Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 00643

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 14-24 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, ОЮ66031408 регистрийн дугаартай, Оготор овогтой Баянхүүгийн Цэцэгмаагийн,

       Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч Б.Цэцэгмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1966 онд төрсөн, одоо 50 настай, Ам бүл 4. Би аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт асрагчаар 1980 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байгаад асрагчийн ажлаас чөлөөлөгдсөн ба 1986 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс Улаангом сумын 8-н жилийн 1 дүгээр дунд сургуульд цэвэрлэгчээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Намайг анх Нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажилд ороход хөдөлмөрийн дэвтэрт миний овгийг “Баянзул” гэж буруу бичсэнээс болж хохирч байна. Миний тэтгэвэрт гарах нас болсон. Иймд 1985 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Б.Цэцэгмаа нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

         Хэрэгт авагдсан 1986 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Нэгдсэн эмнэлгээс олгосон хөдөлмөрийн дэвтэрт “Баянзулын Цэцэгмаа 1966 онд төрсөн, бага боловсролтой, мэргэжилгүй” гээд түүний гэрэл зургийг тавьсан байх ба тухайн хөдөлмөрийн дэвтрийн 4-9 дүгээр хуудаст “1980 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт асрагчаар, 1986 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Улаангом хотын 8 жилийн 1 дүгээр дунд сургуульд цэвэрлэгчээр тус тус ажилласан” гэсэн тэмдэглэл хийгдсэн байна.

          Мөн Увс аймгийн Улаангом хотын 1 дүгээр 8-н жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 19 тоот “Ажилчин авах тухай” тушаалд: “1. Цэвэрлэгч Дэмбэрэлсүрэнгийн оронд Б.Цэцэгмааг 1986 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн ажиллуулж, Дэмбэрэлсүрэнг өөрийнх нь хүсэлтээр ажлаас 3 дугаар сарын 31-нээр тасалбар болгон халсугай. ... Сургуулийн захирал Ц.Цэвээнгэрэл” гэсэн нь Б.Цэцэгмаагийн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэнтэй тохирч байна.

       Нэхэмжлэгч  Б.Цэцэгмаа нь өөрийн төрсөн эх Жинхээгийн Баянхүүгээр овоглодог болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан Ж.Баянхүүгийн даатгалын гэрчилгээ, нас барсны гэрчилгээний хуулбар, мөн нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх, мөн Увс аймгийн Улаангом сумын Ахлах 4 дүгээр сургуулийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 24 тоот тушаалаар тус тус тогтоогдож байна.

           Өөрөөр хэлбэл, Б.Цэцэгмаагийн овог болох “Баянхүү”-г түүний хөдөлмөрийн дэвтэрт “Баянзул” хэмээн буруу бичигдсэн нь дээрх баримтуудаас тогтоогдож байх тул энэхүү зөрчлийг арилгаж, Б.Цэцэгмааг 1986 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Нэгдсэн эмнэлгээс олгосон 150981 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.

           Иймд нэхэмжлэгч Б.Цэцэгмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1986 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Нэгдсэн эмнэлгээс олгосон 150981 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь  ОЮ66031408 регистрийн дугаартай, Оготор овогтой Баянхүүгийн Цэцэгмаа мөн болохыг тогтоож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1986 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Нэгдсэн эмнэлгээс олгосон 150981 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь  ОЮ66031408 регистрийн дугаартай, Оготор овогтой Баянхүүгийн Цэцэгмаа мөн болохыг тогтоосугай.  

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Цэцэгмаагийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА