Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 00665

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багт оршин суух, 1958 онд төрсөн, эрэгтэй, ОБ58032711 регистрийн дугаартай, Улаанаахан овогтой Гээпэлийн Дэлгээгийн,

       Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч Г.Дэлгээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Миний бие 1958 онд төрсөн, 58 настай. Би 8-р ангиа төгсөөд 1975 оны 5 дугаар сараас эхлэн Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд илгээлтээр малчин болж нэгдлийн хонь, үхэр маллаж байгаад 1977 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1980 оны хавар цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирээд үргэлжлүүлэн Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд малчнаар орж тус нэгдлийг 1992 онд тарах хүртэл хонь, үхэр маллаж байсан билээ. Одоо нас өндөр болж тэтгэвэрийн бичиг баримтаа цэгцлэх шаардлаатай болсон ба миний Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж байхад хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Иймд миний 1981 оны 1 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Манай сум руу цас их орж, машин тэрэг явах боломжгүй болсон, мөн ар гэрт мал харах хүн бүл муутай тул дахин Улаангом сум руу орж ирэх боломжгүй байна. Иймд намайг байлцуулахгүйгээр хурлаа хийж, миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Г.Дэлгээ нь Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:  

       - Увс аймгийн Архивын тасгийн 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн цалингийн тодорхойлолтод: Гээпэлийн Дэлгээгийн 1981 оны 1 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн,

      - Гэрч О.Уртнасангийн: “Би 1976 оноос эхлэн Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж байхад Г.Дэлгээ нь 1977 онд цэргийн албанд татагдан яваад 1980 онд цэргээс халагдаж ирээд 1981 оноос эхлэн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд малчин, сүү тосны заводад эрхлэгчээр тус тус 1991 он хүртэл буюу Бадрал нэгдэл тарах хүртэл ажилласан. Бид нар нэг баг бригадын хүмүүс учраас сайн мэдэж байна. Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн даргаар Ж.Дүгэржав, н.Орших, н.Сайжрах, н.Буянтогтох гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

         - Гэрч П.Раашийн: “Би 1972 оноос эхлэн Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд эмчилгээ тэжээлийн цэгийн малчнаар нэгдэл тарах хүртэл буюу 1991 он хүртэл ажилласан. Г.Дэлгээ нь 1975 оноос эхлэн 8-р ангиа төгсөөд илгээлтээр малчин болж аав, ээжийн хамтаар мал маллаж байгаад 1977 онд цэргийн албанд татагдан яваад 1980 онд цэргээс халагдаж ирээд 1981 оноос эхлэн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд хонь, үхэр маллаж, сүү тосны заводад тасгийн эрхлэгчээр тус тус 1991 он хүртэл буюу Бадрал нэгдэл тарах хүртэл ажилласан. Би Дэлгээгийн аавыг сайн танина, улсын аварга малчин Гээпэл гэх хүн байсан. Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн даргаар Ж.Дүгэржав, н.Орших, н.Сайжрах, н.Буянтогтох гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

         - Гэрч О.Уртнасан, П.Рааш нарын иргэний үнэмлэхний болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд зэрэг баримтууд болно.

            Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр Г.Дэлгээгийн 1981 оны 1 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдож, тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэлээ. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Г.Дэлгээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

        Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Улаанаахан овогтой Гээпэлийн Дэлгээгийн Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар 11 /арван нэг/ жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Дэлгээгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА