Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 572

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сарантуяа хөтлөн

улсын яллагч Н.Мөнхцэцэг

шүүгдэгч Н.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дүгээр сарын 00-нд Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, вагоны техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, Баянзүрх дүүргийн 00 дүгээр хоро 0 дүгээр хотхоны 000 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Баянцагааны 0000 тоотод түр оршин суудаг, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД: УУ00000000/, Н.Цд холбогдох эрүүгийн 000000000000000 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Н.Ц  2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо 6 дугаар байрны хажууд байрлах “Мэндийн үзүүр” хүнсний дэлгүүрт үйлчлүүлээд гарахдаа иргэн Б.С нь өөрийн эзэмшлийн 3.051.000 төгрөгийн үнэ бүхий I Phone X max маркийн гар утсаа кассын хажууд гээж мартсаныг мэдсээр байж авч завшин бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.  Гэмшиж байна гэв.

 

 

 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.С мөрдөн байцаалтанд: 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр би найз О-ийн хамт Мэндийн үзүүр дэлгүүр орж хүнс аваад тооцоогоо хийхдээ кассны лангуун дээр өөрийн гар утсаа тавиад мартсан. Тэгээд гэрийнхээ үүдэнд очоод гар утсаа гэнэт санаад байхгүй болохоор нь дэлгүүрт үлдээсэн байна гэж бодоод очтол байхгүй байсан. Тэгээд хяналтын камерыг нь шүүж үзтэл 30 гаруй насны эмэгтэй хүн миний ард зогсож байгаад намайг гарсны дараа авсан эд зүйлээ кассанд бичүүлчихээд миний утсыг лангуун дээрээс ууттай эд зүйлийн хамт аваад дэлгүүрээс гараад гүйж байгаа бичлэг байсан. I Phone X max маркийн гар устын дэлгэц хэсэг нь хар, арын таг нь  шаргал өнгөтэй өнгөгүй кэйстэй нүүрний шилэн наалт нь хагарсан өөр ямар нэгэн сэвгүй 64 GB gold өнгөтэй утас байсан. 2019 оны 4 дүгээр сард би Солонгос улсаас монгол мөнгөөр 2800.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо энэ үнээрээ үнэлж байна. /хх-ийн 22/ гэх мэдүүлэг,

 

Дахин байцаалтаар Б.С”...би өөрийн гар утас болон үнэлгээ хийлгэхэд гаргасан 80.000 төгрөгийг хүлээж авсан болохоор надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 24/ гэх мэдүүлэг,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “I Phone X max маркийн гар утас 3.051.000 төгрөгөөр үнэлэгдсэн”  /хх-ийн 28/ гэсэн дүгнэлт,

Эд зүйл Н.Цаас хураан авч, Б.Сд хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 16-17/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14/

        

Яллагдагчаар Н.Ц мөрдөн байцаалтанд: Би Баянгол дүүргийн 5 дугаар хорооны 6 дугаар байранд амьдардаг найз залуугийнхаа гэрт хоночихоод маргааш өглөө нь 2019 оны 5 дугаар сарын 30-ны өглөө 10 билүү 11 цагийн үед 6 дугаар байрны хажуугийн хүнсний дэлгүүр рүү орж хүнсний зүйл аваад дэлгүүрийн кассан дээр авсан зүйлээ бичүүлэх гээд очтол дэлгүүрийн кассын тавиур дээр шаргал өнгийн гадартай I Phone X max маркийн утас байхаар нь дэлгүүрээс худалдан авсан зүйлтэйгээ хамт аваад гарчихсан. Тэгээд би гар утсыг найз залуугийндаа үлдээчихээд маргааш нөгөөдөр нь байх 6 дугаар сарын эхээр хөдөө яваад 3 хоночихоод ирсэн. Надад ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Дэлгүүрийн кассын тавиур дээр эзэнгүй утас байхаар  нь авчихсан. /хх-ийн 40/ гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Н.Цын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                     

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны 6 дугаар байрны хажууд байрлах “Мэндийн үзүүр” хүнсний дэлгүүрт үйлчлүүлээд гарахдаа иргэн Б.С нь өөрийн эзэмшлийн 3.051.000 төгрөгийн үнэ бүхий I Phone X max маркийн гар утсаа кассын хажууд гээж мартсаныг шүүгдэгч Н.Ц мэдсээр байж завшсаны улмаас  бага хэмжээнээс дээш  хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.С “...хяналтын камерыг нь шүүж үзтэл 30 гаруй насны эмэгтэй хүн миний ард зогсож байгаад намайг гарсны дараа авсан эд зүйлээ кассанд бичүүлчихээд миний утсыг лангуун дээрээс ууттай эд зүйлийн хамт хамж аваад дэлгүүрээс гараад гүйж байгаа бичлэг байсан...” /хх-ийн 22/ гэсэн мэдүүлэг болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14/, эд зүйл Н.Цаас хураан авч, Б.Сд хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 16-17/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар  яллагдагчаар Н.Цын “...дэлгүүрийн кассын тавиур дээр шаргал өнгийн гадартай I Phone X max маркийн утас байхаар нь дэлгүүрээс худалдан авсан зүйлтэйгээ хамт аваад гарчихсан...” /хх-ийн 40/ гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх хуулийн үндэслэл болно. 

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “I Phone X max маркийн гар утас 3.051.000 төгрөгөөр үнэлэгдсэн нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.

 

Улсын яллагчаас Н.Цыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос Н.Цд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Н.Цыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Н.Ц гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.Ц гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Н.Цд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Н.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол  учруулсан  гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

                                                                                         

2. Шүүгдэгч Н.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Цд мэдэгдсүгэй.

 

4. Н.Ц цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй,  хэрэгт  хураагдаж ирсэн бичлэг бүхий сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ