Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 1731

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 106 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХ-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний дүү ХХХХ Япон улсаас над руу утсаар “ХХХ-д виз гаргуулахад туслаж 1 000 000 төгрөг зээлдүүлээрэй” гэхээр нь түүнд өгсөн. Гэтэл ХХХ мөнгийг минь буцааж өгөхгүй, түүнийг хайсаар Багануурт байна гэхээр нь шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тэрээр шүүхэд ирээгүйн улмаас 2 удаа шүүхээс нэхэмжлэлийг буцаасан. Түүнийг өөрөө шүүхэд олж өгсөн боловч нэхэмжлэл авчихаад дахин хаана байгаа нь тодорхойгүй болсон. Иймд миний нэхэмжлэлийг хүлээн аваад шүүхэд ирэхгүй байгаа нь зориуд зайлсхийж зугтааж байгаа тул түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг минь хангаж өгнө үү гэжээ.

 

Шүүх:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХХХаас 1 000 000 төгрөг гаргуулж ХХ-д олгож,

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХаас 30 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХ-д олгож,

шийдвэрийн заалтыг хариуцагч сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д заасан үндэслэлээр албадан гүйцэтгэхээр шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ХХХ давж заалдах гомдолдоо:

Шүүх 2004 оны 12 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2005 оны 3 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан 72 дугаар захирамж гаргаж, дахин 2005 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2005 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авахаас татгалзаж 286 дугаар захирамж гаргаж, 2006 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ХХ-ийн хүсэлтээр дахин иргэний хэрэг үүсгэж, надад нэхэмжлэлийн хувийг гардуулалгүй хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, мөн өдөртөө намайг оролцуулалгүй шүүх хурал хийж 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 106 дугаар шийдвэрээр надаас 1 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Дээрх мөнгийг би төлөх ёсгүй. Учир нь ХХХХ нь Японд байхдаа миний нөхөр ХХХХХХ-оос 1 000 000 төгрөгтэй тэнцэх иенийг зээлж аваад буцааж өгч чадахгүйд хүрч Монголд байдаг өөрийн ах ХХ-аар уг мөнгийг надад төлүүлж өрөө төлсөн. Үйл баримтыг тогтоолгүйгээр хуулийн заалтыг зөрчиж гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй. Надаас мөнгө гаргуулж шийдвэрлэснийг миний бие 2016 оны 6 дугаар сард олж мэдсэн. Мөн шийдвэрийн хувийг нэхэмжлэгч ХХ-г төлөөлж ХХХХ гардан авч, харин надад гардуулаагүй байна. Иймд хэргийг хянаж, шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч ХХ нь хариуцагч ХХХ-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг шүүх 2006 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, мөн өдрөөр иргэний хэрэг үүсгэж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарган, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлжээ.

 

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгчийн хийвэл зохих ажиллагаа огт хийгдээгүй гэж дүгнэх үндэслэл болно. Өөрөөр хэлбэл хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулах, хэргийн оролцогчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийг тайлбарлах, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа тэдгээрт хэргийн материал танилцуулах ажиллагааг явуулаагүй байна.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны товыг зохигчдод мэдэгдээгүй атлаа шүүхийн шийдвэрт “нэхэмжлэлийг хариуцагч ХХХ хүлээн аваад шүүхэд ирээгүй” гэж дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэжээ.

 

Түүнчлэн 2006 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн шүүхийн шийдвэрийг хариуцагч ХХХ-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт заасан хугацаа, журмын дагуу гардуулаагүй байна.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 106 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 28 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА