| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашар Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/24431/И |
| Дугаар | 210/МА2026/00383 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/00383
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 197/ШШ2026/00047 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ад холбогдох,
Гэм хорын хохиролд 5,130,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан гэм хорын хохиролд 5,130,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон.
3.1.Хариуцагч ******* нь Хан-Уул дүүрэг, Оргил стандион хотхон, 30 дугаар байрны автозогсоолд ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн, ******* автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан.
3.2.Хариуцагч *******ын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 14.7.1-д заасны дагуу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.
3.3.“Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1622 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар *******ийн эзэмшлийн, “Toyota Alphard” маркийн автомашинд шууд зардал 4,610,000 төгрөг, шууд бус зардал 155,000 төгрөг, нийт 4,765,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.
4.Хариуцагч ******* нь зам тээврийн осол гаргасан үйлдлийн талаар маргаагүй бөгөөд анхан шатны шүүхийн хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 4,765,000 төгрөгийн хохирлыг тэрээр хариуцан арилгах үүрэгтэй талаарх дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасантай тус тус нийцжээ.
4.1.Учир нь, хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшлийн автомашиныг дээрх хөрөнгийн үнэлгээгээр гарсан үнийн дүнгээс багаар засварлуулах боломжтой байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
Иймд “нэхэмжлэгч нь машины өмнө үүссэн бүх эвдрэл, гэмтлээ засварлуулж авах байдлаар үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
4.2.Түүнчлэн, зам тээврийн осол дээр тогтоосон актад хариуцагч ******* нь гарын үсэг зурж, акттай танилцсан талаар маргаагүй байх ба энэ үедээ Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар өөрийн үйлдлийн утгыг бүрэн ойлгож, үр дагаврыг ухамсарлан хариуцах насанд /18 нас/ хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай хүний хувьд тухайн баримтыг үйлдсэн гэж үзнэ.
5.Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 197/ШШ2026/00047 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,030 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар энэ магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Б.АЗБАЯР