Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2018/00230

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 153/ШШ2017/00284 дүгээр шийдвэр,

     Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 33 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “М” ХХК

          Хариуцагч: “Х” ХХК-д холбогдох

          Үндсэн нэхэмжлэл: Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 242.202.500 төгрөг гаргуулах,

       Сөрөг нэхэмжлэл: 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 14/42 тоот санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, түрээсийн авто ачигч машины өмчлөгчийг тогтоолгох тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, өмгөөлөгч Ж.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч М.Э, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал  нар оролцов.

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М ХХК нь уул уурхайн, зам барилгын, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн худалдаа, түрээс, засвар, сэлбэг нийлүүлэлт, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, ашигт малтмалын хайгуул, судалгаа олборлолт, зочид буудал, тээвэр зууч, бизнесийн зориулалт бүхий талбайн түрээс, барилга угсралт, гаалийн баталгаат агуулах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд болно. Х ХХК нь  М ХХК-тай 2014-09-11-ний өдөр 14/42 дугаар Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, XG951HL маркийн, тус бүр нь 52.500 америк долларын үнэтэй, 2 ширхэг авто ачигчийг эзэмшилдээ авч, түрээсийн төлбөрийг хүүгийн хамт графикийн дагуу төлөх үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгчээс санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн гол үүргээ биелүүлж, XG951HL маркийн, тус бүр нь 52.500 америк долларын үнэтэй, 2 ширхэг авто ачигчийг цоо шинээр хариуцагчийн эзэмшил, ашиглалтанд 2014-09-12-ны өдөр актаар хүлээлгэн өгсөн. Гэтэл хариуцагч санхүүгийн түрээсийн гэрээний дагуу  түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, удаа дараалан тасалдуулж ирсэн. Үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж ирсэн боловч тодорхой үр дүн гараагүй,  төлбөр төлөөгүй тул Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15.1.4, гэрээ-ний 9.1-д заасны дагуу 2015-09-14-ний өдөр түрээсийн зүйлийг буцаан авсан. Санхүүгийн түрээсийн гэрээний 9.4-д “... гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээг түрээсийн гэрээний хэлбэрт шилжүүлэн түрээсийн техникийг буцаан авч, ашигласан сар тутамд 1 сарын 15сая төгрөгөөр тооцож, үлдэгдэл төлбөрийг нэхэмжилнэ” гэж заасны дагуу хариуцагч 2 ширхэг авто ачигчийг ашигласан хугацаа 12 сар /2014.09.12-ны өдрөөс 2015.09.14-ний өдрийг хүртэл/-ыг 15сая төгрөгөөр тооцоход 360сая төгрөг болно. Үүнээс хариуцагч Х ХХК-ийн төлсөн түрээсийн төлбөр 118 219 500 төгрөгийг хасвал 241 780 500 төгрөг болно. Үүн дээр бараа материал, сэлбэгийг зээлээр худалдан авсан гэрээний үлдэгдэл төлбөр 422 000 төгрөгийг нэмж 242 202 500 төгрөг шаардаж байна гэжээ.

         Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие нь Монтракт групп ХХК-тай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 2 ширхэг ковшийг худалдаж авсан. Мотрак групп ХХК-ийн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014-09-11-ний өдөр байгуулагдсан 14/42 тоот Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл 242.202.500 төгрөгий шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Х ХХК сөрөг нэхэмжлэлдээ: 2014-09-11-ний өдөр 14/42 тоот Санхүүгийн түрээсийн гэрээг байгуулж, уг гэрээгээр 2 ширхэг ХG95IHL маркийн авто ачигч машиныг 526500 ам.доллараар үнэлж 6 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр эзэмшиж ашигласны дүнд авто ачигчийн төлбөрийг бүрэн төлөөд түүнийг өөрийн өмчлөлд бүрэн шилжүүлэхээр харилцан тохиролцсон билээ. Гэрээний 9.4 дэх заалтад “Түрээслэгч гэрээний үүргээ зөрчсөн гэрээг түрээсийн хэлбэрт шилжүүлэн техникийг буцаан авч, ашигласан сар тутамд 1 сарын 15 сая төгрөгөөр үлдэгдэл төлбөрийг нэхэмжилнэ” гэж заасан нь Иргэний хуулийн 312-317-р зүйл болон Санхүүгийн түрээсийн тухай хуулийг зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэрээний нөхцөл байна. Учир нь түрээсийн гэрээ болон санхүүгийн түрээсийн гэрээ нь тус тусдаа өөр өөрийн зорилготой, гэрээний гол нөхцөл нь өөр хоорондоо ялгаатай иргэний хэлцлийн төрлүүд байтал санхүүгийн түрээсийн гэрээний гол нөхцөлийг зөрчиж, түрээсийн гэрээний хэлбэрт шилжүүлэхээр нөхцөл заасан нь хууль бус юм. Мөн гэрээний 7.10 дахь заалтад “Түрээсийн хүү болон хугацаа хэтрүүлсний алданги нь түрээсийн төлбөрийн үлдэгдлийг бүрэн дуусах хүртэл тооцогдоно." гэж заасан нь мөн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн. Манай компаний М ХХК-тай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээнд зааснаар түрээслүүлэгчээс авсан тоног төхөөрөмжийн үнийг 6 сарын хугацаанд л сар бүр 2 хувийн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байтал тоног төхөөрөмжийн үнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд хүүг тооцож төлүүлнэ гэсэн нь Иргэний хууль болоод Санхүүгийн түрээсийн тухай хуулийг зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээний нөхцөл гэх үндэслэлтэй байна. Х” ХХК, М ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны  14/42 тоот “Санхүүгийн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.4-т хамаарах  хэлцэл байна. М ХХК-тай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулах үед манай Ховд аймгийн Цэцэг суманд үйл ажиллагаа явуулдаг Хөшөөтийн уурхай нь Хятад руу нүүрс гаргадаг байсан ба  би Хятадын иргэнтэй гэрээ байгуулж, ачилт хийж ашиг олно гэж тооцсон. Ингээд Хятадын иргэнтэй гэрээ байгуулсан боловч тээврийн ханш өндөр байна гээд тээвэрлэлт хийхээс татгалзсан. Мөн гэрээ хийснээс хойш Ховд аймгийн хөшөөтийн уурхай 2 сар гаруй хугацаанд ажиллаж байгаад хаагдсан тул 2 ширхэг ковшийг ашиглах боломжгүй болсон. Иймд  2014 оны 14/42 тоот  гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.” гэжээ.

        Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Х” ХХК  үүргээ биелүүлэлгүйгээс бид хохирсон. Энэ гэрээг байгуулахад хэн нэгний албадлага ороогүй 2 талын сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд бүх зүйл заалттай танилцаж, ойлгосон бөгөөд гарах үр дагаврыг хэн хэн нь бүрэн ухамсарлан ойлгож байгуулсан. Иргэний хуулийн 313.2-р гэрээнд гэрээний нийт үнэ, түрээсийн төлбөр, түүнийг төлөх журам, хугацаа, гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болох тохиолдолд гэрээний үнийг төлж дуусах журмыг заана. Иймд гэрээний 9.4 нь  хуулийн дагуу бөгөөд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд түрээсээр тооцохоор тохирсон заалт юм. Иргэний хуулийн 312-317-р зүйлийн шууд утга болон, утга агуулгын хувьд хууль зөрчсөн зүйл алга байна. Талуудын хооронд байгуулсан “Санхүүгийн түрээсийн гэрээ”-ний 7.10 дахь заалт нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлд бүрэн нийцэж байх тул хүчингүйд тооцох үндэслэлгүй. “Х” ХХК-ийн гаргасан “Санхүүгийн түрээсийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 153/ШШ2017/00284 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасныг баримтлан Х ХХК-иас 242 202 500 төгрөг гаргуулан М ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2-т зааснаар  улсын тэмдэгтийн хураамжид Х ХХК-иас төлсөн 140 400 төгрөг, М ХХК-с төлсөн 1.368.963 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1.368.963 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

       Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 33 дугаар магадлалаар Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 153/ШШ2017/00284 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1.-д заасныг баримтлан  “Х” ХХК-аас 62.202.500 төгрөг гаргуулан “М” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 180.000.000 төгрөгийн шаардлагы хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.-т заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.368.963 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-иас 468.963 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын гомдолдоо: “М” ХХК нь уул уурхай, зам барилгын, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж худалдаа, түрээс, засвар, сэлбэг, нийлүүлэлт, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, ашигт малтмалын хайгуул, судалгаа олборлолт, зочид буудал, тээвэр, зууч, бизнесийн зориулалт бүхий талбайн түрээс, барилга угсралт, гаалийн баталгаат агуулах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд. Гэтэл бодит байдалд хариуцагч нь санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн гол үүрэг болох түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, түрээсийн төлбөр төлөлтийг удаа дараа тасалдуулж ирсэн. Нэхэмжлэгч тал гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас удаа дараа шаардаж ирсэн боловч тодорхой үр дүн гараагүй, санхүүгийн түрээсийн төлөөгүй тул санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15.1.4, гэрээний 9.1-р 2015-09- 14-ний өдөр түрээсийн зүйлийг буцаан авч энэ тухай баримтыг гаргаж өгсөн байхад нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаагүйд  гомдолдтой байна. Санхүүгийн түрээсийн гэрээний 7.10-т Түрээсийн хүү болон хугацаа хэтрүүлсний алданги нь түрээсийн төлбөрийн үлдэгдлийг бүрэн төлж дуусах хүртэл тооцно...” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Мөн 2014 оны 14/42 тоот санхүү түрээсийн гэрээ нь талуудын тохиролцоо бөгөөд Иргэний хуулийн 189.1-д нийцсэн байна. Гэтэл давж заалдах шатны шүүх илүү төлбөр нэхэмжилсэн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний талууд түрээслэгч нь төлбөр төлөх үүргээ зөрчсөн тохиолдолд санхүүгийн түрээсийн гэрээг түрээсийн хэлбэрт шилжүүлэхээр тохиролцсон. Энэ нь санхүүгийн түрээсийн гэрээний 9.4-д түрээслэгч гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээг түрээсийн гэрээний хэлбэрт шилжүүлэн түрээсийн техникийг буцаан авч, ашигласан сар тутамд 1 сарын 15сая төгрөгөөр тооцож, үлдэгдэл төлбөрийг нэхэмжилнэ гэж заасны дагуу хариуцагч 2 ширхэг авто ачигчийг ашигласан хугацаа 12 сар /2014.09.12-ны өдрөөс 2015.09.14-ний өдрийг хүртэл/-ыг 15сая  төгрөгөөр тооцоход 360 сая төгрөг болно. Үүнээс хариуцагч "Х" ХХК-ийн төлсөн түрээсийн төлбөр 118 219 500 төгрөгийг хасч тооцоход ‘’Х” ХХК-ийн дутуу төлсөн түрээсийн төлбөр 241 780 500 төгрөг болно. Үүн дээр хариуцагч “Х” ХХК, нэхэмжлэгч "М” ХХК-иас бараа материал, сэлбэгийг зээлээр худалдан авсан гэрээний үлдэгдэл төлбөр 422 000 төгрөгийг нэмбэл нийт 242 202 500 төгрөг болж байна. ...Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Шийдвэрт Иргэний хуулийн 312.1, 189.1-д заасныг баримтлан  “Х” ХХК-с 242 202 500 төгрөг гаргуулан “М” ХХК-д олгож, 2014 оны 14/42 дугаар гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, түрээсийн авто ачигч машины өмчлөгчийг тогтоолгох тухай ‘’Х” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэснийг  хэвээр үлдээж өгнө үү  гэжээ.

      Хариуцагчийн төлөөлөгч хариу тайлбартаа: “...Гэвч “Х” ХХК-иас шалтгаалахгүй нөхцөл байдал буюу Хөшөөтийн уурхайн үйл ажиллагаа зогссон нийтэд илэрхий үйл баримтын улмаас гэрээний үүргээ гэрээ байгуулагдсан үеэс биелүүлэх боломжгүй байсан. Энэ талаар “Х” ХХК нь нөгөө талдаа удаа дараа мэдэгдэж байсан. “Х” ХХК нь 118.219.500 төгрөгийг “М” ХХК-д төлсөн. Талууд 14/42 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээг 2014-09- 11-ний өдрөөс 2015-03-11-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай байгуулсан. Гэтэл нэхэмжлэгч тал хууль зүйн үндэслэлгүйгээр гэрээний хугацаа дууссанаас хойших хугацааны төлбөр нэхэмжилсэн. Энэ талаар “...9.4-т заасны дагуу түрээсийн төлбөрөө нэхэмжлэх эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй, гэрээний хугацаа дууссаны дараа илүү төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзнэ...” гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Харин давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч талын гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээний хугацаандаа үүргээ гүйцэтгэхгүй байхад нь гэрээний зүйлээ буцаан авч, төлбөрөө нэхэмжлэх боломжтой байсан боловч яагаад хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлэхгүй удаа дараа зөрчихөд гэрээний 9.1-д зааснаар түрээсийн зүйлийг буцаан аваагүй, 1 жилийн хугацаа өнгөрсөн үндэслэлээ нотолж чадсангүй. Гэрээний 9.1.4-д “түрээсийн төлбөрийг 1 удаа төлөөгүй” тохиолдолд 2 авто ачигчийг буцаан авах эрх нь гэрээгээр нэхэмжлэгчид өөрт нь олгогдсон. Түүнчлэн “М” ХХК-иас гэрээний стандарт нөхцөлийг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, 9.4-д “түрээслэгч гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээг түрээсийн хэлбэрт шилжүүлэн, түрээсийн техникийг буцаан авч, ашигласан сар тутамд 1 сарын 15 000 000 төгрөгөөр тооцож үлдэгдэл төлбөрийг нэхэмжилнэ” гэсэн санхүүгийн түрээсийн гэрээнээс өөр нөхцөлийг тусгахдаа гэрээний нөгөө тал буюу “Х” ХХК-д тайлбарлаагүй. Харин санхүүгийн түрээсийн гэрээний 9.4 дэх зохицуулалтын үгийн шууд утга нь техник тус бүрд 15 сая төгрөг бус нийтдээ 15 сая төгрөг байхаар ойлгогдож байгаа юм. Иймд  магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        “М” ХХК 2016-07-22-ны өдөр “Х” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 241.780.500 төгрөг, бараа материал сэлбэгийн үнэ 422.000 төгрөг, нийт 242.202.500 төгрөг шаардсан байна. /хх1-2/. 241.780.500 төгрөгийг тооцож гаргахдаа үндэслэлээ “...үүргээ зөрчвөл гэрээний зүйлийг ашигласан сарын төлбөрийг 15.000.000 төгрөгөөр тооцно гэж гэрээний 9.4 заасан... 2 ширхэг авто ачигчийг 2014-09-12-ны өдрөөс 2015-09-14-ний өдөр хүртэл ашигласан 12 сараар тооцвол 30.000.000х12 сар=360.000.000 төгрөг...үүнээс төлсөн төлбөр 118.219.500 төгрөгийг хассан...” гэжээ.  /хх 1-н 1, 68, 138/

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, 2016-10-12-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргаж, 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 14/42 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг шаардсан байна.  /хх1-н 50-54, 118/

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “... 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 14/42 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээг бичгээр байгуулсан байна... гэрээний зүйл нь 2 авто ачигч байна... гэрээний  9.4.,13.1.3-н үүрэг зөрчигдсөн тохиолдолд гэрээг түрээсийн хэлбэрт шилжүүлж, 1 сарын 15 сая төгрөгөөр тооцож үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэх, түрээсийн зүйлийг буцаан авах тухай талууд тохиролцсон байна...сөрөг нэхэмжлэл баримтаар нотлогдоогүй...” гэсэн дүгнэлт хийсэн байна.

       Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа “... санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан байна... гэрээний хугацаа дууссаны дараа илүү төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул түрээсийн гэрээний хугацааг 6 сараар тооцож, дээр нь бараа материалын үнийг нэмж нийт  62.202.500 төгрөгийг гаргуулна...” гэжээ.

        Шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       1. М ХХК-ийн нэхэмжлэл, Х ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа тул талуудын хооронд үүссэн гэрээний харилцааны талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

      а/. Нэхэмжлэлд М ХХК хариуцагчаас ямар төлбөр шаардаж буй нь тодорхойгүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хууль, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн  зохицуулалт нийцээгүй байна.

      Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар “... Санхүүгийн түрээсийн гэрээний нийт үнэ нь түрээсийн зүйлийг худалдаж авах, үйлдвэрлэх, захиалах, хүлээн авах, тээвэрлэх, суурилуулах, турших, ашиглалтанд оруулах болон тэдгээртэй адилтгах үйл ажиллагаанд түрээслүүлэгчээс гарах зардал буюу түрээсийн төлбөр мөн  түрээсийн хүү...” -с бүрдэнэ.

       Гэвч хэрэгт авагдсан баримтаар гэрээний 2.2 болон 7.9-д заасан төлбөрүүдийг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй, нэхэмжлэгч аль мөнгийг шаардсан нь тодорхойгүй байна.   

      б/. Хариуцагч 2016-10-12-ны өдөр сөрөг нэхэмжлэл /хх 1-ийн 50-54/ гаргахдаа 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 14/42 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох бус, харин хуульд зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзсэн байхад шүүх энэ талаар тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-г зөрчжээ. Түүнчлэн, хариуцагч 2017-02-07-ны өдөр нэхэмжлэлийн  шаардлагыг нэмэгдүүлсэн /хх 1-ийн 118/ боловч  “... түрээсийн зүйлийн өмчлөлийн талаар маргаан гаргаж байна...” гэсэн нь сөрөг нэхэмжлэлийг тодорхой бус болгосон, үүнийг шүүх тодруулаагүй нь буруу болжээ.

       2. Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хууль болон Санхүүгийн түрээсийн тухай хуулийн зарим зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

       Нэхэмжлэгч “..гэрээний зүйлийг буцааж авсан...” агуулгатай тайлбар өгсөн байхад шүүх гэрээний зүйлийг түр буцааж авах эрхийн талаарх Санхүүгийн түрээсийн тухай хуулийн зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэлийг хангасан буруу болжээ.

       Түрээслүүлэгч Санхүүгийн түрээсийн тухай  хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр эд хөрөнгийг түр буцааж авах эрхтэй хэдий ч мөн зүйлийн 15.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр эд хөрөнгийг буцааж өгөх үүрэгтэй байдаг.

       Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч гэрээний зүйлийг түр буцаан авах бус, харин гэрээний харилцааг цуцалсан гэж маргасан байна. Зохигчдын хоорондох гэрээний харилцаа дуусгавар болж буй тохиолдолд нэхэмжлэгч гэрээ цуцлагдах хүртэл түрээсийн төлбөрийг, хариуцагч эд хөрөнгийн урьдчилгаанд төлсөн төлбөрийг тус тус шаардах эрхтэй юм.

      Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Санхүүгийн түрээсийн тухай хууль, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, өөрчлөлт оруулах боломжгүй байх тул шийдвэр,магадлалыг хүчингүй болгов.

       Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсны үндсэн дээр нотлох баримтыг үнэлж, зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг тодорхойлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 153/ШШ2017/00284 дүгээр шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 33 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 1.062.000 төгрөгийг М ХХК-д захирамжаар буцааж олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ