| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашар Азбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/02652/И/Н |
| Дугаар | 210/МА2026/00178 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2026/00178
“*******” ХХК, “*******” ХК, “*******” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Ч.Батчимэг, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/09940 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “*******” ХХК, “*******” ХК, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******анд холбогдох,
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 612,901,991 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн төлөөлөгч *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.*******ны зарласан тендерт сонгон шалгарсан Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төслийн ерөнхий гүйцэтгэгч “Joint Venture of Ludwig Pfeiffer Hoch-und Tiedbau GmbH&Co.KG and Emit Group”-ийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газартай “*******” ХХК нь 20200426/1 тоот гэрээ, 20200426/2 тоот гэрээг тус тус байгуулан 2018 оноос эхлэн тухайн төсөлд туслан гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн ба эдгээр гэрээний дагуу үүргээ гүйцэтгэсэн бөгөөд 73,015.37 ам.долларын,
“*******” ХК нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тухайн төсөлд шаардагдах бетон зуурмаг нийлүүлсэн. Гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж бетон зуурмагаа нийлүүлсэн бөгөөд 81,209.98 ам.долларын,
“*******” ХХК нь 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр А/20-31 тоот Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээгээр элс, дайрга, уулын чулуу зэргийг нийлүүлсэн. Гэрээний дагуу үүргээ гүйцэтгэсэн бөгөөд одоо 22,507,84 ам.долларын тус тус авлагатай байгаа.
1.2.Тус төлбөрийг төсөл хариуцсан менежер 2021 оны 10 дугаар сард багтаан төлж барагдуулна гэсэн боловч тун удалгүй тухайн төслийн ерөнхий гүйцэтгэгч болох “Ludwig Pfeiffer Hoch-und Tiedbau GmbH&Co.KG” компани нь ор сураггүй гэнэт алга болсноор ажлын төлбөрөө авч чадалгүй энэ олон жилийг өнгөрсөн бөгөөд Барилга, хот байгуулалтын яамны нарийн бичгийн даргын А1/158 тоот тогтоолоор яам болон ХБНГУ-ын “Ludwig Pfeiffer Hoch-und Tiedbau GmbH&Co.KG” компанитай байгуулсан МОН3244/3245 олон улсын гэрээг 8 сар орчим ор сураггүй алга болсны эцэст цуцалсан талаар бидэнд мэдээлэл ирсэн.
1.3.Тус “Ludwig Pfeiffer Hoch-und Tiedbau GmbH&Co.KG” компани нь 2021 оны 12 дугаар сард төлбөрийн чадваргүй болсон бөгөөд ХБНГУ-ын Иргэний хуулийн дагуу шүүхэд төлбөрийн чадваргүй болсон мэдэгдлээ өгсөн талаарх албан бичиг хүргүүлсэн байсныг бидэнд 2022 оны 4 дүгээр сард мэдэгдсэн. Тухайн төсөлд гүйцэтгэсэн ажил үйлчилгээ ханган нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний төлбөр тооцоог хэн хэрхэн яаж барагдуулах талаар төслийн туслан гүйцэтгэгч нар хамтдаа Монгол Улсын холбогдох эрх бүхий этгээдэд удаа дараа хандсан боловч үр дүн гаралгүйгээр өдийг хүрсэн.
1.4.Нэхэмжлэгч нарын зүгээс төслийн хүрээнд нийлүүлэх ёстой бараа материал, бетон зуурмаг, уг бүтээгдэхүүнээр бий болсон хөрөнгийг Барилга хот, байгуулалтын яам нь өөрийн эзэмшилд бүрэн хүлээн авч, ашиглаж байгаа атлаа үлдэгдэл төлбөрийг барагдуулахгүй байгаа нь яам үндэслэлгүй хөрөнгөжсөн явдал юм.
Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/137 тоот тушаалаар гүйцэтгэгч болон тэй байгуулсан А1/158 тоот гэрээг цуцалсантай холбогдуулан төслийн талбай дахь ажил гүйцэтгэлийн хувь, тоо хэмжээг баталгаажуулах, хүлээн авах бүхий ажлын хэсэг байгуулагдсан.
Тус ажлын хэсэгт нэхэмжлэгч компани багтсан бөгөөд үүгээр манай компанийн дээрх төсөлд хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, дуусаагүй ажлыг ХХК үргэлжлүүлэн дуусгасан нь манай бүтээгдэхүүнээр бий болсон хөрөнгийг хариуцагч байгууллага бодитоор хүлээн авсныг илтгэх юм.
Мөн тус төслийн тендерийн баталгаа *******анд байгаа бөгөөд буцааж олгогдоогүй тул тухайн тендерийн баталгаанаас тус төсөлд туслан гүйцэтгэгчээр ажилласан манай компанийн хохирлыг барагдуулах бүрэн боломжтой.
1.5.Иймд, бид Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.2-т заасны дагуу төслийн ерөнхий гүйцэтгэгч ХБНГУ-ын компани нь ор сураггүй алга болсон, дампуурсан тул бид төслийн захиалагч болох Барилга хот, байгуулалтын яам /хуучин нэрээр/-ыг хариуцагчаар татаж байгаа бөгөөд мөн хуулийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК нь 252,414,134 төгрөг, “*******” ХК нь 282,610,730 төгрөг, “*******” ХХК нь 77,877,127 төгрөгийг тус тус хариуцагч яамнаас гаргуулж, нэхэмжлэгч нарыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1.Иргэний хуулийн 8 дугаар зүйлд иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийг хуульчилсан бөгөөд бид нэхэмжлэгч нартай ямар нэгэн эрх зүйн харилцаанд оролцоогүй, ямар нэгэн үүргийн харилцаа үүсээгүй. Мөн Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан талуудын хүсэл зориг хоорондоо илэрхийлэгдэж ямар нэгэн тодорхой нөхцөл тохиролцоогүйтэй холбоотойгоор бид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493.2-т заасныг баримтлан хариуцагч *******,*******,*******наас нийт 415,067,010 төгрөгийг гаргуулан “*******” ХХК-д 97,052,509 төгрөг, “*******” ХК-д 253,777,128 төгрөг, “*******” ХХК-д 64,237,374 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 197,834,980 төгрөг буюу “*******” ХХК-ийн 155,361,625 төгрөг, “*******” ХК-ийн 28,833,602 төгрөг, “*******” ХХК-ийн 13,639,753 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 3,538,356 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,549,186 төгрөгийг гаргуулан “*******” ХХК-д 643,213 төгрөг, “*******” ХК-д 1,426,836 төгрөг, “*******” ХХК-д 479,137 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1.Шүүхийн манай компанийг тус******* байгууламжид дээрх 73,015.37 ам. доллар буюу 252,414,134 ... төгрөгийн ажил гүйцэтгэж өгсөн төлбөрийг аваагүй бөгөөд тус ажлын үр дүнг хариуцагч хүлээн авснаар тухайн дүнгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн байна гэдгийг тогтоосон атлаа нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлээгүй гэрээний алдангиуд болон хашааны төлбөр гэх үнийн дүнг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болсон.
Нэхэмжлэлийн шаардлагад дандаа үндсэн төлбөр байгаа бөгөөд бид 1 ч ам.долларын алдангид алданги нэхэмжлээгүй. Гэтэл шүүх хариуцагч *******/хуучин нэрээр/-ны гүйцэтгүүлж байсан хууль зүйн дүгнэлт дээр тусгагдсан алданги гэх /буруу ойлголт/-ыг тэр чигт үнэн зөв мэтээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болгожээ. Учир нь тус хууль зүйн дүгнэлт болон шүүхийн шийдвэр дээр алданги гэж бичээд байгаа үнийн дүнгүүд бүгд тухайн гэрээний тухайн үед хүлээн авсан гүйцэтгэлийн 10%-иар тооцон ерөнхий гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчээс суутган авч үлдсэн гүйцэтгэлийн баталгааны үнийн дүнг алданги хэмээн андуурч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.
Иймд, манай компанийн нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон хэсэг болох 41,962.07 ам.долларыг шүүхийн тооцсон долларын ханш болох 3,124.95 төгрөгөөр тооцон нийт 131,129,371 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5.Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1.Шүүх захиалагч болон ерөнхий гүйцэтгэгчийн хооронд байгуулсан А1/158 тоот гэрээ нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр цуцлагдсанаар ерөнхий гүйцэтгэгчтэй байгуулсан “*******" ХХК, "*******" ХХК, “*******” ХХК-иудын гэрээ дуусгавар болсон, Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах МОН3244/3245 төслийн А1 багц буюу Дархан хотын бохир усны цэвэрлэх байгууламжийн шинэчлэл насос станц болон 12 сарын зүгшрүүлэлтийг дэмжлэг үзүүлэх ажлыг хариуцагч буюу захиалагч нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байнгын ашиглалтад оруулсан болох нь 24/2023-0 дугаартай "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтээр" тогтоогдож байна гэж зөв дүгнэсэн боловч шүүх А1/158 тоот гэрээг цуцах гэрээний удиртгал хэсэгт “Гүйцэтгэгч тал гэрээ хаасан өдөр хүртэлх хугацаанд нийт 8,514,086.30 ам.долларын санжүүжилт авсан”, “ГЕН 44-Нэхэмжлэл, маргаан шийдвэрлэх, шүүх хэсэгт “Гүйцэтгэгч дээрх гэрээний хүрээнд Захиалагчаас цаашид төлбөр тооцоотой холбоотой ямар нэгэн нэхэмжлэл гаргахгүй гэдгийг баталж байна" гэж тусгагдсаныг, мөн явц дундын төлбөрийн баримтад уг санхүүжилтийг хариуцагч талд олгосон байгааг ерөнхий гүйцэтгэгч хүлээн зөвшөөрч уг гэрээ байгуулсныг харгалзан үзээгүй.
5.2.Мөн Дархан-Уул аймгийн орон нутгийн өмчийн газрын 2024-12-09-ний өдрийн 313 дугаар албан бичиг, Дархан хотын бохир усны менежментийн МОН-32-44/3245 төслийн удирдах нэгжийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 49 дүгээр “Үндсэн хөрөнгө бүртгэх тухай” албан бичгийг шийдвэрээ гаргахдаа харгалзан үзээгүй байна. Учир нь, уг ажил гүйцэтгэх гэрээний үр дүнд бий болсон хөрөнгийн эцсийн өмчлөгч нь хариуцагч тал бус “” ХК-д шилжих болох нь нотлогдоно.
5.3.Нэхэмжлэгч нь талуудын гэрээний үүргээ биелүүлсэн хугацаа нь ерөнхий гүйцэтгэгч, захиалагч талын гэрээ цуцалсан хугацаанаас өмнө байгааг, туслан гүйцэтгэгч нарын гүйцэтгэсэн ажил үр дүн болон нийлүүлсэн бараа материалын үнийг хариуцагч буюу захиалагч тал ерөнхий гүйцэтгэгч “Ludwig Pfeiffer Hoch-und Tiedbau GmbH&Co.KG” компанид төлснийг, мөн захиалагч болон ерөнхий гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан Багц А1 буюу "Дархан хотын бохир усны цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, насос станц болон 12 сарын зүгшрүүлэлтийн дэмжлэг үзүүлэх” А1/158 дугаар гэрээний үр дүнд бий болсон хөрөнгийн эцсийн өмчлөгч нь өөрт этгээд болох зэргийг шүүх анхаарсангүй.
Иймд, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6.Нэхэмжлэгч талаас хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
6.1.Нэхэмжлэгч тал хариуцагчтай гэрээ байгуулсан гэж маргаагүй. “*******” ХХК нь ерөнхий гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан. *******,*******,*******тай гэрээ байгуулаагүй. Бид Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасны дагуу төслийн ерөнхий гүйцэтгэгчээр оролцсон гадаадын хуулийн этгээд дампуурсан байхад тухайн хөрөнгийг хариуцагч тал хүлээн авснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна. Хариуцагч тал төслийн ерөнхий гүйцэтгэгч “Joint Venture of Ludwig Pfeiffer Hoch-und Tiedbau GmbH&Co.KG and Emit Group” компанитай байгуулсан гэрээний нөхцөл болон заалтыг эшилж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
6.2.Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн газраас тухайн хөрөнгө нь хэний өмчлөлд байгаа эсэх талаар болон орон нутгийн өмчид бүртгэгдсэн эсэх талаар лавлагаа гаргуулсан боловч бүртгэлгүй талаар хариу өгсөн. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тухайн хөрөнгө одоо цэвэршүүлэх станцын бүртгэлийн талаар тодруулахад гэрээний төлбөрийн үлдэгдлийн маргаантай тул бүртгэгдээгүй байна гэх хариу ирүүлсэн.
Одоогийн байдлаар энэ хөрөнгө нь гэрээний ерөнхий захиалагч болох *******,*******,*******анд байгаа. Гэрээний гүйцэтгэлийн баталгааны төлбөр 1,200,000,000 төгрөг нь хариуцагчийн дансанд байгаа болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлогдсон.
Тухайн объект нь 100 хувь ашиглалтад орсон буюу Дархан хотын бохир усыг боловсруулах үйл ажиллагаанд хэрэглэгдэж байна. Иймд, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зохигчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч “*******” ХХК, “*******” ХК, “*******” ХХК нь хариуцагч *******,*******,*******анд холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нийт 612,901,991 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.
3.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “...төслийн ерөнхий гүйцэтгэгч ХБНГУ-ын компани нь дампуурч, ор сураггүй алга болж, улмаар талууд гэрээгээ цуцалсан байх тул Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.2-т заасны дагуу төслийн ерөнхий захиалагч болох *******,*******,*******ыг хариуцагчаар татсан, мөн төслийн захиалагч *******,*******,******* нь нэхэмжлэгч нарын зүгээс төслийн хүрээнд нийлүүлсэн бараа материал, бетон зуурмаг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, хөрөнгийг өөрийн эзэмшилд хүлээн авч, ашиглаж байгаа атлаа үлдэгдэл төлбөрийг барагдуулахгүй байгаа нь үндэслэлгүй хөрөнгөжсөн явдал...” гэж,
хариуцагч нь тайлбар, татгалзлын үндэслэлээ “...нэхэмжлэгч нартай нэгэн эрх зүйн харилцаанд оролцоогүй, ямар нэгэн үүргийн харилцаа үүсээгүй, тухайн******* байгууламжийг манайх аваагүй ...” гэж тус тус тайлбарлажээ.
4.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.
5.Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
5.1.Захиалагч буюу *******,*******,******* /хуучин *******/ болон гүйцэтгэгч “Joint Venture of Ludwig Pfeiffer Hoch-und Tiefbau GmbH&Co.KG”-ийн хооронд 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр А1/158 тоот гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах МОН3244/3245 төслийн А1 багц буюу Дархан хотын бохир усны цэвэрлэх байгууламжийн шинэчлэл насос станц болон 12 сарын зүгшрүүлэлтийн дэмжлэг үзүүлэх ажлыг гэрээ хүчинтэй болсон өдрөөс хойш 840 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр, захиалагч нь ажлын хөлсөнд 14,019,065.19 ам.доллар /энэ нь 12,515,344.68 ам.доллар нь АХБ-ны санхүүжилтийн татвар болон хураамж мөн 1,603,720.51 ам.доллар нь ЗГ-ын татвар болон хураамжаар чөлөөлөх санхүүжилт эсхүл гэрээний нөхцөлийн дагуу тогтоосон бусад дүнгийн нийлбэр/ төлөхөөр харилцан тохиролцжээ.
5.2.Дээрх ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд ерөнхий гүйцэтгэгч “Joint Venture of Ludwig Pfeiffer Hoch-und Tiefbau GmbH&Co.KG and ” нь “*******” ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 20200426/1 тоот туслан гүйцэтгэх гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 20200426/2 тоот туслах гэрээг тус тус байгуулж, уг гэрээнүүдээр “*******” ХХК нь Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах МОН3244/3245 төслийн А1 багц буюу Дархан хотын бохир усны цэвэрлэх байгууламжийн шинэчлэл насос станцын хашаа барих, AST, аэротенкийн ажлуудыг хийж гүйцэтгэхээр,
“*******” ХК-тай 2019 оын 08 дугаар сарын 30-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээр “*******” ХК нь Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах МОН3244/3245 төслийн А1 багц буюу Дархан хотын бохир усны цэвэрлэх байгууламжийн шинэчлэл насос станцын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай бетон зуурмаг нийлүүлэхээр,
“*******” ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр “*******” ХХК нь Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах МОН3244/3245 төслийн А1 багц буюу Дархан хотын бохир усны цэвэрлэх байгууламжийн шинэчлэл насос станцын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай дайрга, элс, уулын чулуу нийлүүлэх үүргийг тус тус хүлээсэн бол төслийн ерөнхий гүйцэтгэгч “Joint Venture of Ludwig Pfeiffer Hoch-und Tiefbau GmbH&Co.KG” нь гэрээгээр тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.
5.3.Захиалагч болон ерөнхий гүйцэтгэгч нарын хооронд байгуулагдсан А1/158 тоот гэрээ нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр цуцлагдсан.
5.4.Барилга, хот байгуулалтын яамны 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “төлбөр барагдуулах тухай” 8/3365 дугаартай албан бичгээр ерөнхий гүйцэтгэгч J”oint Venture of Ludwig Pfeiffer Hoch-und Tiefbau GmbH&Co.KG” нь төлбөрийн чадваргүй болсон, “Joint Venture of Ludwig Pfeiffer Hoch-und Tiefbau GmbH&Co.KG and ” компанийн түншлэлтэй байгуулсан гэрээний хүрээнд төлбөрийн асуудлаа шийдвэрлүүлэх талаар нэхэмжлэгч нарт мэдэгджээ.
6.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.2-т заасан ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцах, мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасан гэрээний нэг тал үүргээ ноцтой зөрчсөнөөс нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн талаарх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
6.1.Хэрэгт авагдсан нотлох баримтаар *******,*******,******* болон “Joint Venture of Ludwig Pfeiffer Hoch-und Tiefbau GmbH&Co.KG”-ийн хооронд 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан А1/158 тоот гэрээний гүйцэтгэгч тал нь “Joint Venture of Ludwig Pfeiffer Hoch-und Tiefbau GmbH&Co.KG” байх бөгөөд тус компани энэхүү гэрээний үүргийг гүйцэтгэхдээ нэхэмжлэгч “*******” ХХК-тай Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх, нэхэмжлэгч “*******” ХК, “*******” ХХК-тай мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний агуулга бүхий хэлцэл хийсэн үйл баримт тогтоогдсон.
Харин хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд гэрээ, хэлцэл хийгдээгүй. Энэ талаар зохигч маргаангүй.
6.2.Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д “Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно” гэж, 347.2-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалт ажил гүйцэтгэх гэрээний хувьд ерөнхий гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн хийсэн ажлын хариуцлагыг захиалагчийн өмнө хүлээх зохицуулалт буюу ерөнхий гүйцэтгэгчийн хийсэн ажил нь туслан гүйцэтгэгчийн буруутайгаас болсон тохиолдолд ерөнхий гүйцэтгэгчийг хариуцлагаас чөлөөлөхгүй гэсэн утга агуулга илэрхийлсэн. Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой гэрээний харилцаа үүссэн гэж хуулийг буруу тайлбарлаж дүгнэн, улмаар мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасан үндэслэлээр нэг тал үүргээ ноцтой зөрчсөнтэй холбоотой нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэсэн нь буруу.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгч нартай тодорхой төрлийн гэрээ, хэлэлцээр байгуулаагүй, гадаадын гэх эдгээр компаниуд /ерөнхий гүйцэтгэгч/-ын туслан гүйцэтгэгч болох нэхэмжлэгч нар ажил үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн хариуцлагыг ерөнхий гүйцэтгэгч нь захиалагч /хариуцагч/-ийн өмнө хүлээх талаарх энэхүү зохицуулалтыг анхан шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэжээ.
Нэхэмжлэгч нар ерөнхий гүйцэтгэгчтэй тус тусдаа гэрээ байгуулсан, тэдгээр гэрээний үүргийн хувьд гэрээний талууд харилцан бие биедээ шаардлага гаргахаас гэрээний тал бус этгээдээс гэрээний үүргийн гүйцэтгэл шаардах эрхгүй.
Иймд, хариуцагч нь ерөнхий гүйцэтгэгч “Joint Venture of Ludwig Pfeiffer Hoch-und Tiefbau GmbH&Co.KG” болон нэхэмжлэгч “*******” ХХК, “*******” ХК, “*******” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний үүргийг хариуцан арилгах хүлээхгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч нар гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой аливаа шаардлагыг гэрээнд заасан журам, харьяаллын дагуу тухайн түншлэл компани болох татан буугдаагүй “”-т холбогдуулан гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй. Энэ талаар нэхэмжлэгч нар маргаагүй.
6.3.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гэж, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж тус тус заасан.
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэгт хариуцагчийн хөрөнгө нэмэгдсэн байх, ийнхүү хөрөнгө нэмэгдсэн үндэслэл нь нэхэмжлэгч талын хөрөнгө /ажил үйлчилгээ, зардал/-өөр нэмэгдсэн байх, хариуцагчийн хөрөнгөжсөн байдал болон тухайн хөрөнгийг түүнд үлдээх хууль зүйн үндэслэл байхгүй байхыг тус тус ойлгоно. Маргааны хүрээнд хариуцагч тал ерөнхий гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээнд санхүүжилтийг олгосон байх тул нэхэмжлэгч нарын хөрөнгөөр хариуцагч талыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.
Тодруулбал, *******,*******,******* болон гүйцэтгэгч “Joint Venture of Ludwig Pfeiffer Hoch-und Tiefbau GmbH&Co.KG”-ийн хооронд байгуулагдсан А1/158 тоот гэрээг талууд цуцлахдаа гэрээний 42.2.6-д заасны дагуу тооцоолол хийхэд “...гүйцэтгэгч тал гэрээ хаасан өдөр хүртэлх хугацаанд нийт 8,514,086.30 ам.долларын санхүүжилт авснаас гэрээний үлдэгдэл ажлын төсөв 4,001,258.38 ам.доллар, IPC No. 24 болон 25-ын төлбөр 116,822.19 ам.долларыг урьдчилгаа төлбөрийн төлөгдөөгүй үлдэгдэл болох 381,277.09 ам.доллароос суутгах дүн болох 264,454.90 ам.долларыг гүйцэтгэгчээс нэхэмжлэхгүй. Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх хугацаанд гарсан бүх нэхэмжлэлээс татгалзана. Гүйцэтгэгч дээрх гэрээний хүрээнд захиалагчаас цаашид төлбөр тооцоотой холбоотой ямар нэгэн нэхэмжлэл гарахгүй гэдгийг үүгээр баталж байна. ...” гэснээс үзвэл 12,515,344.68 ам.долларын хэмжээний төсвийн ажлаас ерөнхий гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ болох нийт 8,514,086.30 ам.доллар буюу 25,384,287,143.95 төгрөгийн ажлыг захиалагч нь хүлээж авч, талууд тооцоо нийлжээ.
Гэрээ цуцлагдсантай холбоотойгоор төслийн үлдсэн ажлыг үргэлжлүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах” төслийн удирдах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор тендер шалгаруулалтыг яаралтай зохион байгуулж, төслийн ажлыг төлөвлөгөөт хугацаанд дуусгах арга хэмжээний хүрээнд тендерт “” ХХК нь шалгарсан байх ба тэрээр нийт 4,001,258.38 ам.доллар буюу 13,811,540,298.70 тэрбум төгрөгийн хэмжээний ажлыг хийж,******* байгууламжийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улсын комиссын 24/2023-О дүгнэлтээр “” ХК-д ашиглалтад оруулжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн талаарх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох үүрэгтэй. Гэвч ерөнхий гүйцэтгэгчийн захиалагчид хүлээлгэж өгсөн ажлын үр дүнг бий болгоход нэхэмжлэгч нар оролцсон үйл баримт байгаа боловч ажлын хөлс буюу өртөг төлбөр нь захиалагчаас гаргасан зардал байх бөгөөд хариуцагч нь илүү өртөгтэй******* байгууламж хүлээж авсан, эсхүл өөрийн хөрөнгөө хэмнэх байдлаар нэхэмжлэгч нарын зардлаар бий болсон******* байгууламж, бараа материал хүлээж авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
6.4.Мөн захиалагч *******,************** болон ерөнхий гүйцэтгэгч “Joint Venture of Ludwig Pfeiffer Hoch-und Tiefbau GmbH&Co.KG-”-ийн хооронд байгуулагдсан А1/158 тоот гэрээний дагуу захиалагч тал ерөнхий гүйцэтгэгчид гүйцэтгэлийн баталгаа өгөх үүрэг хүлээж, нийт гүйцэтгэлээс 1,401,906.52 ам.долларыг татан төвлөрүүлсэн.
Уг гүйцэтгэлийн баталгаа нь гэрээний талууд ажлын гүйцэтгэл доголдолтой, гэрээ зөрчигдсөн тохиолдолд захиалагчийн эрх ашгийг хамгаалах, гэрээний үүргийн биелэлтийг хангах зорилготой бөгөөд энэ нь ажлын үр дүнг эцэслэн хүлээн авсан эсэх, доголдол байгаа эсэхээс хамаарч суутгах, хасах нь энэ гэрээний талуудын хооронд үүсэх харилцаанд хамааралтай юм. Гэтэл нэхэмжлэгч нар уг гүйцэтгэлийн баталгааг өөрсдийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг суутгуулан авах, баталгааны мөнгийг шууд төлбөр мэтээр шаардах нь үндэслэлгүй.
Хэргийн баримтаар хариуцагч *******,*******,******* нь гүйцэтгэлийн баталгаа болох 1,401,906.52 ам.доллараас “Joint Venture of Ludwig Pfeiffer Hoch-und Tiefbau GmbH&Co.KG-”-тай байгуулсан гэрээний дагуу тодорхой доголдолтой ажлын зардлыг санхүүжүүлж байгаа болох нь тогтоогдож байх тул гүйцэтгэлийн баталгааг цаашид зориулалтаар нь ашиглахгүй, хэрэглэхгүй гэж шууд дүгнэж, улмаар үүгээр нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн төлбөрийг барагдуулах нь захиалагч болон ерөнхий гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд нийцэхгүй. /2хх192, 195-196, 207/
Иймд, хариуцагч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******,**************наас 73,015.37 ам.доллар буюу 252,414,134 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн, 73,015.37 ам.доллар буюу 252,414,134 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” ХК-ийн, 1,209.98 ам.доллар буюу 282,610,730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
7.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/09940 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч *******,*******,*******анд холбогдох 73,015.37 ам.доллар буюу 252,414,134 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн, 73,015.37 ам.доллар буюу 252,414,134 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” ХК-ийн, 1,209.98 ам.доллар буюу 282,610,730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 813,597 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч *******,*******,******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ
Б.АЗБАЯР