Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2026/00633

 

******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШШ2026/01256 дугаар шийдвэртэй,

******гийн нэхэмжлэлтэй,

*******-д холбогдох,

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1 Миний бие 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр *******-ийн Логистикийн албаны даргын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд ороод, 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс тус компанийн хамаарал бүхий *******-д үйлчилгээ, импорт болон худалдааны чиглэлээр ажиллах зорилгоор хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, Борлуулалтын албаны даргаар ажиллах болсон.

1.2. Улмаар 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр *******ыг худалдааны төлөөлөгчөөр, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр *******г түгээлтийн жолоочоор тус тус сонгон шалгаруулж, ажилд авсан.

1.3. Миний бие хамтран ажиллах хагас жилийн хугацаанд тус 2 ажилтантай эгч, дүүс мэт сэтгэлээр хандаж, олон зүйлсийг чөлөөтэй ярилцдаг байсан. Гэтэл Ерөнхий менежер намайг дуудаж, ...Түгээлтийн жолооч таны талаар мэдээлэл өглөө, та түүнтэй хувиараа хэрхэн ажил хөдөлмөр эрхлэх талаар ярилцаж байсан байна. Ингэхдээ компанийн бараатай ойролцоо нэр бүхий бараануудыг ярьсан, хувьдаа ашиг олохдоо компанийн дата бааз, хүн хүч, машин тэрэг, бензин тосыг ашиглахаар яриа гаргаж, түгээлтийн ажилтанд санал тавьж, хувьдаа ашиг олох санаатай байсан байна. Бид нар таны яриаг нотлох бичлэгийг сонссон, таны тийм зүйл ярьсан чинь үнэн үү... гэж тулгаж асуусан. Миний хувьд мөрөөдөж байсан зүйлээ л ярьсан гэж тайлбарлаад байхад ...таныг ажлаас халахаар боллоо, шийдвэр гарсан... гэж хэлсэн.

1.4. Ингээд 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ажилдаа ирэхэд миний хариуцан ажилладаг бүхий л зүйлсийг хааж, ажлаа өөр менежерт хүлээлгэн өгөхийг шаардаж, захиргааны дарамт үзүүлсэн. Би өөрийн ажлыг гүйцэтгэх ямар ч боломжгүй байсан тул шаардлагын дагуу Г.Булганд ажлаа хүлээлгэж өгсөн. Хүний нөөцийн мэргэжилтэн ажил хүлээлцэх акт болон тойрох хуудас зуруул гэсний дагуу ажил хүлээлцэх акт үйлдэн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хүний нөөцийн мэргэжилтэнд ажлаа хүлээлгэн өгсөн. Ерөнхий менежер болон Хүний нөөцийн мэргэжилтэнд ажлаас халах хуулийн үндэслэл болон тушаал шийдвэртэй танилцах хүсэлтэй байгаагаа хэлсэн боловч захирал ...хуульчтай зөвлөж, тушаал чинь гарах хүртэл ажилдаа ирээд юу ч хийлгүй сууж бай... гэж дахин дарамталсан. Мөн цалинг чинь тушаал гарах өдөр хүртэл ажилласнаар тооцно гэсэн хариу өгсөн.

1.5. Намайг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуудаж уулзсан ба комисс таны ашиг сонирхлын зөрчлийг тогтоох баримт, тайлбар хүсэж байна хэмээн Ерөнхий менежер, Хүний нөөцийн мэргэжилтэн, Хуулийн зөвлөх нар цугласан байсан бөгөөд би тайлбар өгөхөөс татгалзсан. Ингээд би өөрсдийнх нь хэлснээр 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл ажилласан боловч 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өгөх ёстой цалин хөлсийг ч олгоогүй тул цаашид ажилдаа очоогүй, улмаар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороонд гомдлоо гаргасан. Мөн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хорооны хуралд Ерөнхий менежер ирснээ дээрх яриад байсан үндэслэлээ хэлэлгүй өөрсдөө ажил хүлээж авчихаад, ажил хийх ямар ч нөхцөл боломжоор хангаагүй байж нэхэмжлэгч намайг гурван өдөр ажил тасалсан гэсэн тайлбар өгсөнд гайхаад барахгүй байна.

1.6. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан *******-ийн Борлуулалтын албаны даргын албан тушаал дээр эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь архи, вискиний бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, уг үйл ажиллагааны хүрээнд Логистикийн албаны даргын албан тушаалд ******г үндсэн ажилтнаар Гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар тушаалаар томилсон тул түүнтэй 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулсан байдаг.

Гэвч, уг гэрээний хугацаанд ****** нь компаниас импортоор оруулж буй архи, виски зэрэг бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бүтээгдэхүүнийг өөрийн үүсгэн байгуулсан *******-аар нууцаар оруулж ирэх, улмаар харилцагч худалдааны төвүүдэд *******-ийн борлуулж буй үнээс илүү хямд үнээр зарах, архи, виски зэрэг бүтээгдэхүүнийг зарахдаа *******-ийн хөрөнгийг буюу түгээлт, ажиллах хүчийг ашиглах саналыг өөрийн удирдах доод албан тушаалтан, түгээлтийн жолооч *******, Худалдааны төлөөлөгч ******* нарт удаа дараа тавьсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2-т тус тус заасныг зөрчсөн.

Тодруулбал, түгээлтийн ажилтан ******* нь ******гийн дээрх хууль бус үйлдлийг манай компанид мэдэгдсэн байдаг. Компанийн зүгээс, Гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаалаар ******гийн уг хууль бус үйлдэлд ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх талаар ажлын хэсэг томилон ажиллуулсан бөгөөд ажлын хэсгийн дүгнэлтээр ****** нь дээрх хууль бус үйлдлийг гаргасан нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасныг баримтлан хариуцагч *******-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч ******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцааж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Сахилгын шийтгэл ногдуулах журам болон хуульд заасан процессыг зөрчсөн. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулах журмыг ноцтой зөрчсөн. Сахилгын шийтгэл ногдуулахын өмнө ажилтнаас заавал тайлбар авах, зөрчлийг бодитой тогтоох ёстой. Гэтэл ажил олгогч 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн борлуулалтын системд орох эрхийг хааж, 19-ний өдөр ажил хүлээлцүүлж, ажлаас хөөсний дараа "ёс төдий" комисс хуралдуулсан болно. Тушаал шийдвэргүйгээр ажил хүлээлцүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасан "ажил олгогч шийдвэрээ бичгээр гаргах" шаардлагыг зөрчсөн. Анхан шатны шүүх энэхүү процессын алдааг үнэлээгүй.

4.2. "Ноцтой зөрчил" тогтоогдоогүй, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүх Хөдөлмөрийн гэрээний 7.1.2, Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь гэрчүүдийг тулгасан зүйлгүй, зөвхөн урьдаас бэлтгэлтэй асуугаад байхаар нь мөрөөдлөө л ярьсан, тэрнээс удаа дараалан яриагүй, шалаагүй энэ талаар хариуцагчаас нотолсон зүйлгүй болно. Мөн дээрх хөдөлмөрийн гэрээнд "Авахаар завдсан" гэж заасан нь тухайн үйлдлийг хийхээр шууд чиглэсэн тодорхой үйлдэл эхлүүлсэн байхыг шаардана. Зөвхөн "яриа" буюу "санаа" нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэж үзэж байна. Компанийн нэг ч төгрөгийн хөрөнгө, эд зүйл дутаагүй, алдагдаагүй. Гэтэл шүүх зөвхөн гэрчийн "ингэж ярьсан" гэх мэдүүлгийг "зөрчил тогтоогдсон" гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан шийтгэл нь "зөрчлийн шинж, үр дагаварт нийцсэн байх" зарчимд нийцэхгүй байна.

4.3. Нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй. Ажил олгогч Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх гурван талт хороонд "ажил тасалсан" гэж, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх хурал дээр "мөрөөдөл, ярианд үндэслэсэн" гэж зөрүүтэй тайлбар өгсөн. Нэхэмжлэгчийг "*******-ийг байгуулсан гэж буруутгаж байгаа ч тус компани үйл ажиллагаа явуулдаггүй, өрсөлдөөн үүсгээгүй, ямар нэгэн ижил борлуулалт хийж хохирол учруулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоод байхад шүүх энэ нөхцөл байдлыг анхаарч үзээгүй.

4.5. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй. Анхан шатны шүүх дан ганц ажил олгогчийн тайлбарыг давуу байдлаар үнэлж, нэхэмжлэгчийн гаргасан "тусгай зөвшөөрөлгүйгээр архи худалдах боломжгүй" гэх бодит логик тайлбар, нотлох баримтыг үнэлэлгүй орхисон. Хэрэв тусгай зөвшөөрөлгүй архи зарж байгаад баригдах юм бол эрүүгийн гэмт хэрэг болно. Мөн яагаад ч компаниас өөрөөр давхар архи зарах боломжгүй, учир нь байгууллагын дансанд мөнгө нь орох, мөн байгууллагын нэхэмжлэх, Е-баримт шивэлт байгууллагын регистрийн дугаараар шивэгддэг байхад хаана нь өөр байгууллагын архи зарах болж байна вэ. Яаж ойлгохоороо ямар ч баримт байхгүй, гэрчүүдийн мэдүүлэг зөрсөн, мөн гэрч ******* анхнаасаа энэ бол зохион байгуулалтай хийсэн байсан талаар бичлэг байгаа гээд үүнийгээ нотлуулахаар хүсэлт өгөхөөр шүүхээс хүлээж аваагүй болно.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Сахилгын шийтгэл ногдуулах журам болон хуульд заасан процессыг шүүх зөрчсөн гэх үндэслэлийг нэхэмжлэгч гомдолдоо дурдсан. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаал гаргалгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ба үүнээс хойш сарын дараа тушаал өгсөн гэж нэхэмжлэгч маргасан. Хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөх хүртэл буюу маргаан бүхий тушаал гарсан 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд цалин хөлсөө авч байсан нь нотлогддог.

5.2. Гэрч *******, ******* нарын мэдүүлэг хэрэгт нотлох баримтаар авагдсан. Гэрчүүд манай борлуулалтын албаны дарга ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компани байгуулсан, байгууллагын оруулж ирдэгтэй төстэй архи, виски болон бусад бүтээгдэхүүнийг оруулж ирээд байгууллагын машиныг ашиглаж түгээх гэх асуудлын талаар ажил олгогчдоо мэдэгдсэн. ****** нь 2024 оны 08 дугаар сард *******-ийг үүсгэн байгуулсан. Тус хуулийн этгээд нь 46100 кодтой буюу худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байсан. Хариуцагч хуулийн этгээд нь 46100 кодтой ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд уг тусгай зөвшөөрлийн хүрээнд архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулдаг. Үүгээр гомдлын үндэслэл үгүйсгэгдэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд ажил олгогчийн эрх, үүргийг тодорхойлсон бөгөөд 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт ажилтны үндсэн үүргийг зохицуулсан. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.4-д ажил олгогч тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд түүний эрхэлж байгаа үйл ажиллагаатай шууд өрсөлдсөн, давхацсан аливаа ажил, үйлчилгээ эрхлэхгүй байх гэж, 57 дугаар зүйлийн 57.2.2-д үндсэн ажил олгогчтой ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, эсхүл зах зээлд өрсөлддөг аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах бол ...  үндсэн ажил олгогчоос зөвшөөрөл авна гэж тус тус заасан.

5.3. Ноцтой зөрчил тогтоогдоогүй буюу шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх агуулга гомдолд дурдагдсан. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалт болон ажил олгогчийн хөдөлмөрлөх эрхийг дуусгавар болгосон тушаалыг хуульд нийцүүлж тайлбарласан. Хөдөлмөрийн гэрээний 7.1.2-д Байгууллагын эд хөрөнгө болон бусдын эд зүйлийг санаалтай авсан, авахаар завдсан, эсвэл бусдад авах нөхцөлийг бүрдүүлж өгсөн нь тогтоогдсон бол гэж заасан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлд хамаарна. Дээр дурдсан баримтуудаар, авахаар завдсан үйлдэл нь тогтоогдсон учраас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлтэй.

5.4. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан. Гомдолд хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг шүүх үнэлээгүй орхигдуулсан талаар тодорхой дурдаагүй. Нэхэмжлэгч ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага нээхээр бэлтгэж байсан нь тогтоогдсон учраас түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гарсан. Энэ нь хуульд нийцэж байгаа учраас шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч *******-д холбогдуулан, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т хэрэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг давж заалдах шатны шүүхээс залруулна.

4. Хэрэгт авагдсан болон талуудын тайлбараар *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар тушаалаар ******г тус компанийн Логистикийн албаны даргын албан тушаалд томилж, тус захирлын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн *******дугаар тушаалаар сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр нэхэмжлэгчийг Борлуулалтын албаны даргаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдсон. /хх-11, 37-41/

Талууд нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан эсэх, тус зөрчил нь ажлаас чөлөөлөх ноцтой зөрчилд хамаарах эсэх талаар маргажээ.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж, мөн зүйлийн 123.2 дахь хэсэгт Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж, 123.2.5 дахь хэсэгт ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах гэж заасан.

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.1. дэх хэсэгт Ажилтан доорх зөрчлүүдийн аль нэгийг гаргасан нь тогтоогдсон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчил гэж /ноцтой зөрчил гэдэгт ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх ашиг, сонирхолд нь нөлөөлсөн сөрөг үр дагаврыг бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдлийг ойлгоно/ тооцон ажил олгогчийн санаачилгаар энэхүү гэрээг цуцална гээд 7.1.2 дахь хэсэгт Байгууллагын эд хөрөнгө болон бусдын эд зүйлийг санаатай авсан, авахаар завдсан, эсвэл бусдад авах нөхцөлийг бүрдүүлж өгсөн нь тогтоогдсон гэжээ.

Ажил олгогч нь 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн *******дугаар тушаалын үндэслэлдээ ******г дээрх гэрээний 7.1.2 дахь хэсэгт заасан буюу байгууллагын эд хөрөнгийг авахаар завдсан үйлдэл гаргасан гэж үзэж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсгийг үндэслэсэн байна.

5.1. Тухайн зөрчлийг шалгуулахаар компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, уг ажлын хэсгийн дүгнэлтэд нэхэмжлэгчийг ажилд томилогдсоноос 3 сарын дараа *******-ийг үүсгэн байгуулж, *******-ийн оруулж ирж буй бараанаас илүү хямд виски зарж эхлэх гэж байгаа мэдээлэл нь ажилчдын мэдүүлгээр батлагдсан ба тухайн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхдээ компанийн /түгээлт, ажиллах хүч/ ашиглан зарж борлуулах зорилготой байсан нь компанийн үйл ажиллагааны эсрэг ашиг сонирхлын зөрчилтэй нь тогтоогдсон гэж үзэж, *******-ийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар Ажилтны ашиг сонирхлын зөрчил тогтоох ажлын хэсэг томилох тухай тушаал, 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Ажлын хэсгийн дүгнэлт, 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Ажлын хэсгийн нэгдсэн уулзалт, 2025 оны 03 дугаар сарын 28, 31-ний өдрийн Ажлын хэсгийн тэмдэглэл, 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Хүлээн авсан баримт буюу дуу хураагчийн агуулга зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ. /хх 42-54/

5.2. Гэвч дээрх баримтаар нэхэмжлэгч ******гийн байгууллагын эд зүйлийг авахаар завдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Сахилгын зөрчил гаргасан ажилтны зөрчил нь баримтаар хөтөлбөргүй тогтоогдсон байхыг шаардах бөгөөд хариуцагч ******* болон ******гийн үүсгэн байгуулсан *******-иудын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаанд дурдагдсан 46100 код бүхий төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэл адил байх боловч үүнд хариуцагч компанийн оруулж ирдэг нэр бүхий 3 төрлийн архи, согтууруулах ундааны зүйл багтсан гэх баримтгүй.

Мөн харилцагчдаас хямд үнэтэй бараа нийлүүлэхээр болсон эсэхийг лавлан асуусан гэх хариуцагчийн тайлбар ямар этгээдүүдээс уг зүйлийг лавлан асуусан болох, нэр бүхий ямар харилцагч нар тухайн мэдээллийг хэнээс, хэрхэн авсныг шалгаж, тогтоохгүйгээр зөвхөн ажил олгогчтой ашиг сонирхол нэгдмэл этгээд болох түгээлтийн жолооч болон худалдааны төлөөлөгч нарын өгсөн тайлбарыг үндэслэсэн нь тушаалын хууль зүйн үндэслэлийг хамгаалах боломжийг хязгаарлаж байна.

5.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт Энэ хуулийн 49.1-д зааснаас гадна ажил үүргийн онцлогтой нь холбоотойгоор эд хөрөнгийн хариуцлагын, нууцын, сургалтын, үл өрсөлдөх зэрэг нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл эдгээр асуудлаар хөдөлмөрийн гэрээнд дагалдах тусгайлсан гэрээ байгуулж болно гэж, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт Ажил олгогч энэ хуулийн 65 дугаар зүйлд заасан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээтэй ажилтантай харилцан тохиролцож үйлдвэрлэл, бизнесийнхээ нууцыг хамгаалах зорилгоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноос хойш тодорхой хугацаанд ажил олгогчтой шууд өрсөлдөгч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнд ажиллах, эсхүл ажилтан өөрөө ажил олгогчтой шууд өрсөлдөх үйл ажиллагаа эрхлэхгүй байх тухай үүрэг хүлээх нэмэлт нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болно гэж, 72.2 дахь хэсэгт Өрсөлдөөнийг хориглох үндэслэл, хамаарах үйл ажиллагааны төрөл, хязгаарлалтад хамаарах нутаг дэвсгэр, үйлчлэх хугацаа, уг хугацаанд ажил олгогчоос олгох нөхөн төлбөр зэрэг нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд, эсхүл үл өрсөлдөх тухай гэрээнд тусгана гэж тус тус заасан.

Гэтэл нэхэмжлэгч ****** болон хариуцагч *******-ийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд энэхүү үл өрсөлдөх нөхцөл тусгагдаагүй.

Харин гэрээний 4.2.8 дахь хэсэгт Үндсэн ажил олгогчтой ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, эсхүл зах зээлд өрсөлддөг аж ахуйн нэгж байгууллагад зэрэгцэн ажиллах бол үндсэн ажил олгогчоос зөвшөөрөл авах гэж заасан байх боловч хэргийн баримтаар ****** нь үндсэн ажил олгогчдоо мэдэгдэхгүйгээр зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан үйл баримт мөн тогтоогдсонгүй.

Ийнхүү хэргийн баримтаар дээрх үйл баримтууд тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй тул нэхэмжлэгч ******г урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.

6.1 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.6, 2.3-д зааснаар нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод үндэслэн 2024 оны 12 сар, 2025 оны 01, 02 дугаар сарын (5,503,150+6,291,051.14+6,103,125) цалин хөлсний нийлбэр 17,897,326 төгрөгөөс нэг сарын дундаж цалинг тооцоход 5,965,775.3 төгрөг, үүнээс нэг өдрийн (ажлын 21 өдөр) цалин 284,084.5 төгрөг гэж тооцов.

6.2 Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх 8 сар, 33 хоногийн хугацааны олговорт (5,965,775.3 төгрөг х 8 сар + 284,084.5 төгрөг х 33 хоног) 57,100,991.54 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус нийцнэ.

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШШ2026/01256 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******г урьд эрхэлж байсан *******-ийн Борлуулалтын албаны дарга албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч *******-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 57,100,991.54 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч *******-д даалгасугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн 100200100941 тоот данснаас буцаан гаргаж нэхэмжлэгчид, хариуцагч *******-аас 513.655 /70,200+443,455/ төгрөгийг гаргуулж Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулсугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Н.ГЭРЭЛТУЯА