Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 439

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн

улсын яллагч Д.Пүрэвдагва

шүүгдэгч П.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-нд Дархан-Уул аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль орчны хяналт үнэлгээний мэргэжилтэй, Дэлхийг гэрэлтүүл ТББ-д менежер ажилтай,  Баянгол дүүргийн 00 дугаар хороо 00 дугаар байрны 000 тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:00000000000/, П.Эт холбогдох эрүүгийн 1805036950356 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

П.Э 2018 оны 7 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Парис баарны зүүн талын гэрлэн дохиотой уулзварын хажууд Г.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч П.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.  

Хавтаст хэргээс:

Хохирогчоор П.Э мөрдөн байцаалтанд: 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр өөрийн найз Б, М, Бат нартай уулзахаар болж 21 цагийн үед Номин их дэлгүүрийн хажууд уулзсан. Тэгээд бид 4 хэсэг гадуур алхаж байгаад 00 цагийн үед Модны 2-ын Парис бааранд орсон. Бид нар бааранд сууж байхдаа 3-4 шил пиво хүн бүр ууцгаасан. Бүжгийн талбай дээр надаас бусад нь гарч бүжиглэсэн. Тэр үед Бат нэг хүүхнийг өдөөд байсан. Ингээд шөнийн 03 цагийн үед уг баарнаас гараад Шөлөндөө хоолны газар орж хоол идэх гээд зам дагаад явж байтал Бат урд зам дагуу явж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр дээр өдөх гэж очсон. Тэгтэл Бат эрэгтэйтэй нь маргалдаад заамдалцаад түлхэлцээд байхаар нь би араас нь очоод боож газар унагаад өшиглөсөн. Тэгтэл нөгөө залуу өөдөөс босож ирээд хүзүү рүү цохих шиг болсон. Гэтэл Б надад хандан хүзүүнээс чинь цус гарч байна гэж хэлсэн. Тэгээд Баттай хамт гэмтлийн эмнэлэг явсан. Намайг араас нь боогоод газар унагаад Г.Быг өшиглөж байхад өөр хүн Г.Быг цохиж зодоогүй ...Г.Быг татан унагаад өшиглөх үед гар хуруу шалбарч гэмтсэн байх. Өөр хүн тухайн үед Г.Быг зодоогүй. /хх-ийн 41/ гэх мэдүүлэг

 

Хохирогч Г.Б мөрдөн байцаалтанд:  2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 19 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Парис баарны караокед танил Ц, Д.Э нартай уулзан 4 цаг дуулсан. Мөн нэг цаг үнэгүй нэмж өгч байсан. Хүний 3-4 шил пиво уусан. 00 цагийн үед караокеноосоо гараад дотор нь байдаг баар руу орж бүжиглэж байхад Д.Э дээр 40 орчим насны залуу ирсэн. Бид нар хамт бүжиглэж байгаад буцаад өрөөндөө орсон. Сүүлд ирсэн залуу өөрийгөө Доржоо гэж танилцуулаад хэсэг юм ярьж дуулж байгаад явъя гээд 03 цагийн үед бүгдээрээ караокегоос гараад хойшоо зам дагаад хороолол руу алхсан. Доржоо, Д.Э хоёр замын цаанаас такси барихаар зам гарсан. Ц бид 2 такси барих гээд Чингүнжавын хөшөөний харалдаа Хөгжил хотхон руу эргэдэг уулзварын хажууд Ц бид хоёр юм яриад аажуухан алхаж байтал араас хэсэг залуучууд чанга дуугараад гараад ирсэн. Бид хоёр Хөгжил хотхон руу дөнгөж эргэтэл нөгөө залуучууд араас ирээд бараан хувцастай залуу нь Цийг хашаа руу шахах шиг болтол миний араас нэг нь хоолойноос татаад газар унагаад тал талаас өшиглөөд цохиод байсан. Би биеэ хамгаалаад бултаад цохиулаад л байсан. Арай гэж босоод би цагдаа руу залгасан боловч миний утас болохгүй байхаар нь өөрийн амьдардаг Хөгжил хотхоны 31 дүгээр байр руу зугатаад гэрлүүгээ ороод гэрийнхээ 76015027 дугаараас цагдаа руу дуудлага өгсөн эсэхээ санахгүй байна. Цонхоороо хартал зодоон болсон газар цагдаа ирчихсэн байхаар нь гараад очтол 2 цагдаа ирчихсэн байсан. Намайг зодсон залуучуудаас хоёр залуу нь үлдчихсэн бусад нь байхгүй байсан. Намайг тэр 2 залуутай хамт гэмтлийн эмнэлэг рүү авч яваад тэгээд цагдаа дээр ирсэн...Би миний гарыг хэн юугаар зүссэнийг мэдэхгүй. Бүгдээрээ гартаа пивоны шил барьчихсан байсан. Хүзүүний зулгаралт гэмтэл нь араас нэг нь татаад унагах үед үүссэн байх. Өвдөгний гэмтэл нь зодуулж байхад л үүссэн. Намайг 4-5 залуу нийлж зодсон...Нэг залуу нь Цтэй зууралдаад байсан. Үлдсэн 4-5 залуу нь намайг зодсон. Тэр дундаас нэг өндөр залуу нь их зодсон. Би өндөр залууг харвал таних байх. Тухайн үед харанхуй гудамжинд араас ирсэн учир царай зүсийг нь сайн харж чадаагүй...Цийг бараан хувцастай залуу нь барьж аваад хана руу шахахад нь би хүүе та нар яаж байна гэж хэлэх гэтэл араас татаж унагаад зодсон. Хоорондоо маргаж зодолдсон зүйл байхгүй. /хх-ийн 46-47/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Л.Б мөрдөн байцаалтанд: 2018 оны 7 сарын 05-ны өдөр 21 цагийн үед найз М, Бат, П.Э нарын хамт Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Парис бааранд орж хүний 2-3 шил Тайгер нэртэй пиво авч уугаад тэндээ бүжиглэж байгаад 03 цагийн үед баарнаас гараад тооцоо хийгээд үлдсэн мөнгөөрөө Шөлөндөө орж хоол идэхээр Чингүүнжавын хөшөөний харалдаа хойшоогоо хороолол руу алхаад  юм яриад явж байтал Хөгжил хотхон руу эргэдэг уулзвар дээр 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн хоорондоо юм яриад зогсож байсан. Тэгтэл нэг нь хөөе бацаануудаа ямар дуутай шуутай явдаг юм бэ  гэсэн чинь Бат хариуд нь бид нар хоорондоо юм яриад явж байна гээд тэр ах дээр очсон. Удалгүй хоёулангийнх нь дуу чангараад ирсэн чинь П.Э очоод одоо больцгоо ингээд салаад явъя гээд Бат маргаж байсан өндөр ахыг хойш нь түлхтэл нөгөө ах гараа далайх шиг болсон. Тэгтэл П.Эын хүзүүний зүүн хэсэгт юмаар зүссэн юм шиг онгойгоод цус гарч байхаар нь би хүзүүнээс чинь цус гарч байна гэтэл П.Эын хүзүүг зүссэн юмаараа нөгөө ах миний толгойг хатгачихсан. Тэгснээ өөрөө цагдаа руу залгаад “намайг дээрэмдэх гэж байна зодлоо” гэж цагдаа руу ярьсан. Бид нар П.Эын хүзүүг харж сандраад эмнэлэг явъя гээд ярьж байх хооронд нөгөө ах гэнэт алга болчихсон. Бат, П.Э хоёр түрүүлээд такси бариад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Тэгээд хамт явж байсан хүмүүсээс нь нөгөө ах хаачив гэж асуугаад явуулахгүй байлгаж байтал 10-15 минутын дараа 2 цагдаа иртэл П.Эыг зүссэн ах хаанаас ч юм гэнэт гараа зүсчихсэн өвдгөө шалбалчихсан гарч ирээд намайг эд нар ийм болгосон гээд байсан. М бид хоёр П.Эыг түрүүлээд гэмтлийн эмнэлэг явсан гэдгийг хэлтэл цагдаа П.Эыг зүссэн ах М бид гурвыг машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. П.Эыг зүссэн ахтай хамт явж байсан хүмүүсийн араас такси бариад цагдаагийн хэлтэс дээр ирээрэй машинд багтахгүй нь гээд орхиод явсан. Би гэмтлийн эмнэлэг дээр очиж толгойгоо үзүүлтэл оёдол тавих шаардлагагүй гээд боолт хийж өгсөн. Тэгээд цагдаа дээр ирж мэдүүлгээ өгөөд явцгаасан...П.Эын хүзүүг зүссэн ах өөрөөсөө гадна хоёр эмэгтэй нэг ахтай хамт дөрвүүлээ явж байсан. Нэг эмэгтэй нь болохоор П.Эын хүзүүг харчихаад хүзүү чинь аймаар болчихож би цагдаа дээр очиж та нарын талд мэдүүлэг өгнө гэсэн боловч араас ирээгүй. Бид нар тухайн үед дөрвүүлээ явж байсан. М, П.Э, Бат тэгээд би байсан. Өөр хүн байгаагүй. /хх-ийн 13-14/ гэх мэдүүлэг,

 

Гэрч И.Ц мөрдөн байцаалтанд: 2018 оны 7 сарын 05-ны өдөр 22-23 цагийн үед Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Парис баарны хажуу талын пабад танил Г.Бтай уулзахаар найз Д.Этай очин хоол идээд Парис баар руу орж хэсэг бүжиглэсэн. Тухайн үед бүжиглэж байхад өндөр залуу намайг өдөөд байгаа бололтой урдуур хойгуур гүйгээд байхаар нь за яршиг больё гээд 03 цагийн үед баарнаас гараад такси барихаар хороолол руу хойшоо алхаж байтал хэсэг банди нар араас гүйж ирээд нэг залуу нь миний дээрээс нөмрөөд авах шиг болохоор нь би цочоод хүүе ээ чи яаж байна аа гээд орилтол Г.Б ах та нар яаж байна ч гэлүү нэг юм хэлтэл нөгөө залуучууд Г.Б ах дээр шавчихсан байсан. Би намайг бариад авсан хүүхдийг холдооч гээд түлхтэл миний баруун гарны бугуй хэсгээс таттал би эрчиндээ урагш газар унаад босоод иртэл Г.Б ах цэнхэр билүү цагаан хашааны хажууд наана цаанаа ороод гүйж байгаад өөрсдөө больсон. Нэг мэдсэн Д.Э хажууд ирчихсэн байсан. Би хэсэг шоконд ороод чарлаж байснаа санаж байна нэг мэдсэн миний хажууд нэг залуу нь толгойгоо хагалуулчихсан гээд толгойноос нь цус гарчихсан үзүүлээд сууж байхаар нь түргэн дуудаад хурдан яваач гэтэл нэг нь бас танай наад хүн чинь манай нэг найзыг зодоод гэмтээчихсэн түрүүлээд гэмтэл явчихсан гэж байсан. Би цагдаа ирэхэд Д.Эг тэврээд би юунд орооцолдчихвоо гээд уйлж байснаа л санаж байна...Би Г.Быг хэнийг юугаар зүсэж гэмтээснийг хараагүй. Зодоон маш хурдан болж өнгөрсөн. Миний санаж байгаагаар Г.Б ах газар уначихсан дээрээс нь хар өнгийн хүрэмтэй эрэгтэй хүүхэд хөлөөрөө өшиглөөд гараараа цохиод байгаа харагдсан. Мөн босчихсон бултаад байгаа бололтой гүйж байгаа харагдсан. Зодоон дууссаны дараа нэг хүүхэд нь толгойгоо хагалуулчихсан гээд толгойноос нь цус гарчихсан байсан. Бас нэг нь гэмтээд гэмтлийн эмнэлэг түрүүлээд явсан гэж байсан. Гэмтлийн эмнэлэг явсан хүүхдийг би хаанаа яаж гэмтсэнийг нь хараагүй...Маргасан зүйл бол байхгүй. Танихгүй хүүхдүүд байсан. Араас ирээд нэг нь намайг нөмрөөд авах шиг болохоор нь хүүе гээд орилтол Г.Б намайг өмөөрөөд тэр хүүхдүүдтэй маргаж зодолдсон. Би сүүлд харахад нэг хүүхэд нь бааран дотор намайг хоргоогоод байсан залуу байх шиг байсан. Зодоон болсоны дараа цагаан өнгийн цамцтай гартаа шивээстэй залуу нь танай хүн манай найзуудыг зодчихлоо гээд надтай маргаад байсан. Харин толгойгоо хагалуулсан гэх хүүхэд нь нилээн тэвчээртэй гайгүй хүүхэд байсан. Би та нар яах гэж ирсэн юм бэ хүн дээрэмдэх гэж байсан юм уу гээд загнаж байхад чимээгүй суугаад байсан...Бараан өнгийн хувцастай эрэгтэй хүүхэд байсан. Би одоо хараад таних эсэхээ мэдэхгүй байна. Ямар ч байсан зодоон болж дууссаны дараа зүүн гар дээрээ битүү шивээстэй цагаан цамцтай махлагдуу залуу нь би Говь-Алтайгаас ирээд найзуудтайгаа явж байсан гэлүү хөдөөнөөс ч ирсэн гэлүү одоо цагдаа ирэхээр гоё юм болно та өөрөө гэрч болноо гээд байсан. /хх-ийн 25-26/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Э мөрдөн байцаалтанд: 2018 оны 7 сарын 05-ны өдөр гэртээ байж байгаад найз Цтэй утсаар холбогдоод Баянгол захын доошоо уруудаад гудамжинд 21 цагийн үед уулзсан. Тэгээд бид хоёр хамт юм ярьж сууж байгаад пабад орж пиво ууж хоол авч идчихээд нилээд сууж байгаад караокед орохоор болоод уг Хаан паласийн ойролцоо байх караокед орж дуулсан. Пиво авч ууцгаасан. Ингээд сууж байхад Ц, Г.Б гэх хүнийг дуудсан. Тэгээд Г.Б ирээд бид гурав хамт сууж пиво ууцгаасан. Манай найз Ц бол яахав уусан байх өө. Ингээд караокеноос гарахын алдад Г.Бы таньдаг миний бас зүс мэдэх хааяа ганц нэг уулзаж байсан Бямбаа ирсэн. Тэгээд бид дөрөв уг газраас шөнийн 03 цагийн үед гараад явсан. Уг караоке цаанаа кабин өрөөтэй наанаа баартай байсан бөгөөд бид нар өрөөндөө суунгаа наашаа гарч ирээд бүжиглээд яваад байсан юм. Ингээд уг газраас гараад би Бямбаа ахтай хамт намайг хүргэж өгөхөөр болоод явсан. Ц, Баяраа тэр хоёр бие биенээ сугадаад хамт үлдсэн. Ингээд зам хөндлөн гараад тэр хоёроос 100 орчим метр зайтай явж байхад гэнэт хашгиралдаад Цийн дуу гарахаар нь Бямбаа ах бид хоёр яваад очсон. Ц над руу нэг залуу дайрлаа гэж хэлж байсан. Цаад талд нь Баярааг 4-5 залуу газар унагаасан өшиглөөд зодож байсан. Хэн нь яаж цохиж зодсон талаар нь мэдэхгүй байна...Миний санаж байгаагаар бүгдээрээ л овоорчихсон байсан. Тэрнээс биш хэн нь цохиж зодсоныг бол мэдэхгүй байна. Цасаа надад хэлэхдээ өндөр шар залуу гүйж ирээд өөрийг нь бариад авсан гэсэн. Тэгээд ширвээд унагаасан гэсэн...Тэр залуучуудын хоёр нь таксинд суугаад явчихсан бөгөөд би дараа нь Цээс хоёр залуу нь такси аваад зугтаачихсан юм биш үү гэж асуутал үгүй ээ тэр чинь нэг нь нэг найзыгаа аваад эмнэлэг явсан юм байхгүй юу. Нэг нь баахан цус болчихсон гэмтсэн найзыгаа аваад явсан гэж хэлж байсан. Ц хэрэг болох үед яг хажууд нь байсан учир болсон үйл явдлын талаар бүх зүйлсийг мэдэж байгаа байх. /хх-ийн 31/ гэх мэдүүлэг

 

Гэрч М.М мөрдөн байцаалтанд: 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр манай найз Бат хөдөөнөөс ирээд уулзахаар болоод П.Э, Бат, Б бид дөрөв хорооллын Номин их дэлгүүрийн арын сааданд 21 цаг өнгөрч байхад уулзаад хорооллоор дэмий явж байгаад 23 цаг өнгөрөөд 00 цаг дөхөж байгаад Бийн өмнө нь ажиллаж байсан газар гээд Парис нэртэй бааранд орсон. Уг байранд шөнийн 03 цаг хүртэл суусан. Бааранд байхдаа хүн бүр 3-4 шил пиво уусан. Ингээд шөнийн 03 цаг өнгөрч байхад уг баар хаагаад уг газраас гараад хорооллын Шөлөндөө хоолны газар ороод замаар дээшээ өгсөж байхад Хөгжил хотхоны гэрлэн дохионы ойролцоо явж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр руу Бат гүйж очоод эмэгтэйг нь өдөөд эрэгтэйтэй нь барилцаад авсан. Тэгтэл П.Э очоод хойноос нь боогоод газар унагаасан. Тэгтэл араас нь Б бид хоёр очсон. Тэр үед П.Э Г.Б гээд байгаа ахыг газар унагаад өшиглөсөн, нөгөө ах босож ирээд П.Эын хүзүү хэсэгт цохисон. Тэгтэл П.Эын хүзүүнээс цус гараад эхэлсэн. Тэгтэл нөгөө ах маргалдахаа болиод би П.Эыг гэмтлийн эмнэлэг явах уу гэж хэлээд Бат- Амгалан П.Эыг дагуулаад гэмтлийн эмнэлэг явсан. Энэ үед хажууд зогсож байсан туранхай эгч нь хүүхэд аймаар болгочихлоо эмнэлэг яв гэж хэлж байсан. Тэр үед Б бас тэр ахад цохиулсан байсан бөгөөд хойшоо ухарч байхдаа ургаа модонд толгойгоо шалбалаад бага зэрэг цус гарсан байсан. Ингээд цагдаа нар ирсэн...П.Э газар унагаад өшиглөх үед нөгөө ах босож ирээд хүзүү рүү нь цохисон. Тэгтэл цус гараад эхэлсэн. Би халаасандаа юм авчихсан явж байсан гэж бодож байгаа. Тэр үед хагарч бутарсан архины шил ч юм уу иртэй зүйл байгаагүй. Үүнээс өмнө П.Эын хүзүү хэсэг зүгээр байсан. Г.Бы гарт юу байсныг бол хараагүй. Энэ үйл явдал маш хурдан болоод өнгөрсөн. Ямар ч байсан П.Э тэр ахыг араас нь боож газар унагаад цохисон нь үнэн. Тэр ах босож ирээд П.Эын хүзүү рүү цохиж цус гаргасан нь үнэн. /хх-ийн 33/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Бат мөрдөн байцаалтанд: 2018 оны 7 сарын 05-ны өдөр найз Б, П.Э, М нартай хорооллын Номин их дэлгүүрийн ард уулзсан. Тэгээд бид нар сааданд суух алхах зэргээр цаг нөхцөөж байгаад 23 цаг өнгөрч байхад Парис нэртэй бааранд орсон. Бид нар бааранд орохоос өмнө архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Ингээд бааранд ороод хүн бүр 2-3 шил пиво уусан. Тэгээд хэсэг бүжиглэж байгаад 03 цаг болж байхад уг баарнаас гараад Шөлөндөө хоолны газар орж хоол идэхээр явсан. Ингээд явж байхад Хөгжил хотхоны гэрлэн дохиотой уулзварын тэнд нэг ах, эгч хоёр явж байхаар нь намайг дуудах шиг болохоор нь би гүйж очоод маргалдсан. Эмэгтэй нь айгаад орилоод холдсон. Тэгтэл нөгөө ах маргалдаад надтай заамдалцаад авсан. Тэр үед П.Э араас нь очоод хоолойг нь боож арагш унагаад өшиглөсөн. Тэр үед нөгөө ах босч ирээд зүүн талын халаас, тэлээнийхээ тэр хэсгийг хоёр гараараа оролдож байгаад баруун гартаа бариад өөдөөс ширвээд байсан. Тэр үед П.Эын хүзүүний зүүн талын хэсэгт гартаа барьсан зүйлээрээ цохисон. Тэгтэл П.Эын хүзүүнээс цус гарч байсан., Тэгээд би удалгүй эмнэлэг аваад явсан. Тэр ахын гарт байсан зүйл нь бага зэрэг гялгардуу байсан. Миний нүдэнд яг харагдсан. Гэхдээ их жижиг зүйл байсан. Намайг эмнэлэг рүү П.Этай хамт явах гэж байхад хамт байсан хоёр эмэгтэй нь хүн аллаа та нар зугт гээд байсан. Нөгөө ах Хөгжил хотхоны тийшээ яваад өгсөн бөгөөд дараа нь гэнэт гараад ирчихсэн байж байсан. /хх-ийн 35/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8833 дугаартай дүгнэлтэнд: П.Эын биед хүзүүний хатгагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 49/ гэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8434 дугаартай дүгнэлтэнд: Г.Бы биед баруун гарын 5 дугаар хурууны шарх, хүзүүний зулгаралт, зүүн гарын 1 дүгээр хурууны алганы хэсгийн цус хуралт, зүүн өвдөгний үений цус хуралт баруун өвдөгний үений зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл  нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. Г.Б  нь өөрийнхөө гарыг зүсэж гэмтээсэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. /хх-ийн 54/ гэжээ.

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 60/

Хохирогч Г.Баас Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд суухгүй” гэсэн бичгийн хүсэлт /хх-ийн 122/,

 

Сэжигтнээр Г.Б мөрдөн байцаалтанд: ...тухайн үед би биедээ ямар нэг зэвсгийн чанартай эд зүйл авч яваагүй. Би П.Эын цохиогүй. Надад цохих боломж өгөөгүй. Тухайн үед би халаасаа дарж үзсэн. Би өөрийнхөө түрийвч, гар утас зэргийг байна уу л гэж үзсэн...энэ явдал манай гэрийн хажуу талд болсон. Намайг хэн хэн цохисныг мэдэхгүй байна. Бүгдээрээ л цохиод байсан байх.  Хэн нь хаана юугаар цохисныг үнэхээр мэдэхгүй байна. /хх-ийн 68/,

 

Яллагдагчаар П.Э мөрдөн байцаалтанд: 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр өөрийн найз Б, М, Бат нартай уулзахаар болж 21 цагийн үед Номин их дэлгүүрийн хажууд уулзсан. Тэгээд бид дөрөв хэсэг гадуур алхаж байгаад 00 цагийн үед Модны 2-ын Парис бааранд орсон. Бид нар бааранд сууж байхдаа 3-4 шил пиво хүн бүр ууцгаасан. Бүжгийн талбай дээр надаас бусад нь гарч бүжиглэсэн. Тэр үед Бат нэг хүүхнийг өдөөд байсан. Ингээд шөнийн 03 цагийн үед уг баарнаас гараад Шөлөндөө хоолны газар орж хоол идэх гээд зам дагаад явж байтал Бат урд зам дагуу явж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр дээр өдөх гэж очсон. Тэгтэл Бат эрэгтэйтэй нь маргалдаад заамдалцаад түлхэлцээд байхаар нь би араас нь очоод боож газар унагаад өшиглөсөн. Тэгтэл нөгөө өөдөөс босож ирээд хүзүү рүү цохисон. Гэтэл Б надад хандан хүзүүнээс чинь цус гарч байна гэж хэлсэн. Тэгээд Баттай хамт гэмтлийн эмнэлэг явсан. Намайг араас нь боогоод газар унагаад Г.Быг өшиглөж байхад өөр хүн Г.Быг цохиж зодоогүй. ...Г.Быг татаж араас нь боож унагаад өшиглөх үед хүзүүний зулгаралт гэмтэл болон гар хуруу шалбарч гэмтсэн байх. Өөр хүн тухайн үед Г.Быг зодоогүй...Г.Б гэх ах учруулсан. Миний хүзүү рүү гараараа цохисон. Тэгтэл цус гараад эхэлсэн. /хх-ийн 85/ гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор П.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 88/ зэрэг бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

 

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

П.Э нь 2018 оны 7 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Парис баарны зүүн талын гэрлэн дохиотой уулзварын хажууд Г.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Г.Бы“...Цийг бараан хувцастай залуу нь барьж аваад хана руу шахахад нь би хүүе та нар яаж байна гэж хэлэх гэтэл араас татаж унагаад зодсон...” /хх-ийн 47/,

гэрч Л.Бийн “...Бат-тай маргаж байсан өндөр ахыг хойш нь түлхтэл нөгөө ах гараа далайх шиг болсон. Тэгтэл П.Эын хүзүүний зүүн хэсэгт юмаар зүссэн юм шиг онгойгоод цус гарч байхаар нь би хүзүүнээс чинь цус гарч байна гэсэн...” /хх-ийн 14/,

гэрч И.Цийн“...Г.Б ах та нар яаж байна ч гэлүү нэг юм хэлтэл нөгөө залуучууд Г.Б ах дээр шавчихсан байсан...миний санаж байгаагаар Г.Б ах газар уначихсан дээрээс нь хар өнгийн хүрэмтэй эрэгтэй хүүхэд хөлөөрөө өшиглөөд гараараа цохиод байгаа харагдсан...Бас нэг нь гэмтээд гэмтлийн эмнэлэг түрүүлээд явсан гэж байсан” /хх-ийн 26/,

гэрч Д.Эгийн“...цаад талд нь Баярааг 4-5 залуу газар унагаасан Өшиглөөд зодож байсан...”/хх-ийн 31/,

гэрч М.Мөнх-Эрдэнийн“...П.Э очоод хойноос нь боогоод газар унагаасан...тэр үед П.Э Г.Б гээд байгаа ахыг газар унагаад өшиглөсөн. Тэгтэл нөгөө ах босож ирээд П.Эын хүзүү хэсэгт цохисон. Тэгтэл П.Эын хүзүүнээс цус гараад эхэлсэн...” /хх-ийн 33/,

гэрч Б.Батгийн“...Тэгтэл нөгөө ах маргалдаад надтай заамдалцаад авсан. Тэр үед П.Э араас нь очоод хоолойг нь боож арагш унагаад өшиглөсөн. ...П.Эын хүзүүний зүүн талын хэсэгт гартаа барьсан зүйлээрээ цохисон...” /хх-ийн 35/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8434 дугаартай дүгнэлт /хх-ийн 54/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 60/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр бичгийн нотлох баримтуудаар мөрдөн байцаалтын явцад П.Э үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”... Бат эрэгтэйтэй нь маргалдаад заамдалцаад түлхэлцээд байхаар нь би араас нь очоод боож газар унагаад өшиглөсөн. Тэгтэл нөгөө өөдөөс босож ирээд хүзүү рүү цохисон...” /хх-ийн 85/ гэх мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

 

П.Эын Г.Бы бие махбодид халдсан үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан...гэмт хэрэгт тооцогдох үйлдэл” байх бөгөөд уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн санаатай гэмт хэрэгт” тооцогдоно.

 

П.Эын дээрхи үйлдлийн улмаас Г.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь үйлдэл, хохирол хоорондын шалтгаант холбоотой гэж үзнэ.  

 

Иймд хяналтын прокуророос П.Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч П.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас П.Эыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хэрэгт авагдсан хохирогч Г.Бы “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг /хх-ийн 122/ үндэслэн шүүгдэгч П.Эын бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

 

Нөгөөтэйгүүр энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Г.Быг П.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Бы үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй, мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2-т “аливаа хүн аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй” гэж тус тус заасан хуулийн шаардлагад нийцсэн.

Түүнчлэн Г.Б өөрт нь халдсан халдага нэгэнт эхэлсэн, үргэлжилж байхад аргагүй хамгаалалтын үйлдэл хийсэн байх ба халдлага бодитой эхлээгүй, эсхүл довтолгоон төгссөн үед үйлдэл хийсэн байдал тогтоогдоогүй гэж дүгнэж түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хяналтын прокурор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 117-119/

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч П.Эыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч П.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

П.Эын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдлыг харгалзан шүүхээс торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.  

 

Хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                                         

 ТОГТООХ нь:

 

  1. П.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч П.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. П.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ДАЙРИЙЖАВ