Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 414

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн,

улсын яллагч Ц.Хашбаатар

шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч Л.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч: 

 

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-нд Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй “Бат трэйд Си”  групп-т борлуулагч, түгээгч ажилтай, ам бүл 00, Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, Ард- Аюушийн өргөн чөлөө, 00 байрны  0000 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, урьд нь 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 493 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260-р  дугаар зүйлийн 1-д  зааснаар тавин мянган төгрөгөөр торгуулсан, 1998 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 170 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260-р зүйлийн 2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн /РД:0000000 /, П.Год холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Яллагдагч П.Г нь 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 12 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хороо 28 дугаар сургуулийн зүүн замд Ниссан Караван маркийн 40-39 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтуудыг зөрчин явган зорчигч Б.Цг мөргөж амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч П.Г шүүхийн хэлэлцүүлэгт: Би өмнө нь 2 аяга айраг уугаад машин барьж явж байгаад жолооны эрхээ хасуулсан. Түүнээс хойш охиноороо машин жолоодуулдаг байсан юм. 2019 оны 3 сарын 4-нд дэлгүүрээс бараагаа нэхээд байхаар нь яараад машинаа зогсоолд эвгүй тавиад орсон. Тэгээд ийм харамсалтай зүйл болсон. Иргэний нэхэмжлэгч нарын хохиролыг үнэлгээний байгууллагын тогтоосон хэмжээгээр бүгдийг төлсөн. Талийгаачийн ар гэр, оршуулгын зардалд 19.100.000 төгрөг төлсөн. Маш их харамсаж байна гэв.

 

Хавтаст хэргээс

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2/

Зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 6/

Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8/

Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25/

Иргэний нэхэмжлэгч Г.А мөрдөн байцаалтанд: Манай байгууллагын 2*1.6 м2 хэмжээтэй 2 хашааг мөргөж гэмтээсэн. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргасан үл хөдлөх хөрөнгийн бүртгэл дахин үнэлгээ гэсэн гарын авлагад 1мкв 41620 төгрөгөөр үнэлсэн байдаг.  Нэг хашаа нь 133.184 төгрөг, 2 хашааны үнэ нь 266.368 төгрөгийн хохирол учруулсан байна. /хх-ийн 38/ гэх мэдүүлэг,

Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлангаар “ 28 дугаар сургуулийн төмөр хашааны эвдэрсэн хэсгийг сэргээн засварлах ажлын хөлс, материалын зардал, тээврийн зардал нийт 250.750 төгрөгөөр үнэлэгдсэн” /хх-ийн 107/ байна.

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Баяраа мөрдөн байцаалтанд: 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 12 цаг өнгөрч байхад би хүүхдээ сургуульд нь хүргэж өгсөн. Автомашинаа 28 дугаар сургуулийн зүүн талын шороо бүхий хэсэг дээр байрлуулчихаад хүүхдээ сургууль руу нь оруулж өгчихөөд эргэж ирээд автомашинаа хөдөлгөх гээд автомашиндаа суутал нэг машины өндөр хааз, бөөн шороо бужигнаад л юм дайрч буй чимээ гарсан. Тэгээд автомашинаасаа буугаад юу болов гээд араар нь тойроод очтол Н.Саravаn маркийн 40-39 УБҮ улсын дугаартай автомашины жолоочийн эсрэг талын хаалгаар бууж ирсэн бөгөөд хаазаа андуураад гишгэчихлээ гээд миний араар тойрч, миний автомашины урд талд гарсан бөгөөд тэр үед хүн дайрагдсаныг мэдсэн. Би нас барсан хүнийг ерөөсөө хараагүй, автомашиндаа суухын өмнө болон суусны дараа толиндоо харахад ерөөсөө харагдаагүй, хаанаас гарч ирснийг мэдэхгүй байна. Би хүн автомашинд дайрагдсан байгааг хараад ерөөсөө тийшээ ойртоогүй.
Миний 44-72 УББ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашинд Мастер үнэлгээ ХХК-аар үнэлгээ хийлгэхэд 895.600 төгрөгний хохирол учирсан. /хх-ийн 45/ гэх мэдүүлэг,

 

Мастер үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлангаар” 44-72 УББ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашины эвдрэлийг  засварлах, солиход нийт 895.600 төгрөгөөр үнэлэгдсэн” /хх-ийн 123-124/ байна.

Иргэний нэхэмжлэгч Ц.Баяраад 950.000 төгрөг  шилжүүлсэн баримт /хх-ийн 205/

 

Хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч Т.Б мөрдөн байцаалтанд: Б.Ц нь миний ээж байгаа юм. Б.Ц нь 1968 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 1-р төрөхөд 3 хүүхэдтэй айлын том охин болж төрсөн. Бага насаа цэцэрлэг, сургуульд хүмүүжсэн бүрэн дунд боловсролтой, оёдолчин хувийн байгууллагаар ажиллаж байсан. Миний ээж Б.Ц нь 1993 оны 7 сарын 16-ний өдөр хүү Т.Б намайг 1994 оны 9 сарын 20-нд охин Т.С нарыг төрүүлсэн. Миний ээж нь улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, даруу төлөв зантай тайван Дөлгөөн хүн байсан. Миний ээж Б.Ц нь сүүлийн жил гаран хугацаанд тогтсон ажил хөдөлмөр эрхлээгүй гэр зуур байсан осолд орох өдрөө гэрээсээ буюу Алтай хотхоноос 28 дугаар сургууль орж дүү Б.Ичинхоролынхоо хүүхдийг авахаар ганцаараа явж байгаад золгүй байдлаар амь хохирсон байна. Жолоочийн зүгээс 3 сая төгрөг гаргаж өгсөн. /хх-ийн 66/ гэх мэдүүлэг,

 

дахин байцаалтаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б”...7.600.000 төгрөгийн буяны зардал гарсан. Жолоочийн зүгээс 7600000 төгрөг өгсөн. Маш их гомдолтой байна. Миний  төрсөн дүү С ээжтэй хамт, байгууллагын байранд манаач хийн ажлынхаа байранд ажиллаж амьдардаг байсан. Дүү маань ээжийг нас барснаас хойш ганцаараа байх болсон бөгөөд гэр оронгүй байгаа. Дүүдээ хашаа байшин ч юмуу гэр оронтой болгочих хүсэлтэй байна...” /хх-ийн 70/ гэх мэдүүлэг,

 

Гэрч А.Н мөрдөн байцаалтанд: 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 12 цаг 05 минутын орчимд 28 дугаар сургуулиас хүүхдээ аваад өлсөөд байна гэхээр нь машинаа 28 дугаар сургуулийн зүүн талын шороо бүхий хэсэг дээр байрлуулчихаад замын урд талд байрлах цайны газарт орж хоол авч идчихээд буцаад автомашин дээрээ ирэх үед автомашинуудын ар талд цагаан өнгийн автомашин сургууль руу автомашиныхаа толгойг харуулаад жоохон хажуу байрлалтай зогсчихсон нэг эрэгтэй хүн автомашинхаа хажууд цаасан дээр юм бичээд, машиныхаа гадаа 3-4 хайрцагтай юм тавьчихсан зогсож байсан. Би охины хамт автомашин дээрээ очтол урд талд нэг хөх өнгийн Приус, ард талд саарал өнгийн Приус маркийн автомашин зогсчихсон байсан. Ард талын машины жолооч ирж байхаар нь би машинаа хөдөлгөх гээд машиндаа суугаад түлхүүрээ түлхэх гэтэл тар түр хийх чимээ гарсан бөгөөд автомашинаасаа буугаад ирэхэд ард зогсож байсан цагаан өнгийн Н.Сагаvаn маркийн 40-39 УБҮ улсын дугаартай автомашин ард зогсож байсан Приус маркийн 44-72 УББ улсын дугаартай автомашин болон миний жолоодож явсан Рremio маркийн 2604 УБС дугаартай автомашинууд, сургуулийн хашааг мөргөн зогссон байсан. Намайг автомашинаасаа бууж ирэх үед талийгаач эмэгтэй автомашинд дайруулсан байдалтай Н.Сагаvаn маркийн 40-39 УБҮ улсын дугаартай автомашины дор нь хэвтэж байсан. Би өөрийн 96024447 дугаараас цагдаагийн байгууллагад дуудпага мэдээлэл өгсөн. Уг хүн намайг харах үед 5 хуруугаа татаж аваад л хөдөлгөөнгүй болсон. Эмнэлгийн тусламж авч амжаагүй нас барсан. /хх-ийн 94-95/ гэх мэдүүлэг,  

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100/

 

Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Тоёота примо 26-04 УБС улсын дугаартай автомашины эвдрэлийг засварлах, солих эд зүйлийн үнэлгээ нийт 1.315.200 төгрөгөөр үнэлэгдсэн” /хх-ийн 116/ байна.

 

Иргэний нэхэмжлэгч  А.Нд 1.373.200 төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 206/

 

Гэрчээр П.Г мөрдөн байцаалтанд: 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 12 цаг 30 минутын орчимд өөрийн эзэмшлийн Н.Сагаvаn маркийн 40-39 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ганцаараа түгээлт хийгээд явж байгаад 28 дугаар сургуулийн замын урд талд байрлах “Атар” нэртэй дэлгүүрт бараа нийлүүлэх зорилготой очсон юм. Тэгтэл зам түгжрэлтэй автомашины хөдөлгөөн их байхаар нь хойшоо эргээд 28 дугаар сургуулийн зүүн талд автомашинаа ташуудуу байрлуулаад бараагаа ялгаж байгаад хартал урд талын автомашин хөдлөөд зай гарчихсан байхаар нь автомашинаа тэгшлээд зогсчихоё гэж бодоод автомашинаа урагшлуулах гээд хаазан дээрээ гишгэтэл урд гэнэт хүн гараад ирсэн. Би сандрахдаа тоормозон дээрээ биш хаазан дээрээ нэмж гишгээд уг хүнийг мөргөчихсөн. Тэгээд цааш зогсоох үйлдэл хийж чадалгүй сургуулийн хажуу талд зогсож байсан Рremio, Приус маркийн хоёр автомашиныг сургуулийн хашлагатай мөргөж зогссон. Тухайн үед явган хүний их хөдөлгөөнтэй сургууль тарж орж байсан үе болохоор сургууль тойроод олон машин тавьчихсан, гадаа нартай дулаахан өдөр байсан. Тэр дороо 102, 103 тусгай дугаарын утсанд дуудлага мэдээлэл өгсөн. Хэргийн газрын үзлэг хийхэд байлцсан. /хх-ийн 101/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1628 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн цус нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. П.Г 49 эр 2019.03.04 гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй. /хх-ийн 131/ гэсэн дүгнэлт,

 

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн  төвийн 12014 дугаартай дүгнэлтэнд: Уг автомашиныг Швед Улсад үйлдвэрлэгдсэн ЕWJ94060 маркийн тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд урд болон хойд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний зөрүү зогсоолын тоормос стандартын шаардлага хангаж байна. Урд зүүн их гэрлийн тусгалын эрчмийг шалгах боломжгүй, баруун гэрлийн ойрын тусгалын эрчим стандартын шаардлага хангахгүй, холын тусгалын эрчим хэвийн байна. Мөн автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -0,6мм/м буюу тохиргоо хэвийн байна. Өнгө үзэмж, ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд Урд буфер түгжээ мултарч унжсан, зүүн талын их гэрэл, дохио, толь мултарч унасан, урд талын нүүр зүүн тал хэсгээрээ 28х30 см хэмжээтэй талбайд хонхойсон, зүүн талын крыло сэрдийсэн, буфер баруун талдаа хонхойж орсон, зүүн крыло хойш чихэгдсэн, баруун талын хаалга доод хэсгээрээ хонхойж зурагдсан, баруун талын хаалганы гишгүүр унасан, баруун талын дохио мултарсан, зүүн талын тоормосны гэрэл, ухрахын гэрэл мөн дугаарын гэрэл асахгүй зэрэг эвдрэл, гэмтлүүдтэй байгаа нь "Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага” стандартыг бүрэн хангахгүй байна.  Урд буферын түгжээ мултарч унжсан, зүүн талын их гэрэл, дохио, толь мултарч унасан, урд талын нүүр зүүн тал хэсгээрээ 28*30 см хэмжээтэй талбайд хонхойсон, зүүн талын крыло сэрдийсэн, буфер баруун талдаа хонхойж орсон, зүүн крыло хойш чихэгдсэн, баруун талын хаалга доод хэсгээрээ хонхойж зурагдсан, баруун талын хаалганы гишгүүр унасан, баруун талын дохио мултарсан, зүүн талын тоормосны гэрэл, ухрахын гэрэл мөн дугаарын гэрэл асахгүй зэрэг эвдрэл, гэмтлүүдтэй байна.  Дээр дурьдсан эвдрэл гэмтлүүд нь осол хэрэг гарах үед үүссэн байх боломжтой. Тоормосны шингэн дамжуулгатай, АВS системтэй байна. Тоормосны систем хэвийн ажиллагаатай, тоног төхөөрөмжөөр хэмжилт хийхэд урд болон хойд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангаж байна. Тоормосны систем нь шингэн дамжуулгатай, АВS тоормосны системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэх үед тухайн замын гадаргуугийн байдал, автомашины хурд зэргээс хамаарч тоормосны тасалдсан мөр үүсэх боломжтой. Уг тээврийн хэрэгслийн спидометр хэвийн ажиллаж байна.  Уг тээврийн хэрэгслийн өөрийн жин 1720 кг, даац 1150кг, бүх жин 2870кг-ын даацтайг тодорхойлов. /хх-ийн 140/ гэжээ. 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 663 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Б.Цгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурьдагдсан амь насыг аврах боломжгүй хавсарсан хүнд гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал автомашинд мөргөгдөх, дайрагдахад үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь босоо, хэвтээ байрлалд үүсгэгдэнэ. Талийгаач Б.Ц нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байжээ. Талийгаач Б.Ц нь дээрх амь насыг аврах боломжгүй хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ. Талийгаач Б.Ц нь АВО системээр Вa(III) бүлгийн цустай байжээ.  Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна. /хх-ийн 149/ гэжээ.

 

Тээврийн цагдаагийн алба замын цагдаагийн газрын шинжээчийн 192 дугаартай дүгнэлтэнд:  Осол хэргийн материалд ирсэн зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлт, зам орчны байдал, тээврийн хэрэгслүүдийн ослын дараах байрлал, тэдгээрийн эвдрэл Н.Караван маркийн 40-39 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл явган зорчигч болон зогсож байсан гэх тээврийн хэрэгслүүдийг мөргөсөн гэх цэгүүдийн байрлал, гадаргуугийн байдал түүн дээр үлдсэн ул мөр, цогцосны байрлал байгууламжийн эвдрэлүүд, гэрчүүдийн мэдүүлэг, жолооч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 663 дугаартай дүгнэлт, 12-ны өдрийн 1628 дугаартай дүгнэлтүүд, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 12014 дугаартай дүгнэлт зэргийг үндэслэхэд Н.Караван маркийн 40-39 УБҮ улсын дугаартай автомашиныг жолоодсон П.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох ”, 1 дүгээр бүлгийн 1.3 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх байр эзлэх зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Зогсож байсан гэх Т.Приус-20 маркийн 44-72 УББ улсын дугаартай автомашины жолооч Ц.Баяраа, Т.Премо маркийн 26-04 УБС улсын дугаартай автомашины жолооч А Насанжаргал болон явган зорчигч, талийгаач Б.Ц нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актуудын ямар нэг зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол хэрэг нь барилга, байгууламж, хашаа бүхий замын зэргэлдээх нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байх ба зам орчны байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан материал, зам орчны байдлыг харуулсан фото, схем зурагт ямар нэг тэмдэг, тэмдэглэл дүрслэгдэж авагдаагүй байна. /хх-ийн 158-159/ гэсэн дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор П.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 176/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 177/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 178/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч П.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 12 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар сургуулийн зүүн замд Н.Саravаn маркийн 40-39 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:       

иргэний нэхэмжлэгч Г.Анударийн“...манай байгууллагын 2*1.6 м2 хэмжээтэй 2 хашааг мөргөж гэмтээсэн...” /хх-ийн 38/,

иргэний нэхэмжлэгч Ц.Баяраагийн“...автомашины өндөр хааз, бөөн шороо бужигнаад л юм дайрч буй чимээ гарсан...миний автомашины урд талд гарсан бөгөөд тэр үед хүн дайрагдсаныг мэдсэн...” /хх-ийн 45/,

хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч Т.Бгийн “...Алтай хотхоноос 28 дугаар сургууль орж дүү Ичинхоролынхоо хүүхдийг авахаар ганцаараа явж байгаад золгүй байдлаар амь хохирсон байна...” /хх-ийн 66/,

гэрч А.Нын“...ард зогсож байсан цагаан өнгийн Н.Саravаn маркийн 40-39 УБҮ улсын дугаартай автомашин ард зогсож байсан Приус маркийн 44-72 УББ улсын дугаартай автомашин болон миний жолоодож явсан Рremio маркийн 26-04 УБС дугаартай автомашинууд сургуулийн хашааг мөргөн зогссон байсан. Намайг автомашинаасаа бууж ирэх үед талийгаач эмэгтэй автомашинд дайруулсан байдалтай Н.Саravаn маркийн 40-39 УБҮ улсын дугаартай автомашины дор нь хэвтэж байсан...” /хх-ийн 94/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1628 дугаартай дүгнэлт /хх-ийн 131/, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн  төвийн 12014 дугаартай дүгнэлт /хх-ийн 140/, цогцост хийсэн шүүх эмнэлгийн 663 дугаартай шинжилгээ /хх-ийн 149/, тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 192 дугаартай дүгнэлт /хх-ийн 158/,  зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2/, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 6/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар П.Гын мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”... автомашинаа урагшлуулах гээд хаазан дээрээ гишгэтэл урд гэнэт хүн гараад ирсэн би сандрахдаа тоормозон дээрээ биш хаазан дээрээ нэмж гишгээд уг хүнийг мөргөчихсөн. Тэгээд цааш зогсоох үйлдэл хийж чадалгүй сургуулийн хажуу талд зогсож байсан Рremio, Приус маркийн хоёр автомашинуудыг сургуулийн хашлагатай мөргөж зогссон...” /хх-ийн 101/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар шүүх үнэлэх үндэслэл болно. 

 

П.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д Жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Цг мөргөж хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.

Зам тээврийн осол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан болгоомжгүйгээр үйлдэгддэг онцлогтой бөгөөд П.Гын дээрхи үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон нь үйлдэл, хохирол, хор уршиг хоорондын шалтгаант холбоотой гэж үзнэ.  

Гэм буруугийн шүүх хуралдаан дээр улсын яллагчаас шүүгдэгч П.Гыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч  зөвшөөрч гэм буруу дээр талууд маргаагүй болно.

Улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул  шүүх хүлээн авч;

шүүгдэгч П.Гыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт  гэм буруутайд тооцов.

 

Хохиролын тухайд иргэний нэхэмжлэгч байгууллага болон иргэний нэхэмжлэгч А.Н, Ц.Баяраа нарт учирсан хохиролуудыг эрх бүхий үнэлгээний байгууллагуудын гаргасан үнийн дүнгээр тус тус төлж барагдуулсан нь

А.Нд 1.373.200 төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 206/, Ц.Баяраад 950.000 төгрөг  шилжүүлсэн баримтуудаар нотлогдож байна.  /хх-ийн 205/

Амь хохирогчийн төрсөн хүү хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Т.Бд 11.600.000 төгрөг шүүгдэгч П.Гоос хүлээлгэн өгсөн баримтыг нотариатаар баталгаажуулан хэрэгт хавсаргасан байна.  /хх-ийн  216/

Тус шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “...П.Г биднээс чин сэтгэлээсээ уучлал гуйж эд материалын болоод сэтгэл санааны хохирол гэж мөнгө төгрөгний дэмжлэг үзүүлсэн, ижилхэн залуу хүний хувьд ч амьдрал ахуй үр хүүхдүүдийг нь бодсон ч уучлалыг нь хүлээж авахын аргагүй...хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Миний бие П.Гоос нэхэмжлэх зүйлгүй...”гэсэн бичгийн хүсэлтийг нотариатаар баталгаажуулж ирүүлсэн байна.

Энэхүү хүсэлтийг харгалзан шүүгдэгч П.Гыг бусдад төлөх төлбөргүйд тооцох үндэслэл болов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгч П.Гыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч П.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа талийгаачийн ар гэрт бусад туслалцаа үзүүлж хохирол төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. 

П.Г нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-т заасан “согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үндэслэлээр 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байна. /хх-ийн 177/

       

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа автомашин жолоодсон П.Гын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ буюу хүний амь нас хохирсон хор уршгийн байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж гурван жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх Эрүүгийн хариуцлагын зорилго болон Шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

Иймд эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “П.Г гэм буруугаа хүлээж хохирол төлбөрөө барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй юм.

Харин П.Г үйлдсэн хэргийн талаар шударгаар мэдүүлж, гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                                                                       

 ТОГТООХ нь:

 

1. П.Гыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч П.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. П.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял эдэлж дууссаны дараа  үеэс эхлэн тоолсугай.

 

4. П.Год оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. П.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. П.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

     

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Гын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ДАЙРИЙЖАВ