| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжав Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 192/2025/07058/И |
| Дугаар | 210/МА2026/00583 |
| Огноо | 2026-03-16 |
| Маргааны төрөл | Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компаний хувьцаа, бусад үнэт цаасны маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2026/00583
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/10439 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох,
*******-аас *******-д ногдол ашиг хуваарилсан тохиолдолд хувьцаа эзэмшигч ******* нь хувьцаа эзэмшигчдийн хуралд өөрийн эзэмшдэг 34 хувийн хувьцаанд ногдох саналын эрхтэй оролцох, уг 34 хувийн хувьцаанд ногдол ашиг авах эрхтэй болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. Хариуцагч нь ашгийн төлөө гадаадын хөрөнгө оруулалттай компани юм. Нэхэмжлэгч нь 2024 оны 07 дугаар сарын 29, 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрүүдэд хариуцагч компанид 353,204,970.82 төгрөг буюу 100,000 ам.долларын хөрөнгө оруулалтыг хийж, 33,000 төгрөгийн үнэ бүхий 10,703.1 ширхэг хувьцааг эзэмшин улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Гэвч 2024, 2025 онуудад хариуцагч компаниас ногдол ашиг аваагүй бөгөөд хариуцагчийн зүгээс *******-аас олсон ашгаас манай компанийг ногдол ашиг авах эрхгүй, *******-аас олсон ашгаас ногдол ашиг авах эрхтэй талаар мэдэгдсэн.
1.2. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч компанийн бүх үйл ажиллагаанаас олсон ашгаас өөрийн эзэмшиж байгаа хувьцаанд ногдол ашиг авах эрхтэй буюу *******-аас *******-д ногдол ашиг хуваарилсан тохиолдолд хувьцаа эзэмшигч ******* нь хувьцаа эзэмшигчдийн хуралд өөрийн эзэмшдэг 34 хувийн хувьцаанд ногдох саналын эрхтэй оролцох, уг 34 хувийн хувьцаанд ногдох ногдол ашиг авах эрхтэй болохыг тогтоолгохоор шаардаж байна гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Манай компани 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр *******нд боулингийн газрыг ажиллуулж эхэлсэн. Тус боулингийн газрын үйл ажиллагаанд зориулж нэхэмжлэгч нь 100,000 ам.доллар буюу 353,204,970.82 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, манай компанийн 34 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Тус боулингийн газрын үйл ажиллагаа жигдэрч амжилгүй 2024 онд 162,401,344 төгрөгийн алдагдалтай ажилласан, харин 2025 оны ногдол ашиг хуваарилах асуудал 2026 онд яригдана. Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар ногдол ашиг хуваарилах асуудлыг хэлэлцэх талаар компанийн удирдлагад хандаж шийдвэрлүүлэх боломжтой байсан.
2.2. Манай компани *******-ийн энгийн хувьцааны 50 хувийг эзэмшдэг. Нэхэмжлэгч компанийн ногдол ашиг авах эрх нь манай компанийн хувьд нээлттэй боловч *******-аас ногдол ашиг авах асуудал бол манай компанийн бүрэн эрхэд хамаарах асуудал юм.
2.3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Тодруулбал, ******* ашигтай ажилласан тохиолдолд ногдол ашиг хуваарилах асуудал яригдана. Гэхдээ ашигтай ажилласан ч ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг тухайн компанийн эрх бүхий субъект хэлэлцэж тохирч байж шийдэх асуудал. Тэгэхээр ашигтай ажилласан эсэх нь тодорхойгүй, ногдол ашиг нь толгой компанид орж ирээгүй байхад хэрвээ ашигтай ажиллах юм бол гэж ирээдүй цаг дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоод байгаа нь ойлгомжгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.1.2, 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан *******-аас хариуцагч *******-д ногдол ашиг хуваарилсан тохиолдолд нэхэмжлэгч ******* хувь нийлүүлэгчдийн хуралд өөрийн эзэмшдэг 34 хувийн хувьцаанд ногдох саналын эрхтэй оролцох, 34 хувийн хувьцаанд ногдох ногдол ашиг авах эрхтэй болохыг тогтоож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 945,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д 70,200 төгрөг, орчуулагч *******д 875,000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг буруу тодорхойлсон. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ ...Хариуцагч компанийн зүгээс татгалзлын нэг үндэслэлээ нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшдэг хувьцаа эзэмшигчийн эрхийг хязгаарласан зүйл байхгүй, нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй, хариуцагч компани зөрчөөгүй, хэрвээ гэж ирээдүй цаг дээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарласан боловч шүүх ...шүүх хуралдаанд *******-аас хариуцагч компанид ногдол ашиг олгосон тохиолдолд тухайн ногдол ашгийн 34 хувийг нэхэмжлэгч компани хүртэх эсэхийг, дүрэм гэрээгээр тохиролцоогүй гэх зөрүүтэй тайлбарыг гаргаж байгаагаас үзэхэд зохигч талуудын хооронд *******-аас хариуцагч компанид ногдол ашиг хуваарилбал түүний 34 хувийг нэхэмжлэгч компани авах эрхтэй эсэх асуудлаар маргаантай гэж үзнэ. гэж хариуцагчийн байр суурийг гуйвуулан маргааны үйл баримтыг буруу дүгнэсэн.
4.2. БНСУ-ын иргэн ******* нь гэрчийн мэдүүлэгтээ *******тэй анх тохирсон тохиролцоо нь тэдний эрхийг зөрчиж буй үйлдэл гэж зөвхөн өөрийнхөө хүсэл зоригийн илэрхийллийг тохирсон тохиролцооны талаар мэдүүлснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч мушгин 2 хувьцаа эзэмшигч нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн хэлцэл байгуулсан мэтээр тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм. *******-ыг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн тогтоолоор хувьцаа эзэмшигчээс хасаж, түүний эзэмшиж буй хөрөнгийг бүхэлд нь *******-д шилжүүлэх тогтоол гаргасан. Иймд анхны хувьцаа эзэмшигч байсан *******-ийн тийнхүү тохирсон асуудал нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл огт биш юм.
4.3. *******-аас ногдол ашиг хуваарилаад үүнийг нэхэмжлэгчид олгоогүй үйл баримт байгаа тохиолдолд бид дээрх асуудлаар холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх боломжтой. Гэтэл болоогүй үйл явдалд ямар нотлох баримт шаардаад байгаа нь ойлгомжгүй байна. Эсрэгээр нь авч үзвэл нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдсөн гэх агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсны дагуу энэ талаар нотолсон ямар ч баримт хавтаст хэрэгт авагдаагүй болохыг анхан шатны шүүх шийдвэртээ дүгнээгүй атлаа хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг гуйвуулан дурдаж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэлтэй байна.
4.4. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн хамгаалалтын зарчмыг зөрчсөн. Хариуцагч нь нэхэмжлэгчийн хувьцаа эзэмшигчийн болон ногдол ашиг авах эрхийг хэрхэн зөрчсөн нь тодорхойгүй, үүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчид ямар хохирол учруулсан, ямар үүргээ биелүүлэхгүй байгаа болон түүний зөрчигдсөн гэх ямар эрх сэргээгдэх нь ойлгомжгүй, улмаар хариуцагч юуг биелүүлэх нь тодорхой бус байна.
4.4. Иргэний хэрэг үүсгэх үндэслэл хангагдаагүй буюу шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг хэрэгжүүлэх боломжтой байхад үүнийг хэрэгжүүлээгүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйл 12.1.1, 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан үндэслэлийг шүүх тогтоосны үндсэн дээр иргэний хэргийг үүсгэдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа болон нөхцөлийн талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг. Иргэний хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт Компанийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно гэж заасан байдаг. Тодруулбал, иргэний эрх зүйн харилцааны нэг субъект болох компани гэдэг хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг л тусгайлан хуулиар тогтоохоор зааж өгсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан агуулгаар хувьцаа эзэмшигчийн эрхийг Компанийн тухай хуулиар тусгайлан зохицуулсан бөгөөд тус хуулийн 61 дүгээр зүйл 61.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах санал, шаардлага гаргах, хувьцаа эзэмшигчдийн хуралд тус хуулийн 34 дүгээр зүйлд заасан эрхийнхээ хүрээнд оролцох эрхээ хэрэгжүүлэх боломж нь нээлттэй байсаар байтал үүнийгээ хэрэгжүүлээгүй атлаа шүүхэд хандсан нь ойлгомжгүй байна.
4.5. Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.4, 46.5, 46.8, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.2-т зааснаар компани ногдол ашиг төлсний дараа төлбөрийн чадвартай байх, компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь энэ хуулийн 30.5-д заасан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, давуу эрхийн хувьцааны төлөгдөөгүй ногдол ашиг, түүний татан буулгалтын үнэ зэргийн нийлбэрээс их байх, эгүүлэн худалдаж авах үүрэгтэй үнэт цаасаа бүрэн авсан тохиолдолд ногдол ашиг хуваарилах нөхцөл бүрдсэн гэж үзнэ. Компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь дээрх хуульд заасны дагуу компанид оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувьцаа эзэмшиж, түүнд ногдох ногдол ашиг авах эрхтэй боловч энэ нь хуульд заасан нөхцөл бүрдсэн байх, улмаар компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас тухай бүр шийдвэрлэсэн тохиолдолд ногдол ашгийг хуваарилах учиртай.
4.6. *******-иас *******-д ногдол ашиг хуваарилсан эсэх үйл баримт нь үүсээгүй байхад шүүхээс нэхэмжлэгчийг *******-д орж ирсэн ногдол ашгаас 34 хувийг авах эрхтэй гэж шууд дүгнэсэн нь шүүх компанийн Хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрхэд халдаж, тухайн хурлаар хэлэлцэх асуудлын талаар урьдчилан шийдвэр гаргаж байна гэж үзэхээр байна.
4.7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгч *******-аас *******-тай холбоотой 34 хувийн ногдол ашгийг бусад этгээдээс ашиг олсны дараа авъя гэх байдлаар шүүхэд хуульд заасан эрхээ хангуулахаар хандсан. *******-ийн бусад хувьцаа эзэмшигчтэй холбоотойгоор тухайн этгээдүүдээс ямар нэгэн байдлаар өмч, эрхэд нь халдсан зүйл байхгүй. Компанийн 34 хувийн хувьцаа эзэмшигч мөн эсэхэд талуудын хооронд маргаан байдаггүй. 2024 оны 1 дүгээр улиралд ногдол ашиг хуваарилдаг байсан. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тайланд алдагдалтай ажилласан гэж гардаг. Тухайн өдөр бид ногдол ашиг гарах ёстой гэх агуулгаар хандаагүй. Ирээдүйд олох ёстой ашгаас хуулиар хамгаалагдсан эрх, компанийн дүрэмд заагдсан эрхээ хэрэгжүүлье гэх агуулга яригддаг. *******-ийн удирдлага хувьцаа эзэмшигч нарт холбогдуулаад нэхэмжлэл гаргаснаар эрх зөрчигдсөн эсхүл ямар нэгэн үр дагавар байхгүй. Анхнаасаа маргаан байхгүй хэн алиных нь эрх зөрчигдөөгүй гэж үзсэн бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд явах боломжтой байсан. Одоо болтол *******-ийн 2 хувьцаа эзэмшигч олдоггүй, хувьцаа эзэмшигчдийн хурал зарладаггүй. БНСУ руу явсан гэх агуулгаар тайлбар өгдөг. Санхүүгийн тайланг тухайн 2 хувьцаа эзэмшигч гаргаж чадахгүй, компанийн гүйцэтгэх удирдлагын түвшинд ямар нэг үйл ажиллагаа хэрэгжүүлдэггүй, бусдад давуу эрхтэй хувьцаа эзэмшигч биш аудит оруулж ирж хүсэлт гаргадаг боловч хувьцаа эзэмшигчдийн хурал зарладаггүй учраас нэхэмжлэл гаргасан. Гуравдагч этгээдээс илүү төлбөр тооцоо нэхэмжилсэн зүйл байхгүй. Иргэний хэрэг үүсэх үндэслэл байхгүй гэж тайлбарладаг. Эрх нь үйлдэл, эс үйлдэхүйгээр зөрчигдсөн урчаас энэ хэргийг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэлдээ шүүхээс тухай бүрд нь нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байсан. Шүүх шийдвэр гаргахдаа хэрэв ногдол ашиг хуваарилагдсан тохиолдолд 34 хувьдаа таарсан ногдол ашиг авна, 34 хувьдаа таарсан саналын эрхдээ хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцоно гэдэг. Өөр асуудал хөндөгдсөн, үр дагавар үүсгэсэн шийдвэр гараагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн байдлаар хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан *******-аас *******-д ногдол ашиг хуваарилсан тохиолдолд хувьцаа эзэмшигч ******* нь хувьцаа эзэмшигчдийн хуралд өөрийн эзэмшдэг 34 хувийн хувьцаанд ногдох саналын эрхтэй оролцох, уг 34 хувийн хувьцаанд ногдол ашиг авах эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах санал, шаардлага гаргаагүй, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхийг бид хязгаарлаагүй, компани 2024 онд алдагдалтай ажилласан ба 2025 оны ногдол ашиг тараах эсэхийг 2026 онд шийдвэрлэнэ гэж маргажээ. /хх.1-2, 67-68/
3. Хэргийн баримт болон талуудын тайлбараар хариуцагч *******-д БНСУ-ын иргэн ******* 33 хувь, ******* 33 хувь, БНСУ-ын хуулийн этгээд ******* 34 хувийн хувьцааг тус тус эзэмшдэг. /хх.12-25, 33-35, 36-37, 42/
Мөн ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр үүсгэн байгуулагдсан, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар иргэн ******* болон ******* нь хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй, тус компанийн 50 хувийн хувьцааг ******* эзэмшдэг талаар талууд маргаагүй. /хх.74-75, 126/
4. Харин *******-ийг ашиг олсон тохиолдолд нэхэмжлэгч ******* нь хувьцаа эзэмшигчийн хуралд өөрийн эзэмших 34 хувийн хувьцаанд ногдох саналын эрхтэйгээр оролцож, уг хэмжээгээр ногдол ашиг авах эрхтэй эсэх талаар маргасан байна.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Компанийн тухай хуулийн хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрх, ногдол ашиг хуваарилах зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулна.
5.1. Хариуцагч *******-ийн үүсгэн байгуулах гэрээ болон компанийн дүрэмд зааснаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь давуу эрхийн хувьцаа эзэмшдэггүй, харин энгийн хувьцаа эзэмшигч байх тул Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.1.2 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх, тус хурлаас тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах эрхтэй.
Тус компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 13 дахь хэсэг болон тус компани байгуулах тухай гэрээний 8 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт тус тус зааснаар компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оролцогч талуудаас оруулсан хувь хөрөнгийн хэмжээгээр ашгаа жилд 1 удаа хуваарилуулж авах, хэрэв компани алдагдалтай ажилласан бол түүнийг нөхөж дуустал ашгийн хуваарилалт хийхгүй байж болохоор заасан нь дээрх хуульд нийцсэн байна.
Гагцхүү ногдол ашиг хуваарилахад тодорхой журам үйлчлэх бөгөөд энэ нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.4, 46.5, 46.8-д зааснаар компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг гаргах ба уг шийдвэрт хувьцаа бүрд ногдох ногдол ашгийн хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр болон ногдол ашиг төлөх өдөр зэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн байх, ногдол ашгийг компанийн татвар төлсний дараах цэвэр ашгаас хуваарилахаар тус тус зохицуулсан.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагчийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх эрхийг хуулиар олгосон бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчийн энэхүү эрхийг зөрчсөн болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал нотлоогүй байна.
5.2. Мөн хариуцагч *******-ийн дүрэм болон компанийг үүсгэн байгуулах тухай гэрээний 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар компанийн удирдах дээд байгууллага нь хувь нийлүүлэгч 3 гишүүнтэй Хувь нийлүүлэгчдийн байна гэж заасан ба тус Хувь нийлүүлэгчдийн хурал ээлжит болон ээлжит бус байхаар тус дүрэм, гэрээний 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.
Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/, эсхүл энэ хуулийн 61.7-д заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргах, хуулийн 61.7-д энэ хуулийн 61.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно.
Энд зааснаас үзэхэд компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах шийдвэр гаргаагүй тохиолдолд гүйцэтгэх удирдлагаас гадна ээлжит болон ээлжит бус аль ч тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахыг шаардах, санал, шаардлага гаргах эрх нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасан хувьцаа эзэмшигчид байдаг.
Үүний дагуу нэхэмжлэгч ******* нь *******-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурал хуралдуулах шийдвэр гаргах эрх нь нээлттэй.
Гэтэл хэргийн баримтад хариуцагч *******-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд нэхэмжлэгч ******* нь Хувь нийлүүлэгчдийн хурал хуралдуулах тухай санал шаардлага, эсхүл ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргасан тухай баримтгүй байх бөгөөд *******-ийг уг эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
5.3. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн хамгаалалт зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг ба мөн зүйлийн 9.4.1 дэх хэсэгт заасан эрхийг хүлээн зөвшөөрөх иргэний эрх зүйн хамгаалалтад уг нэхэмжлэл хамаарахгүй байна.
Тодруулбал, ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал шийдвэрлэх бүрэн эрхтэй бөгөөд уг шийдвэр гараагүй нөхцөлд хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг авах эрх бодитоор үүсээгүй гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгчийн ногдол ашиг авах эрхийг урьдчилан тогтоолгох шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй, үүнтэй уялдан хувьцаа эзэмшигч ******* нь хувьцаа эзэмшигчдийн хуралд өөрийн эзэмшдэг 34 хувийн хувьцаанд ногдох саналын эрхтэй оролцох шаардлага мөн хангагдахгүй.
Хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах, хуралдах, хэлэлцэх асуудлыг тогтоох болон ногдол ашиг хуваарилах эсэх нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах тул тухайн хурал шийдвэр гаргаагүй байхад нэхэмжлэгчид ногдол ашиг авах эрх үүссэн гэж урьдчилан тогтоох хууль зүйн үндэслэлгүй юм.
5.4. Нөгөө талаар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон БНСУ-ын иргэн *******ы ...******* нь ногдол ашиг хуваарилах юм бол тэндээс ногдол ашиг авахгүй байхаар амаар тохиролцсон гэх мэдүүлэг нь нэхэмжлэгч *******-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, ногдол ашиг авах эрхийг хязгаарласан, хэрэгжүүлэх боломжийг хаасан гэх үндэслэлд хамаарахгүй.
Учир нь гэрч ******* нь *******-ийн 33 хувийн хувьцаа эзэмшигч байсан боловч тэрээр 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ******* дүгээр Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн хурлын протокол, мөн өдрийн ******* дугаар ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, мөн өдрийн компани байгуулах тухай гэрээнд зааснаар өөрийн эзэмшдэг 33 хувийг хувьцааг БНСУ-ын иргэн *******д шилжүүлж, тус өдрөөс хойш ******* нь уг компанийн хувьцаа эзэмшигч болсон.
Түүнчлэн, гэрч ******* нь өөрт хамааралгүй болсон компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын бүрэн эрхийг зөрчиж, аливаа этгээдтэй аман тохиролцоо хийх боломжгүй бөгөөд түүний шүүхэд өгсөн мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөнийг тогтоох үндэслэлгүй байна.
6. Ийнхүү нэхэмжлэгч ******* нь хариуцагчийн хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч болохынхоо хувьд Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд заасны дагуу Хувь нийлүүлэгчдийн хурлыг зарлан хуралдуулахыг даалгах болон санал, шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байхад хариуцагчийн хувь эзэмшдэг гэх ******* нь ашигтай ажилласан эсэх, хэрэв ашигтай ажилласан бол *******-д ашиг хуваарилсан эсэх, хэзээ, хэдэн төгрөгийн ашиг хуваарилахаар тогтоосон болох, уг ногдол ашгийг хариуцагч хүлээн авсан атлаа *******-д ногдол ашиг хуваарилах байсан эсэх, ******* нь *******-ийн хувьцаа эзэмшигчийн хуралд өөрийн эзэмших 34 хувийн хувьцаанд ногдох саналын эрхтэйгээр оролцох эрхтэй эсэх, уг хэмжээгээр ногдол ашиг авах эрхтэй болохыг шүүх тогтоох үндэслэлгүй.
7. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/10439 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан *******-аас *******-д ногдол ашиг хуваарилсан тохиолдолд хувьцаа эзэмшигч ******* нь хувьцаа эзэмшигчдийн хуралд өөрийн эзэмшдэг 34 хувийн хувьцаанд ногдох саналын эрхтэй оролцох, 34 хувийн хувьцаанд ногдол ашиг авах эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ
Н.ГЭРЭЛТУЯА