Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 609

 

                 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн

улсын яллагч М.Мөнхзул

хохирогч- шүүгдэгч О.Х

хохирогч-шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

1.Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-нд Булган аймагт төрсөн, эмэгтэй, 00 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 00,  Булган аймгийн Булган сум 0000 дугаар баг, Хужирт 000000 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 00 дүгээр хорооны 000 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:000000/, О.Х.

2.Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-нд Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 00 Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Зүүнбаян уулын 0000 тоотод бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо Дунд тасганы 000 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:0000000000/, Г.Д нарт холбогдох 000000000000000 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 03-ны  өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр

2019 оны 6 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Либерти” зочид буудлын гадна О.Х, Г.Д нар маргалдсаны улмаас харилцан бие биедээ буюу О.Х нь Г.Дгийн бие махбодид хөнгөн гэмтэл, Г.Д нь О.Хын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч-хохирогч О.Х шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Г.Д бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч-хохирогч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт: Өөрийн буруутай үйлдлийг сайн дураараа зөвшөөрч байгаа. Шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Би сайн дураараа О.Хтай эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Хавтаст хэргээс

Хохирогчоор О.Х мөрдөн байцаалтанд: 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр нөхрийн найз Бажи буюу Цийн төрсөн өдрийг найзууд нь тэмдэглэж байна гээд нөхөр рүү ярьсан. Би ажлаа тараад 22 цагийн үед хороололын бичилийн Сод төвийн караокед очиход Ц эхнэр Бтэйгээ, ГанГ.Д эхнэр Уянгатайгаа байсан. Мөн Бийн найз Г.Д гэх эмэгтэй нөхөртэйгээ зургуулаа байсан. Бид хоёрыг ороход 0,75 литрийн нэг шил архи дуусч байсан. Мөн нилээн хэдэн пиво уучихсан байсан. 2 шил архи лав нэмж авсан 01 цагийн үед  караоке хаасан. Өөр газар очъё гэхээр нь би Баянгол дүүргийн 9-p хорооны нутаг дэвсгэрт байрлах Либерти зочид буудлын доор байдаг караоке руу ярьтал 04 цаг хүртэл ажиллана гэсэн. 8-лаа уг караокед очиж 0,75 литрийн 2 шил Чингис архи, 6 шил пиво, ус ундаатай аваад нийт 150.000 төгрөгний тооцоо гарсан. Бид нарыг уугаад сууж байхад Г.Д дүү болон нэг найзыгаа дуудсан. Г.Д караоке дотор байхад нилээн согтчихсон манай нөхрийг өөрт нь архи хундаглаж өг чи надад үйлчлэх ёстой гээд байсан. Ер нь л хүн болгонтой хэрүүл хийгээд агсам тавиад яваад байсан чинь нөхөр нь сүүлд ирсэн дүү найз хоёртой нь аваад гарсан. 1 цаг орчим тэр дөрөв орж ирэхгүй болохоор нь явчихаж гэж бодож байтал эргээд дөрвүүлээ орж ирээд Г.Д нь орж уйлаад байсан чинь Ц Г.Дг тайвшруулна гээд аваад гарсан. Тэгтэл манай нөхөр М тамхи татна гээд араас нь гарсан. 20-оод минут болоод орж ирэхгүй болохоор нь нөхрийнхөө араас нь гартал Ц, Г.Д хоёр буудлын шатан дээр суучихсан Г.Д уйлаад байж байсан. Нөхөр М урдаас нь хараад тамхи татаад зогсож байхаар нь очоод явъя харъя гэтэл М тэгье би ороод гадуур хувцсаа аваад ирье гээд орсон. Би хүлээгээд зогсож байтал гэнэт Г.Д босч ирээд хөөе биеэ үнэлэгч минь гээд дахин дахин чанга чанга хашгираад байсан. Би эхэндээ болиоч гэж байгаад уурандаа чам шиг халтар хүүхэнтэй юугаа ярьдаг юм бэ гэтэл миний үснээс зулгаагаад доош нь дараад хэвлий рүү өшиглөсөн. Би доошоо эвхрээд унатал Б гараад ирчихсэн байсан. Тэгээд гүйж ороод дотор байсан хүмүүсийг дуудаж гаргаж ирсэн. Манай нөхөр намайг босгоод юу болсон гээд асуухаар нь намайг биеэ үнэлэгч гээд байна гэтэл М, Г.Д дээр очоод чи миний эхнэрийг тэгж явахыг хаана харсан юм бэ та хоёр нэгнийгээ танихгүй биз дээ гэтэл Цийн эхнэр манай эхнэрийг биеэ үнэлэгч гэж хэлсэн. Гэтэл М, Ц дээр очоод чи эхнэртээ юу яриад байдаг юм бэ гээд тэр хоёр маргаад зууралдаад байсан. Би тэр хоёрын дундуур орж салгах гэтэл Г.Д миний үснээс араас дахиж зулгаахад би өндөр өсгийтэй пүүзтэй байсан учир хальт гишгээд газар унатал явган хүний зам дээр толгойгоор мөргүүлээд байсан. Тэгтэл бүгдээрээ ирчихсэн салгаж байх шиг байсан. Нэг мэдсэн би 103-ын машин дотор явж байсан. Г.Д гэх эмэгтэй миний үснээс зулгааж газар унаган толгойгоор зам мөргүүлсэн. Миний биед учирсан бүх гэмтлийг учруулсан. Хэвлий рүү ч өшиглөсөн би 4-5 долоо хоногтой жирэмсэн. /хх-ийн 29/ гэх мэдүүлэг,

Хохирогчоор Г.Д мөрдөн байцаалтанд: 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 10-н жилийн найз Бийн нөхөр Цийн төрсөн өдөр болоод бичилийн Сод караокед 20 цагт урьсан. Нөхөр Мийн хамт очиход Ц, Б хоёроос гадна ГанГ.Д эхнэр Уянгаагийн хамт байсан. Бид нар 0,75 литрийн нэг шил архи хувааж уусан. Уянга архи уухгүй гээд пиво уусан. Орой 21 цаг өнгөрч байхад М эхнэр О.Хын хамт ирсэн. Нэмж 2 шил архи аваад юм яриад дуулж сууцгаасан. Эрэгтэйчүүд нь тамхилах гээд гарсан хойгуур О.Х гэх эмэгтэй би бол удган бөө та нарын амьдралыг нүднээс чинь хараад мэдэж байна гээд сонин юм яриад байхаар нь юу яриад байгаа юм бэ гээд аль болох ярианы сэдвийг нь өөрчилж ярьж байгаад гадагшаа гарч нөхөр дээрээ очоод хоёулаа явах уу О.Х гэх хүүхэн таалагдахгүй байна гэтэл удахгүй караоке хаалаа нэг мөсөн гарцгаая гэсэн. Б эндээс гараад хамт манайд очиж хоноё гэхээр нь хүлээсэн. Машинаа бариулахаар нөхөр найз Шаагийг дуудчихсан байсан. Шаагий хуурай дүү Өтай хамт өглөө хөдөө явна гээд цуг ирсэн. Тэгтэл О.Х хороололд манай таньдаг ахын караоке байгаа тэнд очиж үргэлжпүүлье гээд бүгдээрээ хамт Либерти зочид буудлын подвальд байрлах караокед орж өрөө рүүгээ орохоосоо өмнө 2 шил архи, пиво, ус, ундаа захиалсан. 150000 төгрөгний тооцоо гарсан төрсөн өдрийн эзнийг оролцуулахгүйгээр тооцоогоо хуваагаад хийчихье гээд нөхөр М санаачлаад хүний 50.000 төгрөг гаргая гэтэл М чи 100.000 төгрөг гаргачих би 50.000 гаргая гэхээр нь би хажуунаас нь адилхан гаргахгүй яадаг юм гэтэл О.Х над руу муухай хараад өрөө рүү орсон. М архи хундаглаж өгөөд бид нар дуулцгаасан. Би нэг дуу дуултал О.Х намайг хүний дуу дуулдаг яасан овоо гичий вэ гээд хэрүүл өдөөд байсан. Би Мыг стакан аваад өг гээд гуйтал О.Х чиний зөөгч юмуу гичий минь гэхээр нь муухай харчаад нөхөр М болон Шаагий, Ө бид дөрөв гадаа гараад би явах уу энэ хүүхэнтэй маргах гээд байна гэтэл М намайг тэвчээд битгий харьц гээд ярьж байгаад буцаад орсон. Би намайг доромжлоод байхад юм хэлсэнгүй гээд Мд гомдоод уйлж байтал Ц намайг тамхилъя гээд аваад гарсан. Бид хоёр караокены үүдэнд шатан дээр суугаад тамхилж байтал О.Х араас гүйж гарч ирсэн. Би тухайн үед эргэж харсан юм. Тэгтэл миний үснээс зулгааж хойш нь савж унагаад нүүр рүү гараараа цохиод бие рүү өшиглөөд байхаар нь энийгээ аваач гээд         орилтол Ц ирээд чи яагаад байгаа юм бэ тавиач гээд салгах гэтэл тавихгүй байсан. Нэг мэдсэн дотроос хүмүүс гарч ирчихсэн О.Хыг салгасан. Нөхөр М намайг яагаад жирэмсэн хүүхэнтэй зодолдоод байгаа юм бэ гэхээр нь би зодолдоогүй зодуулчихлаа гэтэл О.Х эхнэртэй хүнтэй явдаг янхан гээд хэл амаар доромжлоод байхаар нь уурандаа чи муу яасан овоо янхан бэ дуугуй байхад давраад байгаарай гэж хэлээд үснээс нь зулгаагаад нүүр рүү нь цохиод бид хоёр харилцан үсдэлцээд зодолдож байтал О.Хын нөхөр салгах гэж байна гээд миний үснээс зулгааж хойш нь татаж унагатал О.Х нь миний дээр гарч суугаад дээрээс баахан цохиод бид хоёр харилцан зодолдсон. Хэнийг нь мэдэхгүй хүмүүс ирээд салгах гэтэл тавихгүй зуурч байгаад миний гэдэснээс хазчихсан. Арай гэж салсан. Ц М бас муудалцаад хоорондоо зодолдсон. О.Х эхлээд миний үснээс зулгааж хойш нь савуулж унагаад дээрээс хөл, гараараа цохисон.  /хх-ийн 32/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.М мөрдөн байцаалтанд: Би эхнэр Г.Дтэй 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр орой 00 цагийн үед хорооллын эцэст байдаг Либерти зочид буудлын доор караокед найз Ц, Ганаа, М, О.Хоо, Уянгаа, Б, Шаравсамбуу, дүү Ө нарын хамт Цийн төрсөн өдөрт уригдаж ирээд М нь бүх хумүүст архи хундагалаж өгч байхад эхнэр нь манай нөхөр зөөгч биш гэж Г.Дд хэлсэн чинь би яаж мэддэг юм бэ  нөхөртөө хэл гэсэн. Тэгээд О.Хоо Г.Д хоёр хоорондоо хэрэлдээд байхаар нь би эхнэр Г.Дг дагуулаад гадаа гарсан. Гадаа гараад эхнэртэйгээ юм яриад зогсож байхад Ц араас гарч ирээд найз нь О.Хоод ойлгуулаад хэлчлээ одоо зүгээр ороод суу гэж хэлэхээр нь би түрүүлээд ороод эхнэр Цтой цуг шатанд дээр тамхи татаад үлдсэн. Би тэгээд караокены өрөөнд ороход О.Хоо нь өрөөнөөс ууртай зөрөөд гарсан. Тэгээд би өрөөнд сууж байхад Ө гээд хуурай дүү маань орж ирээд эгч гадаа зодоон хийгээд байна та гараа гэж хэлэхээр нь өрөөнд байсан бүх хүмүүс бүгдээрээ гараад хартал манай эхнэр Г.Д нь О.Хоотой үсдэлцээд зогсож байхад Ц салгах гээд зогсож байсан. М гарч ирээд эхнэрээ салгах гээд би бас эхнэрээ очиж салгах гээд хоёр тийшээ болгох гэж байхад М эхнэртэйгээ манай эхнэрийг хоёулаа үсэдсэн байхаар нь би боль гэж хэлээд бүгд салчихсан байхад М, Ц хоёр хоорондоо муудалцаад цаашаа яваад бие биенийгээ цохиод, маргалдаад байсан. Би эхнэрийнхээ газраар унасан цүнх, эд зүйлийг аваад эргээд хартал О.Хоо, Г.Д хоёр дахиад бие биенийгээ үсдэлцэж байгаад зам руу хоёулаа унангуут нь бид нар очиж салгаад би эхнэрээ машиндаа аваачиж суулгаад Ганаагийн эхнэр Уянгаа нь О.Хоог шатан дээр аваачиж суулгасан. Тэгсэн О.Хоо нь орилж байгаад дуугүй болчихоор нь би очоод яав гээд асуусан чинь ухаан алдчихсан гэж Уянгаа хэлэхээр нь яахуу түргэн дуудах уу гэсэн чинь угаасаа Уянгаа дуудсан гэж хэлэхээр нь би хуурай дүү Өын хамт Цийг машин руу суулгах гээд аваад явж байхад Ц чи намайг өшиглөчихлөө ш дээ тэнэг юмуу гээд Мт ууралсан уурандаа бор өнгийн дөрвөлжин шилийг гараараа цохисон чинь хагарсан. Тэгээд караокены зөөгч гарч ирээд наадах чинь албан байгууллага байдаг юмаа чи дугаараа өгчих гэхээр нь би дугаараа үлдээчихээд яваад өгсөн. /хх-ийн 7/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.М мөрдөн байцаалтанд: 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 2 цагийн үед хорооллын эцэст нэг караокед орж суусан манай Бачка гэх найзын төрсөн өдөр болсон байсан учир дуулах нь дуулаад юм ярьж инээж хөөрөх нь инээж хөөрөөд байж байсан. Тэгтэл Сүүгий гэх эмэгтэй согтоод хүн бусадтай маргаж эхэлсэн тэгтэл нөхөр нь эхнэрээ болиулах гээд аваад гарсан бид хэд Сүүгийг тайвшруулаад би буцаад орсон манай эхнэр намайг авах гэж гараад авч орсон байсан. Нэг харсан чинь эхнэр агаар салхи амьсгалах гээд гарсан юм шиг байна лээ удалгүй ГанГ.Дгйин эхнэр гадаа зодоон болоод байна гэж надад хэлсэн би тэгээд гараад очтол манай эхнэрийг үсдээд доороо хийсэн Сүүгий гэх эмэгтэй байж байсан. Бачка хажууд нь салгаж байгаа бололтой байж байсан би салгаад байж байтал эхнэр маань намайг Бачка, Сүүгий хоёр зодсон гэж хэлсэн  тэгэхээр нь би эхнэрээ өмөөрч Бачкатай муудсан. /хх-ийн 9/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Т.Ц мөрдөн байцаалтанд: 2019 оны 6 дугаар сарын 08-ны орой би караокены үүдэнд Г.Дтэй юм яриад зогсож байхад О.Х гарч ирээд тэр хоёр шууд нэг нэгэнтэйгээ маргалдаад үсдэлцээд газар унахаар нь би очиж салгах гээд нэлээн оролдож байхад М гарч ирээд цуг тэр хоёрыг салгалцаад хоёр тийш болгочихоод байж байхад М бид хоёр хоорондоо хальт маргаад тэгээд тэр хоёр салаад явж байхдаа цонх гараараа хагалсан. /хх-ийн 10/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7262 дугаартай дүгнэлтэнд: О.Хын биед зүүн нүдний дээд зовхи, зүүн даланд цус хуралт, баруун шанаа, баруун хацар, баруун дээд зовхи, хамар, зүүн хөмсөг, баруун даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 37/ гэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7252 дугаартай дүгнэлтэнд: Г.Дгийн биед баруун чих, хоёр бугалга, зүүн шуу, баруун тохой, баруун бугуй, баруун шанаа, хэвлий, баруун шилбэ, хоёр гуянд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 43/ гэжээ.

Яллагдагчаар О.Х мөрдөн байцаалтанд: 2019 оны 6 дугаар сарын 08-ны шөнө....би гадаа зогсож байхад Г.Д намайг чи муу янхан Мын гурав дахь нь гээ биз дээ ойлгомжтой янхан л байна ш дээ гээд хэл амаар доромжлоод байхаар нь уурлаад үснээс нь зулгаагаад бид хоёр харилцан зодолдож байхад Ц салгасан. Салаад зогсож байхдаа би Г.Дг чи ч гэсэн янхан гээд бид хоёр маргаж байтал Г.Д миний үснээс зулгаагаад дахиад бид хоёр зодолдсон. /хх-ийн 60/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар Г.Д мөрдөн байцаалтанд: Б Уянга хоёр О.Хыг Мын гурав дахь эхнэр нь гэж хэлж байсныг санаад О.Хыг чи Мын гурав дахь нь гээ биз дээ гэтэл шууд миний үснээс зулгаагаад чирээд байсан. Ц бид хоёрыг салгаад холдуултал О.Х намайг дахиад янхан банзал гээд хараагаад байхаар нь би үснээс зулгаагаад бид хоёр харилцан зодолдсон. Тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан.  /хх-ийн 61/ гэх мэдүүлэг болон шүүгдэгч нарын  хувийн байдалтай холбоотойгоор   О.Хын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47/, Г.Дгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51/, зэрэг болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

2019 оны 6 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Либерти” зочид буудлын гадна О.Х, Г.Д нар маргалдсаны улмаас харилцан бие биедээ буюу О.Х нь Г.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Г.Д нь О.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогчоор О.Хын“...миний үснээс зулгаагаад доош нь дараад хэвлий рүү өшиглөсөн. ...Г.Д миний үснээс араас дахиж зулгаахад би өндөр өсгийтэй пүүзтэй байсан учир хальт гишгээд газар унатал явган хүний зам дээр толгойгоор мөргүүлээд байсан...”

 хохирогчоор Г.Дгийн“...миний үснээс зулгааж хойш нь савж унагаад нүүр рүү гараараа цохиод бие рүү өшиглөөд ... миний дээр гарч суугаад дээрээс баахан цохиод бид хоёр харилцан зодолдсон...”

 гэрч Г.Мийн“...эхнэр Г.Д нь О.Хоотой үсдэлцээд зогсож байхад Ц салгах гээд зогсож байсан...”

гэрч Г.Мын “...би тэгээд гараад очтол манай эхнэрийг үсдээд доороо хийсэн Сүүгий гэх эмэгтэй байж байсан Бачка хажууд нь салгаж байгаа бололтой байж байсан...”

 гэрч Т.Цийн“...О.Х гарч ирээд тэр хоёр шууд нэг нэгэнтэйгээ маргалдаад үсдэлцээд газар унасан...” гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шинжээчийн 7262, 7252 дугаартай дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.   

 

Эдгээр бичгийн баримтуудаар яллагдагчаар О.Х, Г.Д нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь давхар батлагдаж нотлогдсон гэж үзнэ.

 

Шүүгдэгч О.Х, Г.Д нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч О.Х, Г.Д нар нь харилцан бие биедээ хохирогч, шүүгдэгч байх бөгөөд тэдгээр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.Х, Г.Д нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “О.Х, Г.Д нар сайн дураараа хоорондоо эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтүүд, шүүгдэгч нарын хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох саналыг О.Х, Г.Д нарт танилцуулсныг тэдгээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. О.Х, Г.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч О.Х, Г.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Х, Г.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                  

 

     

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ