| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00598/и |
| Дугаар | 00637 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 00637
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай Хас банкны,
Я.Долгорыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Төгсжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Я.Долгор нь тус банкнаас 2015 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 15.000.000 төгрөгийн зээлийг 30 хоногт 2,25 хувийн хүүтэйгээр, машин худалдан авах зориулалтаар, 36 сарын хугацаатайгар буюу 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр 1660006199 тоот зээлийн гэрээ байгуулан авсан. Энэ харилцагч нь зээлийн төлбөрийг төлөхгүй байгаа бөгөөд гэр бүлээрээ Улаанбаатар хот руу шилжин явсан, Улаанбаатар хотод амьдарч байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Зээлдэгч зээл авах үедээ Улаангом сумын 9 дүгээр багийн 14-3 тоотод оршин суудаг байсан. Зээлдэгчтэй 2016 оны 6 дугаар сараас хойш огт холбоо барьж чадаагүй. Зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байгаа нь банктай байгуулсан зээлийн гэрээний 3.2.1-т “Зээлийг гэрээнд зааасан зориулалтаар ашиглаж, зээл хүүгийн төлбөрийг энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй” гэсэн заалтаар гэрээний үүргээ зөрчиж, олдохгүй байгаа тул банкны зүгээс дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгч Я.Долгор нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрөө хийхгүй байгаа, хаана оршин сууж байгаа хаяг нь тодорхойгүй болсон, олдохгүй байгаа тул зээлдэгчийг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банкнаас Я.Долгорыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Я.Долгор нь 2015 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Хас банктай 1660006199 тоот “Зээлийн гэрээ” байгуулан, 15.000.000 төгрөгийг 30 хоногт 2,25 хувийн хүүтэйгээр, машин худалдан авах зориулалтаар, 36 сарын хугацаатайгаар буюу 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан байх ба тэрээр зээлийн эргэн төлөлтийг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй байгаа нь зээлийн гэрээ болон дансны хуулга зэрэг баримтаар нотлогдож байна.
Я.Долгорын иргэний үнэмлэхэд түүнийг Увс аймгийн Тэс сумын 1 дүгээр баг гэж, Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 297 тоот тодорхойлолтоор Улаангом сумын 9 дүгээр баг, 14-03 тоотод оршин суудаг хэмээн тус тус тэмдэглэгдсэн байх боловч уг хаягтаа оршин суудаггүй, 2016 оны 6 дугаар сараас хойш хаана оршин суугаа нь тогтоогдохгүй байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, Я.Долгорын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа бөгөөд тэрээр шилжилт хөдөлгөөн хийлгээгүй, аль нэг газарт оршин суугчаар бүртгүүлээгүй, одоо хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОО87092504, Ахима овогтой Ядамсүрэнгийн Долгорыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Хас банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсгүүдэд зааснаар 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОО87092504, Ахима овогтой Ядамсүрэнгийн Долгорыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Я.Долгорыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Хас банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийн нэг хувийг Увс аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА