| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабал Батчимэг |
| Хэргийн индекс | 181/2024/03866/И |
| Дугаар | 210/МА2026/01064 |
| Огноо | 2026-05-11 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2026/01064
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 191/ШШ2026/00757 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* газарт холбогдох,
******* дүүргийн ******* дугаар хороо, *******, ******* хотхоны ******* тоотод байршилтай 294 м.кв талбайтай амины орон сууц болон *******ийн нэр дээрх 728 м.кв талбайтай эзэмшлийн газрыг 668,914,749 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, анхны албадан дуудлага явуулах тухай 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2106 дугаартай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1-д ******* ХХК-ийн захирал *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар ******* ХК-ийн нэхэмжилсэн 170,695,231 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүр 30,000,000 төгрөг төлөхөөр эвлэрч, зээлийн гэрээ цуцлагдсан тул хүү нэмж тооцохгүйгээр эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж заасан. Тус захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 8337/а дугаар захирамж гарч, ******* дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн. Улмаар ******* газар уг захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан.
1.2. Энэ хүрээнд ******* ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ******* дүүргийн *******дугаар хороо, *******, ******* хотхоны АОС-1 тоотод байрлах 294 м.кв амины орон сууц, мөн *******ийн нэр дээрх 728 м.кв эзэмшлийн газрыг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдэлгүйгээр хураах ажиллагаа явуулсан. Мөн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ******* ХХК-ийг томилсныг мессежээр мэдэгдсэн бөгөөд миний зүгээс уг хөрөнгийг ******* тэрбум төгрөгөөр үнэлж байгааг мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээний ажиллагаанд түлхүүр гаргуулахыг удаа дараа шаардаж, төлбөр авагчийн талд хэт нэг талыг барьж байсан. 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шинжээчийн үнэлгээний дүгнэлтийг хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийг ******* ХХК 668,914,749 төгрөгөөр үнэлснийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Уг үнэлгээ нь зах зээлийн ханшид нийцээгүй, үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргасан бөгөөд мөн ******* ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 13- ны өдрийн үнэлгээгээр тухайн хөрөнгийг 1,171,072,401 төгрөгөөр үнэлсэн дүгнэлтийг хавсарган хүргүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож, үнэлгээнүүдийг харьцуулан шалгуулах хүсэлт гаргасан. Гэтэл ******* газар гомдлын хариуг өгөөгүй атлаа 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дуудлага худалдаа явуулах мэдэгдэл хүргүүлсэн. Миний шаардсаны дагуу 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гомдлын хариуг ирүүлэхдээ шүүхэд эсхүл ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандах талаар тайлбар өгсөн. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэгдсэн данснаас хэдий хэмжээний төлбөр төвлөрсөн талаар мэдээлэл авах хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй. Одоог хүртэл төлбөрийн үлдэгдлийн талаар тодорхой мэдээлэл ирүүлээгүй байна.
1.3. Түүнчлэн, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа нь хуульд нийцээгүй. Би 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр энэ талаар мэдэж, хууль зөрчсөн талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч хүлээн аваагүй, харин үнийн санал өгөхийг шаардсан. Тухайн үед эрүүл мэндийн шалтгаанаар хагас хэвтрийн дэглэмд талаар мэдэгдсэн. Иймд ******* ХХК-ийн 668,914,749 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг зах зээлийн бодит үнээс хэт доогуур тул хүчингүй болгож, мөн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2106 дугаар захирамжаар ******* ХХК, *******, ******* нараас 171,246,015 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөр төлөгч ******* ХХК, *******, ******* нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* хотхон-1, ******* тоотод байрлах 294 м.кв талбайтай хувийн сууц болон нэгж талбарын ******* /шинэчлэгдсэн *******/ дугаартай 728 м.кв эзэмшлийн газрыг хамтад нь битүүмжлэн, хураасан. Талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар шинжээч томилж, шинжээчийн тогтоосон 668,914,749 төгрөгийн үнэлгээг мөн хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 4-*******, 4-******* дугаартай албан бичгээр талуудад мэдэгдсэн.
2.2. Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 дахь хэсэгт заасан талууд үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргана гэсэн хугацааг хэтрүүлсэн байна. Мөн хуулийн 55.3-т зааснаар үнэлгээний тайланг талуудад танилцуулж, санал авах журам хэрэгжсэн. Түүнчлэн, 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг эс зөвшөөрсөн тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар эхлээд ахлах шийдвэр гүйцэтгэгчид, улмаар ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах журамтай байхад уг журмыг зөрчиж шууд шүүхэд хандсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т нийцэхгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох *******дүүргийн ******* хороо ******* ******* хотхоны *******тоотод байршилтай 294 м.кв талбайтай амины орон сууц, нэгж талбарын ******* үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон газрын үнэлгээг хүчингүй болгох, 2024 оны 06 сарын 18-ний өдрийн ******* дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. *******ийн нэхэмжлэлтэй ******* газарт холбогдох иргэний хэрийг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагчийг байлцуулахгүйгээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь талуудын мэтгэлцэх эрхийг ноцтойгоор зөрчиж байна.
4.2. Мөн шүүх хуралдаанд гуравдагч этгээдийг оролцуулах хүсэлт гаргасан байхад оролцуулахгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийг гэрчээр оролцуулах боломжтой байсан боловч энэ талаарх ямар нэгэн ажиллагаа хийгээгүй бөгөөд шинжээч нь шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд мөн хүрэлцэн ирээгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд талуудын мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн гэж дурдсан байна. Гэтэл нэхэмжлэгч нь ямар үйл баримт, нотлох баримтын хүрээнд мэтгэлцэх эрх нь хязгаарлагдсан, юуны талаар маргаж байгаа талаараа тодорхой зааж, үндэслэлээ тайлбарлаагүй. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдаанд ирдэггүй байсан бөгөөд түүнийг шийдвэр гүйцэтгэх газраас удаа дараа дуудаж, хүрэлцэн ирэхийг мэдэгдэхэд ирдэггүй байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2013 оноос хойш явагдсан бөгөөд нэхэмжлэгч нь энэ хугацаанд төлөлт хийж байгаагүй. Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны товыг мэдсэн хэр нь шүүх хуралдаанд оролцоогүй. Нэхэмжлэгчийн гаргасан уг үйлдлийг хугацаа хожсон үйлдэл гэж үзэж байна гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
6.1. Нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо хариуцагчийг байлцуулахгүйгээр хүсэлтийг шийдвэрлэсэн, талуудын мэтгэлцэх эрхийг хангаагүй гэж дурдсан байна. Гэвч бодит байдалд шүүхээс шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч болон түүний итгэмжилсэн төлөөлөгч нарт удаа дараа албан ёсоор мэдэгдсэн боловч тэдгээр нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Мөн шүүхэд шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт, холбогдох баримтыг ирүүлээгүй нь нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихгүй байгааг илтгэж байна. Шүүгчийн туслах талуудад шүүх хуралдааны товыг удаа дараа утсаар мэдэгдэж байсан. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар оролцохгүй, үйл ажиллагааг удаашруулж байгаа нь төлбөр авагч буюу гуравдагч этгээд болох ******* ХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Иймд, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* газарт холбогдуулан төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээ, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбарлажээ.
4. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2106 дугаар захирамжаар ******* ХХК, *******, ******* нар нь 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс сар бүр 30,000,000 төгрөг, нийт 170,695,231 төгрөгийг ******* ХК-д төлөхөөр тохиролцсон тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /1хх3-4/
4.1. Дээрх шүүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1581 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, ******* газар 2021 оны 1*******дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ.
4.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ******* ХХК-ийн өмчлөлийн *******дүүргийн *******дугаар хороо ******* хотхон-1 /*******/ ******* тоотод байршилтай 294 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, дээрх хаягт байрлах нэгж талбарын ******* дугаартай газрыг шийдвэр гүйцэтгэгчийн 202*******оны 03 дугаар сарын 15-ны өдрийн *******-156 дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн *******-156 дугаар тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
4.3. Талууд үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг харилцан тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар тогтоолоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан журмын дагуу ******* ХХК-ийг шинжээчээр томилсон /1хх72-73/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн.
4.4. ******* ХХК-ийн шинжээч ******* нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх бөгөөд хариуцагчаас 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр түүнд эрх, үүрэг танилцуулж, хууль тайлбарласан байна. /1хх-160/
4.5. Шинжээч нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр *******дүүргийн ******* дугаар хороо ******* хотхон-1 /*******/ ******* тоотод байршилтай 294 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, дээрх хаягт байрлах нэгж талбарын ******* дугаартай газрыг 668,914,749 төгрөгөөр гэж үнэлсэн байна. /1хх167-191/
5. ******* ХХК нь үнэлгээг тогтоохдоо тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, зориулалтад нийцсэн хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг харьцуулан үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй, 8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
5.1. Хариуцагч байгууллагаас шинжээчийн үнэлгээний тайланг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч *******т утсаар болон цахимаар мэдэгдэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны тэмдэглэл үйлдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасантай нийцжээ. /1хх192-193/
5.2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах хугацааг хэтрүүлсэн байна.
5.3. Мөн нэхэмжлэгч нь дээрх үнэлгээний тайланг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлохоор ******* ХХК-ийн маргаан бүхий хөрөнгийг 1,000,000,000 төгрөгөөр үнэлсэн тайланг гаргасан байх боловч зөвхөн нэг талын гаргасан энэхүү баримтаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн үнэлгээ тогтоосон аргачлалыг няцаах, үнэлгээг үгүйсгэх боломжгүй.
6. Мөн ******* газрын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор дээрх хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ 668,914,749 төгрөгийн 70 хувь болох 468,240,324 төгрөгөөр дуудлага худалдааны үнийг тогтоож, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар тогтоосон байна.
6.1. Хариуцагчаас 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг нэхэмжлэгч *******т шуудангаар хүргүүлсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн тэмдэглэлээр тогтоогджээ. /1хх-123/
6.2. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан журмын дагуу эрх бүхий этгээдэд гомдол гаргах эрхтэй. Нэхэмжлэгчээс анхны албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааны талаар ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй.
Иймд Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.
7. Шүүх зохигч болон үнэлгээчинд шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн байх боловч хэн аль нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх ба тэдгээрийн эзгүйд хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь хэсэгт заасныг зөрчихгүй.
Иймд зохигчийн шүүх хуралдаанд оролцох эрх, талуудын мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.
8. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ төлбөр төлөгчөөс иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гомдол гаргах эрхэд хамаарахгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, энэ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийг баримталсан өөрчлөлт оруулна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 191/ШШ2026/00757 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ...122 дугаар зүйлийн 122.5 гэснийг 44 дүгээр зүйлийн 44.4 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН
Ч.БАТЧИМЭГ