Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2026/00581

 

 

 

 

 

 

 

 

2026 03 16 210/МА2026/00581

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2026/00044 дугаар шийдвэртэй,

 

*******гийн нэхэмжлэлтэй,

*******т холбогдох,

 

Дундын өмчлөлийн орон сууцны ногдох хэсэг 76,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнээс нэр хасуулах, холбогдох бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* миний бие 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Г.Мөрөнтэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, ******* хаягт байрлах, улсын бүртгэлийн ******* дугаартай, 18 м.кв талбай бүхий, 1 өрөө орон сууцыг 56,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Уг гэрээг байгуулахаас өмнө хүү *******н хамтран амьдрагч ******* надад ...******* охин бид гурав таны худалдаж авах гэж байгаа байрны мөнгөнд тодорхой хэмжээний мөнгө нэмэрлээд, өөрийн гэсэн гэр оронтой болтлоо хамт амьдарч болох уу, та үл хөдлөхийн гэрчилгээнд намайг хамтран өмчлөгчөөр оруулаад бидэнд тус болоод, дэмжээд өгөөч... гээд гуйгаад байхаар нь *******ээс 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 13,400,000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар авч, би өөрөө 43,100,000 төгрөг гаргаж, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нийт 56,500,000 төгрөгийг орон сууц худалдсан хүний данс руу шилжүүлсэн. Дээрх худалдах- худалдан авах гэрээний 3.5-д Худалдан авсан орон сууцыг ******* 76%, ******* 24%-иар тус тус өмчилнө гэж заасан.

1.2. Гэтэл ******* нь тухайн орон сууцанд орж амьдарсан цагаас хойш *******тай маргалдаж, удаа дараа гэрээсээ хөөх үйлдэл гаргаж байсан бөгөөд хамгийн сүүлд 2025 оны 04 дүгээр сард мөн гэрээсээ хөөсөн, гэртээ оруулахгүй байгаа гэдгийг хүү ******* надад хэлсэн. Улмаар шүүхэд хандахаасаа өмнө *******тэй уулзаад орон сууц худалдаж авахад оруулсан мөнгөө буцааж аваад байрыг суллаж өгөх, эсхүл миний оруулсан мөнгийг буцааж өг гэж шаардахад байрыг суллаж өгөхгүй, мөн миний мөнгийг буцааж өгөхгүй гэдэг. Миний бие тухайн орон сууцаа 100,000,000 төгрөгөөр үнэлж байгаа тул дээрх орон сууцны зах зээлийн үнэлгээгээр тооцож ******* миний оруулсан 76 хувьд ногдох хэсэг 76,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. *******тай 2022 онд танилцаж хамт амьдарсан. Бидний дундаас 1 охин төрсөн бөгөөд *******гийн хашаа байшинд амьдарч байгаад 2023 онд тусдаа гарах шийдвэр гаргаж, ******* хаягт байрлах, улсын бүртгэлийн ******* дугаартай, 18 м.кв талбай бүхий, 1 өрөө орон сууцыг 57,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож өөрийн автомашиныг 13,400,000 төгрөгөөр худалдан борлуулж байрны урьдчилгаа төлж, улмаар *******гаас 43,100,000 төгрөг зээлж орон сууцыг худалдаж авахаар болсон. Ингээд 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө Худалдах-худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээ байгуулахад хадам ээж ******* ...мөнгө зээлсэн тул та хоёрыг зээлээ төлж дуусахаар нэрээ хасуулна, тэр болтол гэрчилгээнд нэрээ оруулж байя... гэсэн тул бид зөвшөөрсөн. Ингээд удалгүй 2022 оны 09 дүгээр сард цалингийн зээл авч 20,000,000 төгрөгийг *******гийн данс руу шилжүүлсэн. Тус орон сууцанд өмнө амьдарч байсан хүмүүс орон сууцны болон СӨХ-ны мөнгө төлөөгүй байсан учраас 500,000 төгрөгийг суутгаж би өөрөөсөө уг мөнгийг гаргаж төлж дуусгасан. Мөн гэрчилгээний мөнгө, нотариатын мөнгө, улсын бүртгэлийн зардал гэх мэт зардлууд бүгд надаас гарсан.

2.2. Үлдэгдэл 23,100,000 төгрөгийг сар бүр 500,000 төгрөгөөр төлье гэж *******д олон удаа хэлж байсан. ******* надад хэлэхдээ ...хоёулаа 20,000,000 төгрөг ээжид өгөөд одоо дахиж мөнгө өгөх шаардлагагүй болсон. Ээж бид хоёроос дахиж мөнгө авахгүй гэсэн, ээж боломж бололцоо сайтай учраас гурван хүүхдэдээ бэлэг болгоод өгье гэсэн... гэж хэлсэн тул өнөөдрийг хүртэл нэмж мөнгө өгөөгүй. ******* ч бид хоёроос мөнгө нэхэж байгаагүй. Хэрэв ******* нь тус орон сууцыг худалдаж авахад зээлсэн 43,100,000 төгрөгөөс буцааж авсан 20,000,000 төгрөгөө хасаад, үлдэгдэл 23,100,000 төгрөгөө авъя гэж байгаа бол татгалзах зүйлгүй. Тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ ******* бид хоёрын нэр дээр байдаг. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнээс нэрээ хассаны дараа зээлсэн мөнгөний үлдэгдэл 23,100,000 төгрөгийг төлөх боломжтой, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

3.1. Тухайн үл хөдлөх хөрөнгийг авахдаа *******гаас 43,100,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд үүний 20,000,000 төгрөгийг буцаан төлсөн. Анх орон сууцыг 57,000,000 төгрөгөөр худалдаж авсан, хэрэв ******* нь 23,100,000 төгрөгийг аваад өмчлөх эрхийн гэрчилгээнээс нэрээ хасуулна гэвэл уг 23,000,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Иймд ******* хаягт байрлах, улсын бүртгэлийн ******* дугаартай, 18 м.кв талбай бүхий, 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнээс *******гийн нэрийг хасаж, холбогдох бичиг баримтыг гаргаж өгөхийг *******д даалгаж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Анхнаасаа ******* нь тухайн орон сууцыг худалдаж авах, цаашлаад амьдрах зорилготой байсан бол худалдах-худалдан авах гэрээнд хувь хэмжээг оруулж тусгах шаардлагагүй байсан. Над руу шилжүүлсэн гэх 20,000,000 төгрөгийг манай хүү ******* Худалдаа хөгжлийн банкнаас өөрийнхөө нэрээр цалингийн зээл авч над руу шилжүүлсэн мөнгө бөгөөд энэ нь надад өгөх ёстой байсан мөнгө болохоос *******т хамааралгүй, түүний мөнгө биш юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч *******ээс 67,579,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,420,800 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

5.2. Нэхэмжлэгч *******г ******* хаягт байрлах, ******* улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээнээс хасаж бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж,

 5.3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 495,846 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч *******гаас 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 537,950 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод тус тус үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүхээс хэргийн бодит үйл баримтыг тогтоогоогүй, маргаан бүхий орон сууцанд маш их засвар, үйлчилгээ хийсэнтэй холбоотой гэрчийн мэдүүлэг байдаг. Тус 1 өрөө орон сууцны үнэ 57,000,000 төгрөгийн 43,000,000 төгрөгийг нэхэмжлэгч, 13,400,000 төгрөгийг хариуцагч миний бие төлсөн. *******гаас хашаа, байшин худалдсан мөнгө болох 43,000,000 төгрөгийг зээлж, үүнээс 20,000,000 төгрөгийг буцаан төлж, *******гийн данснаас шилжүүлсэн, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдсан. Үлдэгдэл 23,000,000 төгрөгийг төлөхийг шүүхийн шатанд хүлээн зөвшөөрсөн. ******* нь шүүхэд худал нэхэмжлэл гаргах хүртлээ нэг ч удаа мөнгө нэхэж байгаагүй ба үлдэгдэл төлбөрөө сар бүр төлөөд явъя гэхэд ...гурван хүүхдээсээ юу ч авахгүй, ...миний хүүхдүүд санаа зоволтгүй гэдэг байсан атлаа хүүгээс нь салсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад маш их гомдолтой байна.

6.2. Шүүхээс тус орон сууцыг 88,920,000 төгрөгөөр тооцож, үүний 76 хувь болох 67,579,200 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй, илт нэхэмжлэгч талд давуу эрх олгосон шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна.

6.3. Мөн шүүхээс Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасныг үндэслэл болгож талуудын хоорондын маргааныг дундын өмч гэж үзсэн нь үндэслэлгүй. Бодит байдал дээр *******гаас мөнгө зээлсэн үйл баримт байдаг болохоос биш маргаан бүхий орон сууцыг дундаа өмчилсөн зүйл огт байгаагүй.

6.4. Тус орон сууц нь цахилгаан, ус байхгүй учраас цахилгааны бүх утас холболтыг шинэчилж, усны хоолойнууд нь муудсан байсан учраас бүгдийг нь шинээр сольсон. Мөн шал байхгүй, цонх, хаалга, хана, тааз гээд орон сууцанд байх бүхий л зүйлийг сольж, шинэчилж, янзлах шаардлагатай байсан учраас тус орон сууцыг 2023 онд 57,000,000 төгрөгөөр хямд худалдаж авсан. 15,000,000-17,000,000 төгрөгийн засвар хийж, бүх зүйлийг шинээр хийж, хүн амьдрах боломжтой болгосон учраас орон сууцны зах зээлийн үнэ өссөн. Энэ бүх үйл баримтыг гэрч болон дансны хуулгаар нотолж, гэрчилж өгдөг.

6.5. Мөн хариуцагчийг засвар үйлчилгээнд зарцуулсан хөрөнгө хэмжээг нотлоогүй гэжээ. Хариуцагчийн зүгээс 2023 оны 05 дугаар сараас 08 дугаар сарыг хүртэл засвар хийсэнтэй холбоотой дансны хуулга болон гэрчийн мэдүүлэг авхуулсан. Үүнээс илүүтэйгээр нотлох боломж байхгүй. Өөрийн гэсэн орон сууц худалдаж аваад засвар үйлчилгээ хийгээд орон сууцаа тохитой тухтай, хүн амьдрах зориулалттай болгохдоо нөхрөөсөө сална гэж хэний ч санаанд ордоггүй учир тэр бүр бараа материал авахдаа баримт бүрдүүлэн авч байгаагүй. Шүүхийн ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас манайд ногдох 24 хувь 21,340,800 төгрөг дээр засварын зардлын 50 хувь болох 8,659,200 төгрөг нэмээд нийт 30,000,000 төгрөг өгье гэх хүсэлт зоригоо хүртэл илэрхийлдэг. Гэсэн атал шүүхээс нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

6.6. Хариуцагчийн зүгээс орон сууцны засварыг гардаж хийсэн *******г гэрчээр асуулгах хүсэлтэй байгаа. ******* дарамтлаад байна, гэрчийн мэдүүлэг өгөхөөс айгаад байна гэх зүйл яриад шүүхийн дуудсан цагт ирэхгүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

 

7.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч талын хэн алинд холбогдох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талтай эвлэрэх санал тавьсан ч эвлэрэх саналыг хүлээж аваагүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан дундын өмчлөлийн орон сууцны ногдох хэсэг 76,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, /хх-1-2/

 

хариуцагч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 23,100,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөхөөс татгалзсан үндэслэлээ ...*******гаас 43,100,000 төгрөгийг зээлсэн, үүнээс 20,300,000 төгрөгийг *******тай хамтран амьдарч байх хугацаандаа цалингийн зээл авч төлсөн. ******* нь хүүхдүүдээсээ мөнгө авахгүй гээд үлдэх төлбөрийг төлүүлээгүй. Одоо *******гаас салсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тайлбарлан маргаж, ******* хаягт байрлах, улсын бүртгэлийн ******* дугаартай, 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнээс *******гийн нэрийг хасаж, холбогдох бичиг баримтыг гаргаж өгөхийг *******д даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. /хх-35-36/

 

3. Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

 

3.1. *******, ******* нар иргэн Г.Мөрөнтэй 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 0052 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, ******* хаягт байрлах, улсын бүртгэлийн ******* дугаартай, 18 м.кв талбай бүхий, 1 өрөө орон сууцыг 56,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. /хх.5-6/

 

3.2. Хариуцагч ******* нь өөрийн данснаас 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 13,400,000 төгрөгийг bair mongo гэх гүйлгээний утгатайгаар ******* руу, ******* нь өөрийн данснаас 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 56,500,000 төгрөгийг Цэцэгмаагаас байрны үнэ 99448409 гэх гүйлгээний утгатайгаар Г.Мөрөнгийн эзэмшлийн данс руу шилжүүлсэн. /хх-7-8/

 

3.3. Улмаар нэхэмжлэгч *******, ******* нар 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр орон сууцны өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон. /хх-9-11/

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Учир нь,

*******, ******* нар 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр тухайн орон сууцыг хамтран худалдан авч, орон сууцны үнийн 76 хувийг *******, 24 хувийг ******* тус тус төлж, үл хөдлөх эд хөрөнгийн хэсгээр хамтран өмчлөгч болжээ.

Тодруулбал, энэ тохиолдолд зохигчийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж зааснаар энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг дээрх хувь хэмжээгээр хэсгээр өмчлөгч гэж үзнэ.

5. Ийнхүү нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан орон сууцнаас өөрт ногдох хэсгээ хожим салгаж авах боломжгүй тул уг ногдох хэсгийг мөнгөөр нэхэмжилж байгааг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж заасантай нийцсэн гэж дүгнэнэ.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий орон сууцны үл хуваагдах шинж чанартай холбоотойгоор нэхэмжлэгч нь тус хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт Дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно гэж зааснаар захиран зарцуулах боломжгүй тул хариуцагчаас мөнгө нэхэмжилснийг буруутгахгүй.

Иймд, анхан шатны шүүх орон сууцны зах зээлийн үнэ 88,920,000 төгрөгөөс нэхэмжлэгч *******д ногдох 76 хувь болох 67,579,200 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж нэхэмжлэгчид олгож, *******г орон сууцны хамтран өмчлөх бүртгэлээс хасаж, холбогдох бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

6. Хариуцагч ******* нь ...*******гаас 43,100,000 төгрөгийг зээлсэн, үүнээс 20,000,000 төгрөгийг нөхөр ******* нь төлсөн тул орон сууцыг дундын өмч гэж үзэхгүй... гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

6.1. Хэрэгт авагдсан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/05631 дугаар шийдвэр, ******* болон ******* нарын Худалдаа хөгжлийн банк ХК, Хаан банк ХК дахь дансны хуулга зэргээс үзэхэд хариуцагч нь 2020 оны 08 дугаар сараас 2025 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд *******тай хамтын амьдралтай байсан, ******* нь 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Худалдаа хөгжлийн банк ХК-аас цалингийн зээл авч, 20,300,000 төгрөгийг нэхэмжлэгч *******д шилжүүлснээс өөрөөр зээлсэн гэх 43,100,000 төгрөгийг ******* болон ******* нар буцаан төлж байсан гэх үйл баримт тогтоогдоогүй. /хх-77-82, 103-105, 106-109, 131-136,141-159, 184-200/

 

6.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь орон сууцыг 88,920,000 төгрөгөөр үнэлсэн. /хх.53-73/

 

Хариуцагч ******* нь орон сууцны үнийг 88,920,000 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...орон сууцыг 56,500,000 төгрөгөөр худалдаж авсан, 15,000,000 төгрөгөөр засвар үйлчилгээ хийсэн... гэж тайлбарлах боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

 

Тодруулбал, гэрч ******* мэдүүлэгтээ ...том өрөөнд паркетан шал, обой наасан, гал тогоонд юу ч хийгээгүй, 00-ийн өрөөний ванн сольсон, өөр засвар хийгээгүй, засварт нийт 4,000,000 төгрөг хүрсэн байх... гэж, гэрч Л******* мэдүүлэгтээ ...ах *******той хамт засвар хийсэн ба паркетан шал хийж, обой наасан, таазыг нь эмульстэж, замаск татаж янзалсан, бага зэрэг цахилгааны засвар хийсэн, ванн суулгасан, ажлын хөлсөнд нийт 1,000,000 төгрөг авсан, өөрсдөө материалаа авчирч өгсөн тул хэдэн төгрөгийн засвар хийснийг мэдэхгүй гэж тус тус мэдүүлснээс үзэхэд 15,000,000 төгрөгөөр орон сууцны засвар, үйлчилгээ хийсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. /хх.172-179/

 

6.3. Мөн хариуцагчийн дансны хуулгад 7б байр, 9 тоот гэх гүйлгээний утгатай 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 120,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 126,300 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 730,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 170,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4,000 төгрөг, 36,000 төгрөг, нийт 1,186,300 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байх ба үүнийг орон сууцны засвар, эсхүл тавилга эд зүйл худалдан авсан зардалд тооцох үндэслэлгүй байна.

 

7. Түүнчлэн хариуцагчийн Орон сууцыг засвар хийгдээгүй, анх худалдан авсан байдлаар нь үнэлгээг хийлгэх хүсэлтийг шүүх хангаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар хөрөнгийн үнэлгээ бодитой байх зарчмыг баримталдаг бөгөөд хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлсон өдрийн байдлаар уг хөрөнгө хэдий хэмжээний үнэ цэнтэй болохыг тогтоох ёстой ба энэхүү үүргийн хүрээнд хөрөнгийн үнэлгээчин уг орон сууцны үнэлгээ гарах өдрийн байдлаарх зах зээлийн үнийг тогтоосон байна.

 

8. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр *******, ******* нарыг гэрчээр оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШЗ2025/45596 дугаар захирамжаар хангаж, мөн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 192/ШЗ2025/48******* дугаар захирамжаар гэрчүүдийг шүүхэд албадан ирүүлэхийг цагдаагийн байгууллагад даалгасан.

 

Гэвч *******газрын ******* албаны ******* газрын ******* хэлтсийн ******* тасгийн хамгаалалтын цагдаагийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Илтгэх хуудас-т гэрчээр дуудагдсан ******* нь ******* тоотод оршин суудаггүй, түүний *******дугаарын утсаар холбогдоход Би Архангай аймагт ажил хийдэг, тодорхойлсон хаягт оршин суудаггүй гэж хэлснийг дурдсан, мөн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар тодорхойлолтод дурдсанаар ******* хороонд харьяалагдаж байгаа ба иргэний бүртгэлийн мэдээлэл шинэчлэгдсэн нь тогтоогджээ.

 

Ийнхүү гэрч ******* хариуцагчийн тодорхойлсон хаягт оршин суудаггүй, түүнийг шүүхэд албадан ирүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн буюу шүүх гэрчийг дуудан ирүүлэх хуульд заасан бүхий л арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул уг *******г гэрчээр асуулгах тухай хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

9. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 болон 2 дахь заалтыг нэгтгэн найруулгын өөрчлөлт оруулж, бусад хэсгийн дугаарлалтыг өөрчилж, шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2026/00044 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 болон 2 дахь заалтыг нэгтгэн 1 гэж дугаарлан, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс 67,579,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,420,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, ******* хаягт байрлах, улсын бүртгэлийн ******* дугаартай, 18 м.кв талбай бүхий, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнээс нэхэмжлэгч *******гийн нэрийг хасаж бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай. гэж,

3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж дугаарлан шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380,850 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

 

Н.ГЭРЭЛТУЯА