| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабал Батчимэг |
| Хэргийн индекс | 191/2026/01477/И |
| Дугаар | 210/МА2026/01060 |
| Огноо | 2026-05-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компаний хувьцаа, бусад үнэт цаасны маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2026/01060
*******, БНХАУ-ын иргэн ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2026/03175 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******, БНХАУ-ын иргэн ******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
******* ХХК-ийн хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, хариуцагчид хувьцааг буцаан шилжүүлж авахыг даалгаж, түүнийг компанийн өмчлөгч болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* болон БНХАУ-ын иргэн ******* бид ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч *******той төмрийн хүдэр худалдан авахаар харилцан тохиролцсоны дагуу 125,600,000 төгрөгийг түүний компанийн ******* банкны ******* тоот дансанд шилжүүлсэн. Гэтэл ******* нь төмрийн хүдэр нийлүүлэхгүй удаад байхаар нь төмрийн хүдрийн оронд түүний хувьцааг нь эзэмшдэг, ******* ХХК-ийн нийт хувьцааг худалдан авч, компанийнх нь эрхийг шилжүүлэн авахаар тохиролцон 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэн авах гэрээг тус тус байгуулсан.
1.2. Тухайн үед ******* ХХК-ийн эрхтэй холбогдуулан бусдад төлөх өр төлбөрийн асуудлаар лавлагаануудыг зохих байгууллагуудаас авсан байгаа гээд холбогдох баримт бичгүүдийг бидэнд үзүүлж байсан. Түүнчлэн төмрийн хүдрийн үнэ болох 125,000,000 төгрөгийг бидэнд төлж дуусгасны дараа компанийн эрх болон хувьцаагаа буцаан шилжүүлж авна гэж тохирсон байсан. Ингээд ******* ХХК-ийн 20,000 төгрөгийн 100 хувийн хувьцааны 70 хувийг *******, 30 хувийг БНХАУ-ын ******* эзэмшихээр харилцан тохиролцож, компанийн гэрээ, дүрмээ шинэчлэн боловсруулж улсын бүртгэлд бүртгүүлсэн.
1.3. Энэ хугацаанд ******* нь төлөх ёстой төлбөрөө төлөөгүй, компаниа ч шилжүүлж аваагүй байтал 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас холбогдож"... шүүхийн шийдвэрээр бусдад 1,563,110,681 төгрөг төлөх үүрэгтэй болсон байна, үүргээ биелүүлнэ үү гэж ярьсан. 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очиж уулзаад ******* ХХК нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №191/ШШ2025/04973 тоот шийдвэрээр 1,563,110,681 төгрөг төлөхөөр шийдвэрлэгдсэн гэдгийг мэдсэн. 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүхийн архиваас дээрх шийдвэртэй иргэний хэргийн материалтай танилцахад ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох гүйцэтгэх захирал ******* гардан авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож явсан байсан бөгөөд ******* нь компанийн эрхээ ******* болон БНХАУ-ын иргэн ******* бидэнд шилжүүлсэн талаар шүүхэд мэдэгдээгүй тул шүүх хуралдааны товыг түүний гар утсанд мессежээр мэдэгдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсаар байгаад шүүхийн шийдвэр гарч, ******* ХХК нь одоо 1,563,110,681 төгрөгийг ******* ХХК-д төлөх үүрэгтэй болсон. Бид ******* ХХК-ийн нэхэмжилсэн шүүхээр гаргуулахаар шийдвэрлэсэн 1,500,000,000 төгрөгтэй холбоотой ачаа тээвэрлэх үүрэг хүлээж, төлбөр мөнгө авч ямар нэгэн эрх зүйн харилцаанд орж байгаагүй. ******* нь ******* ХХК-тай тохирч ачаа тээвэрлэх үүрэг хүлээн төлбөрийг нь авсан атлаа ачааг зохих газарт хүргэж өгөөгүй үүргээ зөрчсөн. Гэтэл энэ бүх асуудлаа нуун дарагдуулж бидэнд худал мэдээлэл өгч их хэмжээний өр төлбөртэй компаниа шилжүүлсэн байна.
Бид *******оос авах ёстой төмрийн хүдрийн үнэ болох 125,000,000 төгрөгөө шаардаж утсаар ярьж, биечлэн уулзаж холбогддог байсан байтал иргэний шүүхэд их хэмжээний төлбөрийн асуудлаар хэрэг маргаан хянагдаж байгаа тулаар огт хэлж, мэдэгдэлгүй биднийг хуурч мэхлэн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулснаас шалтгаалан бид их хэмжээний өр төлбөртэй, өртэй этгээдийн тоонд бүртгэгдэн, улмаар хилийн хориг тавигдаж гадаадад зорчих эрхээ хөндүүлж, арилжааны банкнууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг 1,563,110,681 төгрөгийн хэмжээнд зогсоолгосон нь бидний хувийн амьдралд болон бизнесийн үйл ажиллагаанд маш ноцтой үр дагаврыг үүсгэн хохироож байна. 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн ******* ХХК-ийн хувьцаа худалдах, худалдах авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, компанийн эрх болон хувьцааг *******д буцаан шилжүүлснээр ******* миний хилийн хориг цуцлагдаж, гадаадад зорчих эрх нээгдэж, өртэй этгээдийн бүртгэлээс хасагдаж, арилжааны банк дахь данснуудын зарлагын хөдөлгөөн нээгдсэнээр миний хувийн амьдралд болон бизнесийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлөх үр дагавартай.
1.4. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт *******ын хамт очиж уулзсан. ******* нь компанийн хувьцаагаа шилжүүлэх үедээ худлаа ярьж хуурч шилжүүлснээ хүлээн зөвшөөрсөн. Компаниа буцааж авахаар болсон. Иймд 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн ******* ХХК-ийн хувьцаа худалдах, худалдах авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, *******ыг ******* ХХК-ийн эрх болон хувьцааг тус тус буцаан шилжүүлж авахыг даалгаж, *******ыг ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч /эцсийн өмчлөгч/ болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******д холбогдох ******* ХХК-ийн хувьцаа худалдах худалдан авах, эрх шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагчид хувьцааг буцаан шилжүүлж авахыг даалгаж, түүнийг компанийн өмчлөгч болохыг тогтоох тухай нэхэмжлэгч *******, БНХАУ-ын иргэн ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 280,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. ******* ХХК нь хариуцагч *******той 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа шилжүүлэн авахтай холбоотой Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулж, хариуцагч *******ыг ******* ХХК-ийн эрх болон хувьцааг буцаан шилжүүлж авахыг даалгах, *******ыг ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан боловч шүүх нэхэмжлэгч нар нь маргаж буй гэрээний оролцогч биш, мөн хуурч мэхэлсэн хэлцлийн улмаас тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй тул уг хэлцэл нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасантай хамаарахгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
4.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т нэхэмжлэгч нарын төлөөлөгч нь шүүх хүсэлтийг хангахаас татгалзсантай холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан. Гэвч өмнө нь шүүгчийг татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг тодруулахад татгалзахгүй гэж хариулсан ...шүүгчийг татгалзан гаргах үндэслэлийг өмгөөлөгч авах хүсэлтэй гэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт хэлэлцэх шатанд энэ талаар хүсэлт гаргаагүй ... шүүх хуралдаан хуульд заасан тодорхой дэс дарааллаар явагддаг тул Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны 05 дугаар тогтоолд зааснаар энэхүү хүсэлтийг гаргаагүйд тооцож, шүүх хуралдааныг үргэлжлүүлэв гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т хууль зүйн туслалцаа авах эрхийг баталгаажуулсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.8-д хуульд заасан бусад эрх-ийг эдлэхээр заасан. Иймд зохигч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхтэй байхад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт хэлэлцэх шатанд энэ талаар хүсэлт гаргаагүй гэх үндэслэлээр өмгөөлөгч авах эрхийг хязгаарласан нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
4.3. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч,хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлтийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч гаргаж болно. Дээр дурдсан этгээд шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шуух хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх үүрэгтэй гэж, 92.6 дахь хэсэгт Хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана гэж заажээ. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд, зохигч нь шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг шүүх хуралдаан эхлэх үед болон шүүх хуралдааны явцад буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гаргах эрхтэй байна.
4.4. Мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны 05 дугаар тогтоолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсгийг тайлбарлаагүй, мөн 92.6 дахь хэсэгт заасан хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргах талаар тайлбарлаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад хэргийг дангаар шийдвэрлэж буй шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан тохиолдолд шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамж гаргаж, шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулан шийдвэрлүүлэх байсан байна. Гэтэл шүүх, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны 05 дугаар тогтоолд заагаагүй үндэслэлийг баримтлан, шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
4.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо, хууль зүйн мэдлэггүйгээс үүдэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь зааснаар шүүхийн шийдвэрийн улмаас хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж болох этгээд буюу маргааны зүйл болох ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлэн авах тухай Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ******* ХХК -тай байгуулсан иргэн*******гыг /хх-ийн 12-р тал/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна. Хэрэв шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд иргэн *******гын хууль ёсны эрх ашиг хөндөгдөх байжээ. Тиймээс уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн *******гыг гуравдагч этгээдээр оролцуулан шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр бусдын хууль ёсны эрх ашгийг хөндөхгүй буюу шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахаар байна.
4.6. Цаашилбал, нэхэмжлэгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр солих тухай хүсэлтийг шүүхэд гаргах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч *******, БНХАУ-ын иргэн ******* нар хувьцааг нь эзэмшдэг ******* ХХК нь хариуцагч *******той 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа шилжүүлэн авахтай холбоотой Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байхад нэхэмжлэгч нар нь уг гэрээний нэг тал болох ******* ХХК-аар шүүхэд нэхэмжлэл гаргалгүй, харин тухайн компанийн хувьцаа эзэмшигч гэдэг утгаараа өөрсдөө шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэл муутай болсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *******, БНХАУ-ын иргэн ******* нар нь хариуцагч *******д холбогдуулан ******* ХХК-ийн хувьцаа худалдах худалдан авах, эрх шилжүүлэх тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, хувьцааг буцаан шилжүүлж авахыг хариуцагчид даалгаж, түүнийг компанийн өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
3. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй байна.
4. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч ******* нь ******* ХХК-ийн өр төлбөрийг нуун дарагдуулж хуурч мэхлэн компанийн хувьцаа болон эрхийг худалдсан тул гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох үндэслэлтэй гэж тайлбарласан.
4.1. Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч ******* болон ******* ХХК-ийн хооронд 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр компанийн хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээ байгуулах үед өмчлөлийн ямар нэгэн маргаангүй хувьцааг шилжүүлэх, ******* ХХК нь гэрээнд заасан хугацаанд харилцан тохиролцсон үнийг худалдагчид төлөхөөр шилжүүлэхээр харилцан тохиролцсон. /хх-ийн 15-17/
4.2. ******* ХХК болон ******* нарын хооронд 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр компанийн хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээ байгуулах үед өмчлөлийн ямар нэгэн маргаангүй хувьцааг шилжүүлэх, ******* гэрээнд заасан хугацаанд харилцан тохиролцсон үнийг худалдагчид төлөхөөр шилжүүлэхээр харилцан тохиролцсон; /хх-ийн 11-13/
4.3. ******* ХХК-ийн дүрэмд тус компанийн хувьцааны 30 хувийг нэхэмжлэгч *******, 50 хувийг нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *******, 20 хувийг ******* нар тус тус эзэмшихээр заасан байна. /хх-ийн 20-24/
5. Дээрх баримтуудаар нэхэмжлэгч *******, БНХАУ-ын иргэн ******* нар нь ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч байх бөгөөд тус компани нь хариуцагчтай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр ******* ХХК-ийн хувьцааг шилжүүлэн авсан, улмаар ******* ХХК нь *******тай байгуулсан худалдах-худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг *******д шилжүүлсэн байна.
6. Нэхэмжлэгч *******, БНХАУ-ын иргэн ******* нар нь ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд тус компанийн хариуцагчтай байгуулсан маргаан бүхий компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болоыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байна.
6.1. Энэ тохиолдолд ******* ХХК болон уг компаниас ******* ХХК-ийн хувьцааг шилжүүлэн авсан ******* нарын эрх ашиг хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн эсэхийг анхан шатны шүүх тодруулах шаардлагатай байжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж заасан.
6.2. Хэрэгт маргаан бүхий хуулийн этгээдүүдийн улсын бүртгэлийн хувийн хэрэг авагдаагүй, түүнчлэн гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн эсэх талаар талуудыг мэтгэлцүүлээгүй нөхцөлд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй. Хэдийгээр талуудаас гуравдагч этгээд оролцуулах хүсэлт гаргаагүй хэдий ч шүүх чиглүүлэх, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөхөөр байгаа талаар тайлбарлах үүрэгтэй.
Энэхүү нөхцөл байдлыг тодруулах нь нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөхөд ач холбогдолтой, уг ажиллагааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд, давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.
7. Мөн нэхэмжлэгч талаас 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх шийдвэрлэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл, зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхтэй бөгөөд шүүх уг эрхийг бодитоор хэрэгжүүлэх боломжоор хангах үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул энэ талаарх давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлтэй байна.
8. Харин анхан шатны шүүх хуралдааны явцад гаргасан шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хүсэлт шийдвэрлэсэн ажиллагаатай холбон тайлбарлаж, тухайн хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Учир нь, нэхэмжлэгч талаас шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шүүхээс өмгөөлөгч авах хүсэлтийг хангаагүйтэй холбогдуулан гаргасан боловч энэ нь шүүгчийн хувийн ашиг сонирхол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шударгаар оролцох боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2026/03175 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН
Ч.БАТЧИМЭГ