| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00545/и |
| Дугаар | 00663 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 00663
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 63-0994 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ86071561, Булгадар овогтой Ганболдын Энхзаяагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймаг, Улаангом сумын Хархираа багт оршин суух, 1985 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ85102011, Зуутраг овогтой Бадиагийн Нэргүйд холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхэдтэйгээ уулзуулж байхыг даалгах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Энхзаяа /цахимаар/, хариуцагч Б.Нэргүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Энхзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Б.Нэргүйтэй 2007 онд хамт амьдарч эхэлсэн. 2008 онд хүү Н.Тэмүүлэн төрсөн. Ингээд цугтаа хамт амьдарч эхэлсэн ба амьдрах хугацаандаа архи ууж дарамтлан, удаа дараа зоддог болсон. Ийм учраас 2010 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа. Иймд бид хоёрын гэрлэлтийг цулаж өгнө үү. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Харин хүүхэдтэйгээ уулзуулж байхыг даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Нэргүй шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Г.Энхзаяатай 2007 онд гэр бүл болж, 2010 оныг хүртэл хугацаанд хамт амьдарсан. Энэ хугацаанд хүүтэй болсон. Ингээд гэр бүлийн маргаанаас болж 2010 оноос хойш тусдаа амьдарч байна. Г.Энхзаяа нь энэ хугацаанд хүүгээ орхин Улаанбаатар хотод мөн дахин хүнтэй сууж байсан. Миний хүү Н.Тэмүүлэн 2010 оноос хойш надтай цуг амьдарч ирсэн. Одоо 4 дүгээр сургуульд сурдаг. Ээжтэйгээ утсаар ярих, уулзах ч дургүй. Учир нь 2 настайгаасаа өдий хүртэл эхийн хайрыг мэдрээгүй. Ээж нь орхиж явсан. Ээжтэй нь уулзуулсны дараа миний хүүгийн сэтгэл санаа тогтворгүй болж, зовж байгаа нь харагддаг тул би хүүтэйгээ уулзуулахыг хүсэхгүй байна. Иймд бидний гэрлэлтийг хүчингүй болгож, Г.Энхзаяаг Н.Тэмүүлэнтэй уулзах эрхийг нь хааж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Энхзаяа нь хариуцагч Б.Нэргүйд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхэдтэйгээ уулзуулж байхыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уг ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Нэхэмжлэгч, хариуцагч нар 2007 онд гэр бүл болж, тэдний дундаас 2008 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүү Н.Тэмүүлэн төрсөн нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Гэвч тэд 2010 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, мөн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж, уг ажиллагаа амжилтгүй болсон, 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд хандсан боловч 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийг шүүх буцаан шийдвэрлэсэн буюу гэрлэгчид 1 жилийн хугацаанд гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан, дахин эвлэрэн хэлэлцэх боломжгүй, удаан хугацааны туршид тус тусдаа амьдарсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Г.Энхзаяа, Б.Нэргүй нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
Харин нэхэмжлэгч нь “Хүүхэдтэйгээ хүссэн үедээ уулздаг баймаар байна. Эцэг нь хүүгээ уулзуулахгүй гэж хориглодог” гэж, хариуцагч нь “Хүү ээжтэйгээ уулзахаараа сэтгэл санааны тогтворгүй байдалд орж, шаналдаг тул Г.Энхзаяаг Н.Тэмүүлэнтэй уулзах эрхийг нь хааж өгнө үү” гэсэн хүсэлтийг тус тус гаргасан боловч Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5-д: “Монгол Улсын иргэн ... хүүхэд төрүүлэх, асрах ... эрхтэй” гэж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т: “үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй” гэж, Монгол Улс 1990 оны 7 дугаар сарын 05-ны өдөр соёрхон баталсан “Хүүхдийн эрхийн тухай конвенц”-ийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Хүүхэд ... эцэг эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрхтэй” гэж, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Оролцогч улсууд... хүүхдийг хүсэл зоригийнх нь эсрэг эцэг эхээс нь салгахгүй байх үүрэг хүлээнэ” гэж, 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт: “Хүүхдийн дээд ашиг сонирхолд харшлахгүй бол эцэг эхийнхээ аль нэгнээс буюу хоёулангаас нь салж хагацсан хүүхэд эцэг, эхийнхээ аль алинтай байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхтэй” гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д “Хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ” гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “Гэрлэгчид ... хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, ...бие биеэ хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, ... хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх ... үүргийг адил хүлээнэ” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж, мөн зүйлийн 26.6-д “Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэж тус тус хуульчилсан байна.
Өөрөөр хэлбэл, хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Г.Энхзаяа нь хүүхэдтэйгээ уулзаж байх бүрэн эрхтэйгээс гадна Г.Энхзаяа нь хүүхэдтэйгээ хүссэн үедээ уулзсанаар тухайн хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах нөхцөл байдал үүснэ гэдгийг хариуцагч баримтаар нотлоогүй, мөн нэхэмжлэгч нь хүүхэдтэй хэрцгий харьцаж, эх байх эрхээ зүй бусаар ашигладаг байдлаас үүдэн түүний эх байх эрхийг хассан тухай ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй тул Б.Нэргүйгийн “Хүүхэдтэй уулзахыг хааж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Нөгөө талаар, хүү Н.Тэмүүлэн нь шүүхэд өгсөн саналдаа “Аавтайгаа л хамт амьдарна” гэсэн болохоос тэрээр өөрийн эх Г.Энхзаяатай “уулзахгүй, уулзаж байхыг хүсэхгүй байна” гэсэн санал гаргаагүй бөгөөд хүү 8 нас хүрсэн, иргэний эрх зүйн зарим чадамжтай болсон тул хүү өөрөө эхтэйгээ уулзах, уулзахгүй байхыг шийдвэрлэх эрхтэй юм.
Иймд нэхэмжлэгч Г.Энхзаяагийн “Хүүхэдтэйгээ уулзуулж байхыг хариуцагчид даалгуулах тухай” нэхэмжлэлийг мөн шүүх хангаж шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Энхзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нэргүйгээс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Энхзаяад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Булгадар овогтой Ганболдын Энхзаяа, Зуутраг овогтой Бадиагийн Нэргүй нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүү Н.Тэмүүлэнг эх Г.Энхзаяатай хүссэн үед нь уулзуулж байхыг хариуцагч Б.Нэргүйд даалгасугай.
3. Зохигчид эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Энхзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нэргүйгээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Энхзаяад олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА