Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 00662

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол, 8 дугаар байрны 266 тоотод оршин суух, 1971 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ71092072, Үргэлж овогтой Цэвээнравдангийн Амардаваагийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймаг, Улаангом сумын 3 дугаар баг, 1 дүгээр 64 айлын орон сууцны  36 тоотод оршин суух, 1974 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ74121719, Ургаа овогтой Даваажавын Алдарт холбогдох,

      Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 13.000.000 төгрөг, түүний алданги 628.340 төгрөг, нийт 13.628.340 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Ц.Амардаваагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваахүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний хүргэн ах Цэвээнраван овогтой Амардаваа нь Америк улсаас оруулж ирсэн 5TFHW5F18CX253898 тоот арлын дугаартай улаан өнгийн Toyota TUNDRA маркийн автомашиныг 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын иргэн Д.Алдар гэх хүнд 100.000.000 төгрөгөөр харилцан тохирч зарсан юм. Тухайн үед Д.Алдарт машинаа зарахдаа нотариатаар тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ хийж үлдэгдэл 60.000.000 төгрөгийн 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохирсон юм. Гэтэл Д.Алдар гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд миний бие хүргэн ах Ц.Амардаваагийн машины мөнгийг Д.Алдараас нэхэж түүний араас нь нэхэл дагал болж жил гаруй хугацаа болж байна. Одоо уг машины төлбөрөөс 13.000.000 төгрөгийг төлж өгөхгүй, утсаа авахгүй зугатах боллоо. Иймд автомашины зөрүү үнэ 13.000.000 төгрөг, гэрээний хугацаа зөрчсөн алданги 628.340 төгрөг, нийт 13.628.340 төгрөгийг Д.Алдараас гаргуулж өгнө үү” гэжээ.

       Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: “Ц.Амардаваа АНУ-д ажиллаж амьдардаг бөгөөд өөрийн хадам дүү Б.Даваахүү, Б.Давааням нартай хамтран автомашин оруулж ирж, зардаг юм. Ц.Амардаваа нь  хариуцагч Д.Алдараас автомашин худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 13.000.000 төгрөг, алданги 628.340 төгрөг, нийт 13.628.340 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл шүүх хуралдааны үеэр хариуцагч Д.Алдараас 3.000.000 төгрөгийг Б.Даваанямын Хаан банкны данс руу шилжүүлсэн гэх баримтыг гаргаж ирүүлсэн тул одоо үлдэгдэл 10.000.000 төгрөг, мөн алданги 628.340 төгрөг, нийт 10.628.340 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна” гэжээ.

         Хариуцагч Д.Алдар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нь 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Батдэлэгийн Даваанямаас Тоёото Тундра маркийн машиныг 100.000.000 төгрөгөөр тохирч авсан. Анх Б.Давааням нь машин авахаас жилийн өмнө уг машиныг 90.000.000 төгрөгөөр аваач гэж санал тавьж байсан. 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр машин авч байх үед надад 40.000.000 төгрөг байсан. Түүндээ тохирсон машин авах гэж явсан. Гэтэл Б.Давааням нь уулзаж энэ 40.000.000 төгрөгөө өгөөд үлдсэн 50.000.000 төгрөгөө дараа өгөхөөр зээл ав. Зээлээр өгч байгаа учир 100.000.000-д өгнө, яахав нэмэгдэл 10.000.000 төгрөгт нь тоосго авъя. Манайх граж барих гэж байгаа гэж хэлсэн. Ингээд энэ машиныг өөрийнх нь хэлснээр авсан. Машин авсан өдөр хүргэн ах Ц.Амардаваа нь ирж гэрээ хийсэн. Би тохирсон ёсоор гэрээ хийсэн гэж бодоод уншихгүй гарын үсэг зурсан. Сүүлд мэдэхэд 10.000.000-д нь тоосго авна гэж оруулаагүй байсан. Одоо хэлснээрээ 10.000.000 төгрөгтөө тоосго авбал 3.000.000 төгрөг ч өгөхөд бэлэн байна. Харин алданги гэсэн 628.340 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл уг машин 100.000.000 төгрөгөөр авсан гэхэд шаардлага хангахгүй машин байсан. 1 сарын дотор 5-н дугуй нь хагарч дууссан. 4-н амортизатор 4-н пүрш нь ажиллахгүй байсан. Аккумлятор нь сууж соиулсан. Хойд нуманд өндөрлөгөө хийсэн зэрэг засваруудад нийт 6.000.000 төгрөг зарцуулсан. Үүнийгээ хэлж ярьж байж амартизаторын үнэ болох 2.000.000 төгрөг хасуулсан. Энэ хүн тоосго болон 3.000.000 төгрөг авбал бэлэн өгнө. Авахгүй гэвэл машиныг буцааж өгөхөд ч бэлэн байна. Харин машин буцаахад хүрвэл бидний төлсөн 87.000.000 төгрөгийг буцааж Ц.Амардаваагаас гаргуулж өгнө үү” гэжээ.  

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Д.Алдар нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс 3.000.000 төгрөгийг өнөөдөр төлсөн ба уг баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Харин үлдэх 10.000.000 төгрөгт тоосго авахаар тохирсон боловч тоосгоо аваагүй тул тухайн мөнгийг, мөн түүний алданги гэх 628.340 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулагдсан байх боловч тухайн гэрээгээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, өөрөөр хэлбэл, Ц.Амардаваагаас Д.Алдарт 60.000.000 төгрөгийг өгсөн зүйл байхгүй. Дүр үзүүлж хийсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Мөн тухайн хэлцэл хүчин төгөлдөр бус тул алданги болох 628.340 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Ц.Амардаваа нь хариуцагч Д.Алдарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 13.000.000 төгрөг, алданги 628,340 төгрөг, нийт 13.628.340 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны явцад хариуцагч Д.Алдараас 3.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн баримт ирүүлсэн бөгөөд үлдэх 10.000.000 төгрөг, алданги 628.340 төгрөг, нийт 10.628.340 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.

       Хариуцагч Д.Алдар “10.000.000 төгрөгт тооцож тоосго авахаар тохирсон боловч тоосгоо аваагүй”, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга “10.000.000 төгрөгт ногдох тоосгоо аваагүй, мөн дүр үзүүлж хийсэн хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.

        Нэхэмжлэгч Ц.Амардаваагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваахүү нь түүний нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Ц.Амардаваа нь өөрийн хадам дүү Б.Даваахүү, Б.Давааням нартай хамтран АНУ-аас автомашин оруулж ирж худалддаг” хэмээн тайлбарласан, мөн нэхэмжлэгч Ц.Амардаваагаас түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваахүүд олгосон 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн итгэмжлэлийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэсэн болно.

        Хэрэгт авагдсан 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 4550 тоот “Зээлийн гэрээ”-гээр нэхэмжлэгч Ц.Амардаваа нь хариуцагч Д.Алдарт 2012 оны, улаан өнгийн, 5TFHW5F18CX253898 арлын дугаартай, 00-90 УВХ улсын дугаартай Тоёота Тундра /Toyota Tundra/ маркийн автомашиныг худалдах, хариуцагч Д.Алдар нь уг автомашины үлдэгдэл төлбөр 60.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Амардаваад 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөх, хугацаандаа гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна.

         Энэхүү гэрээ нь хэлбэрийн хувьд “Зээлийн гэрээ” гэх нэртэй боловч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон гэрээний агуулгыг тодорхойлбол, нэхэмжлэгч Ц.Амардаваа, хариуцагч Д.Алдар нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдах авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.  

        Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар “..худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, ...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах...” үүрэгтэй ба нэхэмжлэгч Ц.Амардаваа нь худалдах-худалдан авах гэрээний зүйл болох 00-90 УВХ улсын дугаартай Тоёота Тундра /Toyota Tundra/ маркийн автомашиныг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч Д.Алдар нь автомашиныг хүлээн авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан уг тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.  

      Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Тухайн зээлийн гэрээгээр Д.Алдарт 60.000.000 төгрөгийг биет байдлаар шилжүүлээгүй бөгөөд гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна” хэмээн маргасан боловч гэрээний 2.5-д “00-90 УВХ улсын дугаартай, 2012 оны, улаан өнгөтэй, 5TFHW5F18CX253889 аралын дугаартай, Тоёота Тундра /Toyota Tundra/ маркийн автомашин худалдаж авсны төлөх үлдэгдэл төлбөр болно” гэж дурдсан байгаагаас үзэхэд талууд тухайн автомашины үнэлгээг 100.000.000 төгрөгөөр тооцож, 40.000.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэх 60.000.000 төгрөгт “Зээлийн гэрээ” хэлбэрээр худалдах-худалдан авах гэрээ байгуулжээ.  

        Мөн хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “10.000.000 төгрөгт ногдох тоосго өгөхөөр, Ц.Амардаваа нь тухайн үнийн дүнд ногдох тоосго авахаар тохиролцсон” хэмээн тайлбарлаж байгаагаас үзэхэд талууд 10.000.000 төгрөгийг автомашины үнэд тооцон төлөхөөр тохиролцсон ба тухайн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус юм гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

          Нөгөө талаар, хариуцагч 10.000.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл өгөх талаараа нотолсон баримтаа шүүхэд гаргаж ирүүлээгүй, талууд 10.000.000 төгрөгийн оронд бараа өгч, авахаар тохирсон үйл баримт нотлогдохгүй байна.

       Түүнчлэн гэрээний 2.7-д “Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ” гэж тохиролцсон байх ба нэхэмжлэгч нь 13.000.000 төгрөгт ногдох алданги 628.340 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 9 сар 20 хоногийн /сарын 65.000, өдрийн 2.167 төгрөгөөр тооцсон/ байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан “Анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.4-т заасан “Анзын нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэсэнтэй тус тус нийцсэн байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Д.Алдараас алданги 628.340 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.  

         Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.Алдараас худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг  10.000.000 төгрөг, алданги 628.340 төгрөг, нийт 10.628.340 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Амардаваад олгож шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Амардаваагаас тэмдэгтийн хураамжид төлсөн 226.090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Алдараас 226.090 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

            Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Энэ хүн тоосго болон 3.000.000 төгрөг авбал бэлэн өгнө. Авахгүй гэвэл машиныг буцааж өгөхөд ч бэлэн байна. Харин машин буцаахад хүрвэл бидний төлсөн 87.000.000 төгрөгийг буцааж Ц.Амардаваагаас гаргуулж өгнө үү” гэсэн байх боловч энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлээгүй тул түүний энэхүү хүсэлтийг хүлээн авч, хянан шийдвэрлэх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Мөн хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Иргэн Д.Бямбасүрэн, Е.Баяраа нарыг гэрчээр оролцуулах тухай” хүсэлт гаргасан боловч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үеэр энэхүү хүсэлтээсээ татгалзсан тул хариуцагчийг тухайн хүсэлт гаргаагүйд тооцсон болно.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Алдараас худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 10.628.340 /арван сая зургаан зуун хорин найм, гурван зуун дөч/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Амардаваад олгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Амардаваагаас тэмдэгтийн хураамжид төлсөн 226.090 /хоёр зуун хорин зургаан мянга ер/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Алдараас 226.090 /хоёр зуун хорин зургаан мянга ер/  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Амардаваад олгосугай.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА