| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00630/и |
| Дугаар | 00660 |
| Огноо | 2016-10-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 00660
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багт оршин суух, 1956 онд төрсөн, эрэгтэй, ОН56090571 регистрийн дугаартай, Таргад овогтой Шээрэвийн Самбуугийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Самбуу шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1956 онд төрсөн, 60 настай. Би 1981 оноос 1989 оны 12 дугаар сар дуустал хугацаанд Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд үхэр маллаж нэгдэл тарах хүртэл ажилласан. Тэр үедээ хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал нэгдэл тарсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болсон ба бичиг баримтаа бүрдүүлэхэд Социализмын зам нэгдэлд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийг нөхөн бичүүлэх боломжгүй болсон тул шүүхэд хандаж байна. Иймд миний Социализмын зам нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Самбуу нь Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд 1981-1989 оны хооронд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэгт Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн цалингийн тодорхойлолт авагдсан байх ба уг тодорхойлолтод Ш.Самбуугийн 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Г.Пүрэвжав, Я.Алтанцэцэг нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Г.Пүрэвжав: “Би Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд 1983 онд түүхий эдийн эрхлэгчээр ажилд орон ажиллаж байхад Ш.Самбуу нь тус нэгдэлд үхэр малладаг байсан. Би 1992 оноос 1995 он хүртэл брокорын ангентаар ажилласан. Ш.Самбуу бид хоёр үе тэнгийн найз нөхөд хүмүүс учир нэгнээ сайн мэднэ. Ш.Самбуу нь нэгдэл тарах хүртэл үхэр маллаж байгаад нэгдэл тарж компани болоход мөн үргэлжлүүлэн үхэр маллаж байсан. Түргэн сумын Социализмын зам нэгдэл нь 1991 онд Дэлгэр мөрөн хувьцаат компани болсон. Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэл болон Дэлгэр мөрөн хувьцаат компанийн даргаар н.Баянбилэг, н.Гэлэнхүү, Ц.Батаа гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэж, гэрч Я.Алтанцэцэг: “Би Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд 1982 оноос эхлэн саальчнар ажиллаж эхэлсэн. Ш.Самбуу нь тус нэгдэлд 1981 оноос эхлэн үхэр малладаг байсан. Ш.Самбуу бид нар нэг баг бригадын айл саахалт хүмүүс учир нэгнээ сайн мэднэ. Ш.Самбуу бид нар нэгдэл тарах хүртэл мал маллаж байгаад нэгдэл тарж компани болоход мөн үргэлжлүүлэн малаа малласан. Манай сумын нэгдлийн бичиг баримт олдохгүй байгаа учраас бид нар бүгд л шүүхээр ажилласан жилээ тогтоолгосон. Түргэн сумын Социализмын зам нэгдэл нь 1991 онд Дэлгэр мөрөн хувьцаат компани болсон. Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэл болон Дэлгэр мөрөн хувьцаат компанийн даргаар н.Баянбилэг, н.Гэлэнхүү, Ц.Батаа гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 202 тоот шийдвэр, мөн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1075 тоот шийдвэр, Я.Алтанцэцэгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд тус тус авагджээ.
Иймд Увс аймгийн Архивын тасгийн тодорхойлолт, гэрч Г.Пүрэвжав, Я.Алтанцэцэг нарын шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргийг тус тус үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ш.Самбуугийн 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Ш.Самбуугийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Таргад овогтой Шээрэвийн Самбуугийн 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд малчнаар нийт 9 жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Самбуугийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА