Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 599

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Н.О, М.Г тэдгээрийн өмгөөлөгч Б.Н.Огэрэл,

шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

1.Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-нд Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 0, Баянгол дүүрэг 0 дугаар хороо 0000 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:0000000/ Б.Ч.

2.Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-нд Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 0, Баянгол дүүрэг 00 дугаар хороо 00 байр 00 тоотод оршин суудаг, уг байрны үйлчлэгч ажилтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:000000000/ Н.О.

3.Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-нд Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 0,  Баянгол дүүрэг 00 дугаар хороо 00 байр 00 тоотод оршин суудаг,  улсаас авсан шагналгүй, урьд нь 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Сум дундын шүүхийн 44а дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 capын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, /РД:00000000/, Боржигон овогт Маруушийн Г нарт холбогдох эрүүгийн 00000000000 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Н.О, М.Г нар нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт яллагдагч Б.Ч, хохирогч Ч.А нартай зогсоолын төлбөр төлөөгүй шалтгаанаар маргалдаж улмаар

Н.О нь хохирогч Ч.Аийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, М.Г, Б.Ч нар нь бие биедээ тус тус эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч-хохирогч Б.Ч шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Гтой сайн дураараа эвлэрсэн. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч-хохирогч М.Г шүүхийн хэлэлцүүлэгт: Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Өөрийн буруу дээр маргахгүй. Б.Чтой эвлэрсэн. Б.Чт гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт: Холбогдсон хэргийн талаар шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Ч.Аийн биед хөнгөн гэмтэл учруулснаа зөвшөөрч байна. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Ч.А мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 4 дүгээр сарын 16-ны оройн 21 цаг 40 минутын  орчим найз Б.Ч, өөрийн төрсөн дүү Чийн хамт ажил дээр ирж намайг аваад бид нар замаасаа нэг шил виски аваад манай гэрт ирсэн. Бид нар манай гэрт ороод вискигээ задлаад уугаад эхэлж байтал Б.Чийн утас дуугараад машин гарах гэсэн юм гэсэн. Ч машинаа холдуулах гээд гарсан. Удалгүй Ч машинаа холдуулчихаад буцаж ороод байж байтал дахиад Б.Чийн гар утас нь дуугарсан. Б.Чийн гар утас нь дуугараад Ч дахиад машинаа холдуулах гээд гарсан.  Тэгээд гадагшаа гараад Ч Б.Ч руу залгаад “ахаа явъя, машин тавих зай байхгүй, дуудаад байна, байрных нь жижүүр зогсоол гээд мөнгө нэхээд байна” гэхэд нь Б.Ч “орой болчлоо, найз нь харилаа” гээд үлдсэн вискигээ аваад бид хоёр хамт гадагшаа гарсан. Б.Ч бид хоёр гадагшаа гартал манай байрны жижүүр эрэгтэй Б.Чоос “зогсоолын төлбөр 2000 төгрөг нэхсэн тэгэхээр нь би хажуунаас нь “наад хүн чинь намайг хүргэж ирсэн хүн байгаа юм, юу гэж мөнгө өгдөг юм бэ, одоо явах гэж байна” гэхэд тэр харуул “пизда нар том том машин уначихаад 2000 төгрөг төлж чадахгүй” гэхээр нь би уурлаад “ мөнгө төлж чадахгүй, би гэртээ хүргүүлж ирчихээд” гэсэн. Тэгтэл Б.Ч байрны харуул хоёр гэнэт барьцалдаж аваад би тэр хоёрыг салгах гэж очтол миний хажуунаас байрны жижүүрийн эхнэр нь намайг түлхэхэд нь би шатны уруу газар унахад тэр эмэгтэй намайг чирсэн. Би өөрийгөө хамгаалах гээд гараараа савтал тэр эмэгтэй намайг дээшээ харуулаад миний цээж рүү хэд хэдэн удаа цохисон, би Чийг “ ахыгаа авраачээ” гэж хэлсэн. Намайг газар уначихсан байхад байрны жижүүр эмэгтэй, орцны довжоотой хавсарч миний хөлийг хэд хэдэн удаа дэвсэлсэн. Ч байрны жижүүр эрэгтэйг Б.Чоос салгаад намайг аваад бид гурав манай гэрт орсон, манай гэрт ороход Б.Чийн цээж, хүзүү, хоёр гар нь зулгарчихсан байсан. /хх-ийн 16/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Ч мөрдөн байцаалтанд: 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 20 цагийн үед найз Ч.Аийг ажлаас нь аваад манай гэрээр очоод тэгээд шууд Ч.Аийн гэрт 22 цагийн үед орсон. Дэлгүүрээс авсан нэг шил виски архийг Ч.Атэй хамт гэрт нь уусан. Манай дүү Ч тухайн үед надтай хамт байсан. Ч түрүүлээд машин гаргах гээд гарсан орж ирэхгүй удсан. Тэгээд над руу байрны харуул хэл амаар доромжлоод байна гэхээр нь би Ч.Ат хэлэхэд харуул дандаа асуудал үүсгэдэг би гэртээ хүн авч ирээд машин зогсоож байхад мөнгө өгнө гэж юу байдаг юм бэ гээд хамт гарсан. 00 цагийн үед гадаа гараад ирэхэд орц дотор харуул ах зогсож байсан Аптанцэцэгтэй хэрэлдээд эхэлсэн. Харуул Ч.А рүү дайрсан би дундуур нь ороход намайг боогоод нүүр рүү цохисон. Би боолтыг тавиулах гэж байгаад хамт газар унасан. Ч салгасан. Тэгээд маргаан дуусаад машинаа аваад хөдлөх үед гар утсаа санаад үзэхэд гар утас байхгүй. Ч өөрийн дугаараас залгахад дуудаад байсан тэгээд салсан...би Гыг цохиогүй гартаа барьсан вискигээ Г руу цацсан. /хх-ийн 23/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч М.Г мөрдөн байцаалтанд: 2019 оны 4 дүгээр сарын 16-ны орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо 43 дугаар байрны гадаа харуулын ажил хийж байхад орцны үүдэнд машин зогссон байсан. Хоёр согтуу эрэгтэй эмэгтэй хоёр хүн бууж ирсэн. Хажууд нь жолоо барьсан залуу байсан. Тэгэхээр нь би очоод орцны үүдэнд машин тавихгүй гаргаад тавь гэхэд маргаан үүсгээд согтуу залуу нь гартаа шилтэй архи барьчихсан байсан. Тэр архиа миний нүд рүү цацсан би нүдээ арчаад эргээд нөгөө залуу бариад авсан. Бид хоёр барилцаад заамдаж авсан тэр залуу миний нүүр рүү 2 цохисон. Би тэр залууг боогоод газар унагаасан.  /хх-ийн 26/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Ч мөрдөн байцаалтанд: Тухайн өдөр төрсөн ах Б.Чийн ажилд туслаад байж байхад 19 цагийн үед Б.Ч ах над руу залгаад хүрээд ир гэсэн. Би Сансарын их ноёд пабад очсон. Ах Б.Чтой уулзахад найз Ч.Аийн ажил руу явсан. Би машиныг нь жолоодсон. Аптанцэцэг эгчийг ажлаас нь аваад ах Б.Чийн гэрт очиж 1 шил виски уусан тэгээд 22 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 20 дугаар хороо 43 дугаар байранд Ч.Аийн гэрт ирээд бид гурав сууж байхад 10 минутын дараа машин гаргаагүй гээд утас руу хүн залгаад би гараад машинаа эвтэйхэн газар тавиад машин дотроо ах Б.Чийг хүлээгээд сууж байсан. Байрны харуул нь ирээд машинаа яагаад гаргахгүй байгаа юм бэ гэхээр дотроос хүн хүлээж байна гэхэд энэ байрны машин биш гараарай гэсэн. Тэгтэл харуулын эхнэр гарч ирээд машин гарга гээд хэл амаар доромжлоод унасан. Муусайн юмнууд том машин унаад 2000 төгрөг өгч чадахгүй гэсэн би ахад хэлэхэд ах Ч.Атэй хамт гарч ирэхэд харуул дахин хэл амаар доромжлоод авсан. Ах Б.Ч харуул руу ойртох үед харуул заамдаад хэл амаар доромжлоод байсан. Б.Ч ах гартаа виски барьсан байсан болохоор архи нь асгараад харуулын нүүр рүү асгарсан. Харуул нь бүр уурлаад дайрсан. Ч.А эгч харуулын эхнэртэй барьцалдаад авчихсан газар унасан байхаар нь би очиж салгасан. Ч.А эгч харуулын эхнэр хоёрыг салгаад ах Б.Ч руу ирэхэд ах газар уначихсан харуул нь өшиглөж байсан би очиж салгасан. Ах Б.Чийг аваад машин руу оруулаад машинаа байрны гаднаас хөдлөөд саппорогийн уулзвар хүрээд ахын гар утас байхгүй болохоор буцаад Ч.А эгчийн байрны гадаа ирсэн. Тэр үед цагдаа нар ирсэн байсан. /хх-ийн 34/ гэх мэдүүлэг,

 

Н.О мөрдөн байцаалтанд: 2019 оны 4 дүгээр сарын 16-ны орой би гэртээ байсан. Нөхөр Г бид хоёр Баянгол дүүргийн 20 дугаар хороо 43 дугаар байрны орцны жижүүр хийдэг юм. Тэгээд 2019 оны 4 дүгээр сарын 16-ны 23 цагийн үед байх манай нөхөр Г байрны орцны гадаа хүнтэй маргалдаад байхаар би гэрээс гарсан юм. Тэгтэл 43 дугаар байрны орцны үүдэнд танихгүй согтуу залуу машинаа тавьсан байсан. Манай СӨХ-өөс байрны орчимд гадны машин байлгахгүй зогсох үед 2000 төгрөг ав гэдэг тэгээд Г тэр залууг машинаа гарга гэхэд нөгөө согтуу залуу гаргахгүй гээд хажууд нь байсан согтуу эмэгтэй 2000 төгрөгийг өгнө гэсэн. Тэгэхээр нь би мөнгөө өгөөч гэхэд тэр эмэгтэй намайг хэл амаар доромжлоод чи муу мал гээд янз бүрээр намайг хэлээд чи миний мөнгөөр амьдардаг биз дээ гэхээр нь би урдаас нь уурлаж би орц цэвэрлээд хөдөлмөр хийж цалин авдаг чамаас мөнгө аваагүй гэж хэлсэн. Тэгтэл Г нөгөө согтуу залуутай барьцалдаад зууралдаад авахаар нь би салгасан. Хажуунаас нөгөө согтуу эмэгтэй нь намайг түлхсэн, цээжнээс базаад авсан. Тэр үед Гын нүүр рүү согтуу залуу гартаа барьж байсан шилтэй архиа цацсан юм. Г нүдээ дараад яаж байна гээд уурлаад нөгөө согтуу залуутай барьцалдаад авсан. Намайг согтуу хүүхэн түлхсэн би буцаагаад түлхсэн. Тэгээд би цагдаа дуудсан. Нөгөө согтуу хүүхэн, залуу хоёр цагдаа дээр ирээд өргөдөл өгсөн би бас нөхөр Гтой цагдаа дээр ирээд эмнэлэгээр явсан шөнө гэртээ очсон. /хх-ийн 35/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4904 дугаартай дүгнэлтэнд: Н.Оы биед баруун хөхний хэсэгт цус хуралт, баруун хөхний гадна хэсэг, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 40/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4790 дугаартай дүгнэлтэнд: Ч.Аийн биед баруун тавхайн зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, зулгаралт, зүүн сарвууны хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 44/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4817 дугаартай дүгнэлтэнд: Б.Чийн биед зүүн хацарт зулгаралт, хамрын нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун эгэмэнд цус хуралт, зүүн бугалга, зүүн шуунд зулгаралт, цээж, зүүн шуу, зуун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ./хх-ийн48/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4905 дугаартай дүгнэлтэнд: М.Гын биед баруун нүдний эвэрлэгийн улайлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь химийн бодисын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 52/

 

Яллагдагчаар Б.Ч мөрдөн байцаалтанд:  2019 оны 4 дүгээр сарын 16-ны орой 23 цагийн үед...найз Ч.Аийн гэрт би дүү Чийн хамт очсон. Машин гаргана гээд Ч түрүүлээд гарсан. Дараа нь над руу яриад машинаа  зогсоолоос гарга гээд байна гэсэн. Тэгээд Ч.А бид хоёр гэрээс нь гартал үүдэнд орцон дотор харуүлтай Ч.А маргалдсан. Ч.А бид СӨХ-ийн мөнгө өгдөг манайд ирсэн хүн яагаад зогсоолын мөнгө өгөх ёстой юм бэ гээд маргаан үүсээд харуул Г над руу муусайн том машин унасан юмнууд зогсоолын ч мөнгө өгч чадахгүй бол зайл гээд дайрч эхэлсэн. Тэгээд би гартаа барьчихсан байсан архиа цацаад тэгээд Г барилцаж аваад Г намайг боож миний нүүр рүү цохисон, би газар унасан. Газар унах үед миний хөл рүү өшиглөсөн. Нүүр рүү хэд хэдэн удаа цохисон юм. /хх-ийн 81/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар Н.О мөрдөн байцаалтанд: Манай байрны 308 тоотын  оршин суугч Ч.А архи уугаад согтуу өмнө агсам  тавьж байсан. Ч.А 2 дахь удаагаа агсам тавиад байгаа. Ч.А тухайн өдөр миний мөнгө идэж байж гээд хэл амаар доромжлоод байсан. Би Ч.Аийг түлхсэн чинь газар унасан. Тэгээд Ч.А миний хөлийг юмаар хатгасан. Тэр үед би яаж байна гээд Ч.Аийн хоёр гарыг бариад дарсан. Би тухайн өдөр тавчиктай байсан. Ч.А өөрөө л газар унасан...Ч.А миний цээжийг маажих үед би түлхсэн. Ч.Аийн хоёр гарыг бариад авахад өөрөө газар унасан. Гын нүд рүү Б.Ч архи цацсан тэр үед Ч.А Гын араас түлхсэн. Эргээд над руу дайрсан. Би түлхэх үед Ч.А унасан. /хх-ийн 85/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар М.Г мөрдөн байцаалтанд: 2019 оны 4 дүгээр сарын 16-ны шөнийн 23 цагийн үед...би харуул хийж байхад байрны зогсоолд  гадны машин орж ирсэн тэгээд оршин суугч Ч.Атэй нэг залуу хамт гарч ирээд 2-уулаа согтуу байсан. Би гадны машин 2000 төгрөг өгдөг гэхэд Ч.А өгөхгүй гэснээс болж маргаан үүссэн. Тэр үед намайг хүнтэй маргалдаад байхад манай эхнэр Н.О гараад ирсэн. Тэгээд хэрүүл хийгээд байж байхад согтуу залуу болох Б.Ч над руу архи цацсан. Би нүдээ дараад эргээд Б.Чтой барилцаад авсан. Б.Ч гэдэг хүний дүү ирээд  намайг бариад авахад Б.Ч нүүр рүү хоёр цохисон. Б.Ч бид хоёр барилцаад газар унасан.  /хх-ийн 93/ гэх мэдүүлэг болон шүүгдэгч нарын хувийн байдалтайгаар холбоотойгоор М.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 44а дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 110/, Н.Оы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/, Б.Чийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 97/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.О, М.Г нар нь 2019 оны 4 дүгээр сарын 16-нд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Ч, Ч.А нартай зогсоолын төлбөр төлөөгүй шалтгаанаар маргалдаж улмаар Н.О нь хохирогч Ч.Аийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, М.Г, Б.Ч нар нь харилцан зодолдож бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Ч.Аийн “...байрны жижүүрийн эхнэр нь намайг түлхэхэд нь би шатны уруу газар унахад тэр эмэгтэй намайг чирсэн, би өөрийгөө хамгаалах гээд гараараа савтал тэр эмэгтэй намайг дээшээ харуулаад миний цээж рүү хэд хэдэн удаа цохисон...” /хх-ийн 16/, хохирогч Б.Чийн“...би дундуур нь ороход намайг боогоод нүүр рүү цохисон. Би боолтыг тавиулах гэж байгаад хамт газар унасан...” /хх-ийн 23/, хохирогч М.Гын“...согтуу залуу нь гартаа шилтэй архи барьчихсан байсан тэр архиа миний нүд рүү цацсан би нүдээ арчаад эргээд нөгөө залуу бариад авсан...” /хх-ийн 26/, гэрч Б.Чийн“...Б.Ч ах гартаа виски барьсан байсан болохоор архи нь асгараад харуулын нүүр рүү асгарсан. Харуул нь бүр уурлаад дайрсан. Ч.А эгч харуулын эхнэр барьцалдаад авчихсан газар унасан байхаар нь би очиж салгасан...” /хх-ийн 34/, Н.Оы“...нөгөө согтуу эмэгтэй нь намайг түлхсэн, цээжнээс базаад авсан. Тэр үед Гын нүүр рүү согтуу залуу гартаа барьж байсан шилтэй архиа цацсан юм...” /хх-ийн 35/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4904, 4790, 4817, 4905  дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 40, 44, 48, 52/ болон яллагдагчаар Б.Чийн“...би гартаа барьчихсан байсан архиа цацаад тэгээд Г барилцаж аваад Г намайг боож миний нүүр рүү цохисон, би газар унасан...” /хх-ийн 81/, яллагдагчаар Н.Оы “...Ч.А миний цээжийг маажих үед би түлхсэн. Ч.Аийн хоёр гарыг бариад авахад өөрөө газар унасан...” /хх-ийн 85/, яллагдагчаар М.Гын“...Б.Ч над руу архи цацсан. Би нүдээ дараад эргээд Б.Чтой барилцаад авсан. Б.Ч гэдэг хүний дүү ирээд  намайг бариад авахад Б.Ч нүүр рүү хоёр цохисон...” /хх-ийн 93/, сидинд үзлэг хийсэн  тэмдэглэл /хх-ийн 11/  зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас Н.О, М.Г, Б.Ч нарыг “Хүний мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч нар болон өмгөөлөгчид маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос Н.О, М.Г, Б.Ч нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, тэдгээрийн хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Н.О, М.Г, Б.Ч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Н.О, М.Г, Б.Ч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.О, М.Г, Б.Ч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, шүүгдэгч нарын хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр тус бүр торгох ял оногдуулах саналыг Н.О, М.Г, Б.Ч нарт танилцуулсныг тэдгээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарцагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Б.Ч, Н.О, Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.О, М.Г, Б.Ч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.О, М.Г, Б.Ч нарт мэдэгдсүгэй.

 

4. Н.О, М.Г, Б.Ч нар цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хэрэгт хураагдсан бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.О, М.Г, Б.Ч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

    

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ