тухайн үед Э.Б орилох чимээ гарахаар нь машинаас буутал мөргөсөн саарал өнгийн Тоёота Приус-20 маркийн авто машины буруу талын урд хаалга буюу машины жолооны хүрдний араас дээгүүрээ хар өнгийн куртиктэй хар өнгийн лидринэн юм шиг өмдтэй доогуураа хар өнгийн чишкэн гуталтай, 20 орчим насны шар үстэй эмэгтэй бууж ирээд ахаа яанаа гээд хуруугаа амандаа хийгээд зогсохоор нь би гялс түргэн дууд гэж хэлчихээд Тоёота Кроун маркийн авто машины буруу талын хойд тал руу гүйгээд очтол Э.Бг замын хашлага, авто машины буруу талын хойд дугуйнд баруун хөлөө хавчуулчихсан байдалтай газар, модон дунд хэвтэж байхаар нь би ганцаараа Тоёота Кроун маркийн авто машины буруу талаас түлхэх гэсэн боловч дийлэхгүй байсан. Тэгээд Тоёота Кроун маркийн авто машины дээгүүр хартал мөргөсөн саарал өнгийн Тоёота Приус маркийн авто машины зөв талын урд хаалгыг 20 орчим насны үстэй түрүүтэй, гуталтай, дээгүүрээ саарал өнгийн ажлын хувцастай залуу хэлээд байхад гээд бууж ирэхээр нь би тэр залууг гялс энэ машины наад дугуйнаас өргөөд өг, хоёулаа татъя, хөл нь хавчуулагдсан байна гэж хэлэхэд тэр залуу сандраад гүйж ирсэн, яг машины аль талаас өргөж татсаныг сайн санахгүй байна. Ойрхон харагдаж байсан танихгүй хүмүүсийг дуудаж Тоёота Кроун маркийн авто машины хойд хэсгийг өргөж Э.Бг гаргаж аваад мөргөсөн авто машин руу суулгахаар сугадаад жолоочийн арын суудалд суулгаад би осол гаргасан эмэгтэйгээс цагдаа, эмнэлэг дуудсан уу гэж асуухад тэр эмэгтэй би сандраад дуудаагүй гэж хэлэхээр нь би өөрийнхөө 00000000000 дугаараас 102, 103 руу дуудлага өгсөн ба түргэн болон цагдаа ирж байгаа эсэхийг асуухад очиж байгаа гээд ирээгүй. Тэгтэл Э.Бтай хамт ажилладаг залуучууд одоо түгжрэл ихтэй байгаа болохоор бид нар нэгнийхээ машинаар аваад явъя гээд Э.Бг аваад явсан. Тухайн үед Э.Бгийн баруун хөлийнх нь гутал дээд хэсгээрээ задарч, дотроос нь яс гараад ирчихсэн цус их хэмжээгээр гарч байсан. /хх-ийн 58/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1117 дугаартай дүгнэлтэнд: Э.Бгийн биед зүүн тавхайн завь хэлбэрийн болон шаантаг, шоо хэлбэрийн яснууд, зүүн тавхайн 2,3 дугаар хуруунуудын улны шивнүүрийн ил, бяцарсан зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 61/ гэсэн дүгнэлт,

 

Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 213 дугаартай шинжилгээгээр: Э.Бгийн биед зүүн тавхайн завь, шаантаг, шоо хэлбэрийн яс, 2,3 дугаар хуруунуудын шивнүүр ясны ил, бяцарсан хугарал, гадна хавчаар ясны хугарал, зүүн тавхайн хууларсан шарх гэмтэл учирсан байх ба зам тээврийн осол болсон гэх 2019 оны 01 дүгээр сарын 07-нд үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг  тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Гэмтлийн хүнд зэргийн шалгуур шинжүүдийг агуулаагүй болно. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 99-100/ гэсэн дүгнэлт,

 

          Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Уг автотээврийн хэрэгслийн урд болон хойд дугуйн тоормосны хүчний зөрүү, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, их гэрлийн холын тусгалын чадал, гэрэл дохио, явах эд анги, жолооны механизм нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна.

          Урд буфер зүүн гар талын булан хэсэгтээ цөмөрч хагарч унасан, урд улсын дугаарын суурь унасан, урд буферын доод талын сетик хагарч унасан, копуд баруун гар талын хэсэгтээ хонхойсон, урд буфер баруун талын чиглүүлэгч замаасаа мултарсан, зүүн гар талын урд ойрын их гэрлийн чийдэн асахгүй, урд хоёр оврын гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл, гэмтэлтэй байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

.Эдгээр эвдрэл, гэмтлүүд нь тухайн зам тээврийн осол хэрэг болоход үүссэн тул уг осолд нөлөөлөхгүй.

 Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын АВS бүхий тоормосны системтэй.

Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж ашиглан үзлэг хийхэд тоормос бүрэн ажиллагаатай эвдэрч гэмтсэн зүйлгүй илрээгүй. /хх-ийн 107-110/ гэсэн дүгнэлт,

 

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 62 дугаартай дүгнэлтэнд: Тоёота Приус-20 маркийн 72-45 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Самбуу-Ёндон овогтой Аптаншагай нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн: 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.  Явган зорчигч Э.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл, гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. /хх-ийн 119-120/ гэсэн дүгнэлт,

 

         2019 оны 02 дугаар сарын 01-ний 820 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн гутланд уранхай үүссэн байна. Гутланд гарсан 11см, 11х3см хэмжээтэй уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ уранхай байна. Харин хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна. Гутланд гарсан 14см хэмжээтэй гэмтэл хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан байна. Гутланд гарсан гэмтлүүдийг хэрэг гарсан үед үүссэн эсэх, цаг хугацааг тогтоох боломжгүй байна. /хх-ийн 138/ гэсэн дүгнэлт,

 

Яллагдагчаар С.А мөрдөн байцаалтанд: Төрсөн дүү С.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Тоёота Пирус 20 маркийн 10-62 УБН улсын дугаартай авто машиныг 11.8 сая төгрөгөөр худалдан авсан ба Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу шилжээгүй байгаа учраас нэрээ шилжүүлэхдээ авто машиндаа орон нутгийн дугаар өөрчлөн 72-45 ӨВР улсын дугаар авсан ба авто машин зарсан хүн ажлын өдөр эндээс буюу Хөсөг трейд ХХК дээрээс ирээд жолоочийн хариуцлагын даатгалаа аваарай гэж хэлж байсан. 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 10 цаг өнгөрч байхад дүү С.Т нь над руу яриад Хөсөг трейд рүү явж байна хайгаад олохгүй байна гэхээр нь би өөрийн амьдарч байгаа 10 дугаар хороололд хүрээд ир хамт явъя гэж хэлсэн. Тэгтэл дүү маань 11 цаг өнгөрч байхад 10 дугаар хороололд ирчихлээ гэж утсаар ярихаар нь би автобусны буудал руу очиж авто машины зөв талын урд суудалд суусан ба дүүгээсээ авто машиныг чинь унаж үзье гэхэд С.Т та жолооны үнэмлэхгүй биз дээ гэхээр нь жолооны курст сурч байгаа гэж хэлсэн боловч машинаа жолоодуулаагүй. Тэгээд бид хоёр Баянгол дүүргийн 20 дугаар хороо Хөсөг трейд ХХК-ний зүүн талын шороон замд зогссон ба С.Т жолоочийн хариуцлагын даатгалаа хийлгэнэ гээд ганцаараа орсон ба намайг машиндаа үлдээсэн, Машин нь асаалттай түлхүүр нь кундактортаа байсан. Удалгүй С.Т над руу залгаад толины дээд талын хайрцганд байгаа бичиг баримтууд авчираад өг гэж хэлэхээр нь би бичиг баримтуудыг нь аваад машиныг нь цоожлоод гарах гэж байснаа хаагаад зогссон байсан хоёр машины нэг нь гаръя жаахан урагшаа хөдлөөд өг гэхээр нь би зогсоол руу нь очиж зогсоё гэж бодоод өөрийн дүү С.Тын эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 72-45 ӨВР улсын дугаартай авто машиныг жолоодон Хөсөг трейд ХХК-ний зогсоол руу орохоор хөдлөхөд араас машин ирж байхаар нь урдуур нь амжаад орьё гээд хаазтай орсон ба зогсоол руу ороод зогсоох гээд тоормосоо гишгэлээ гэтэл хаазаа андуурч гишгээд зогсоол дээр хөндлөн зогсож байсан. Тоёота Кроун маркийн 53-53 УБГ улсын дугаартай авто машины зөв талын хойд дугуй болон буфер рүү мөргөсөн. Тухайн үедээ би машин мөргөсөн гэж бодоод дүү С.Т руу залгаад машин мөргөчихлөө гэж хэлэхэд С.Т гүйж гарч ирээд машин битгий уна гэж хэлээд байхад гэж хэлснээ мөргөгдсөн машины буруу талд хүмүүс очоод байсан ба С.Т очоод машиныг нь хөдөлгөөд хөлөө хавчуулж гэмтсэн эмэгтэйг сугадаж ирээд машины буруу талын хойд суудал дээр суулгасан. Би өөрийнхөө 95850805 дугаараас 102-руу залгаад машин мөргөчихлөө гэж дуудлага өгсөн. Би 103-руу дуудлага өгөхөөр залгасан боловч хөлөө гэмтээсэн гэх эмэгтэйгийн найз нь гээд танихгүй залуу түргэн дуудсан гэж хэлэхээр нь утсаа салгасан. Тэгээд удалгүй яаралтай түргэн тусламжийн авто машин ирээд хөлөө гэмтээсэн эмэгтэйг аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж ослын газарт үзлэг хэмжилт хийгээд дүү С.Тын машиныг ачуулсан. Тухайн үед дүү маань аймаар загнаад байхаар нь айсандаа мөн дүү С.Тыг ямар нэгэн хэрэгт холбогдуулж магадгүй гэж бодоод 10 дугаар хороололоос машиныг унаж яваад осол гаргасан гэж мэдүүлсэн юмаа. /хх-ийн 149/ гэх мэдүүлэг,

 

С.А яллагдагчаар дахин мэдүүлэхдээ:...Осол болоход би С.Тын автомашиныг жолоодож явсан. С.Т зөв талын урд суудалд сууж яваад осол гарсны дараа машинаасаа бууж Тоёота Кроун маркийн авто машин руу очиж машиныг түлхэж хохирогчийн хавчуулсан хөлийг гаргаж авсан. Би осол болсон өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө болсон хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн. Тэгтэл манай нэг хамаатны хүн өгсөн мэдүүлгээ өөрчилж өгч болдог гээд ярихаар нь би яллагдагчийн мэдүүлэгтээ худлаа ярьсан юмаа. Мөн дүү С.Тыг дахин мэдүүлэгтээ миний яллагдагчаар өгсөн мэдүүлэгтэй адилхан мэдүүлээрэй гэж хэлсэн. Худал мэдүүлэг өгсөн гэмшиж байна. Би хохирогч Э.Бд эмчилгээний төлбөр гэж 2 сая төгрөг дансаар шилжүүлсэн. Одоогоор өөр мөнгө өгөөгүй байгаа. Цаашид эмчилгээний төлбөрийг барагдуулна. /хх-ийн 152/ гэх мэдүүлэг,    

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4/

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 6/

Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25/

         Хохиролын  баримтууд /хх-ийн 18-19, 125/

         Автомашины үнэлгээний тайлан /хх-ийн 126/

         Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 129/

 Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 133/

         Зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 160/

  Явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 169/

  Хохирогч Э.Бгийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 70, 77-94/

           Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 153/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор С.Ан гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 155/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 156/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 158/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 159/, зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудыг шинжлэн судлав.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

        Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

С.А 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 12 цаг 20 минутын үед  өөрийн төрсөн дүү С.Тын эзэмшлийн Тоёота Приус маркийн 72-45 ӨВР улсын дугаартай автомашиныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан ‘Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөсөг автомашины оношлогооны төвийн урд талд зогсож байсан Б.Мөнхдалайгийн эзэмшлийн зогсож байсан Тоёота Кроун маркийн 53-53 УБГ улсын дугаартай автомашиныг мөргөсний улмаас уг машины цаана явж байсан явган зорчигч Э.Бгийн зүүн хөлийг замын хашлагатай хавчиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн болох нь:

        

          хохирогч Э.Бгийн“...алхаж явтал приус 20 машин нүд ирмэхийн зуур хурдаараа орж ирээд Тоёота Кроун машиныг мөргөөд Тоёота Кроун машины баруун талын хойд дугуй замын хашлага хоёрын дунд зүүн хөлөө хавчуулаад хойшоо савж унаад хөлөө хартал зүүн хөлийн яс нь гутал нэвтлээд машиныг жолоодож явсан эмэгтэйгээс яагаад осол хийсэн талаар асуухад сандраад тоормос гишгэх гэж байгаад хазаа гишгэсэн гэж хэлсэн...” /хх-ийн 31/,

          гэрч Г.Энхбаярын “...Э.Б Тоёота Кроун маркийн авто машины буруу талаар гарч явж байсан ба буруу талын хойд дугуйны орчим унаж байгаа харагдсан...” /хх-ийн 58/,

          иргэний нэхэмжлэгч Б.ийн“...миний 000000000 дугаар руу 00000000 гэсэн дугаараас залгаад машиныг чинь мөргөчихлөө хүрээд ирэх үү гэж ярихаар нь яваад очтол миний эзэмшлийн Тоёота кроун маркийн 53-53 УБГ улсын дугаартай автомашины зөв талын хойд гуперийн хэсэг Тоёота Пирус-20 маркийн 72-45 ӨВР улсын дугаартай автомашин мөргөөд миний машины хойд гуперийн зөв талын булангийн хэсэг нь хагараад уначихсан байдалтай байсан...” /хх-ийн 38/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1117 дугаартай дүгнэлт /хх-ийн 61/, бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 213 дугаартай шинжилгээ  /хх-ийн 100/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 6/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25/, хохиролын баримтууд /хх-ийн 197-202, 210-212, 226-230/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан энэ хэрэгт хамааралтай бичгийн нотлох баримтуудаар мөрдөн байцаалтанд яллагдагчаар С.Агийн мэдүүлсэн “...би зогсоол руу нь очиж зогсоё гэж бодоод өөрийн дүү С.Тын эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 72-45 ӨВР улсын дугаартай авто машиныг жолоодон...тоормосоо гишгэлээ гэтэл хаазаа андуурч гишгээд зогсоол дээр хөндлөн зогсож байсан Тоёота Кроун маркийн 53-53 УБГ улсын дугаартай авто машины зөв талын хойд дугуй болон гупер рүү мөргөсөн...С.Т очоод машиныг нь хөдөлгөөд хөлөө хавчуулж гэмтсэн эмэгтэйг сугадаж ирээд машины буруу талын хойд суудал дээр суулгасан...” /хх-ийн 149/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар шүүх үнэлсэн болно. 

 

        С.Агийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэгт тооцогдох үйлдэл” байх бөгөөд энэ хуулийн тусгай ангид заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

        Гэм буруугийн шүүх хуралдаан дээр улсын яллагчаас шүүгдэгч С.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.

 

Улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул  шүүх хүлээн авч;

 

шүүгдэгч С.Аг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр   Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Э.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол төлбөрийн тухайд

Хавтаст хэрэгт авагдсан хэргийн үйл баримтаас дүгнэхэд С.А тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр өөрийн төрсөн дүү С.Тын эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн 72-45 ӨВР улсын дугаартай авто машиныг жолоодож зам тээврийн осол гаргахад дээрхи автомашины эзэмшигч С.Т хамт явж байсан нь гэрч Г.Эын мэдүүлэг болон камерийн бичлэгээр тогтоогдсон.

 

Энэ ослын улмаас зогсоолд зогсож байсан иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон  Б.М-ийн эзэмшлийн Тоёота Кроун маркийн 53-53 УБГ улсын дугаартай автомашинд шууд болон шууд бусаар нийт 1.563.000 төгрөгийн хохирол учирсан нь эд зүйлийн үнэлгээний тайлан болон түүний мэдүүлгээр нотлогдож мөрдөн байцаалтын явцад 1.000.000 төгрөг төлөгдсөн байна.  

 

Хохирогч Э.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хохиролын баримтууд, шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд энэ шүүх хуралдаан дээр шүүгдэгч С.Агаас эмчилгээтэй холбогдох болон бусад зардалд нийт 21.221.61 төгрөг нэхэмжилж  байгаагаас 2.000.000 төгрөг төлөгдсөн одоо үлдэх 19.221.61 төгрөгийг нэхэмжилнэ  гэж хохирогч мэдүүллээ. 

 

Э.Бгийн 19.221.61 төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэлээс түүний эмчилгээтэй холбогдох нотлох баримтын шаардлага хангасан баримтын хүрээнд 11.374.385 төгрөгийг хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй.  

 

Үүнээс мөрдөн байцаалтын явцад С.Агаас төлөгдсөн 2.000.000 төгрөгийг хасаж 9.374.385 төгрөгийг хохирогч Э.Бд олгох нь зүйтэй.

 

Харин бусад зардал болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Мөрдөн байцаалтын явцад Тоёота Приус 20 маркийн 72-45 ӨВР улсын дугаартай автомашины эзэмшигч С.Тыг иргэний хариуцагчаар тогтоосон байх ба иргэний хариуцагч нь гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохиролыг хариуцвал зохих этгээд юм.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т “...тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” мөн хуулийн  499.3-т “...өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” мөн хуулийн 499.4-т “...өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгахаар хуульчилсан байна.  

 

Иймд иргэний хариуцагч С.Т, шүүгдэгч С.А нараас  хувь тэнцүүлэн иргэний нэхэмжлэгч Б.Мөнхдалайд төлөгдөх 563.000 төгрөг, хохирогч Э.Бд төлөгдөх 9.374.385 төгрөгийг тэдгээрээс хувааж гаргуулахаар шүүх шийдвэрлэлээ.

 

         Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч С.Аг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр  Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч С.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

 

Шүүгдэгч С.Ан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан  түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр  2  жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Шүүх, С.Ад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

        

        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                                                                            ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч .Аг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

        2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан шүүгдэгч С.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр  2 /хоёр/ жилийн  хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.

 

       3.С.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн хуулийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

        4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг С.Ад  анхааруулж мэдэгдсүгэй.

 

        5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар С.Ад хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

 

        6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Ан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолсугай.

 

           7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

        8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч С.Агаас 4.687.192 төгрөг, иргэний хариуцагч С.Таас 4.687.192 төгрөг гаргуулж хохирогч Э.Бд, шүүгдэгч С.Агаас 281.500 төгрөг, иргэний хариуцагч С.Таас 281.500 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Мөнхдалайд олгосугай.

 

      9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ДАЙРИЙЖАВ