Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 00638

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,

     Б.Батжаргалыг албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг 2016 оны  5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Увс аймаг дахь Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Д.Бадамрагчаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус аймгийн Улаангом сумын 5 дугаар багт оршин суух, Батчулууны Батжаргал /ОЮ66011711/-ыг албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг түүний ар гэрийн зүгээс гаргасан ба эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр 2 дугаар шатны архинд донтох өвчтэй болох нь тогтоогдсон тул Б.Батжаргалыг албадан эмчилгээнд хамруулах саналыг холбогдох материалын хамт хүргүүлэв” гэжээ. 

     Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар нь Б.Батжаргалыг  албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

  Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Батжаргалын эцэг Б.Батчулуунаас 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Цагдаагийн газарт “Хүү Б.Батжаргал нь байнгын архидан согтуурч, амгалан тайван байдал алдагдуулдаг тул түүнийг архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү” гэх утга бүхий хүсэлт өгсний дагуу Увс аймгийн Цагдаагийн газар нь иргэн Б.Батжаргалыг архины албадан эмчилгээнд хамруулахаар тус газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 46-04/95 тоот тодорхойлолт, аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас” зэргийг хавсарган ирүүлсэн байна.

       Гэтэл Увс аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 46-04/95 тоот тодорхойлолтод: “Улаангом сумын 5 дугаар багийн иргэн Батчулууны Батжаргал нь удаа дараа архидан согтуурч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, захиргааны арга хэмжээ авагдаж байсан нь үнэн” гэсэн байх боловч энэ нөхцөл байдлыг нотлох баримт буюу Б.Батжаргалын удаа дараа захиргааны арга хэмжээ авагдаж байсан тухай баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байна.

        Мөн Нэгдсэн эмнэлгийн “Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас”-наас үзэхэд Б.Батжаргалыг “Каринтинд” явуулах тухай тэмдэглэсэн байх боловч түүнийг согтуурах донтой эсэх, донтой бол хэддүгээр зэргийн донтолттой болох, Нэгдсэн эмнэлэгт ямар эмчилгээ үйлчилгээ хийгээд үр дүнд хүрээгүй болох талаарх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1150 тоот шүүгчийн захирамжаар дээрх нөхцөл байдлыг тогтоолгохоор аймгийн Нэгдсэн эмнэлгийг шинжээчээр томилж, Б.Батжаргалын согтуурах донтой эсэхийг тогтоохыг даалгасан боловч шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлтэд “Батчулууны Батжаргал 50 настай, эрэгтэй, Улаангом, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй. Онош: Хронический алкоголизм 3 /F10,4/-д элийрэл бүхий үгүйлэл хам шинж. Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэц-Наркологийн эмч П.Батжаргал” гэсэн дүгнэлийг ирүүлжээ.

        Өөрөөр хэлбэл, тухайн шинжээчийн дүгнэлтээс үзэхэд хэдийгээр Б.Батжаргал нь согтуурах донтой боловч түүнийг зайлшгүй архины албадан эмчилгээнд хамруулах шаардлагатай эсэхийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт болохгүй байна.

       Нөгөө талаар, гуравдагч этгээдийн эцэг Б.Батчулуун нь шүүхэд “Миний хүү Б.Батжаргалыг архи уугаад биднийг зовоогоод байхад нь архины албадан эмчилгээнд явуулах талаар 2016 оны 3 дугаар сард Увс аймгийн Цагдаагийн газарт хүсэлт тавьсан юм аа. Тэр үеэс хойш Б.Батжаргал архи дарс уух нь багасаж, одоо бүр архи уухаа больсон. Хүү Б.Батжаргал өвчтэй хэвтэрт байдаг ээжийгээ асарч байгаа тул түүнийг албадан эмчилгээнд явуулах хүсэлтээсээ татгалзаж байна. Мөн Б.Батжаргал нь Сэлэнгэ аймаг руу өөрийн хүүхдүүд рүүгээ очиж, тэндээ байхаар явах гэж байгаа. Иймд түүнийг албадан эмчилгээнд хамруулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэж урьд гаргасан хүсэлтээсээ татгалзсан байна.  

       Түүнчлэн Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн  шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ” гэж согтуурах донтой этгээдийг албадан эмчлэх үндэслэлийг заасан байх ба хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б.Батжаргалын нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн нь нотлогдож, тогтоогдохгүй байна.

        Иймд нэхэмжлэгч Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын Б.Батжаргалыг албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

      Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар Б.Батжаргалыг албадан эмчилгээнд хамруулах тухай Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч  Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА