Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 492

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн,

улсын яллагч Н.Энхболд

хохирогч-шүүгдэгч Ж.Н

хохирогч-шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

1.Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-нд Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин гоо сайханч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 0, хоёр  Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, Согоотын 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, Далай хүү төвийн залгаа түрээсийн байрны 0 дугаар орцны 0 тоотод оршин сууж байгаа, улсаас авсан шагналгүй,  урьд нь 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, /РД:000000000/ Ж.Н.

 

2.Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-нд Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 0 Баянгол дүүргийн 00 дүгээр хороо, 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:00000000/ О.М нарт  холбогдох 000000000000 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 03-ны  өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

                                                                                                     

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр

Ж.Н нь 2019 оны 3 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Централ” зочид буудалд хохирогч М.О хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зодож биед нь хөнгөн хохирол учруулсан,

О.М нь 2019 оны 3 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Централ” зочид буудалд хохирогч Ж.Ныг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч Ж.Н шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн.  М.Оийн биед гэмтэл учруулсан өөрийн гэм бурууг зөвшөөрч байгаа гэв.

 

Шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт:  Яллах дүгнэлтийг зөвшөөрнө. Шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Би Ж.Нын биед гэмтэл учруулсан нь үнэн. Гэмшиж байна гэв.

 

Хохирогчоор Ж.Н  шүүхийн хэлэлцүүлэгт:  Би О.Мтай сайн дураараа эвлэрсэн. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Хохирогчоор О.М шүүхийн хэлэлцүүлэгт:  Ж.Н бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Миний хувьд Ж.Нд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Хавтаст хэргээс

Хохирогч О.М мөрдөн байцаалтанд: Намайг 2019 оны 3 дугаар сарын 06-ны орой 22:00 цагийн үед төмөр замын Тоса төвийн ардхан талд байдаг интернэт кафед сууж байхад найз Н над руу залгаад уулзах уу гэсэн. Тэгээд бид хоёр уулзаад, миний байсан интернэт кафены урд байдаг “Централ”  зочид буудалд ороод 308 дугаартай 2 ортой өрөө авсан. Тэгээд тэр өрөөнд байж байтал өөр нэг найз Б ирээд, араас нь Ж.Н ирсэн. Тэгээд бид дөрөв зочид буудлын өрөөнд юм ярьж байхдаа бөөнөөрөө бааранд орох тухай ярилцаад 2019 оны 3 дугаар сарын 07-ны 02:00 цаг өнгөрч байхад зочид буудлаас гараад 1 дүгээр хороололд байдаг “Кензо” бааранд орсон. Тэгээд тэр бааранд бид дөрөв Соёрхол нэртэй 750 граммын архи хуваан уусан. Тэгээд бид нарыг авсан архиа уугаад дуусч байхад “Кензо”  баар хаах боллоо гэхээр нь дөрвүүлээ гараад шууд талбай руу такси бариад “Минт” бааранд орох гэсэн боловч цагдаа нар ирсэн гээд оруулахгүй байхаар нь “Лакс” гээд бааранд орсон. Тэгээд Лакс гээд бааранд ороод Б бид хоёр ариун цэврийн өрөө ороод 30 орчим минут юм яриад буцаад гартал Ж.Н, Н хоёр баарнаас гараад явчихсан байсан. Тэгээд Б бид хоёр баарнаас гараад шууд анх авсан буудал руугаа яваад очтол Ж.Н, Н хоёр буудалдаа ирчихсэн Б бид хоёрыг та хоёр хааччихваа гээд хүлээгээд байж байсан. Тэр үед би жоохон муудаад жоохон унтчихсан байхад Б намайг босоорой гээд сэрээх үед тэр гурав Соёрхол нэртэй 750 граммын архи авчихсан дөнгөж задлаад ууж байсан. Тэгээд бид дөрөв нөгөө архийг хуваан ууж байхад би нэг хэсэг юу болоод, юу яриад байгаагаа мэдэхгүй болсон байхад нэг ухаан орсон чинь Ж.Н миний үснээс зулгаачихсан байсан бөгөөд Б миний нүүр орчим цохиод байсан. Тэр үед Н тэр хоёрыг салгах гэж байсан боловч дийлэхгүй байх шиг байсан бөгөөд Б намайг цохихоо болиод үснээс зулгаах үед Ж.Н миний үснээс зулгаахаа больж намайг зодож эхэлсэн. Тухайн үед би өөрийгөө хамгаалах гэж Ж.Нын үснээс зулгаан өөдөөс нь хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би тэр хоёроос арай гэж салаад буудлын өрөөнөөс гараад Нын гар утаснаас найз Мөнхтуяагийн гар утас руу залгаад дуудсан. Тэгээд манай найз ирсэнээр би цагдаад дуудлага өгсөн боловч Ж.Н, Н, Б нар явчихсан байсан. Миний биед Б, Ж.Н нар нийлээд зодоод байсан бөгөөд яг хэн нь хаана яаж цохиод байгааг хэлж мэдэхгүй байна. Тэр хоёр хоёулаа миний толгой нүүр орчим гараараа цохиж бие рүү хөлөөрөө өшиглөөд байсан.  /хх-ийн 10-12/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч  Ж.Н мөрдөн байцаалтанд: Миний биед учирсан гэмтлийг 2019 оны 3 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Централ зочид буудлын 308 тоотод байхад найз О.М учруулсан байгаа. Тухайн үед О.М миний үснээс зулгаагаад зүүн шилбэ рүү өшиглөөд, зүүн талын цээж орчим цохисон уу, чимхсэн үү мэдэхгүй хөхөрсөн, баруун талын гуяны ард хэсэгт хазсан юм уу, юмаар хатгасан юм уу мэдэхгүй аймаар ухчихсан юм шиг хөхөрчихсөн байсан. Тухайн үед болсон асуудлын талаар тодорхой санаж байгаа зүйл энэ л байна, яг хэрэг болох үед бол О.М бид хоёр харилцан зодолдсон байгаа. Тэр үед О.М бид хоёр миний хуучин үерхдэг байсан залууг О.М дуудаад шоудаад, буудалд аваад хоночихсон байсан бөгөөд би тэр байдлыг нь хэлсэн чинь О.М уурлаад бид хоёр маргалдсан байгаа...Тэр үед тэр хоёр О.М бид хоёрыг салгах гэж байсан боловч бид хоёр дахин дахин зодолдоод байсан болохоор сүүлдээ дийлээгүй юм шиг байсан...Тухайн үед О.М миний үснээс зулгааснаас болоод миний толгойн орой хэсгийн үс маш их унаж бараг халзарсан байгаа. Энэ асуудал хүний унасан үс дахин ургахад 3-4 сар болдог бөгөөд ингэж ургуулахын тулд зарим нэг зүйлийн эмчилгээ хийлгэдэг тул энэ эмчилгээний зардлаа гаргуулмаар байна. /хх-ийн 16-17/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Н мөрдөн байцаалтанд: Намайг 2019 оны 3 дугаар сарын 06-ны орой цагийг нь санахгүй байна. Ж.Н залгаад өнөө орой уулзъя, найз нь гэрээсээ гараад төмөр зам орох гэж байна. Миний найз О.Мтай холбогдоод байгаа газрыг залгаад очиж бай гэсэн. Тэгээд би гэрээсээ гараад О.Мтай холбогдоод хаана байгаа талаар нь асуухад төмөр замд байдаг Централ гээд зочид буудалд байна гэсэн. Тэгээд би М.Оийн хэлсэн буудлыг олоод 308 дугаартай өрөөнд ортол О.М, Бийн хамтаар байсан. Тэгээд бид гурав юм яриад сууж байтал гаднаас Ж.Н иртэл О.М бөөнөөрөө гадагшаа гарч бааранд оръё гэсэн. Тэгээд бид дөрөв 2019 оны 3 дугаар сарын 07-ны шөнө 01 цаг 30 минутын үед 1 дүгээр хороололд байдаг нэмэх 30 гээд бааранд орсон. Тэгээд бид тэр бааранд ороод 750 граммын Соёрхол нэртэй архи авч дөрвүүлээ хуваан ууж бүжиглэж байгаад гарсан. Тэгээд тэр баарнаас хэдэн цагийн үед гарсанаа мэдэхгүй байна, гараад Сүхбаатарын талбайн урд талын “Лакс” гээд бааранд ороод удаагүй байтал О.М, Б хоёр алга болчихсон. Тэр үед Ж.Н бид хоёр Б, О.М хоёрыг нилээн хайсан боловч олдохгүй байсан тул буцаад буудал руугаа явсан юм болов уу гэж бодоод Ж.Н бид хоёр анх байсан “Централ” гээд зочид буудалд очсон.. Тэгээд Ж.Н бид хоёр буудлынхаа өрөөнд ороод нэг их удаагүй байтал араас Б, О.М хоёр ороод ирсэн. Тэгээд бид дөрөв унтаж амрах гээд байж байтал хэн нь мэдэхгүй дахин архи авч уух талаар ярилцаад өөрсдийн байсан буудлын ресторанаас 750 граммын Соёрхол нэртэй архи авч уусан. Тэгээд сүүлд авсан архийг уугаад байж байтал би жоохон муудах гээд байхаар нь ариун цэврийн орчихоод гараад ирсэн чинь О.М, Ж.Н хоёр юунаас болсон юм мэдэхгүй бие биенийхээ үснээс зулгаачихсан зууралдаад байж байсан. Тэр үед Б бид хоёр тэр хоёрыг салгах гэж маш их зууралдсан боловч дийлдэхгүй байсан бөгөөд би өөрөө хүртэл цохиулсан юм уу, яасан юм мэдэхгүй энд тэндээ хөхөрсөн байсан. Тэгээд Б бид хоёр Ж.Н, О.М хоёрыг салгах гэж нилээн зуууралдаж байхад тэр хоёр өөрсдөө за одоо болье гээд салсан мөртлөө удаагүй дахиад л зууралдаад харилцан зодолдоод байсан. Тэгээд сүүлдээ би дийлэхгүй байсан болохоор тэр хоёрыг өөрсдөө учраа олог гэж бодоод буудлын өрөөнд байсан нэг орон дээр гараад унтсан. Тэгээд би унтаж байгаад босоод иртэл О.М бид нарын байсан өрөөнөөс өөр өрөө авч орно гээд анх байсан 3 давхарын 308 тоот өрөөнөөс гараад 2 давхарт байдаг нэг өрөөг аваад орсон. Тэр үед Б, Ж.Н бид гурав нөгөө буудлаас гараад хоолонд ороод гарч иртэл Ж.Н зочид буудал руу буцаж ороод М.Оиас уучлалт гуймаар байна гэхээр нь Б бид хоёр дагаад орсон боловч О.М буудлын өрөөний хаалгаа тайлахгүй уурлаад байсан. Тэгээд бид нар яваад өгсөн...Би тэр хоёрыг юунаас болж маргасан талаар нь мэдэхгүй байна. Тухайн үед тэр хоёр бие биенийхээ үснээс зулгаан газар унаад, бие биенээ өшиглөөд байсан, ямар ч байсан хоорондоо харилцан зодолдоод байсан бөгөөд салгах гэсэн боловч дийлдэхгүй байсан. Тэгээд сүүлдээ тэр хоёр салахгүй хэрэлдээд, зодолдоод байхаар нь би унтлаа гээд унтаад өгсөн. /хх-ийн 18-19/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Б мөрдөн байцаалтанд: Тэр 4 эмэгтэй анх манайд орж ирээд бол зүгээр байсан. Тэгээд намайг унтаж байхад үүрээр орж ирээд тэр 4 эмэгтэй өрөөндөө хоорондоо маргалдах байх шиг болохоор би өрөөнд нь яваад ортол, тухайн 4 эмэгтэйн хоёр эмэгтэйд ингэж болохгүй хоорондоо зодолдоод бие биенийхээ үснээс зулгаачихсан байсан бөгөөд нөгөө хоёр нь салгах гээд дийлэхгүй байна гэж яриад байсан. Тэгээд би тэр 4 эмэгтэйг ингэж болохгүй хоорондоо учраа ол эсхүл манай буудлаас гарчих, тэгэхгүй бол манайд үйлчлүүлж байгаа хүмүүс унтаж амраахгүй байна гээд гомдол гаргаад байна гэсэн чинь, тэр 4 эмэгтэй одоо ямар нэгэн хэрүүл маргаан байхгүй унтаж амарлаа гэсэн. Тэгээд би 308 тоот өрөөнөөс гараад доошоо буун текэн дээрээ ирээд унтаж амрах гээд байж байтал, нөгөө 308 тоот өрөөнд байсан 4 хүүхний хоорондоо зодолдоод байсан хоёр эмэгтэй нь өрөөнөөсөө гарчихсан шатан дээр хоорондоо зодолдоод байхаар нь би дахиад дээшээ гараад нөгөө хоёр хүүхэнд яагаад байгаа юм бэ, болиоч гэсэн чинь нөгөө хоёр хүүхэн зодолдохоо болиод байхад өөр нэг хүүхэн нь өрөөнөөсөө гарч ирэн аваад одоо унтлаа гээд өрөө рүүгээ орцгоосон. Тэгээд 308 тоот өрөөнд байсан хүүхнүүд чимээгүй болсон. Тэгээд өглөө цагийг нь санахгүй байна 308 тоот өрөөнд хоорондоо зодолдоод байсан 2 эмэгтэйн нэг хүүхэн нь манай буудлын 2 давхарт байдаг 200 тоот өрөөг аваад орсон. Тэгээд 200 тоот өрөөнд байсан нэг хүүхэн дээр өөр нэг эмэгтэй ирээд удаагүй байтал өдөр нь нэг цагдаа ирээд аваад явсан байгаа. Намайг ороход хоёр эмэгтэй зодолдож байсан харин хоёр эмэгтэй нь дийлдэхгүй байна гээд байж байсан. Харин намайг орсоны дараа бол хоорондоо зодолдоод байсан хоёр эмэгтэй хамт байсан хоёр эмэгтэйгийнхээ үгэнд ороод зүгээр болж байсан. Тэр 4 эмэгтэйн нэрийг нь бол одоо санахгүй байна. /хх-ийн 21/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3140 дугаартай дүгнэлтэнд: О.М.Оийн биед баруун нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, эрүүний зүүн урд гадаргуу, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, баруун хацар, шанаа, баруун суга, зүүн далны цус хуралт, нуруу, зүүн далны зулгаралт, баруун тохойн цус хурал, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүүн мөр,  тохой, зүүн шууны цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын цус хуралт гэмтэл тогтоолоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 23/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3512 дугаартай дүгнэлтэнд: Ж.Нын биед баруун гуянд зулгаралт, баруун гуяны гадна, дотор хэсэг, зүүн шилбэ, зүүн гуяны гадна, дотор хэсэгт цус хуралт, зулайн хуйхны үс унасан, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 28/

 

Сэжигтнээр Ж.Н мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 3 дугаар сарын 06-нд гэртээ байхад оройны 23:00 цагийн үед О.М над руу залгаад төмөр замд хүрээд ирээч, уулзъя гэсэн. Тэгээд би гэрээсээ гараад төмөр замын Богд ар хорооллын Хаан банктай байрны гадаа очоод О.Мтай ярихад О.М миний байсан газрын урд талын “Централ” зочид буудлын 308 тоот өрөөнд баина, ороод ир гэсэн. Тэгээд би М.Оийн байгаа буудалд ороход М.Оийн хамтаар Нямдулам, Б нар хамт намайг ирэхээр бааранд орно гээд байж байсан. Тэгээд бид дөрөв байсан буудлаас гараад 1 дүгээр хороололд байдаг “Кензо”  бааранд ороод 1 шил 750 граммын экс нэртэй архи авч дөрвүүлээ хуваан уусан. Тэгээд тэр бааранд хэсэг сууж байгаад 2019 оны 3 дугаар сарын 07-ны 04:00 цаг болж байхад гарсан. Тэгээд тэндээсээ бид дөрөв Сүхбаатарын талбайн урд байдаг Минт билүү, Кристал билүү зэрэгцээ байдаг хоёр бааранд орсон. Тэгээд тэр бааранд ямар нэгэн согтууруулах ундаа хэрэглэлгүй байж байгаад 05:00 цаг өнгөрч байхад Б, О.М хоёр алга болчихоор нь Нямдулам бид хоёр тэр хоёрыг явчихсан юм байх гэж бодоод баарнаас гарч анх байсан буудал руугаа явсан. Тэгээд буудлынхаа өрөөнд ороод удаагүй байтал араас О.М, Б хоёр ороод ирсэн. Тэгээд буудлын өрөөнд байхад хаанаас гарч ирсэн юм мэдэхгүй нэг шил 500 граммын нэрийг нь санахгүй архи авчраад уухаар болсон. Тэгээд бид дөрөв сүүлд авсан архиа буудлын өрөөнд дөнгөж задлаад нэг, нэг уугаад байж байтал хэрүүл болоод О.М миний өөдөөс салаавч гаргаад бид хоёр, хоёр биенийхээ үснээс зулгаан газар унан хоорондоо зодолдсон. Тэр үед Нямдулам намайг, харин Б М.Оийг салгах гээд хоёр татах үед О.М миний үсийг гартаа ороож барьчихаад тавихгүй байсан бөгөөд миний үс тэр үед туг тугаараа унасан байгаа. Тэгээд би М.Оиас салаад ариун цэврийн өрөөнд ороод зулгаасан үсээ салгаад байж байтал О.М миний шарыг малтаад элдвээр хэлээд орилоод суугаад байсан болохоор, дахин бид хоёр маргалдаад зодолдож байгаад салсан. Тэр үед О.М нүцгэн байж байснаа гэнэт буудлын өрөөнөөс дээгүүрээ алчуураар ороогоод гараад гүйсэн. Тэр үед М.Оийн араас гараад чи эмэгтэй хүн байж нүцгэн шалдан гарч гүйгээд хүн харлаа гээд оруулах гэтэл О.М өрөөндөө орохгүй гээд шатны бариулаас барьж байгаад газар хойшоо унасан. Тэгээд би дийлэхгүй болохоор Бийг гуйж байгаад М.Оийг өргөн өрөөндөө оруулсан. Тэгээд тухайн үед М.Оийг орон дээр унтуулах гэтэл О.М дийлдэхгүй болохоор буудлын өрөөний үүдэнд байдаг буйдан дээр суулгасан чинь О.М өөрийгөө ороосон байсан алчуураа нөмрөөд унтаад өгсөн. Тэр үед би цаад өрөөнд ороод унтсан. Тэгээд би жоохон унтаж байгаад босч ирээд М.Оийг хартал О.М нөмөрч байсан алчуураа толгой дээгүүрээ тавьчихаад би энэ өрөөнд байхгүй, өөр өрөө авлаа гээд гараад  явсан. Тэгээд Нямдулам, Б бид гурав М.Оийг аль өрөөнд орсон талаар буудлын хүнээс асууж байгаад 2 давхарт 200 дугаарын өрөөнд байгаа гэхээр нь бид нар О.Мтай уулзах гэсэн боловч хаалгаа тайлахгүй та нар зайл гээд, орилоод хараагаад байсан. Бас Нямдуламын гар утсыг О.М авчихсан байсан болохоор Нямдулам гар утсаа авъя гэхэд О.М зайл гичий минь гээд хаалгаа огт тайлаагүй. Тэгээд бид гурав буудлаас гараад хоол идчихээд М.Оийн байгаа өрөөний хаалгыг тогшсон чинь М.Оийн Мөөгий гээд найз ирчихсэн хаалгыг нь тайлсан бөгөөд тэр охин бид гурвыг та нар нэгнийгээ нийлж байгаад зодоод байхдаа яадаг юм гэхээр нь Нямдулам, Б хоёр харин тиймээ энэ хоёр хоорондоо зодолдоод дийлэхгүй байсан юм гэж байсан. Тухайн үед би М.Оиас уучлалт гуйх гээд зөндөө гуйсан боловч О.М уурлаад огт юм яриагүй тэгээд О.М бид нартай огт юм ярихгүй уурлаад байхаар бас манай хүүхдүүд гэртээ байсан болохоор би явсан. /хх-ийн 48/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр О.М мөрдөн байцаалтанд: “Би тухайн үед Ж.Нын үснээс зулгаасан. Гэхдээ тэр Ж.Нтай харилцан зодолдоогүй, би зодуулсан. Мөн тэр хүүхний биед хэн халдсан талаар мэдэхгүй байна. Тэр үед миний биед Б халдсан. Тэр үед Ж.Н, Б хоёр хоёулаа нийлээд халдсан байгаа. Хэн нь хаашаа цохиж халдаад байгааг мэдэхгүй байна. Хоёулаа миний толгой, бие хөл гар бүтэн бие рүү халдсан...” /хх-ийн 51/ гэх мэдүүлэг болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор Ж.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 58/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 60-61/,  шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 68/, О.М.Оийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 82/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.  

                                                                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

2019 оны 3 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Централ” зочид буудалд 2019 оны 3 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Ж.Н, О.М нар архидан согтуурч хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдож шүүгдэгч Ж.Н хохирогч О.М.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч О.М хохирогч Ж.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтанд хохирогчоор О.М.Оийн”...Ж.Н миний үснээс зулгаахаа больж намайг зодож эхэлсэн...” /хх-ийн 10-12/,

хохирогчоор  Ж.Нын” ...О.М бид хоёр миний хуучин үерхдэг байсан залууг О.М дуудаад шоудаад, буудалд аваад хоночихсон байсан бөгөөд би тэр байдлыг нь хэлсэн чинь О.М уурлаад бид хоёр маргалдсан байгаа О.М миний үснээс зулгаагаад зүүн шилбэ рүү өшиглөөд, зүүн талын цээж орчим цохисон уу, чимхсэн үү мэдэхгүй хөхөрсөн, баруун талын гуяны ард хэсэгт хазсан юм уу, юмаар хатгасан юм уу мэдэхгүй аймаар ухчихсан юм шиг хөхөрчихсөн байсан. О.М бид хоёр харилцан зодолдсон байгаа...” /хх-ийн 16/,

гэрч Д.Нийн”...тэр хоёр бие биенийхээ үснээс зулгаан газар унаад, бие биенээ өшиглөөд байсан, ямар ч байсан хоорондоо харилцан зодолдоод байсан...” /хх-ийн 19/, гэрч Б.Бямбасүрэнгийн”... өрөөнд байсан дөрвөн хүүхний хоёр эмэгтэй нь өрөөнөөсөө гарчихсан шатан дээр хоорондоо зодолдоод байсан...” /хх-ийн 21/ гэж мэдүүлсэн мэдүүлгүүд,

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн сэжигтнээр Ж.Нын”...О.М миний өөдөөс салаавч гаргаад бид хоёр, хоёр биенийхээ үснээс зулгаан газар унан хоорондоо зодолдсон...” /хх-ийн 48/, сэжигтээр О.М.Оийн”...би тухайн үед Ж.Нын үснээс зулгаасан...” гэх мэдүүлэг,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3140 дугаартай дүгнэлт /хх-ийн 23/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3512 дугаартай дүгнэлт /хх-ийн 28/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан энэ хэрэгт хамаарал бүхий хэргийн үйл баримтыг нотолсон бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ж.Н, О.М нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ж.Н, О.М нар нь харилцан бие биедээ хохирогч, шүүгдэгч байх бөгөөд тэдгээр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

 

Шүүгдэгч Ж.Н, О.М нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “Ж.Н, О.М нар сайн дураараа хоорондоо эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтүүд, шүүгдэгч нарын хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун далан нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр  торгох саналыг Ж.Н, О.М нарт танилцуулсныг тэдгээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Ж.Н, О.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Ж.Н, О.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун далан нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Н, О.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.                                  

 

     

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ